-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Аян замдаа сайн явж ирэв үү? Нутагтаа ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна?
-Баярлалаа. Сайн явж ирлээ. Нутагтаа ирээд сайхан байна.Хүний өсөж төрсөн нутаг гэдэг ямар ч сайхан орноос илүү сэтгэл зүрхэнд ойр байдаг шүү дээ. Улаанбаатарт байшин барилга их баригдаж том хотын төрх хэдийнээ орсон байна шүү.
-Холын хүнээс үг сонс гэдэг.Эрх чөлөөний орон америкт амьдарсан он жилүүд хатагтай Н.Батцэцэгийн үзэл бодол амьдралын хэв маягийг хэр их өөрчилсөн бол? Ер нь танд америк орон ямар санагдав?
-Хүн төрөлхтний хөгжлийг тэргүүлдэг америк гүрэн амьдрахад таатай газар юмаа. Тэнд монголын хөгжлийг ирээдүйд тодорхойлох олон мянган охид хөвгүүд сурч байна. Бас олон жирийн монгол иргэд шударга хөдөлмөр эрхлэн ар гэр амраг садандаа нэмэр болж явна. Миний хувьд амьдралын хэвшилдээ зарим эерэг өөрчлөлт оруулсан гэж боддог. Өмнө нь цаг наргүй ажиллаж цай хоолгүй гүйдэг байсандаа шүүмжлэлтэй хандаж байгаа. (инээв) Бас жин хасахдаа буруу арга хэрэглэдэг байснаа өөрчилсөн. Эрүүл агаарт алхдаг болсон гээд дурьдаад байвал бага сага дэвшил байна аа байна.
-Америк эрх чөлөөний орон гэдэг ч нөгөөтэйгүүр эрх чөлөөгүй орон гэж хэлдэг хүмүүс байдаг. Алхам тутамд дүрэм журам… Та ч бас анх очоод мэдэхгүй чадахгүй олон зүйлтэй тулгарсан байх.
-Тэгэлгүй яах вэ. Хэл ус сурах, жолооны үнэмлэх авах, хурдны зам дээр дасах, банкны данстай болох гээд … бүх юм “А”-гаас эхэлнэ. Амаргүй ээ амаргүй. Дэлхий нийтээрээ эрх чөлөөний орон гээд хүлээн зөвшөөрчихсөн америк гүрний талаар би давтаад байх нь илүүц байх. Хууль дүрмийн хувьд чанд сахиулж байж тэр олон сая хүнийг цэгцтэй байлгадаг болов уу.
-Та ч бас зүгээр сууж чаддаггүй хүн юм. Ханьтайгаа “Үгүйлэн санана” нэвтрүүлэг хийснийг тань олон хүн өндрөөр үнэлж байсан. Үзэгчдийг ч их татсан. Энэ нэвтрүүлгийг хийх болсон шалтгаан юу вэ?
-Баярлалаа. Хүн гэр орондоо байхдаа аливаа юманд ажирдаггүй юм байна. Харин хүний нутагт буумагц хэл ус, ёс жаяг, хууль дүрэм гээд юу эс байх билээ. Би ч бас багагүй бэрхшээлтэй тулгарч байсан. Тийм болохоор эхэлж ирсэн хүмүүсийн туршлагыг дараагийхад нь хүргэж зам мөрийг нь товчилж хөл дөрөө олоход нь туслах хэрэгтэй юм байна гэж бодсон.Бас хүний нутагт сайн сайхан яваа нэгнээрээ бахархаж, ард үлдсэн аав ээж, ах дүүсээ дурсана гэдэг сайхан шүү дээ. Ингэж л “Үгүйлэн санана” нэвтрүүлгийг хийж эхэлсэн юм даа. Бид үгүйлж санах ар гэр ах дүүс эх оронтойгоороо баян хүмүүс.
-Та бас “Америк дахь монголчууд” нэртэй ном хийж байгаа гэлүү? Ер нь таны ямар уран бүтээл, сурвалжлага авч яваа талаар мэдээлэл байнга гардаг байсан.
-Тийм ээ. Бид DVD хавсралттай ном хийж байгаа. Гарах болоогүй ээ. Монголчууд америк гүрнийг зорих болсноос хойш хориод жил өнгөрч байна. Энэ хугацаанд америкийн томоохон хотуудад монголчуудын холбоод үүсэж өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Түүнээс гадна олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж өргөжин тэлж байна. Монголууд маань тэнд хувийн гоо сайхны салон, дэлгүүр гуанз, ачаа тээврийн компани, цахим дэлгүүр, машин засварын газар гээд олон төрлийн бизнес эрхэлж байна. Тэдний хувьд америкт гуч дөчин жилийн нүүр үзсэн үндэстнүүдээс дутахааргүй гялалзаж явна шүү дээ. Бид өөрснөөрөө бахархах хэрэгтэй. Энэ л эгэл хүмүүсийн амьдралын нэгэн зурвас түүхийг “Америк дахь монголууд номоос уншиж DVD-нээс үзэх болно.
-Хүүхдүүдийнхээ боловролд анхаарч долоон жилийг сайн ээж, сайн эхнэр байх сонголтыг хийсэн гэж та хэлсэн байсан. Гэхдээ л энэ хугацаанд кино урлагаа санаж үгүйлсэн байх.
-Санасан шүү санасан. Яг л нэвтрүүлгийн нэр шигээ санасан.(инээв) Тэгээд ч ирэнгүүтээ хамгийн түрүүнд киноныхонтойгоо уулзсан.
-Үзэгч олон таныг америк явахад их л сэтгэл гонсгор үлдсэн. Эргээд ирэхгүй хүний нутагт үлдчихнэ гэж харамласан сэтгэл гэхүү дээ. Та ч үүнийг мэдэрсэн байх?
-Салхи нь сэрчигнэхдээ сүү үнэртсэн Сар мэлтийж хонодог хөдөө нутагтаа Эмээл дээрээс нь наран манддаг Эрх багын дурсамж буй тэр газартаа Элгэн халуун өөриймсөг зон олондоо Эргээд ирлээ… гэсэн мөрүүдийг өчигдөрхөн интернетээр уншиж байсан юм байна. Хүний нутагт үлдэнэ гэж юу байх вэ дээ. Би чинь ард түмэн дундаа, эх нутагтаа хамгийн аз жаргалтай хүн шүү дээ.
-Таныг эзгүй байх сүүлийн хэдэн жил монгол кино олноор хийгдэх болсон. Одоо ч танд кинонд тоглооч гэсэн урилга бөөн бөөнөөрөө ирэх байх.Та тэдэнд ямар хариу өгөх вэ?
-Хоёр мянган онд гаднаас ирэхэд “Хааны сүүлчийн хатан”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Цагаан сүүний домог” киноны санал ирж тэр зун би гурвууланд нь тоглож байж билээ. Бусдад хэрэгтэй хүн байна гэдэг сайхан шүү дээ. (инээв)
-Хоёр хүү тань ямар мэргэжлээр сурч байна вэ? Аав ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн байх даа?
-Том хүү М.Бишрэл бизнес эдийн засгаар сурдаг. Бага хүү М.Ивээл кино найруулагчаар сурч байна. Хөвгүүд маань удахгүй төгсөнө.
-Америк орон хэтэрхий эрх чөлөөтэй орон юм шиг. Жишээ нь хүүхдийг загнаж гар хүрвэл эрхэнд нь халдсан хэрэг болдог. Хоёр хүүгээ зэмлэх хэрэг гарвал та яаж ханддаг вэ? Ээж болгонд өөр өөрийн арга барил байдаг шүү дээ.
-Балчир хүүхэд гэдэг энэ хорвоогийн шинэ зочин. Тэдэнд бүх зүйлийг зааж өгөх нь томчууд бидний үүрэг. Хийж суртлаа тэд алдана, буруу хийнэ. Тэр тоолонд чичиж чимхээд байвал дээрэнгүй хандлагатай болно шүү дээ. Бид ч бас хорвоогийн жамаар өтөлж мэддэг чаддаг юмаа гээнэ.Тэр цагт үр хүүхэд чинь чирч гулдраад байвал ямар байх вэ? Оросууд, өргөст хэмх тарьсан бол улаан лооль хүлээх хэрэггүй гэдэг шиг бид хатуу гараар өсгөөд хариуд нь хайр хүлээх хэрэггүй. Миний хувьд хөвгүүдээ зэмлэх үе гарч байсаан. Гэхдээ хүүхдийг учиргүй загнаж байхаар, ярьж байгаа зүйлийнхээ зөв гэдгийг эхлээд сайн ойлгуулж, дараа нь юу хүсээд байгаагаа хэлсэн нь үр дүнтэй. Тэгвэл тэд тавьсан шаардлагыг чинь биелүүлэх гэж хичээнэ. Хүүхэд биеэрээ бяцхан ч их ухаалаг ертөнц. Товчхондоо хүүхэд, амьтныг зодох нь хэрцгий үйлдэл гэж хэлнэ.
-Ингэхэд хоёр хүү тань эрийн цээнд хүрлээ. Та эмээ болоход бэлэн үү? Зарим ээжүүд эрт эмээ болохыг хүсдэггүй юм билээ.
-Хөвгүүд маань айл авч явахын дайтай болсон гэж өөрсдийгөө үзэж байвал би “том ээж” болоход бэлэн. (инээв)
-Монгол бүсгүйчүүд сүүлийн үед зөв хооллолт бясалгалаар хичээллэдэг болсон. Таны хувьд эрүүл мэнд гоо сайхандаа хэр анхаарч байна вэ? Батцэцэг яг хэвээрээ байна гэж ярихыг бишгүй сонслоо.
-Баярлалаа. Энэ хорвоогийн амьдрал биднийг элээж хороож л байдаг хойно доо.(инээв) Урьдынхыг бодвол хоол ундныхаа бүтцэд анхаардаг болсон шүү. Кофе, элсэн чихэр, давс миний хэрэглээнээс ерөнхийдөө гарсан. Бусдаар бол өмнөх шигээ гоо сайхандаа анхаарч байна. Өөрчлөгдсөн зүйл байхгүй ээ.
-Үе тэнгийн америк бүсгүйчүүдтэй найзалж байсан байх.Тэдний хооллолт, амьдралын хэв маяг монгол бүсгүйчүүдээс өөр байх?
-Амьдралын боломжоо дагаад тэд долоо хоногтоо нэг удаа үсчин, хумсны салоноор үйлчлүүлэх нь ердийн үзэгдэл. Хоол хүнсээ авахдаа үйлдвэрлэсэн он сар бүтцийг нь заавал уншдаг. Бас нүүрнийхээ арьс арчилгаанд их анхаардаг. Манайхан ч ялгаагүй тийм болсон байна шүү дээ. Бидний залуугаас огт өөр болж.
-Түм түжигнэж бум бужигнасан их хотод сэтгэлийн амар амгаланг та юунаас олж авдаг байв?
-Миний хувьд, хамгийн ойр дотнын хүмүүсийн инээмсэглэл, халуун дулаан үг, орон гэрийн тав тух бас онгон байгалиас сэтгэлийн амар амгаланг олж авдаг.
-Таныг олон жилийн өмнө хацар дээрх мэнгээ авахуулах гэж оролдсон гэж сонссон. Яагаад тэр вэ? Одоо тэр үйлдэлдээ харамсдаг уу?
-Тийм ээ. Өөрөө яаж мэдээ вэ? Би мэнгэний талаар өмнө нь ярьж байгаагүй л санагдах юм.(инээв) Бага байхад хүүхдүүд цэвэрхэн нүүртэй байгаад байдаг. Харин би нүднийхээ дор мэнгэтэй… нэг л таалагддаггүй.. тэгээд бусад шигээ болохыг хүсдэг байлаа. Мэнгээ томрох тусам авчихаж болмоор санагддаг болсон. Тэгээд нэг өдөр авахуулах гээд зөндөө оролдоод болоогүй ээ. Мэнгэ гэснээс нэг дурсамж санаанд орчихлоо. Хоёр хүүгээ бага ангид байхад мартын наймнаар сургууль дээр нь очив оо. Гэтэл манай хүү М.Ивээл “Миний ээж” гэсэн зургаараа түрүүлж тэр зургийг нь бусад ээж аавууд үзээд андуурхааргүй зуржээ гэцгээж байна аа… Харсан чинь тэр андуурхааргүй зүйл нь миний мэнгэ байсан юм. Хүү маань ээжийнхээ мэнгийг тодоос тод бас том зурсан байж билээ. Би тэр зургийг хараад зөндөө их инээсэн.
-Эмэгтэй хүн энгийн байх тусмаа үзэсгэлэнтэй байдаг гэдэг.Үнэхээр ч та хэзээнээсээ сүрхий дэгжирхээд байдаггүй хирнээ цаанаа л ихэмсэг дэгжин байж чаддаг. Хувцас сонголт дээр яаж ханддаг вэ?
-Баярлалаа. Өдөр тутмын хувцсаа өөртөө эвтэйхэн байдлыг нь харгалзаад сонгодог. Тусгай арга хэмжээнд бол орчноо хүндэтгэж хувцаслана даа.
-Цэцэг тарьдаг хобби тань хэвээрээ юу? Өөр шинэ хобби нэмэгдсэн байх даа.
-Өө, хэвээрээ хэвээрээ. Би муур нохойнд хайртай. Шинэ хобби гэвэл интернетээр аялах хобби нэмэгдсэн.Сайхан байгальд аялах маш их дуртай.
-Мартын 8-наар та ч гурван эр хүний хайранд бөмбөрөөд гайхалтай бэлэг авдаг байх. Харин эрчүүдийн баяраар та гурван эр хүнээ баярлуулах гэж нэлээн юм болно биз?
-Ийм гурван амьтан надад байгаа нь “гайхалтай бэлэг” шүү дээ. (инээв) Наашаа ирэхээсээ өмнө энэ хэдийгээ авч явж Нигерийн хүрхрээ үзүүлсэн юм байна. Ер нь ямар нэг юм сэдэж баярлуулдаг аа.
-Монголын урлагт үнэт эрдэнэс болсон гайхалтай чадварлаг бас үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг бол та. Өөрийгөө эрт тэтгэвэрт гаргахгүй юм байгаа биз дээ? Таниас үзэгчид маш их зүйлийг хүлээж байгаа.
-Баярлалаа. Тэтгэвэрт гарахыг би баяр баясгалан гэж хүсэж хүлээж байсан шүү. Миний амьдралын бас нэг үзээгүй сайхан үе эхэлж байна. Би цагийг зугаатай өнгөрүүлж тааваараа амьдрах болно. Урлаг маань ч миний аз жаргалын том хэсэг байсаар байх болно.
-Амьдрал өөрөө уран бүтээлийн сэдвээр дүүрэн. Тэр тусмаа та хоёр гайхалтай шинэ санаа , кино хийх сонин содон сэдэвтэй ирсэн байх. Нууц биш бол “жоор”-оо жаахан задлаач.
-Бий бий. “Үгүйлэн санана” нэвтрүүлгийн хэд хэдэн дугаарыг бичээд ирсэн байгаа. Тэрнийгээ тухтайхан барьж хийнэ. Хамтран ажилладаг байгууллага найз нөхдийн саналууд ч байгаа. Зарим телевизүүдтэй хамтран ажиллах чигтэй байна даа. Бас хөвгүүдтэйгээ нийлж юм хийнэ.
Ч.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: www.MongolNews.mn