Эди Слиман “Ив Сен Лоран” брэндийн дүр төрхийг тодорхойлно
Диор брэндийн эрэгтэй загваруудыг урлаж байсан загвар зохион бүтээгч Эди Слиман таван жилийн дараа загварын ертөнцдөө эргэн ирлээ. Тэрбээр Ив Сен-Лоран брэндийн загвар зохион бүтээгчээр ажиллаж эхэлжээ. Уран бүтээлийнхээ өнгөрсөн бүх жилүүдэд Диор брэндэд ажилласан загвар зохион бүтээгч Эди Слиман хэрхэн гайхалтай шоу зохион байгуулахаа сайн мэднэ.
Тэрбээр Ив Сен-Лоран брэндэд зориулсан анхны загваруудаа Парисын загварын долоо хоногийн үеэр Парисын хамгийн сүр жавхлант ордон болох Гранд Паласт танилцууллаа. Урсдаг шатан тайз байгуулж, заалыг харанхуй болгон урт хонгил гаргасан нь үзэгчдэд ихэд таалагджээ. Эргэлдсэн хурц гэрэл, панк хөгжмийн хэмнэл, таазанд ойрхон харагдах байдал зэрэг шинэ хэв маягаар тайзыг зассан байна. Электро хөгжим, айдас төрүүлэм өвөрмөц эффектүүд нь ирээдүйг зөгнөж байгаа мэт сэтгэгдэл авчирна. Ив Сен-Лоран брэндийн бэлгэ тэмдэг загвар өмсөгч Бетти Катруа загвар зохион бүтээгч Слиманыг “Бүх эмэгтэйчүүдийн аврагч” гэж тодорхойлсон байна.
Загвар өмсөгчдийн царайг тэдний өмссөн өргөн хүрээтэй саравчтай малгай сүүдэрлэсэн нь харанхуйд алхах шидтэнүүдтэй адил санагдуулна. Модон шүүр барьсан шидтэнүүдтэй адил харагдах эмэгтэйчүүд 60, 70-аад оны үеийн рок хамтлагуудын хэв маягийг гаргажээ. Ханцуйтай, шал шүргэсэн урт хормойтой даашинзууд нь готик өнгө аясыг илэрхийлсэн байна.
Вольфганг Йооп шинэ загваруудтайгаа эргэн ирлээ
Германы алдарт загвар зохион бүтээгч Вольфганг Йооп Парисын дээд зэрэглэлийн хувцас загварын ертөнцөд Уандеркайнд брэндтэйгээ эргэн ирлээ. Хэдийгээр “Гайхалтай хүүхэд” нэртэй тус брэнд 2003 онд анх загварын ертөнцөд төрж байсан ч одоо болтол шинэхэн гэж тооцогдсоор байна. Хэдийгээр тус брэндийг тодорхойлох дүр төрх бүрэлдээгүй байгаа ч том пластик товчнууд, салхи нэвтрүүлдэггүй зузаан материал, олон төрлийн өнгөний зохицол зэрэг нь Уандеркайнд брэндийг илэрхийлдэг юм. Йооп тус брэндээ өөртөө итгэлтэй, эрх чөлөөтэй, оюунлаг эмэгтэйчүүдэд зориулан гаргаж байсан юм. Өнгөрсөн хугацаанд Уандеркайнд брэнд Австрали, Герман улсад харьцангуй алдаршжээ.
Вольфганг Йооп, Wunderkind брэндийг үндэслэгч
“Би эмэгтэйчүүдийг олон талаас нь харуулахыг зорьсон. Илүү тууштай, эрх чөлөөтэй, оюунлаг эмэгтэйн дүр төрхийг гаргаж ирэхийг хүссэн. Та бүхэн миний шинэ коллекцоос илүү секси дүр төрхийг олж харах болно.”
Йооп загварын сэтгүүлийн редактораар анх загварын ертөнц дэх гараагаа эхэлж байжээ. Тэрбээр 1978 онд 33 настайдаа загварын үйлдвэрлэлд хөл тавин өөрийн коллекцуудаа олон нийтэд танилцуулж эхэлсэн юм.
Нэнси Гонзалес брэнд шинэ загварын цүнхнүүдээ гаргажээ
Колумбын гар цүнхний Нэнси Гонзалес брэндийн хэт өндөр үнэ тус брэндийг хамгийн тансаг зэрэглэлийнх болохыг баталдаг. Парисын загварын долоо хоногийн үеэр олны хүртээл болсон тус брэндийн шинэ загварын цүнхнүүдийн үнэ 1,000 еврогоос эхэлж байлаа.
Сантьяго Барбери Гонзалес, Нэнси Гонзалес брэндийн захирал
“Манай бүтээгдэхүүнийг хэн ч худалдаж авч болно. Тэд хэлбэрт баригдсан, брэндээр өөрсдийгөө тодорхойлсон хүмүүс байдаггүй. Харин өөртөө итгэлтэй, оюунлаг эмэгтэйчүүдийг илэрхийлдэг брэнд гэж би тодорхойлмоор байна. Бидний хувьд хамгийн чухал зүйл бол загварт дарлуулах биш, хэв маягийг зоригжуулах юм.”
Өнөөдөр хамгийн ер бусын, этгээд гар цүнхнүүдийг Нэнси Гонзалес брэнд уралж байна. Гайхалтай төгс, тодорхой загварын шийдэл, өндөр чанартай материалууд тус брэндийн үнэ цэнийг тодотгодог юм. Матрын арьсан тансаг цүнхнүүд хаана ч өөртөө итгэлтэй, ялагчийн байр суурийг илэрхийлж чадна. Цүнхнүүдэд олон деталь хэсгүүд байдаггүй нь загваруудыг тодорхой харагдуулж чаддаг. Мөн загварууд нь хэзээ ч моодонд баригддаггүй юм.