УДБЭТ 50 жилийн хугацаанд 100 гаруй дуурь, балетын жүжгийг тайзандаа амилуулсны дотор Дж.Вердийн агуу дууриудаас “Травиата”, “Риголетто”, “Отелло”, “Трубадур”, “Аида”-гаар Монголынхоо үзэгчдэд дотно танил болгосон билээ. Энэ хамт олон 50 жилийнхээ түүхэн ой болон Дж.Вердийн 200 жилийн ойг угтан түүний алдартай бүтээл “Реквием”-ийг энэ сарын 27-нд буюу өнөөлөр тайзнаа тоглохоор болжээ. Дж.Вердийн энэхүү бүтээлийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэхийн удирдлагаар УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучид, симфони найрал хөгжим, ЦДБЭЧ-ын найрал дуучид хамтран тавих гэж байгаа юм.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэхтэй уулзлаа.
-Аугаа Дж.Вердийг сонгодог урлаг шүтэн бишрэгчид бүгд мэднэ. Харин түүний бүтээлүүд Монголд хэр нутагшиж байгаа талаар ярилцая?
– ДБЭТ 1963 оны тавдугаар сарын 15-нд үүдээ нээсэн. Дэлхийн дуурийн урлагийн сүмбэр оргилуудын нэг Дж.Верди 1813 оны аравдугаар сарын 13-нд мэндэлсэн. Өнгөц ажихуй, энэ хоёр тэмдэглэлт ой үйл явдлаар ойрын хамаа үгүй мэт ч Итали болон дэлхийн дуурийн урлагийн ноёлог оргилуудын нэг Дж.Вердийн алдарт дууриудгүйгээр Монголын дуурийн театрыг төсөөлөх аргагүй болой. УДБЭТеатрын 50 жилийн яруу замнал, түүхийн богино хугацаанд театрын хамт олны чин зүтгэл, романтик сэтгэлээр бүтээсэн баялаг урын сан, авъяас онгодын бүтээлийг цэгнэн дүгнэхэд, Дж.Вердийн гайхамшигт дууриудыг эрхэмлэн дурсах нь зүй ёсны хэрэг юм. Тус эрдмийн театр 50 жилийн түүхэндээ 100 гаруй дуурь, балетын жүжгийг тайзнаа амилуулснаас үндэсний 40 гаруй, гадаадын болон сонгодог 60 шахам бүтээлийн дотор Дж.Вердийн агуу дууриудаас “Травиата” /1977/, “Риголетто” /1986/, “Отелло” /1989/, “Трубадур” /1994/, “Аида” /2012/ дууриудыг тавьж Монголынхоо үзэгчдэд дотно танил болгосон түүхтэй билээ. Дж.Вердийн таван дуурийг урын сангийнхаа хөтөлбөрт тогтмол байлгана гэдэг бол зууны талыг насалсан театрын бахархан хэлэх олон үгсийн нэгэн болой.
– Яагаад “Реквием” дуурийг монгол хэл дээр орчуулан дуулж байгаа вэ?
-Дж.Вердийн “Реквием” нь сонгодог хөгжмийн цогц их бүтээл болохынхоо хувьд хөгжмийн урлагийн бүх төрөл, хэлбэрийг багтаан найруулсан нийлмэл томоохон бүтээл байдаг. Иймээс шууд ойлгоход бэрхшээлтэйг харгалзан латин хэлээр дуулагдах “Залбирал-дуулал”-ын утга агуулгыг орос хэлэнд “Өгүүлсэн шүлэг”-ийн хэлбэрээр орчуулсныг зохиолч, яруу найрагч Д.Урианхай монгол судар, мөргөлийн хэл найруулгаар хөрвүүлэн буулгасан. Монгол хэлээр хөрвүүлсэн судар, мөргөлийн энэ шүлгийг гоцлол дуучид, найрал дуучид дуулах агшинд дэлгэцнээ үзүүлэхийн зэрэгцээ Дж.Вердийн хөгжмийн ертөнцийг тайз чимэглэлтэйгээр үзүүлэх гэж буйгаараа онцлог.
Өнөөдөр тайзнаа амилах “Реквием” дуурийн симфони найрал хөгжмийн концертмейстерээр Соёлын тэргүүний ажилтан Ц.Мөнхболд, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Е.Сарантуяа, зураачаар Соёлын тэргүүний ажилтан Г.Ганбаатар, гоцлол дуучидаар гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Р.Доржхорлоо, Б.Гомбо-Очир, Д.Бямбажав, хормейстер Соёлын тэргүүний ажилтан Н.Дашбямба, А.Ариунзаяа, Д.Отгонбаатар, О.Эрдэнэцог, концертмейстерээр гавьяат жүжигчин Б.Солонго, Б.Ундрам, Б.Алуунгоо нар ажиллана. ДБЭТ-ын найрал дуучид, ЦДБЭЧ-ын найрал дуучид, УДБЭТ-ын симфони найрал хөгжим хөгжимдөнө.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэхийн бэлтгэсэн алдарт хөгжмийн зохиолч Дж.Вердийн түүхэн замнал, уран бүтээлийн талаар мэдээллийг хүргэе.
Дж.Верди /1813-1901/
Италийн агуу их хөгжмийн зохиолч, ДЖузеппе Верди ард түмнийхээ эв нэгдэл, тусгаар тогтнолын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдсэн дотны андууд Ж.Гарибальди, А.Манзони нартай хувь заяа нэгтгэжээ.
Хүний сайн сайхан амьдрал, эрх чөлөөг хамгаалах, харийн дарлал мөлжлөгийн эсрэг тэмцэх, хүнлэг энэрэнгүй үзэл бодол нь түүнд үргэлжид уран бүтээлийн урам зориг өгч байсан юм.
“Реквием” хэмээх бүтээл нь тайзны урлагт зориулагдаагүй томоохон бүтээл ба “Реквием”-ийн зохиомж, хөгжмийн хэллэгийн хэлбэр нь нөгчигсдөө амирлуулах шашны зан үйл, хүндэтгэлийг илэрхийлэх учир сүмд дуулж хөгжимддөг уламжлалтай байжээ. Харин Дж.Вердийн “Реквием” нь утга санаа, хэлбэрийн хувьд сүмийн дууллаас эрс тасарч, концертын тайзнаас дуулагдах хөгжмийн томоохон хэлбэрийн бүтээл болохоо зуун зуунаар нотлон харуулсан болой.
1868 онд Ж.Россини тэнгэрт хальснаар дотно нөхрийнхөө мөнхийн дурсгалд зориулж Дж.Верди тухайн үеийн нэр хүндтэй хөгжмийн зохиолчдыг уриалан томоохон хэмжээний “Реквием” туурвих санаа анх төрсөн гэдэг. Тэрээр өөрөө “Эрхэт эзэн минь зовлонгоос гэтэлгэж хайрла” хэмээх “Реквием”-ийн сүүлчийн ангийг бичсэн боловч олон шалтгаанаас хамтын туурвил нь бүтээл болж эс чаджээ.
Хамтран сэтгэгч, дотны анд, гарамгай зохиолч, яруу найрагч Алессандро Манзонийн цаг бусын үхэлд гүнээ харамсахдаа андынхаа гэгээн дурсгалд зориулсан хөгжмийн хөшөө босгохоор шийдэж долоон анги бүхий шинэхэн “Реквием”-ээ туурвиж 1871 оны тавдугаар сарын 22 нд Милан хотноо “Марка” сүмд анх хөгжимдүүлжээ.
Джузеппе Верди 1813 оны аравдугаар сарын 3-нд Буссетийн ойролцоо Ле Ренколе гэдэг жижиг тосгонд мэндэлсэн бөгөөд эцэг нь тогооч, ээж нь ээрмэлчин байв.
Дж.Верди бага наснаасаа хөгжим сонирхон дурлаж 15 насандаа Буссетийн хөгжмийн сургуульд багшлахын зэрэгцээ “Орган” /Бадралт бага бишгүүр/-аар хөгжимдөн, хотынхоо сүмийн найрал хөгжмийг удирдахын зэрэгцээ анхны хөгжмийн зохиолоо бичиж эхэлжээ.
Түүний анхны дууриудаас “Набукко” /1841/, “Ломбардчууд” /1842/, Эрнани /1844/, “Атилла” /1846/, “Макбет /1847/ дууриуд нь тухайн үедээ Италийн тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцлийн гол уриа болж байв. Энэ үеэс Дж.Вердийн нэр хүнд өсч дуурийн хөгжмийн авъяаслаг зохиолч гэсэн алдарт хүрчээ.
Дж.Вердийн уран сайхны үзэл бодол төлөвшихөд Италийн хувьсгал, тусгаар тогтнол, романтизм, ард түмний итгэл найдвар зүй ёсоор нөлөөлсөн нь тодорхой.
Дж.Верди гүн утга санаа бүхий төгс төгөлдөр үйл явдалтай дотоод сэтгэхүйн хурц ялгарамж бүхий сэдэв рүү илүүтэй анхаарч В.Гюгогийн зохиолоор “Эрнани”, У.Шекспирийн зохиолоор “Макбет”, Ф.Шиллерийн зохиолоор “Луиза Миллер” дууриудаа бичсэн байна. Эдгээр бүтээлүүд Дж.Вердийн уран бүтээлийн эхэн үе буюу өөрийгөө эрэлхийлсэн үе байсан бол 1851 онд “Риголетто”, 1852 онд “Трубадур”, 1853 онд “Травиата” зэрэг хамгийн түгээмэл дууриудаа бичсэн нь дэлхийн хэмжээнд цуурайтсан юм. 1850-иад оноос Дж.Вердийн дууриуд Европын томоохон театруудад тоглогдож, олон газруудаар уригдан ажиллахдаа Парист хамгийн удаан хугацаагаар амьдарч “Сицилийн үдэш”, “Карлос ноён” дууриудаа бичжээ. 1850-1860 онд Дж.Верди үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөг дэмжин үндэсний чөлөөлөх хөдөлгөөний Буссето хотын тэмцэгчдэд өөрийнхөө хөрөнгөөр зэвсэг худалдаж авч өгч байжээ.
1861 онд Петербургийн захиалгаар “Хувь заяаны хүч”, 1870 онд Египетийн захиалгаар алдарт “Аида” дууриа, 1871 онд суут “Реквием” бүтээлээ туурвижээ.
1880-иад оноос уран бүтээлийн шинэ сэргэлт эхэлж “Отелло” дууриа, 1892 онд хамгийн сүүлчийн бүтээл “Фальстаф” хошин дууриа бичжээ. Тухайн үеийн ердийн реквиемүүдийн гол дүрслэл нь догширсон бурхад, бурхдын өмнө дагжин чичирсэн хүн байсан бол Верди анх удаа энэхүү сүрлэг бүтээлдээ “Хүн”-ийг гол болгон үзүүлсэн байна. Энэхүү бүтээлд хүн зөвхөн агуу их хүчний өмнө хүлцэнгүй дагжин чичрэгч, гашуудан эмгэнэгч, энэлэн шаналагч, бачимдан мэгдэгч биш, хүн-бол хүчирхэг, эрэлхэг, энэлэл, шанлал, үхэл хагацал бачимдлыг сөрөн зогсч чадах юм гэдгийг бүхэл зохиолын гол утга санаа болгон авснаар Реквием зохиолын уламжилж ирсэн хэлбэр, хэмжээ, сэдэв, хэмнэл аялгууг үндсээр нь өөрчилсөнд түүний гайхамшиг оршино. Дж.Вердийн “Реквием” нь дөрвөн хоолойн хүчирхэг найрал дууны хоёр хамтлаг, дөрвөн гоцлол дуучин, симфони найрал хөгжимд зориулсан бүтээл юм.
1.Амирлуулахуй
2.Хилэнт гэсгээлийн өдөр тохиохуй
3.Тавиг /өргөл/
4.Ялгуугсдад одуулах залбирал
5.Оройн дээдэд золиослох тавигийн хурга
6.Энхжингийн гэгээ
7.Эрхэт эзэн минь зовлон, зовлонгоос гэтэлгэж хайрла!
гэсэн долоон ангиас бүтсэн энэ бүтээл нь найрал дуу, гоцлол дуу, симфони найрал хөгжмийн чадамж, чадварын төвшинг төгс үзүүлж чадсан бүтээл болсноороо 142 жилийн турш дэлхий дахинаа бишрэн магтагдсаар ирсэн уламжлалтай.
Г.ДАША