Хоолойны чадлаараа монголд төдийгүй дэлхийд гайхагддаг АЖ Л.Жавзандуламыг дуурийн урлагийг шимтэн үздэг хэн бүхэн андахгүй. Түүний урлагт зүтгэсэн он жил, хийж бүтээсэн нь хязгааргүй. Эл эрхэмтэй номын талаар ярилцлаа.
-Хүн ямар хүн болж төлөвших нь номоос эхтэй гэдэг?
"Ном бол ертөнцийг харах цонх гэдэг хамгийн үнэн үг. Номгүйгээр энэ ертөнцийг төсөөлөхийн аргагүй. Тиймээс хүүхэд багачуудыг багаас нь номонд дуртай, номонд хайртай болгох нь хамгийн чухал. Цаг үе хямралтай 1980,1990-ээд оны үед хүмүүс номноос жаахан хөндийрсөн тал бий. Харин сүүлдээ шинжлэх ухаан хурдацтай хөгжиж хүмүүс мэдээллийг олон талаар авч бас бусдаас сонсох бүрэн боломж нээгдсэн. Гэхдээ хүнээс сонсохоос илүүтэй өөрийнхөө нүдээр, бие сэтгэлээрээ амтархан уншиж судалж, номын ид шидийг амтлах нь илүү үр дүнтэй. Гэсэн ч бидний үеийн зарим хүмүүс сонгодог зохиолууд, адал явдалтай, эрэл хайгуултай, сонирхолтой ном сонин унших сонирхол бага байсан. Ер нь ийм чиглэлийн сайхан ном уншсанаар хүн хүн болж төлөвшиж тэр нь ажил амьдралд нь түшиг тулгуур болдог гэж би хувьдаа ойлгодог.
-Оюутан бэлтгэх ажил амаргүй. Сүүлийн үед ном унших цаг зав гарч байна уу. бас шинэ ном худалдаж авч номынхоо санг баяжуулж байна уу?
-Сүүлийн үед бэлэг дурсгалд ном их авч байгаа. Шинээр бүтээлээ туурвисан эрдэмтэд, мэргэдүүд номоо дурсгадаг. Түүнийг нь сонирхож уншиж байгаа. Харин миний хоёр хүү номонд маш дуртай. Миний хувьд оюутан залуучууддаа ийм хүний тийм сайхан ном гарсан байна, уншиж сонирхоорой гэж уриалмаар байна.
-Нийгэм тэр аяараа бухимдалтай байна. Иймд хүүхэд багачуудад зориулсан зохиол бүтээл гарч байгаа нь сайшаалтай санагддаг. Үүнд номын ач холбогдол эн тэргүүнд оршиж байгаа?
-Номоос амьдралд ухаалгаар зөв хандах, зөв амьдрах, зөвөөр сэтгэх гээд олон сайхан зүйлийг авдаг. Ер нь номын ид шид хүний амьдралд хязгааргүй ач тус болж байна шүү дээ. Мэдлэг боловсрол, тэсвэр хатуужил, сайн мууг ялгах чадварыг суулгаж өгдөг. Хувь хүн өөрөө өөрийгөө жолоодож хөгжүүлэхэд ч маш их тулгуур болдог зүйл юм. Тиймээс хүмүүс үр хүүхэд, ач зээ нараа багаас нь номонд дуртай болгоосой гэж боддог. Нэг үе хүүхдийн бүтээл ховордсон. Харин одоо хөгжилтэй номууд их гардаг болж. Үүндээ монголын үндэсний өв уламжлалт арга ухаануудаас их тусгадаг болсон байна. Энэ маш зөв зүйтэй асуудал. Хүүхдүүд их сонирхож уншиж байгаа. Тэр сонирхолтой бүтээлүүдийг уншсанаар том болоод урлаг, соёлыг дуртай ойлгож, соёлд суралцахад нөлөөлнө шүү дээ.
-Хүүхэд байхад эмээ өвөө нарын ярьж өгсөн үлгэр туульс санаанаас гардаггүй юм?
-Тиймээ .Бидэнд эмээ өвөө нар маань их үлгэр туульс ярьж өгдөг байлаа. Бид ч түүнийг нь чих тавин сонсч байсан нь бие хүн болж төлөвшихөд хамгийн гол суурь болж өгсөн гэж боддог. Хүүхдийн зохиолууд их уншихаас гадна үлгэр домгийн талаар хичээл ч их ордог байсан. Харин дуучин болсноосоо хойш ихэвчлэн мэргэжлийн чиглэлийн ном зохиолууд судалдаг болсон. Тухайлбал Пушкины "Евгений Онегин" бас Шекспирийн "Отелло"гээд сонгодог зохиолуудаас их уншиж дүрийнхээ шинжилгээг хийдэг байлаа.
Д.Гэрэлт