СУИС-ийн тэнхмийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Ц.Чулуунцэцэгтэй уулзаж ярилцсанаа хүргэе.
-Эх хүн гэдэг хамгийн сайхан, гэрэл гэгээтэй элбэрэлт нэгэн ертөнц билээ. Тиймээс ч эх хүний тухай олон сайхан бүтээл төрсөн болов уу. Энэ талаар яриагаа эхлэхэд таатай байна?
-Тийм ээ, энэ хорвоод ээжээс илүү нандин сайхан зүйл байхгүй шүү дээ. Ээжийнхээ тухай дурсч ярихаар ямар ч үед хоолой минь зангирдаг. Миний ижий Дундговь аймгийн Өлзийт сумын Буянт бригадын хүн байсан. Ээжийн маань ээж Гурвансайхан сумынх байсан ч хүнд өргүүлээд Буянт гэдэг газар ирсэн юм билээ. Манай аав ч бас Буянтын хүн. Аав ээж хоёр минь гал голомтоо бадрааж 30 гаруй жил ханилахдаа есөн сайхан хүүхэдтэй болсон доо. 17 настай байхдаа аавтай ханилсан ижий минь 20 настайдаа эгчийг, 22-тойдоо намайг төрүүлсэн юм билээ. Энэ маягаар хоёр жилийн зайтай арван хүүхэд төрүүлснээс одоо ес нь бий. Миний ээж хөдөөний эгэл жирийн малчин бүсгүй ямар байдаг вэ, яг л тийм хүн байсан. Хамгийн сайхан сэтгэлтэй, үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулсан эмэгтэй. Эх хүн гэдэг үр хүүхдийнхээ төлөө явж байгаад л дуусдаг юм байна шүү дээ. Ижийгээ дандаа л их гэдэстэй байгаагаар нь төсөөлдөг шүү, би. Өөрөө хэлбэл, жирэмсэн гэсэн үг. Би нэг эгч, долоон дүүтэй. Нэг дүү маань дөнгөж хөлд орж байхад л ээж их гэдэстэй болдог юм. Дараагийн дүү маань хөлд орж эхлэх үест ээж маань ахиад л их гэдэстэй болчихсон явж байна. Тиймээс нүдэнд дасал болж, сэтгэлд хоногшин үлдсэн ээжийн минь төрх их гэдэстэй, бүсээ гэдэснийхээ дээгүүр бүсэлсэн бор хүүхнээр төсөөлөгддөг. Хар нялхаас минь санаанд үлдсэн хамгийн тод дүр нь энэ.
–Есөн хүүхэдтэй айлын амьдрал дурсах зүйлээр олон, ажил ч ид буцалдаг байсан биз?
–Тэгэлгүй яахав. Намайг жаахан байхад манайх 600 гаруй мал төллүүлдэг байсан. Малчин айлын хүүхэд юу хийдэг билээ, яг түүн шиг л ажиллана даа. Говийн айл гэдэг худаг уснаасаа хол. Тиймээс худаг дээр очиж малаа усална, ус татаж зөөнө, хурга ботгоо хариулна, таана хөмүүлээ түүнэ, сорс зоодойгоо хийнэ. Ишиг хургаа тавихаас гадна хавар ямаагаа самнана, зун нь хонио хяргаад сааль саана гээд л ажил мундахгүй. Ингэж ажлыг их бага гэж гололгүй амжуулж сурсан маань бидний өдий зэрэгтэй амьдарч явахад их нөлөөлж, эх суурь нь тавигдсан байх гэж боддог. Хаана ч очоод мал сааж чаддаг, мал аялуулсан байхад гэдэс дотрыг нь сайхан арилгаж, толгой шийрээ хуйхлаад идчих гэх мэт энгийн нэгэн ахуйн зүйлээс эхлээд л бид ихийг сурч авсан.
-Дүү нараа авч явах үүрэг том охидод ноогдох нь ойлгомжтой. Ээждээ хэр зэрэг тусалдаг байв?
-Эгч маань их дөлгөөхөн, олон таван үггүй, цэвэрч нэгэн. Гэр орноо цэвэрлэх, дүү нараа асарч тойлох, хоол унд хийх гээд л бүх зүйлийг сайтар анхаарна. Харин би аавыгаа дагаад гадуур давхиж явдаг хүүхэд байсан. Ёстой л морин дэл дээр дарцаг шиг өссөн дөө, би. Тухайн үед унаа машин, мотоцикль ховор учраас үргэлж морь унана. Бараг хөлд ормогцоо л морь унаж сурсан шүү. Сургуульд орсон хойноо ч мррь унасан хэвээр. Хичээлдээ явахын тулд 40 гаруй км газраас морьтойгоо уралдана гээч. Гэр ахуйн ажилд эгч маань ээжид тусална. Харин хонь хариулах, аргалд явах, мал услалцах гэх мэт тоймтой ажилд нь би тусалдаг. Эрэгтэй дүү нар өсч томроод ирэхийн цагт миний гадуур давхих ажил арай багассан.
Тэгээд удалгүй сургуульд орлоо. Эгч маань онц сурдаг сайн сурагч болчихож. “Тунгалагийн дүү гэж юу ч сурдаггүй нэг нөхөр бий” гэж хэлүүлэхгүйн тулд онц сурахаас өөр яах билээ. Энэ мэтээр өөрөө хичээхээс гадна дүү нараа ч удирдан залж явсаар Цэрэнгийн хэдэн хүүхэд онц сурдаг, урлаг соёлын арга хэмжээнд сайн ордог, сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга, таван онцын эзэн гээд л манлайлагч нар болж чадсан. Аав маань ч гэсэн үг хэл, яриа хөөрөө сайтай, их дайчин, цовоо сэргэлэн манлайлагч хүн. Харин миний ижий их даруу, дөлгөөхөн зантай байсан шүүү. Дүү нарын маань зарим нь ээжийг дуурайсан, номхон зантай байхад хэнтэй ч үг хэлээ олоод ярьчихдаг сэргэлэн нөхдүүд ч бас бий. Багш болсон учраас ч тэр үү, сүүлийн үед би нэлээд их ярьдаг болчихоод байна.
-Оёдол үйлэндээ хэр зэрэг байв. Охиддоо зааж сургасан зүйл чамгүй байгаа байх?
-Тэр үеийн ээжүүд чинь бүгдээрээ л үйлчин. Дээлээ хийж чадахгүй бүсгүй хүн гэж байхгүй. Сайн ч бай, муу ч бай хамаагүй. Ямар ч байсан, өөрсдийнхөө хэрэгцээг хангачихна. Миний ижий нутаг усандаа гайхагдсан уран хүн байгаагүй ч, үр хүүхэддээ бол үйлэнд уран, мундаг хүн байсан. Ааваас гадна есөн хүүхдийн дээл хувцсыг хөвөнтэй хөвөнгүй, үстэй үсгүй гээд л янз бүрээр нь хийнэ шүү. Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, сааль сүү гээд ээжийн маань ажил барагдана гэж байхгүй. Тэгэхээр том болж, тусад ороод ээждээ тус нэмэр болохын тулд хүссэн хүсээгүй суганы шилбэ хатгах болно. “Миний хүү энийг хатгаад нэг хаваадхаач” гэхэд нь мурий сарий ч хамаагүй хавж өгөх, суугий нь суулна даа. Тэгж ингэсээр байгаад хөх зүү хөндлөн хөшихтэй болж, оёж хатгаж сурсан. Би бүр тав, зургадугаар ангид сурч байхдаа л дээл хийж сурсан гээд бод доо. Ээжийгээ төрөх гээд явсан хойгуур би нэг дүүдээ тансар хилэн дээл хийгээд тавьчихсан юмдаг. Эмэгтэй дүү нар ч мөн адилхан оёж хатгаж сурсан. Тоглолтынхоо хувцсыг дүү нартайгаа хамт оёдог байсан учраас миний охин харсаар байгаад оёж хатгаж сурсан. Нөхөртөө их сайхан дээл хийгээд өгсөн байна лээ. Тэгэхээр аминдаа тулбал хэрэгцээтэй зүйлээ өөрөө хийгээд өмсчих чадвартай гэж бодсон шүү. Энэ мэтээр манайхан уран хүмүүсийн хэмжээнд хүрэхгүй ч гэлээ, хэрэгцээнийхээ зүйлийг өөрсдөө хийж чадах улс.
-Ээжийн тань захиж хэлсэн үг олон байгаа болов уу?
-Мэдээж. Ижий маань “Айлд очих учраас бүсгүй хүн өөрийнхөө хэрэгцээний хувцас хунарыг оёж, хатгаж, шидээд өмсчих чадвартай, хөх зүү хөндлөн барьдаг болчихвол зүгээрсэн дээ” гэж захидаг байсан. Хүүхдүүдээ тэг ингэ гэж шахаж шаардаад загнахгүй. Аливаа зүйлийн утга учрыг их алсуур, ухаалгаар ойлгуулдаг байсан. “Миний хүү хүнд тустай яваарай. Хүний хань битгий салгаарай, хэнийг ч дээр доор гэж битгий ялгаж харьцаарай. Би чадаж байна гэж сагаж онгирч болохгүй шүү. Санаа сайн бол заяа сайн. Олон түмэнтэйгээ яваарай. Олонтойгоо явна гэдэг ажил үйлс бүтэмжтэй байна гэсэн үг шүү” гэж үргэлж хэлдэг. Ээж минь нэг их эрдэм номтой биш хэрнээ амьдралын хар ухаантай мундаг хүн байсан. Түүнийгээ сүрхий захиж хэлэхгүй ч, юм болгон дээр л “Миний хүү тэгдэггүй юм. Тийм асуудал ийм учиртай” гэж зааж зөвлөхийн завсар хэлнэ.
-Үр хүүхдээ сайн сайхан явааг харах эх хүний жаргал гэлцдэг. Ач зээгээ асарч тойлох гээд л ?
-Ээж маань үнэхээр сайхан буянтай хүн байсан. Биднийг төрүүлж өсгөн, амьдралд ахуйд минь хүргээд өөрөө эртхэн шиг яваад өгсөн дөө, зайлуул. Нэлээд хэдэн хүүхдээ айл гэр болгож, ач зээгээ үзсэн. Гэвч бүх хүүхдээ айл гэр, үр хүүхэдтэй болоод амьдрал ахуй нь жигдэрсэн байхыг хараахан үзэж амжаагүй. Хүүхдүүдээ төрүүлж өсгөх,сургууль соёлыг нь төгсгөх, айл гэр болгох гээд л цаг хугацаа тун их. Гэхдээ энэ зэрэгтэй амьдарч явааг минь харж чадаагүй л болохоос биш бид бүгдийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж чадсан буянтай хүн. Одоо аав минь л бидний сайн муу,сайхан муухай явж байгааг хараад сууж байна. 80 гарсан аав маань хамгийн бага дүү Туяацэцэг дээр байдаг юм.
-Танаас гадна хоёр ч дүү тань дуучин болсон. Ээж тань сайхан дуулдаг хүн байв уу?
-Тийм ээ, ээж маань их сайхан дуулна. “Хүрэн хаалгатай дэлгүүр”, Эхийн ач”, “Гантөмөр” гээд л дандаа монгол ардын дуу дуулдаг байсан. Норовбанзад багштай хамт урлагийн үзлэгт шалгараад хот руу явах гэж байхад нь манай аав хөтөлгөө морьтой давхиж очоод аваад ирсэн гэдэг. Тэгээд ижий минь дуучин болж чадаагүй ч гэсэн, үүндээ ер харамсдаггүй байсан. “Ээж нь ийм л хувь заяатай юм байлгүй. Яахав ээ, аав нь давхиж очоод л аваад ирсэн юм” гэдэг байлаа. Харин Цэрэнгийн гурван охин дуучин болсон шүү дээ. Бид гурвыг дуучин болохыг ээж үзэж амжаагүй нь жаахан харамсалтай. Намайг дуучин болоход нэг их дургүйцээгүй ээ. “Урлагийн ажил хэцүү дээ. Зардал ихтэй. Гэртээ ч тогтохгүй. Бүгсүй хүнд жаахан хэцүү л ажил” гэдэг байсан ч дургүйцээгүй. Уртын дуулаад энд тэнд явахыг маань их сайн мэддэг байсан. Харин би нэг удаа Балжиннямын хөгжим, Түмэнжаргалын шүлэг “Намхан буурал ижий минь” дууг дуулахаар боллоо. Тэр үед ээжийн минь бие жаахан тааруу байв. Ээждээ би “Танд зориулж ийм сайхан дуу дуулах гэж байгаа” гээд аялж өгөхөд “Их сайхан дуу байна” гэж урамшуулж байсан. Харин уран бүтээл болгоод радиогоор дуулахыг минь сонсч амжаагүй өнгөрсөн дөө. Тэр ч байтугай, дүү Отгонцэцэг, Туяацэцэг хоёрыг маань дуучин болохыг ч харж чадаагүй. Сүүлд хоёр дүүтэйгээ хамт “Дуу хотолсон тал”, “Дуунд уярах хорвоо”, “Эхийн ач” зэрэг уран бүтээлийн тоглолт хийхдээ аавыгаа авчирч суулгадаг байлаа. Хэдийгээр танхим дүүрэн үзэгч цуглуулж, аавыгаа авчирсан ч гэлээ надад нэг л зүйл дутуу санагддаг байсан. Энэ бол ээж. Бид гурвыг ийм сайхан дуучид болчихсон явж байгааг ээж минь харсан ч болоосой гэсэн бодол байнга санаанд буудаг.
-Уран бүтээлчид ижийдээ зориулсан дуу цөөнгүй. Та гурав ч мөн адил хамтарсан тоглолтуудаа өргөн барьж. Үүнээс өөр бодож төлөвлөсөн зүйл бий юу?
-Би ээжийн тухай дуулах их дуртай. Ээж минь “Саран ээж”, “Намхан буурал ижий минь”, “Эндүүмээр гэнэ ээ, би ээжтэйгээ” зэрэг олон сайхан дууг дуулдаг байлаа. Би тэр дуунуудыг нь үргэлж дуулдаг. Отгонцэцэг дүү маань ТЗДБЧ-ын морин хуурч Энхболорын хөгжим “Зовоосон л байх даа, ижийгээ би” гэсэн их гоё дуу дуулсан. Анх дүүгээ дуулж байхад нь би мэлмэртэл уйлаад сонсч чаддагггүй л байлаа. Туяацэцэг дүү маань “Мандах нарны зүгт” гэсэн нэртэй ээжийн болон нутаг усны тухай сайхан дуу дуулсан. Бид гурав 2002 онд “Эхийн ач” нэртэй уран бүтээлийн тоглолт хийлээ. Мөн би ээжээсээ сурсан ардын дуунуудыг уртын дуутайгаа нэгтгэж “Эхийн ач” нэртэй цомог гаргасан. Туяацэцэг маань ээжийн дуулах дуртай “Мандах нар”, “Хөх торгон цамц”, “Гарын арван хуруу” зэрэг дуугаар “Мандах нар” цомог гаргасан. Отгонцэцэг маань “Говийн өндөр”,“Цэн цэнгийн баавар” зэрэг ээжийн минь дуулдаг байсан дуунуудыг уртын дуутайгаа нийлүүлэн “Их талын аялгуу” цомог гаргасан. Энэ мэтээр бидний уран бүтээлийн замнал ээжийн маань дуулдаг байсан сайхан дуунуудтай холбоотой. Отгоо маань одоо ТЗДБЧ-д ажиллаж байгаа. Миний охин Нарангэрэл СУИС-ийн дуулаачийн ангийг Ардын жүжигчин А.Долгор багшийн удирдлаган дор төгсч, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх “Сүлд” чуулгад орсон. Хүргэн хүү Загд-Очир маань ТЗДБЧ-ын хөөмийч, морин хуурч залуу бий. Туяацэцэг маань “Сарны чулуу” дуу бүжгийн чуулгын уртын дуучин, “Соёлын дээд” сургуулийн лицей сургуулийн уртын дууны багш.
-Эхийн ачийг хариулахсан гэж хүн бүр л хүсдэг. Харин та хариулж чадсан гэж боддог уу, аль эсвэл?
-Ижийнхээ ачийг хариулж чадна гэж хэзээ ч байхгүй биз. Гэхдээ ямар ч байсан, чихийг нь халууцуулаагүй ээ. Харин нэг л зүйлд харамсдаг. Ээж маань хөдөөнөөс ирээд манайд байхдаа хэд хоног эмчлүүлсэн. Тэгээд удаагүй “Ээж нь нутагтаа очьё. Гэртээ харья” гэхээр нь юу ч бодолгүй хүргэж өглөө. Тухайн үед эрүүл саруул, бие нь хөнгөн байх шиг санагдсан. Элэг бүтэн амьдралтай байсан учраас хагацлын зовлон мэддэгүй байлаа шүү дээ, бид. Гэтэл нэг л өдөр тэр таагүй мэдээг дуулсан даа. Аавыг хониндоо явсан хойгуур, хамгийн бага дүүг хотонд ямаа самнаж байхад ээж маань өнгөрсөн байсан. Хөл хүндтэй дүү маань ээжийг гэрийнхээ гадаа унасан байхыг хараад татаж босгосон гэдэг. Тэгэхэд ээж “Аан Туяа юу. “Ээж нь хэвтэхгүй ээ, бүсээ тайлья” гээд өнгөрсөн гэсэн. Хаяанд нь шахуу байсан хүүхдүүд нь ч уулзаж чадаагүй дээ. Ээж маань гэнэтхэн яваад өгсөн нь бидэнд хамгийн аймшигтай, харамсалтай санагддаг. Хөөрхий минь өөртөө зовлонгүй, биднийг ч зовоохгүй бурханы оронд явсан даа. Хүн нас ахих тусам ээжийгээ бодож эхэлдэг юм билээ. Залуу байхдаа хэлсэн үгийг нь тоохгүй “Тэгж л байдаг юм” гээд бараг худлаа юм шиг санаад инээгээд өнгөрдөг байж. Харин нас ахиж хөгшрөөд ирэхээр “Ээж маань тэгж хэлдэг байсан. Ямар үнэн юм бэ” гэж дандаа бодно. Нас ахих тусам ээжийн минь хэлсэн үгийн үнэ цэнэ илүү мэдрэгдэх юм. Тэгэхээр өөрийн эрхгүй л тэр үгийг нь үр хүүхэддээ захиж хэлж байгаа. Анхны хүүхдээ гаргахдаа “Хүүхэд төрүүлнэ гэдэг чинь ямар хэцүү юм бэ. Ээж маань яаж 10 хүүхэд төрүүлсэн юм бол” гэж бодож байсан. Гэхдээ хүүхдээ төрүүлээд ээж минь л өсгөж хүмүүжүүлэх ёстой юм шиг аваачиж өгчихөөд сургууль соёл гээд гуяа алгадаад яваад өгнө дөө. Одоо өөрөө хөгшрөөд хүүхдүүдийнхээ хүүхдийг үзэхээр арай өөр юм аа. Тэр бяцхан амьтдад ямар ч их хайртай болдог юм. Энэ үед “Ээж минь миний хүүхдэд ч гэсэн ийм л их хайртай байсан байх даа” гэж боддог.
Р.Мөнгөн