“ТНГРИ” киноны продюссер, жүжигчин Доржнямбуугийн Энхтөмөртэй ярилцсанаа хүргэе. Кино урлагийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж, сонирхолтой бүтээлээр үзэгчдээ гайхуулж чаддаг тэрбээр өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд шинэ киноныхоо нээлтийг хийх гэж буй юм.
-Сүүлийн үеийн уран бүтээл тань “ТНГРИ” уран сайхны кино болов уу. Өнөөдөр орой нээлтээ хийхээр товлосон гэж сонслоо?
-Тийм ээ, энэ киноны нэрний талаар эхэлж ярья. ТНГРИ бол тэнгэр гэдэг үгийн монгол бичгийн галиг нь. Их утга учиртай, хатуу үг л дээ. Яагаад гэвэл, дэлхийн бүх улсын бичиглэл дотор нэр үг биш мөртлөө дөрвөн гийгүүлэгч давхцаж ордог ийм үг байдаггүй. Ганцхан монгол хэлэнд л бий. Энэ ч утгаараа, би шинэ кинондоо “ТНГРИ” гэсэн нэр өглөө. Анх “Түүхэнд үлдээгүй түүх” нэртэй богино хэмжээний кино зохиол байсныг бидний хэдэн залуус ярьж суугаад бүрэн хэмжээний уран сайхны кино болгохоор шийдсэн. Монгол ахуй амьдрал, ёс заншил, баатарлаг тэмцлийг харуулсан кино хийе гэж тэр. “Газар бол улсын өмч”, “Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж хэн хэлснийг ч мэдэхгүй байж “Би Монгол хүн” гэж цээжээ дэлдэн, машиныхаа ард талд эсэн бусын үг уйгаржин монгол бичгээр бичиж, үс зүсээ сонин засуулаад сагсуурч давхисан хүн олширч байна. Тиймээс бид Монгол ёс заншил, удам угсаа, түүх соёлоо жинхэнэ утгаар нь таниулж, хойч үедээ ойлгуулахыг хүсч ингэж зориглосон. Энэ кино маань ерөнхийдөө түүхэн, туульсийн, тулаант гэсэн сэдэвтэй. Тулааны тал дээр маш өндөр хариуцлага тавьж ажилласан бүтээл гэж хэлж болно.
-Тухайлбал?
-Монголын нэр бүхий каскадёруудыг урьж тоглуулсан. Би өөрөө “Зэвт сөрөг” гэх орлон тоглогч буюу далд урлагийн нэгдэлтэй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард яригдаж эхэлсэн уг кинонд би тулааны найруулагч болон жүжигчнээр ажиллах гэрээ байгуулсан юм. Гэтэл сар гаруй хугацаа өнгөрсний дараа хөрөнгө оруулалтын асуудал нь бүтэмжгүй боллоо. Зохиол нь таалагдсан, мөн уран бүтээлчдийн багт жинхэнэ киноны мастерууд байсан учир би Энхболд, Зоригтбаяр, Хүрэлтулга зэрэг найзтайгаа хамт энэ киног продюссерлэж хийхээр шийдсэн. Энэ оны нэгдүгээр сарын 20 буюу төрсөн өдрөөрөө анхны натурт гарч байлаа. “ТНГРИ” кинонд би Монгол овгийн хааны тэргүүн жанжин Чунс гэдэг хүний дүрийг бүтээсэн. Тухайн овгийн бүх жанжныг захирдаг, тэр ч байтугай ханхүүг хүртэл бэлтгэдэг эрхэм хүндтэй хүний дүр болохоор судалгаа хийх, бодож боловсруулах зүйл их.
Энэ ч утгаараа дүрдээ их хайртай, бас бэлгэшээж явдаг юм. Зураг авалт хийх явцад байгалийн янз бүрийн бэрхшээлийг давах шаардлага тулгарсан. Өвлийн тэсгим хүйтэн шөнө хөдөө хээр зураг авах гэхэд камер царцаад ажиллуулахад хүртэл хүндрэлтэй. Хотод байгаа найзууд маань утасдаад л “Хүүе, энд онцгой байдал зарлачихсан хэцүү байхад та нар юун зураг аваад хөдөө хээр яваад байгаа юм бэ” гэж гайхсан шүү. Ганцхан хэсгийн зураг авах гэж нэг газарт гурав хонож байсан гээд бод доо. Тэр их айхтар догшин газар байж билээ. Цоо шинэ мотор асаагаад яг зураг авалт эхлэнгүүт л унтарчихна. Энэ мэт байгалийн давагдашгүй саад бэрхшээлүүд байсан л даа. Арга буюу бид нар уул хангайгаас гуйж, жаахан ёслол үйлдсэнээр зураг авалтын ажил хэвийн үргэлжилсэн. Уран бүтээл хийхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн газар бол “Чингисийн өвөлжөө” жуулчны бааз.
-Зураг авалт хэдэн сар үргэлжилсэн бол?
-Яг нэг сарын хугацаанд үргэлжилсэн. Хоёрдугаар сарын 20 буюу битүүний өмнөх өдөр дуусгасан гэсэн үг. Ар гэрийнхэн маань бүр гайхаж “Цагаан сар болох гэж байна шүү дээ” гээд л угтаж байсан. Тэгээд бэлэг дэмбэрэлийг нь бодсон ч тэр. Монтажаа шинийн найманд хийж, уран бүтээлчидтэйгээ хамт Шилийн богд ууланд гарч хийморио сэргээсэн. Хөгжмийн зохиолчоор нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од ажилласан. Зураг авалтын үед уран бүтээлчдийнхээ дунд “ТНГРИ” кинонд зориулсан дууны уралдаан зарлаж, 500 доллар амласан юм. Тэгээд бүгд л дууны үг бичиж эхэлсэн. Энэ бүгдээс миний бичсэн шүлэг хүмүүст таалагдаад дуу хийхээр болсон хэрэг.
…Мөнх тэнгэрийн хүчин дор
Монгол нутаг өнөд оршино
Миний удам мянганы хэлхээс
Мандах нарны цацраг шиг… гэсэн төгсгөлийн бадгаас нь аваад үзэхэд ч их сонирхолтой шүү.
-Тулааны урлагийг түлхүү оруулсан гэсэн. Энэ талаар?
-Хятад кинонд ушу, каратэ, кунфу гэх мэт тулааны урлагийг түлхүү харуулдаг шүү дээ. Гэтэл манай кинонд ихэвчлэн хоёр морьтой хүн тойрч давхиж байснаа нэгийгээ цавчаад унагаж байгаа дүр зураг л гардаг. Энэ бүхнээс огт өөрөөр хийхийг хүссэн болохоор бид олон сонирхолтой зүйл багтаасан. Тухайлбал, морин дээрх тулаанд циркийн жүжигчин акробат эргэж буух юмуу хурдан харвалт зэрэг бий. Манай түүхэн кинонд харваач нарын тухай төдийлөн сайн гардаггүй. Наадмын талбайд байгаа харваачдыг харж байхад нумаа сумлан татах байдлаар бараг арваад секундын дараа сумаа тавьдаг. Тэгвэл энэ кинонд харваачид маань ердөө хоёрхон секундын дотор эл үйлдлийг гүйцэтгэдэг. Бид нар байлдааны нум сум хэрэглэсэн, мөн СУИС-д тайзны тулааны чиглэлээр давхар суралцсан мэргэжлийн орлон тоглогчид учраас энэ чиглэлээр өндөр түвшинд бэлтгэгдсэн улс. Бүр морины акробат эргэлтийг хүртэл энэ кинонд харуулсан гэхээр бусад тулаантай киноноос эрс ялгаатай.
-Түүхэн кинонд төдийлөн харуулддаггүй болохоос биш, угтаа бол монголчууд тулааны урлагт гарамгай байсан гэж эрдэмтэд ярьдаг юм билээ?
-Хятадад ушу 4000 жилийн өмнө үүссэн гэдэг юм билээ. Шаолины сүм, Мөрөн голын дайчин эрс гэх мэт тулааны урлагт нэвтэрсэн ийм айхтар хүмүүсийг бут цохисон гэхээр монголчууд тэднээс илүү байсан нь мэдээж. Юун тэр жадтай тулаан, кунфу энэ тэр. Бид нар кинондоо энэнээс ч илүү зүйл харуулахыг зорьсон. Тулааны найруулагчаар ажилласан Аска буюу Цэрэндаш энэ тал дээр их анхаарсан. Ушугийн ОУХМ, Монгол Улсын найман удаагийн аварга, Спорт аэробек гимнастикийн 18 удаагийн аварга болсон хүн шүү дээ, тэр. Мөн сүүлийн үед хийгдсэн Чингис хааны тухай олон кинонд орлон тоглогчоор ажилласан Лхагваа, гадаадын кинонд тоглосон Сүхээ гэх залуус ч бий.
-Таны хувьд, тулааны урлагаар хичээлээд багагүй хугацаа өнгөрүүлсэн. Мөн олон төрлийн спорт сонирхдог гэсэн?
-Би кёкушин каратэгийн хар бүс, хоёр дантай. Байлдааны самбо бөхийн спортын мастер цолтой. Бас жүдо бөхөөр багаасаа хичээллэж ирсэн. Байлдааны буудлага болон хурдан харвалтаар хичээллэдэг байсан нь миний давуу тал.
-“Тушаал” кинонд тусгай албаны ажилтны дүр бүтээхдээ энэ чадвараа ашигласан байх аа?
-Уг нь тэр киноны гол дүрд би биш, өөр хүн тоглох ёстой байсан юм. Тэгээд тодорхой шалтгааны улмаас ирж амжихгүй болмогц намайг хүчээр шахуу тоглуулсан байхгүй юу. Гэхдээ тулааны хэсэг нь ямар ч тавилтгүй болсон. “Би ингэж цохино, чи тэгж булт” гэх маягаар л зураг авсан хэрэг. Харин сүүлд нь “Төрийн дайсан” киноны тулааныг Аска бид хоёр найруулж тавьсан.
-Холливудын одод ихэвчлэн орлон тоглогчийн ачаар энэ бүхнийг давдаг. Харин манайд орлон тоглогчийн орон зай тийм ч сайн биш байсан. Харин сүүлийн хэдэн жилд тодорхой хэмжээгээр сайжирч буй нь кино урлагийн хөгжилд нэлээд тустай биз?
-“Зодолддог хүмүүс дүйнгэ, болхи амьтад байдаг” гэж бодох хүн олон бий. Гэтэл тулааны урлагаар хичээллэсэн хүн бие галбираа хөгжүүлж, асар их төлөвшил авдаг байхгүй юу. Ёсолж мэндлэхээс өгсүүлээд маш өндөр дэг жаягт суралцан, бэлтгэл хийхдээ бясалгалаар хичээллэдэг. Монголд тулааны чиглэлээр ажилладаг каскадёр буюу орлон тоглогч олон байдаг. Голдуу цэрэг цагдаагийнхан байх нь ч бий. Гэхдээ тэд ямар нэгэн байдлаар жүжигчний уран чадвар, тайзны ярианы тухай мэдлэгтэй байхаас гадна нэгдэж ажиллавал амжилтанд хүрч чадна. Тэгэхгүйгээр хэдэн хэсэгт хуваагдчихаад л “Манайх илүү” гэж тэмцэлдэж байгаад сайн залуусаа тарааж орхидог. Ажлын нөхцөл, үнэ ханшаа тохироод бүгд нэг бүтээл дээр төвлөрч ажиллавал манайхан хаана ч гологдохооргүй улс.
-Монголын каскёдоруудын холбоо гэж байдаг биз дээ?
-Байгаа. Аска бид хоёр “ТНГРИ” кинон дээр залуучуудын чадварыг харж байгаад “Зэвт сөрөг” нэгдлээ байгуулсан юм. Одоо бүр “Аска уналт” нэртэй морины уналт хүртэл байдаг шүү дээ. Яг цээжинд нь сум харвахад мориныхоо хондлойг дагаад хоёр хөлөө дээш нь шидэж, сумтайгаа доошоо харж унадаг. Дэлхийн каскёдоруудын аварга шалгаруулах тэмцээнд Францын нэг каскёдор энэ уналтыг хийж түрүүлсэн удаатай. Гэхдээ жаахан бохирдуу хийсэн бол, манай Аска өндөр түвшинд хийж чаддаг. Манай жүжигчид мориндоо мордох, сууж яваа зэрэг нь маш буруу байдаг. Хамгийн гайгүй нь гэвэл Ардын жүжигчин А.Дашпэлжээ гуай байна. “Мандухай цэцэн хатан” киноны хэсэгт морьтойгоо явж байгааг нь харахад их гоё байдаг. Богинохон дөрөө хийж, дээшээ цэгнийтэл нь босч явбал гоё шүү дээ. Би боддог юм. Урлагийн сургуулиудад тайзны хөдөлгөөний хичээл ордог нь үнэн. Гэхдээ тайзны тулааны хичээлд тусгайлан цаг гаргаж, каскадёруудын урлагаас зааж өгвөл мэргэжлийн сайн жүжигчин бэлтгэж чадна. Юм болгон дээр л “Орлон тоглогч” гээд нэхээд суучихдаг жүжигчин олширвол ямар олиг байхав дээ. Аль эсвэл “Энэ гайгүй” гээд нэг номхон моринд мордуулсан байхад гялгар цаас хийсэх төдийд л өнөөх нь үргээд жүжигчнээ булгиад хаячихвал яах юм бэ. Манай нэгдэл зөвхөн морь бус автомашин, мотоциклийн каскадёруудтай гэдгээрээ давуу тал ихтэй. Би өнгөрсөн зургадугаар сарын 2-9-нд Шилийн богд, Дарьгангын нутгаар 1700 км газар уралдсан “Эко ралли-2012” мотоциклийн тэмцээнд түрүүлж улсын аварга болсон.
-Үнэхээр жүжигчин хүн урлагаас гадна өөр төрлийн мэдлэгийг ч давхар эзэмшсэн байх шаардлага тулгарч байгаа?
-Тийм ээ, бид алийн болгон Станиславский гэж зууралдахав. “Чи ямар нь хамаагүй. Дотортой, тоглолттой байхад л жүжигчин болчихно” гэсэн школ шүү дээ. Тэгвэл дэлхийн кино урлагийн хөгжил өнөө цагт ямар өндөр түвшинд хүрч байгааг хар л даа. Яагаад бид нар өнөөдөр Жан Клод Ван Дамм, Арнольд Шварценеггер, Сильвестр Сталлоннегийн тоглосон кинонуудыг үзэх дуртай байдаг юм бэ. Эд чинь Мерхолдын системээр явдаг байхгүй юу. Тэр нь “Эхлээд чи бие хаагаа зөв зохистой хөгжүүл. Дараа нь өндөр гэрээ хийж, өөрт чинь тохирсон кино зохиолыг өгч тоглуулна” гэсэн школ. Манай киноны Тунгар баатрын дүрд тоглосон жүжигчин Н.Ялалтыг би үнэхээр их хүндэлж явдаг. Тусгай албанд ажиллаж, халуун хүйтнийг ялгалгүй зүтгэж явсан үе надад бий. Тэгвэл жүжигчин Н.Ялалт үнэндээ л шийртэй, бас “галтай” залуу шүү. Тоглолт нь ямар гоё гээч. “ТНГРИ” кинонд Тунгар баатрын дүү дайсны жаданд оногдоод үхэж буй хэсэгт Н.Ялалт уйлаад толгойг нь тэвэрч суудаг хэсэг бий. Тэгэхэд зураглаачийн ард зогсч байсан туслахууд маань хүртэл нулимс унагасан гэхээр ямар их “галтай” тоглосон нь ойлгомжтой байгаа биз.
-Үүнээс өөр олны танил уран бүтээлчид тоглосон нь лавтай байх?
-Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар, Н.Ганхүү, Н.Нэргүй. Л.Дэмидбаатар зэрэг СУИС-ийн мундаг багш нар тоглосон. УДЭТ-ын Пүүжээ ах, Б.Эрдэнэцэцэг, Д.Ганцэцэг зэрэг жүжигчид ч бас бий. Өнөөдөр мэргэжлийн чадварлаг жүжигчдийг бэлтгэдэг урлагийн мастерууд маань өөрсдөө хэрхэн тоглож байгааг шавь нар нь бас үзэх ёстой байхгүй юу. Мөн киноны дуу оруулах ажилд ч өнөө л хэдэн агуу жүжигчид маань том, жижиг гэлтгүй, дүр болгоныг амьдруулж өгсөн. Чунс жанжны дууг УДЭТ-ын жүжигчин П.Цэрэнболд оруулсан шүү дээ. Миний бие, П.Цэрэнболдын дуу хоёрын тохирч байгааг яана. О.Амгаланбаатар гэдэг залуу жүжигчний дууг С.Болд-Эрдэнэ оруулж байх жишээтэй. Д.Цэмпилмаа гуай гэхэд л, манай киноны удганы дууг ямар гайхалтай оруулсан гэж санана. “Тунгалаг Тамир” радио роман гаргасан, үгийн урлагийн мастер гэгддэг Н.Батзандан гуай хүртэл киноны өгүүлэмжийг уншсан.
-Киноноос гадна та өөр ямар ажил эрхэлж байна вэ?
-Миний мэргэжил бол жүжигчин, найруулагч. Тэрнээс гадна эрхзүйч мэргэжлийг давхар эзэмшиж, хэсэг хугацаанд төрийн алба хашиж явсан. Одоо ахтайгаа хамтарч “Хангарьд” хамгаалалтын компани байгуулаад ажиллаж байна.
-Киноныхоо нээлтийг Тусгаар тогтнолын ордонд хийхээр сонгосон нь ямар учиртай юм бол. Зураг авалт, монтаж шигээ ямар нэгэн утга учир агуулсан болоод тэр үү?
-Бидний уран бүтээл ямар нэг намтай холбоогүй. Харин тэр Тусгаар тогтнолын ордон гэсэн нэрийг нь бодоод үз. Мөн манайд үйл ажиллагаа явуулж байгаа бүх театр, киноны газруудаас хамгийн зөв акустиктай шүү дээ. Адаглаад л “Тэнгис” кинотеатрт нээлтээ хийхээр урилга авсан ах дүү, хамаатан садан, найз нөхөд маань тэнд багтахгүй. Зарим үед бүр хоёр удаа нээлт хийх болно. Тусгаар тогтнолын ордон 800 хүний суудалтай болохоор бид хэнийг ч гомдоохгүй киногоо үзүүлнэ шүү дээ. Энд киноныхоо нээлтийг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн хүн бол У.Хүрэлсүх, мөн Хэнтий аймгийн нутгийн зөвлөл.
Р.Мөнгөн