“Урланд өрнүүлсэн яриа” булангийнхаа анхны зочноор загвар зохион бүтээгч Үржнээгийн Юмжирыг урилаа. Уран бүтээлч гэр бүлээс гаралтай энэ авъяаслаг, хөдөлмөрч бүсгүйтэй ярилцахад түүнээс уран бүтээлийн их эрч хүч мэдрэгдэж байсан юм.
Түүний өвөө Төрийн Соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнг Монголчууд бид “Өвгөн хуурч” уран зургаар нь сайн мэдэх бол аав Төрийн Соёрхолт, Ардын зураач Я.Үржнээ нь “Зайсан” хөшөө,
В.И.Лениний музейн фасадын зэс хөөмөл болон “Залуучуудын үнэн”, “Пионерын үнэн” зэрэг сонин сэтгүүлийн чимэглэл плакатыг зурж байжээ.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?
Би Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд “Урлах Эрдмийн Дээд Сургууль”-ийг дизайнер зохион бүтээгч мэргэжлээр, 2010 онд “Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль”-ийг санхүүгийн менежментийн чиглэлээр тус тус төгссөн.
-Та бол залуу үеийн төлөөлөл болсон авъяаслаг уран бүтээлч, дизайнер хүн. Тийм учраас таны уран бүтээлийн талаар яриагаа эхлүүлье?
Би оюутан байхдаа буюу 1999 оны “Гоёл-99” наадамд “Сарны Соната”, “Бөртэ-Үжин” коллекци, 2000 онд “Гоёл-2000” наадамд “Миллениум” коллекци, 2001 оны “Гоёл-2001” наадамд “Коктейль”, “Монголжингоо”, “Charm” коллекциудаараа бие даан оролцож байсан. 2005 онд өвөө Төрийн Соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 100 насны ойд зориулан “Он цагийн хүрд” гэр бүлийн үзэсгэлэнд өөрийн загвараа толилуулж байсан. 2008 онд 100 гаруй загвараараа бие даасан “Glamour” загварын шоугаа зохион байгуулсан. Дараа жил нь буюу 2009 оны 2-р сард АНУ-ын Вашингтон хотноо зохион байгууллагддаг Олон Улсын загварын “DC Fashion Week” шоунд Монгол үндэсний хувцасны коллекциороо оролцсон.
-Бие хүн болон төлөвшихөд гэр бүлийн хүмүүжил чухал байдаг! Таны хувьд гэр бүлийн хүмүүжил их нөлөөлсөн үү?
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа гэсэн сайхан үг байдаг шүү дээ. Ер нь хүүхэд өсөж томроод ямар хүн болоход гэр бүлийн хүмүүжил хамгийн их нөлөөлнө л дөө. Би урлагаар хүмүүжсэн хүн. Сүүлийн үед залуу гэр бүлүүд хүүхдүүдээ балет, төгөлдөр хуураар хичээллүүлдэг болчихсон байна. Би үүнийг хувьдаа маш зөв гэж бодож байгаа. Урлаг бол хүний сэтгэлийн боловсролыг төлөвшүүлэх хамгийн сайн арга зам байдаг. Мөн хүний бодол санааг төвлөрүүлэх, тайвшруулах хамгийн сайхан хэрэгсэл шүү дээ. Урлагаар олон хүн хүмүүжиж, урлагийг олон хүн мэдрэх тусам тэр хэрээр эргэн тойрон амар амгалан тайван байх нөхцөл бүрдэх байх л даа. Хүнийг араатан шинжээс нь авч үлддэг хамгийн том арга зам гэдэгтэй би хувьдаа санал нэгддэг.
-Та Монголын нэрт зураач уран бүтээлчдийн үе удам гэдгээрээ бахархдаг байх. Тэднийхээ талаар сэтгэлд үлдсэн сайхан дурсамжаасаа бидэнтэй хуваалцана уу?
Өвөө маань үргэлж л ном шагайж, зураг зурж суудаг хүн байсан. Ер нь нэг их юм яриад байдаггүй хүн байсан. Өвөөтэй холбоотой дурсамж гэвэл өвөөгийндөө очих бүрт намайг номоороо адисладаг байсан нь санаанаас гардаггүй юм. Өвөөгийнд ороход үргэлж арц үнэртдэг байсан нь одоо арц үнэртэх бүрт тэр үеийн мэдрэмж төрдөг юм. Аав маань ч мөн л их дуугай талдаа хүн. Зургаа л зураад сууж байдаг байсан харин нээх юм ярихгүй хирнээ энд тэнд хувцас оёдлын газруудаар, театруудаар дагуулж явдаг байсан. Хэзээ ч намайг урлагийн хүн бол гэдэг байгаагүй ч өөрсдийн ажил үйлсээрээ л үр хүүхэд биднийг араасаа дагуулсан байх гэж боддог.
-Уран бүтээлч гэр бүлийн нөлөө өөрийг тань загвар зохион бүтээгч болоход нөлөөлсөн байх?
Мэдээж урлагийн гэр бүлийн нөлөө байлгүй яахав. Харин хувцас загвар руу хөтлөгдсөн нь шилжилтийн нийгэмд юм уу даа. “Социализмын сүүл үе”, “картын барааны үе” гээд л юм бүхэн хомс үед амьдарч байсан нь намайг загвар зохион бүтээгч болоход их нөлөөлсөн гэж боддог. Тухайн цаг үеийн урлаг соёлынхон л бусдаас арай өөр, ялгарч онцгойрч хувцасладаг байсан шүү дээ. Би бага байхын л бусдаас ялгарах дуртай байсан. Хайгаад олохгүй, байхгүйгээ бий болгох хүсэл маань намайг хувцас загвар руу хөтөлсөн.
-Та голчлон ямар чиглэлээр хувцас урладаг вэ?
Бүх чиглэлийн хувцсыг урладаг ч, монгол үндэсний хэв маягийг илтгэсэн, үндэсний онцлог шингэсэн хувцас түлхүү хийж ирсэн. Харин одоо бол амьдралд илүү ойрхон, өдөр тутмын чиглэлийг баримтлан ажиллаж байна.
-Та хувцaсны түүх дизайны талаар “Хувцасны дизайн” гэсэн ном 2010 онд гаргасан нь энэ чиглэлээр суралцагчид болон энгийн хүмүүст ч үр өгөөжөө өгсөн бүтээл болсон.
Биднийг их сургуульд сурч байхад интернет байхгүй, мэдээлэл авах зүйл хомс, мэргэжлийн сурах бичиг байхгүй хэцүү үе байсан. Бид зөвхөн багш нарын заасан, дээр нь өөрөө өөрсдийгөө хөгжүүлж цэвэр мэдрэмжээрээ л сурч боловсорч ирсэн. Тэгээд дээд сургууль төгсөхдөө би мэргэжлийн гарын авлага ном ирээдүйн оюутан сурагчдад зориулж гаргана гэж мөрөөдөж, төлөвлөж байсан. Тэр бодлоо харин арван жилийн дараа л хэрэгжүүлсэн дээ. Энэ номондоо би дэлхийн хувцасны түүх, монгол хувцас, эсгүүр гэх мэт олон зүйлийг нэг дор багтаасан байгаа.
-Та 2009 онд Вашингтон хотод загварын шоугаа хийж байсан. Гадаадад болон Монголд загварын шоу зохион байгуулахад ялгаа байдаг уу?
Зарчмын хувьд адилхан ч гэлээ зохион байгуулалт зорилгын хувьд бага зэргийн ялгаатай санагддаг. Монголд бид өөр өөрсдийн бололцоондоо тулгуурлан загварын шоугаа уран бүтээлийн тайлан тоглолт маягаар хийдэг. Гадны загварын шоунууд шинэ коллекцио танилцуулахаас гадна, гадны худалдан авагчид, захиалагчид, худалдаа борлуулалттай холбоотой байдаг.
-Хүн бүхэнд хүсэл мөрөөдөл байдаг. Мөрөөдлөө зорилго болгон биелүүлсэн хүмүүс ч цөөнгүй байдаг. Та хүсэл зорилгоосоо бидэнтэй хуваалцаач?
Би өмнөө олон зорилго тавьсан байгаа. Юутай ч Монголдоо хувцасны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Жижиг үйлдвэрлэлийг хэтдээ том үйлдвэр болтол нь зүтгэнэ дээ.
-Таны бодлоор бид дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахад юу дутагдаж байна вэ?
Дэлхийн моодны чиг хандлагыг 2-3 улирлаар нь урьдчилан тодорхойлж гаргадаг томоохон институт, агентлагууд ажиллаж байдаг.
Дэлхийн шилдэг брэндүүд болон дизайнерууд нэгэн зэрэг адилхан нэг хэлбэр силуэт өнгө төрхийг тодорхойлохгүй шүү дээ. Тиймд бүгд энэ тодорхойлсон чиг хандлагын дагуу л өөр өөрсдийнхөөрөө загвараа гаргадаг юм. Гэтэл манайд болохоор 2-3 улирлын өмнө загваруудаа гаргах бус дараа нь яваад байдаг. Уг нь бол тренд тодорхойлдог компанитай гэрээ хийж урьдчилж авах ёстой юм. Тэгвэл л бид дэлхийн загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах болно.
-Та монгол хэв шинжийг хадгалсан хувцас загвар урладаг дизайнер хүний хувьд үндэсний бахархлаа хадгалах, дэлгэрүүлэх тал дээр ямар бодолтой явдаг вэ?
Мэдээж Монгол хүн бүр агуу баялаг түүхтэй, энэ сайхан газар нутагт төрсөн би азтай хүн гэж бахархдаг байх. Хоосон бахархаж хуучнаа л яриад байх биш хүн бүр дор дороо түүх соёлоо хадгалж хамгаалахын тулд Монгол орныхоо хөгжилд хүн бүр хувь нэмрээ оруулж дор дороо сайн ажиллаж, хөдөлмөрлөвөл бид “Монгол бахархал” гэдэг зүйлээ хамгаалж үлдэж чадах байх.
-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Танд аз жаргал, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье.