УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуутай уулзан театрын шинэ уран бүтээл, орон нутгийн аялан тоглолтын талаар ярилцлаа.
-Өнөөдөр соёл урлагийн ажилтнуудын баярын өдөр. Танай хамт олонд баярын мэнд хүргэе. Баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна?
-Монголын соёл урлагийн ажилтнууд өөрийн гэсэн баярын өдөртэй болоод 20 гаруй жил болж байна. Жилд нэг удаа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг урлагийн байгууллагынхан амралтын газар чуулж, их сайхан баярлаж, цэнгэж баяраа тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд энэ сарын 9-нд Соёлын төв өргөөнд баяраа хийхээр бэлтгэж байна. Мэргэжил, зорилго, жаргал зовлон нэгт нөхөддөө баярын мэндийг дэвшүүлье. Бидний хийсэн бүтээлийг үзэж, цаг ямагт уран хайрлаж явдаг үзэгчдэдээ, театрын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж байдаг төр засаг, бизнесийн түншүүд хэвлэл мэдээллийнхэндээ театрынхаа хамт олны өмнөөс баярын мэнд хүргэж, та бүхэнд талархаж явдгаа илэрхийлэхэд таатай байна. Уг баярыг жил бүр нэг байгууллага хариуцан зохион байгуулдаг. Энэ жил Үндэсний дуу, бүжгийн чуулга уг арга хэмжээг хариуцаж байгаа бөгөөд өнөөдөр Соёлын төв өргөөнд шинэ уран бүтээлээсээ бүрдсэн тоглолтоор бэлэг барихаар зэхээд байна.
-Энэ баяраа угтан УДЭТ ямар ажлуудыг хийгээд байна?
-Ер нь Соёл урлагийн ажилтны баярыг угтаж манай театрын хамт олон энэ онд хоёр том уран бүтээл хийхээр төлөвлөсөн. Энэ жил Монгол Улс, Япон Улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилйин ой тохиож байгаа. Энэ түүхт 40 жилийн ойд зориулан Японы алдарт зохиолч Гэнжийн туульс нэртэй уран бүтээлийг “Эсрэг дурлал” нэртэйгээр театрын уран бүтээл болгон хоёр бүрэлдэхүүнтэйгээр тайзнаа тавьж үзэгчдийн хүртээл болгосон. Хоёр дахь уран бүтээл нь бол сонгодог жүжиг байгаа. Ингээд өнгөрсөн тавдугаар сард алдарт Шекспирийн “Гамлет” жүжгийг тайзнаа тавихаар найруулагч нарын дунд сонгон шалгаруулалт хийж, залуу найруулагч Н.Наранбаатарын баг шалгарсан. Ирэх арваннэгдүгээр сарын дундуур энэхүү “Гамлет” жүжгээр УДЭТ үзвэрийн шинэ жилийн нээлтээ хийхээр бэлтгэл ажил хийгдэж байна.
-33 жилийн өмнө “Гамлет” жүжиг анх тайзнаа тоглогдож байсан шүү дээ?
-Тийм ээ “Гамлет” жүжгийг 1979 онд манай театрын алтан үеийн уран бүтээлчид болох Урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч С.Галсанжав гуай тайзны бүтээл болгож байсан. Бараг тэр үеийн үзэгчид мартаагүй байгаа байх Гамлетын дүрийг манай Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай гайхалтай тоглож байсныг өнөө хэр нь хуучлан ярьдаг шүү дээ.
-Гамлетын гол дүрүүдийг хэдийнээ найруулагч маань нэрлээд байгаа ч түүний хайрт бүсгүй Опелиад залуу эмэгтэй жүжигчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаад байгаа. Хэзээ Опелиагийн эзэн тодрох вэ?
-Аливаа сонгодог уран бүтээл тавигдах тэр мөчдөө дэлхийн театрын аль ч уран бүтээлчдээс их өндөр шалгалт авч байдаг. Манай театрын удирдлага, уран сайхны зөвлөл ярилцаад “Гамлет”-ыг тавих бүрэн боломж байна гэж үзсэн. Тиймээс энэ тал дээр театрын салхивчийг онгорхой, нээлттэй байлгах бодлогыг бид баримтлан ажилладаг. Тухайлбал 2003 онд Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс” жүжгийг анх удаа найруулагч нарын дунд сонгон шалгаруулалт зарлаж, хийсэн бол 2006 онд Их Монгол Уүлс байгуулагдсаны ойгоор манай хамт олны хийсэн Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжигт найруулагч нарын дунд мөн сонгон шалгаруулалт хийж байлаа. 2012 оны хувьд манай театр жүжигчид, уран бүтээлчдийг дээдлэх жил хэмээн зарласан. Тэр үүднээсээ уран бүтээл дээр нээлттэй ажиллах боломжийг олгож байгаа. Найруулагч хүний хэнтэй ч хуваалцдаггүй дархан эрх гэж байдаг шүү дээ. Уран бүтээл, дүрээ сонгох эрх бол найруулагчийнх. Тиймээс тэрбээр алдарт “Гамлет” жүжгийн гол дүр буюу Гамлетад жүжигчин С.Болд-Эрдэнийг түүний ээж Гертугтагын дүрийг Гавьяат жүжигчин У.Уранчимэгийг, Клаудид Төрийн соёрхолт Д.Сосорбарамыг тоглуулахаар сонгосон байгаа. Харин Гамлетын хайрт бүсгүй Опелиагын дүрд залуу уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа. Энэ дүрийг сонгон шалгаруулалтыг ирэх аравдугаар сарын эхээр орон нутгийн аялан тоглолт дуусахаар нээлттэйгээр явуулж хэн тоглохыг шийдэх юм.
-Драмын театрын уран бүтээлчид орон нутгийг зорьж байгаа шүү дээ. Тэрхүү аялан тоглолтын талаар сонирхуулахгүй юу?
– Манай алтан үеийнхэн ачааны машин дээр сугаад л тэр үед Монголынхоо бүх аймаг, сумдад хүрч үйлчилдэг байсан. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн тэр цаг үеээс хойш арав гаруй жил хөрөнгө санхүүгийн боломжгүйгээс шалтгаалж тасалдаад байсан. Харин манай театрын хамт олон 2002 оноос эхлэн энэхүү үйл ажиллагааг сэргээн аймгуудтай хамтран ажиллаж байгаа. “Улсын драмын театрын өдрүүд” аялан тоглолтыг жил бүрийн намар хоёроос гурван аймагт зохион байгуулж, хөдөө орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн сайхан ажлыг хийдэг. Үндсэндээ хоёр жил уран бүтээлийн ажлын шаардлагаар энэхүү аялан тоглолтоо хийж чадаагүй. Тухайлбал, 2009 онд “Парисын дарь эхийн сүм” хэмээх том жүжгийг хийн мөн өнгөрсөн онд театр маань 80 жилийн ойгоо тэмдэглээд цаг олдоогүй. Тиймээс үлдээд байсан хоёр аймаг буюу Баян-Өлгий, Говь-Алтай аймагт энэ удаад аялан тоглолтоо хийхээр өнөөдөр 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр таван уран бүтээлээ толилуулахаар явж байна. Мэдээж аялан тоглолтын маршрутын замын аймгууд Өвөрхангай, Баянхонгор, Ховд аймагт гээд таван аймагт 20 хоног аялан тоглолтоо хийхээр эхний ээлжинд жүжигчин н.Отгонбаатар тэргүүтэй театрын марктенгийн алба ажиллаж байна.
-Хөдөө орон нутгийн үзэгчдэд ямар бүтээлүүдээ толилуулахаар зэхэв?
-Манай театрын уран бүтээлчид Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийнханд очиж уран бүтээлээ толилуулна. Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр”, Ч.Ганхуягийн “Эхнэрээ зээлдээч”, Д.Мэндсайханы “Ээжээ”, хүүхдүүд маань цаг ямагт сонирхон үзэж байдаг “Бардам туулай” гээд таван уран бүтээлээрээ хөдөөгийнхөндөө оюуны хөрөнгө оруулалт хийх гэж байгаадаа баяртай байна.
-Залуучуудын дунд орчин үеийн сэдэвтэй жүжгүүд их үгүйлэгдэж багаа юм шиг санагддаг. Учир нь сүүлийн жилүүдэд театрын тайзнаа Монголын түүхэн сэдэвтэй томоохон бүтээлүүд болон гадаадын сонгодог жүжгийг толилуулсан шүү дээ.
-Ер нь утга зохиолын төрөл дотроо жүжгийн зохиол бол маш хэцүү төрөл байдаг гэж судлаачид, мэргэжлийн уран бүтээлчид үздэг юм байна лээ. Жүжгийн зохиолын хомсдол бол маш хэцүү байна. Жүжгийн зохиол гэдэг бол тайз дэлгэцийн бүтээл хийдэг байгууллагуудад тариа гэсэн үг шүү дээ. Тэр тариаг бид хураан оюуны хөдөлмөрийн боловсруулж хийж амттай талх үйлдвэрлэдэг байгууллага. Тиймээс бид мэргэжлийн зохиолчдын идэвхийг өрнүүлэх үүднээс хоёр удаа жүжгийн зохиолын уралдаан зохиосон. 2013 онд бид орчин үеийн сэдэвтэй хоёр ч жүжиг хийхээр төлөвлөөд байгаа. Гэвч жүжгийн зохиол хомсдолтой байгаа учраас бид зохиолчдынхоо дунд уралдаан зарлая, үүнд маань санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэж хуучнаар БСШУЯ-нд хүсэлт уламжилсан. Одоогоор хараахан хариу ирээгүй байна. Хэдийгээр яам маань шинэ зохион байгуулалтад орсон ч гэсэн шинэ сайд Ц.Оюунгэрэл их мэдрэмжтэй хүн байна лээ. Тэрбээр сонинд өгсөн ярицлагаараа дамжуулан соёл урлагийн салбар тэр дундаа мэргэжлийн урлагийн байгууллагуудад бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллана гэж бидэнд сайхан мэдээ хүргүүлсэн.
-Драмын театрыг уран бүтээлчдэд босго өндөртэй хэмээн ярьдаг. Нийслэл хотын хэмжээнд драмын жүжигчин мэргэжлээр олон их, дээд сургууль уран бүтээлчдийг бэлтгэдэг. Харин танайх шинэ жүжигчний сонголтыг яаж хийдэг вэ?
-Дээд боловсролтой мэргэжлийн уран бүтээлч бэлтгэсэн түүхийг эхлээд сөхсөн нь зөв бол уу гэж бодож байна. 1957 онд Улсын Их Сургуулийн дэргэд анх найруулагчийн курс элсэлт авч Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуай, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар гуай, найруулагч Мушгиа гээд дотооддоо анх удаа уран бүтээлчдийг бэлтгэж байсан түүхтэй. Үүний дараа 1959 онд тэр үеийн Багшийн дээд сургуулийн дэргэд дээд боловсролтой жүжигчний танхим байгуулагдсан. Тэр цагаас хойш 1991 он хүртэл дотооддоо болон ОХУ-ын ГИТС гээд мэрэгжлийн урлагийн сургуульд жүжигчин, найруулагч, театрын уран бүтээлчдийг бэлтгэсэн. Одоо СУИС, Сити, КУДС гээд төрийн харьяалалтай болон хувийн тодотголтой сургуулиудад мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэж байна. Театр бол өөрийнхөө дэргэд студи байгуулан ажиллаж байсан уламжлал бий. Тухайлбал 80-аад оны сүүл, 90-эд оны ихээр Д.Доржсүрэн найруулагч студи байгулж ажиллаж байсан. Мэдээж найруулагч нарын хараанд хэнд өртөж, манай театрын ирээдүй болж чадах итгэл найдварыг хэн төрүүлж байна гэдгээрээ тэд уран бүтээлээрээ өрсөлдөн дахин сонгон шалгаруулалтын дараа жүжигчний ажил дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг тогтолцоо манай театр дээр ажиллаж байна. Сүүлийн үед анзаарч байгаа бол манай театрын залуу уран бүтээлчид бүгд л энэ студиэр маань дамжиж театрын үндсэн уран бүтээлчээр сонгогдон ажиллаж байгаа юм.
-Тэгвэл өнөөдөр гадаадад энэ мэргэжлийг эзэмшээд ирлээ гээд танайд хандаад ирж байгаа залууус хэр байна?
-Харьцангүй энэ чиглэлээр бэлтгэгдэж байгаа мэргэжилтэй боловсон хүчний тоо маш цөөн байна. Энийг бас төр бодлогын төвшинд авч үзэх хэрэгтэй байна. Орос, дорно, дахин, өрнө тэр ч бүү хэл баруунд ч сурах бололцоотой. Энд шийдвэр гаргах төвшиний хүмүүс анзаарч, анхаарч байдаг байх. Нөгөө талаар залуучууд өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй байна. Жишээ нь ОХУ-д Ерөнхийлөгч Путины ч юм уу Засгийн газрын тэгэлгээр сургая гэхээр шалгуурыг хангах, даах залуу ховор байна. Юуны түрүүнд хэлний бэрхшээлд орж байна. ОХУ-д найруулагч, жүжигчин, удирдаачаар суръя гэж бодоход хэлний бэрхшээл тулгарч байна. Энэ тал дээр төр нь ч анхаараад бид ч гэсэн сайн ажиллах ёстой юм.
Г.ДАША