Филиппиний шоронгийн хоригдлуудаас эхлээд АНУ-ын поп гүнж Бритни Спирс хүртэл морины бүжгийг нь дуурайн бүжиглэж дэлхий даяар “Gangnam style” дуу нь хит болж флаш моб урсгалын гол хөдөлгөөн болоод байгаа PSY буюу Пак Жэ сан “CNN” телевизэд ярилцлага өгчээ. Өмнөд Солонгосоос дэлхийд танигдсан анхны дуучин болох PSY-н клип цацагдаж эхэлсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж, “YouTube” сайтаар 870 сая гаруй удаа буюу бүх цаг үеийн хамгийн богино хугацаанд хамгийн олон хүн үзсэн бичлэг болсноор Гиннесийн номонд хүртэл бичигдээд байгаа юм.
Мөн түүний энэхүү дуу АНУ-ын Billboard шилдэг 100 дууны жагсаалтыг арав гаруй долоо хоногийн турш тэргүүлэн шуугиан тарьсан билээ. “MTV Music Video Award” хөгжмийн шагнал гардуулах ёслолд хүндтэй зочноор уригдсан, Жастин Бибер болон Женнифер Лопез зэрэг алдартай оддын харьяалагддаг студитэй гэрээ хийж ажиллахаар болсон гээд түүний амжилтуудыг дурдвал маш олон. Хэдхэн сарын дотор дэлхийд танигдсан дуучны хэрхэн хөдөлмөрлөсөн талаархи яриаг танд хүргэе.
-Яриагаа мэдээж танд энэ их нэр алдрыг авч ирсэн дуунаас эхлэе гэж бодлоо л доо. “Gangnam” гэж ер нь яг юу гэсэн үг вэ. Хүмүүс их олон тайлбар хийж байна л даа. Сөүл дэх Беверли Хиллз гээд. Гэхдээ энэ талаар танаас сонсъё гэж бодлоо?
-Тийм ээ. Сөүлийн нэгэн дүүрэг гэж тайлбарласан байсан. Энэ нь ч мөн л дөө. Гэхдээ би энгийн амьдралтай хэрнээ Ганнам дүүргийнх болж харагдах гэсэн хүмүүсийг ёжилсон гэх үү дээ. Түүнээс гадна энэ дүүрэгт байдаг сайхан бүсгүйчүүдийг ч дүрсэлсэн.
-Та энэ дүүргийг ийм сайн мэдэж байгаа нь их сонирхолтой санагдаж байна л даа. Та өөрөө Ганнам дүүрэгт өссөн үү?
-Тийм ээ. Ганнам дүүрэг бол яах ч аргагүй Солонгосын нийслэлийн хамгийн сайхан дүүрэг. Гэхдээ Ганнамын хүмүүс гэхээрээ л тусгай байх ёстой юм шиг л байдаг. Ганнам дүүргийнх биш залуу өөрийгөө “Би Ганнам дүүргийнх” гээд ярьж байхыг ч сонссон. Хаана ч амьдарсан сайхан амьдарч болох байтал заавал Ганнамын залуусыг дуурайдаг нь таалагддаггүй юм.
-Та дуу хөгжимд хайртай болсон тухайгаа яриач. Хэзээнээс таны хөгжмийн гараа эхлэв?
-Бага байхад миний мөрөөдлийн нэг нь хошин урлагийн жүжигчин болох байлаа.
-Хөөх, сонирхолтой юм.
-Тийм шүү. Ток шоуны хөтлөгч ч юм уу, нэг тийм хошин зүйл ярьдаг хошин шогч болно гэж боддог байлаа. Намайг 14 билүү 15 настай байхад Солонгост поп дуу, клипүүдийг танилцуулдаг нэвтрүүлэг гардаг байсан юм. Тухайн үед “Wembley” цэнгэлдэх хүрээлэнд болсон “Queen” хамтлагийн тоглолтыг гаргаж байсан юм. Тэгэхэд тэд “Bohemian Rhapsody” дуугаа дуулж байлаа. Тэр үед л “хөөх” гэж дуу алдан биширч дуу хөгжимд татагдаж эхэлсэн дээ.
-Тэдний юу нь таны сэтгэлийг тэгтлээ их татсан хэрэг вэ. Тэнд цуг¬ласан олон хүмүүсийг хараад л сайхан харагдсан хэрэг үү?
-Тийм ээ. Гэхдээ ганц үзэгчид ч биш. Бүх зүйл нь намайг татсан. Бейсбол үзэхээр цэнгэлдэх хүрээлэн рүү явахад тэнд зөндөө олон үзэгч байдаг. Тэдний дунд орохоор л цус хөөрөөд л орилмоор санагддаг. Нэг тийм сайхан байдаг даа. Би тэр бичлэгийг үзээд Олимп үзэхээр цугласан хүмүүсээс их үзэгч цугласан байхыг хараад хөөх би эдэн шиг болох юмсан гэж бодож байлаа.
-Гэхдээ энэ бол таны хөгжимд хайртай болох ганц шалтаг биш байх л даа. Бид бүгдээрээ л хөгжимд хайртай. Гэхдээ та дуугаараа гэхээсээ илүү “галзуу” бүжгээрээ олны танил боллоо. Энийг та бурхнаас өгсөн бэлэг гэж бодож байна уу?
-Тийм шүү. Миний дуунаас илүү бүжиг хит болсон. Мэдээж энэ бүхэн эцэг эхээс минь өгсөн бэлэг биш л дээ. Миний эцэг эх хоёулаа өндөр боловсролтой хүмүүс байдаг. Би багадаа боддог байлаа. “Би өөр хүн байх ёстой. Гэтэл тэд яагаад заавал намайг сурах ёстой гээд байдаг юм бол оо” гэж. Солонгост нэг тийм уламжлал байдаг юм л даа. Айлын эрэгтэй хүүхэд нь гэр бүлийнхээ бизнесийг өвлөн авах ёстой байдаг. Би бол гэр бүл дундаа ганц эрэгтэй хүүхэд нь. Манайх нэгэн жижиг гэр бүлийн бизнестэй. Солонгосын дайны дараа манай өвөө Хойд Солонгосоос Өмнөд Солонгост ирсэн гэдэг. Тухайн үед өвөө маань юу ч үгүй ирээд л гэр бүлийн жижиг бизнесээ эхлүүлсэн юм билээ. Тэгээд дараа нь аавд өвлүүлсэн. Харин одоо бүгд л намайг бизнесийг нь өвлөж аваасай хүсч байгаа. Бүгд намайг урлагаар биш бизнесийн менежмэнтээр суралцаж, гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлэхийг хүсч байгаа.
-Танай гэр бүлийнхэн таныг уран бүтээлч гэдэгтэй эвлэрдэггүй байх нь ээ. Та тэгээд бизнесийг нь үргэлжлүүлэх үү?
-Өвөө маань нас барахад би орных нь хажууд өвөөгөө хараад уйлаад зогсч байсан юм. Түүний хүсэл бизнесээ улам өргөжүүлэх байсан юм. Тиймээс ч аавд минь өвлүүлсэн байх. Би өвөөтэйгөө өссөн өвөөгийн хүү л дээ. Өвөөдөө маш их хайртай. Тиймээс хэзээ нэгэн цагт энэ ажлыг авах л байх. Гэхдээ одоо бол цаг нь биш.
-Хэдэн насандаа та ая, дууны үг зохиох болов?
-Коллежийн оюутан болохоосоо өмнө хөгжимчин болох талаар ер бодож байсангүй. Аав ээж маань бизнесийн чиглэлээр их сургуульд сур гэдэг байсан. Тэгээд л би гэнэт ХХI зууны иргэн байж арай өөрөөр амьдрах хэрэгтэй гэж бодох болсон. Ер нь би их зөрүүд л дээ. Бусдаас өөр байх дуртай. Тэгээд л өөр ертөнцийг таньж мэдэхээр шийдсэн. Тэгж байж л би мундаг бизнесмэн болно шүү дээ гээд эцэг эхээсээ гуйгаад гадаадад сурахаар болсон юм. Тэгээд л Бостоны Их сургуульд орсон. Гэхдээ би удалгүй Беркли рүү шилжсэн л дээ. Үнэндээ Бостоны Их сургуульд очоод хичээлээ тасалж тийм ч их сайн сураа¬гүй юм. АНУ-ын “агаарт” дасна гэдэг дан ганц хичээлээ хийгээд л болчихдог зүйл биш л дээ. Би англиар ярьж сурахдаа хичээл хийж биш хүмүүстэй танилцаж гадуур явж байж л сурсан.
-Эцэст нь та Берклийн хөгжмийн коллежийг төгсчээ дээ?
-Тийм ээ. Хүмүүс гэхдээ Берклийн их сургууль гэж андуурдаг юм. Аав ээж маань ч тэнд бизнесээр сурдаг гэж бодож байсан юм. Үнэндээ бол Беркли хөгжмийн коллеж байхгүй юу. 1996-1997 оны үед АНУ-д хип хоп ид хүчээ авч байлаа. Dr. Dre, Snoop Dog, Eminem, Puff Daddy гээд л Notorious, Tupac-тай ижил рэпперүүд их болсон. Энэ бүхэн надад их эрч хүч өгсөн л дөө. Тухайн үед би тийм ч сайн дуучин биш байлаа. Гэхдээ энэ рэпперүүдийг хараад би хүмүүст хүргэх гэсэн үгээ нэг тийм “янзтай”-гаар хэлж чадвал сайн дуучин болж чадна гэж бодсон. Тэгээд би компьютер худалдаж аваад цохилтууд нийлүүлээд рэпдэж эхэлсэн дээ. Тэгээд л би бүх алдартай рэпперүүдийг дуурайж тэдний үгийг солонгос руу орчуулдаг байсан. Бөмбөрийн цохилт, басс дуугаралтын талаар мэдэж аваад ая зохиож эхэлсэн. Би ер нь хичээлд их дургүй өөрөө л бүхнийг танин мэдэх дуртай.
-Та 2000 онд Солонгост буцаж ирсэн гэдэг байх аа?
-Тийм ээ. Миний буцах болсон шалтгаан бол намайг Берклийн хөгжмийн коллеж руу шилжсэнийг эцэг эх минь мэдээд жаахан маргаан дэгдсэн юм. Уг нь Берклийн хөгжмийн коллеж эцэг эх рүү минь захиа бичээгүй бол… Яагаав дээ. Эцэг эхийн өдөрлөг болдог доо. Тэр үеэр сургуулиас эцэг эхэд минь урилга явуулчихсан байсан юм. Тэгээд л аав мөнгө явуулахаа больчихсон. Тийм болохоор би ямар нэг буяны сан эсвэл найз нөхдөөсөө мөнгө зээлээд дуугаа бичүүлдэг болсон. Энэ байдлаараа удаан тэсэхгүйгээ мэдээд нутаг буцсан даа.
-Та дараагийн дуугаа англи хэл дээр дуулах гэж байгаа гэж байсан. Дараагийн уран бүтээл танд маш их дарамттай байгаа байх л даа.
-Дан ганц англи дээр биш л дээ. Солонгос, англи холимог байх болно. Дараагийн дуу маань бэлэн болчихсон. “Gangnam Style” дуу бол дэлхий дахин дахь миний анхны уран бүтээл болж байгаа. Харин Солонгост энэ дуу бол надад амжилт авч ирсэн зургаа дахь дуу юм л даа. Мэдээж ийм их амжилтын дараа сайн уран бүтээл хийх юмсан гэсэн дарамт маш их байгаа. Ялангуяа бүжгийн хөдөлгөөн дээр. Гэхдээ миний дараагийн дууны бүжгийн хөдөлгөөн ч бас хит болж чадна гэж бодож байгаа. Гэхдээ “Gangnam Style”-ын морины бүжиг шиг дэлхийд хит болохгүй юм гэхэд Солонгост бол хит болно гэж итгэж байгаа.
-Тэгэхлээр та “Gangnam Style”-аас хойш дэлхийд мартагдах нь ээ?
-Хар л даа. Надаас өмнө Жастин Биберийн “Baby” дууг “Youtube” дээр 700 сая хүн үзсэн байсан. Түүний дараа¬гийн уран бүтээлүүд энэ хэмжээнд хүрээгүй байгаа ч тэр одоо мартагдсан байна гэж үү. Түүний уран бүтээлүүд хит болж, одоо ч хүмүүс юу хийх бол гэж хүлээдэг шүү дээ.
-Ингэхэд морины бүжгийн хөдөлгөөний санааг анх яаж олсон бэ?
-Дуугаа дуусчихаад дуундаа тохирсон бүжиг олох гэж их шаналсан даа. Бүжиг дэглээчтэйгээ хамт бараг нэг сарын турш ярилцаж, хамтдаа бэлдсэн. Тэгээд л бид бүх амьтдын хөдөлгөөнийг дуурайвал их сонирхолтой юм байна гэж бодоод амьтдын хөдөлгөөнийг бүжиг болгосон. Бусад улсад чухам ямар байсныг сайн мэдэхгүй юм. Солонгост 1980-аад оны үед морины бүжиг ид хит болж байлаа. Тэгээд би бүжиг дэглээчдээ ер нь энэ үеийн иймэрхүү бүжиг байвал ямар байна гээд үзүүлээд бага сага хөдөлгөөн нэмээд л энэ дууны минь бүжиг бэлэн болсон доо.
-Энэ бүжгийг хүн бүр л бүжиглэж байна…
-Үнэхээр авьяастай хүн бүх насныхан бүжиглэж чадах зүйлийг л хийх ёстой гэж боддог. Гэхдээ морин бүжгийн жинхэнэ хөдөлгөөн харагдаж байгаа шигээ тийм амархан биш л дээ. Тэгээд яг тэр хувилбараар хийвэл хүмүүс энийг хийж чадахгүй юм байна гээд сонирхохгүй байсан байх гэж бодсон. Бүх хүн өөрийгөө бүжигчин гэдгийг мэдэх тийм амархан зүйлийг л хийхийг хүссэн. Тэрийгээ ч хийж чадсан. Тэгээд л хүмүүс энэ чинь харин их амархан юм, би туршиж үзье гэж хийсээр ингэтлээ “халдварласан” байх л даа. Өнөөдөр л гэхэд би Италид 20 мянга гаруй хүн энэ бүжгээр флаш моб хийж байгааг харлаа. Тэд бүх хөдөлгөөнийг нэгэн зэрэг хийж, дуун дээр гардаг бүх солонгос үгийг зөв хэлж байсан гээч.
-Та нэг сонинд “Gangnam Style” дуу надаас илүү алдартай байгаа нь миний гол асуудал болоод байна гэсэн байсан. Та одоо ч ингэж бодсоор л байгаа юу?
-Тийм ээ. “Gangnam Style” дууг маань хагас тэрбум хүн үзээд, хүлээн зөвшөөрөөд тэр дуунд дуртай болоод байна. Гэтэл тэр хагас тэрбум хүн намайг мэдэхгүй. Миний нэрийг ч мэдэхгүй хүмүүс бас байгаа л байх. Зарим нь намайг “Gangnam Style”-ийн дуучин л гэдэг. Заримдаа бүр таньдаггүй юм. Уран бүтээлээрээ олны танил болох сайхан ч хүмүүс хожим намайг дурсдаг байгаасай л гэж хүсэж байна.
-Нээрэн таныг нүдний шил, хөх пиджактайгаар чинь л мэдэх байх.
-Тийм шүү. Намайг нүдний шилээ аваад өөр хувцас өмсөхөд хүмүүс бараг таньдаггүй. Тэгэхдээ ойрын өдрүүдэд байдал арай л дээрдэж байна. Би телевизүүдэд ярилцлага өгөхдөө нүдний шилээ аваад ярилцлага өгөөд байгаа. Намайг нээрэн сайн хараад аваарай, хүмүүс ээ.
-НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Gangnam Style”-аас өмнө би Өмнөд Солонго¬соос дэлхийд хамгийн их танигдсан анхны хүн байсан. Гэхдээ одоо бол тэр болсон гэж хэлсэн байсан.
-Та бод доо. НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга солонгос хүн гээд. Би тэр хүнээс алдартай байна гэж байхгүй. Дэлхийд маш их гавьяа байгуулж байгаа хүний хажууд би юу ч биш. Гэхдээ би түүний урилгыг талархан хүлээж авсан. Түүний хэлсэн үг маш том хүндэтгэл.
-Та Сөүл хотод 80 мянга гаруй хүний өмнө үнэгүй концерт тоглосон байсан. Ийм их алдарт хүрчихээд үнэгүй тоглоод…
-Мэдээж Солонгосын залуус л энэ бүгдийг дэлхий даяар “халдварлах” гол үндсийг тавьсан. Тиймээс би ард түмэндээ талархахгүй байхын аргагүй. Үүнийг талархлын тоглолт гэж болно. Уг нь “Сөүл плаза” зөвхөн үндэсний концерт тоглохыг зөвшөөрдөг юм. Тиймээс би тэр тайзан дээр гарсан анхны поп дуучин болсон шүү.
-Ингэхэд та гэр бүлийнхээ талаар яриач?
-Би эхнэртэйгээ Ёнсэй их сургуульд анх танилцсан юм. Бид хоёр бараг гурван жил хагасын хугацаанд үерхээд, 2006 онд гэр бүл болсон доо. Бид саяхан ихэр охинтой болсон. Би гэр бүлээ олны нүдэнд ил гаргахыг хүсдэггүй. Охид маань жаахан байна. Эхнэр минь ч алдартай байхыг хүсээд байдаггүй. Энгийн амьдрахыг хүсдэг. Гэхдээ эхнэр минь миний ажлыг хамгийн сайн ойлгодог миний хамгийн том “фэн”.
-Таныг Солонгосын нэг дуучинтай нэр холбогдсон гэж сонссон?
-Энэ мэдээ эхнэрт минь их хүнд туссан л даа. Би түрүүн хэлсэн дээ. Эхнэр минь миний хамгийн том фэн гэж. Би ч бас эхнэрийнхээ хамгийн том фэн нь байхгүй юу.
-Та дэлхий дахинд өөрийгөө дуучны хувиар дахин танилцуулаач.
-Би анх АНУ-д ирээд нэг зүйлийг зорилгоо болгож байсан юм. Би дэлхийн бусад хүмүүсийг Солонгост хайртай болгох тэр хөлөг онгоц нь байхыг хүссэн. Тэгээд л би “За юунаас эхлэх вэ” гээд л төлөвлөж эхэлсэн. Энэ дуу хит болсон нь нэг бодлын аз гэж хэлж болох ч энэ бүхэн миний хүсэл мөрөөдөл байсан. Би “хошин” дуучин биш жинхэнэ уран бүтээлч байхыг хүсдэг. Тиймээс дууг маань ганц сонсоод өнгөрөх биш намайг ямар их хөдөлмөрлөснийг ойлгоосой л гэж хүсч байна. Бас хүн бүхэн өөрийнхөөрөө л байгаасай л гэж хүсч байна. Бүх зүйлд сайн сайхан оршдог болохоор өөрийн сайн сайхныг эхэлж мэдрэх хэрэгтэй. Чи хэн нэгний хоёр дахь хувилбар байх албагүй.
Би юу гэх гээд байна вэ гэвэл азиуд АНУ руу маш их аялж байна. Учир нь, тэд яг тэдэн шиг л байхыг хүсдэг. Америк мөрөөдөл гээд л. Би АНУ-д ирээд би бол америк хүн биш, би хэн нэгнийг дуурайх биш өөрийгөө нээж олохыг хүссэн. Би өөр зүйлд уусах биш, өөрийн орны амьдралын хэв маяг, үндэсний ёс заншлаа хадгалж үлдэхийг хүсдэг. Би АНУ-д ирээд юунд хамгийн их хайртайгаа мэдэрсэн. Энэ бол миний эх орон. Та бүхэн Солонгосыг үнэхээр сайхан орон болохыг ирээд мэдэрнэ.
-Та эх орондоо их хайртай юм аа. Та цаашид хаана амьдрах бодолтой байна?
-Тийм шүү. Би эх орондоо л хайртай. Энд миний бүх хайртай хүн байна. Хайртай бүхэн минь байдаг газрыг би эх орон минь гэж нэрлэнэ. Цаашид ч би Солонгостоо, Ганнамдаа л амьдарна.
Б.Тамир