Монголчууд бидний бахархал олон. Мянганы суут хүн эзэн Чингис хаан, нэгэн цагт дэлхийн бодлогыг тодорхойлж байсан их түүх, өвөг дээдсээрээ бахархана. Уудам газар нутаг, тусгаар тогтнолоороо бахархана. Монголынхоо нэрийг дуурсгасан эрдэм оюун төгс Монгол хүнээрээ бахархана. Тусгаар тогтнол минь мөнх байж тулганд асаасан гал үүрд бадарч байх болтугай.
Уртын дууч Норовбанзад
Дундговь аймгийн Дэрэн сумыг улсынхаа нэртэй хамт дэлхийд гаргасан хүн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, уртын дууч Намжилын Норовбанзад юм. Норовбанзадын анхны дуулж сурсан дуу нь “Сэрүүн сайхан хангай” байжээ. Түүний сурч байсан Дэлгэрцогт сумын бага сургуульд орсон тухайн үед алдарт дуучин Төмөр багшилдаг байсан нь ирээдүйн их дуучинд нөлөөлсөн нь дамжиггүй. Сургуульдаа дуу дуулдгаараа алдаршиж “дуучин шар” хэмээн хочтой болсон байна. Тэрбээр бага сургуулиа төгсөөд аймгийн клубт жүжигчин, шүүх, Үйлдвэрчний зөвлөл зэрэг газар бичээч, бичиг хэргийн эрхлэгч зэрэг ажил хийж байсан ч дуугаа орхилгүй дуулж, олны дунд ихэд алдаршиж байжээ. Тэрээр Дундговь аймгийн харьяат алдарт дуучин Дорждагватай уулзаж “Сэрүүн сайхан хангай” дуугаа дуулж үзүүлснээр Дэлхийн Залуучууд Оюутны VI-р Их Наадамд “Ган хоолой” хэмээн алдаршсан бөхийн засуулч Мягмарын хамт явахаар шалгарчээ. Ингээд төрийн шагналт, МУГЖ Цогзолмаа багшийн хамтаар 6 сар бэлтгэл хийгээд 1957 онд Их наадамд оролцож тэргүүн байр эзлэн алтан медал хүртсэн байна.Норовбанзад нэгэнтээ “Сэрүүн сайхан хангай бол миний зүрхний дуулал, миний сүлд дуу юм” гэж хэлжээ. Монгол уртын дууг дэлхий дахинд таниулсан тэр яах аргагүй Монгол бахархал мөн билээ.
Сумогийн их аварга Дагвадорж

Олон жилийн түүхтэй Японы Сумо бөхийн дэвжээг эзэгнэж, эзэн хааных нь цомыг 25 удаа хүртэн Монгол эр хүний ид хавыг дэлхийд гайхуулсан хүчтэн бол яах аргагүй Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Долгорсүрэнгийн Дагвадорж билээ. Өглөөний хөх луу буюу Асашорюү нь 23-хан насандаа сумогийн хамгийн дээд ёкузана цолыг хүртэж Монголын анхны, Японы сумогийн 68 дахь их аварга болсон. Тэрбээр 2005 онд нэг жилийн бүх башод түрүүлж хосгүй амжилтын эзэн болж байлаа. Сумогийн дээд рекорд 32 түрүүг эвдэх ойрхон байсан ч Японы Сумо бөхийн холбооны удирдлагуудын шахалтаар зодог тайлсан юм. Гэсэн хэдий ч аварга маань 2004-2007 он хүртэл сүмогийн дэвжээн дээр цорын ганц ёкозүна байж,их хаан Хубилайн үр сад гэдгээ омог бардам баталж, Монгол эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж чадсан бахархалт хүмүүн билээ.
Сонгодог урлагийн бурхан Жамъяндагва

Монголд сонгодог бүжгийн урлагийг хөгжүүлэхийн төлөө 20-хан настай залуугаасаа цал буурал болтлоо зүтгэж, дэлхий дахинаа сурталчилахад онцгой гавьяа байгуулсан хүн бол яах аргагүй Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар балетмейстр Балжиннямын Жамъяндагва билээ. 1963 онд Чулуун, Намхайцэрэн, Гаваа, Лхасүрэн, Лувсаншарав, Оюун нарын хамт ДБЭТ-ын тулгын чулууг тавилцаж байжээ. “Бид чинь П.И.Чайковскийн “Евгений Онегин” алдарт дууриар нээлтээ хийж байлаа. “Хунт нуур”, “Дон Кихот”, “Жизель” гурвыг тавьсан театрыг эрдмийн театрт тооцдог. Манайх “Дон Кихот”-ыг 1971 онд, “Хунт нуур”-ыг 1975 онд тавьсан юм шүү дээ. Тэгэхээр ямар театр болох нь харагдаж байгаа биз” хэмээн бахархан ярьсан байдаг. Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цолыг авахдаа “Бараг хийснээсээ илүү шагнал авчих шиг боллоо” хэмээн дарухан өгүүлж байсан. Тэрбээр Ерөнхийлөгч театрыг ивээлдээ авчихаасай хэмээн бодож явдгаа хэнээс ч нуудаггүй. Нэрт балетчин Д.Алтанхуяг, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны мөнгөн медальт дуурийн залуу од Э.Амартүвшин нар бүгд түүний шавь нар. 1963 оноос өдгөөг хүртэл дэлхийн болон өөрийн орны 30 шахам балетыг дэглэж, хореограф, балетмейстрээр ажилласан Монголын сонгодог урлагийн амьд бурхан түүнийг Zaluu.com бахархалт Монгол хүнээр нэрлэж байна.
Олимпийн анхны аварга Түвшинбаяр

Алдарт бөхчүүдийн өлгий Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Багаасаа үндэсний бөхөөр хичээллэж, аймгийн арслан цол хүртэж байжээ.Жүдо бөхийн спортоор 18 наснаасаа эхлэн хичээллэсэн байна. 2008 оны Бээжингийн олимпиас алтан медаль хүртэж монголчуудынхаа магнайг тэнийлгэж, Монгол Улсын анхны Олимпийн аварга болсон тамирчин бол Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Найдангийн Түвшинбаяр билээ. Арабын шахын өмнө дэлхий бөхөлзөж байхад ангийн арьс нөмөрсөн анчин малчны хүү арчаад өнгөрсөн түүхтэй гэдэг шиг жирийн Монгол хүү анх удаа олимпид оролцоод эх орондоо анхны алтан медалыг авчирч, Бээжингийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа өндөрт мандуулж, Монгол хүн бүрийн сэтгэлийг огшоож байсан цаг саяхан. 2012 оны Лондонгий олимпиас мөнгөн медальтай ирэхэд нь алтын дайтай мөнгө гэж хүлээж авсан. Учир нь аварга маань алтын төлөөх барилдааны өмнө хөлөндөө хүнд бэртэл авч эмч нар барилдахыг хориглож байсан ч дэвжээн шүд зуун гарч ирж барилдан Монгол хүний тэвчээр хатуужлыг дэлхийд харуулсан. Олимпийн анхны алтан медальт Түвшинбаяр бол яах аргагүй бахархалт Монгол хүн мөн билээ.
Үргэлжилнэ…
У.Аянга