Дан далай бүслүүртэй
Давхар уулан түшлэгтэй
Сүн далай бүслүүртэй
Сүмбэр уулан түшлэгтэй
Аугуу гүндэл айхын есөн
Цагаан тохойгоор нутагтай
Нэгэн мянган таван зуун настай
Мягталуугаа хааны хүү гэж
Газартай гацалданхан төрсөн
Тэнгэртэй тэнцэлдэнхэн төрсөн
Төрснөөсөө хойш
Төр улсаа
Алдалгүй дагaсан
Гарснаасаа хойш
Газар ус хоёрыг
Алдалгүй эзэлсэн
Эрийн сайн
Хан харанхуй хүү гэгч
Нэгэн сайн эр байдаг санж
Тэр хүний
Суудаг өргөө болбол
Майгуур зандан тулгууртай
Шилэн эрдэнэ тоонотой
Сувд эрдэнэ уньтай
Шүрэн эрдэнэ ханатай
Цасал мөнгөн туургатай
Цалин мөнгөн цавагтай
Шижир алтан дээвэртэй
Сийлбэр алтан ганжиртай
Өргөө нэгэн байдаг санж
Тэр хүний
Унадаг морь нь бол
Эрдэнийн сайн Чон хүй хүлэг
Хүрэн морь унадаг санж
Энэ хүний мал нь бол
Араараа дүүргэж өсөгсөн
Ай түмэн хүй хүлэг адуутай
Өврөөрөө дүүргэж өсөгсөн
Үд түмэн хүй хүлэг адуутай
Цастай цагаан уулыг бүрүүлж өсөгсөн
Цагаан халзан хоньтой
Харанхуй говийг дүүргэж өсөгсөн
Хар мэлзэн тэмээтэй
Алагтайн голыг дүүргэж өсөгсөн
Алаг тарлан үхэртэй
Зуун алд зэлийг татаж
Зураг болсон хар унагадыг уяжээ.
Наян алд зэлийг татаж
Нарийн хар унагадыг уяжээ.
Цайдам мэт цэгээг эсгэж
Айраг сархадыг бялхуулж
Алаг сайхан мах
Амтат сайхан зуушийг бэлдэж
Найрын ихийг найрлахад
Зургаадай таягийг элэгдтэл тулсан
Зузаан эрхийг элэгдтэл барьсан
Өвгөд хөгшид хүртэл
Ирж найралжээ.
Далан хүн
Дамжилаад даадгүй
Гангар нэгэн шаазангаар
Айраг нэгэн дүүргэж
Далан долоон бөх
Дамжлан авчираад
Эрийн сайн Хан харанхуй хүүд барьсанд
Эрийн сайн Хан харанхуй хүү
Зүүн гарын гурван
Хурууны толион дээр тавьж
Ховх нэгэн сороод
Дахин ахин дүүргүүлж
Далан долоо бариад
Улаан зээрд болохын тэнд
Хаан суусан аав минь
Хатан суусан ээж минь
Би одоо явна даа
Арван таван жилийн газар
Алсын өндөр ууланд
Ан гөрөө хийнэ
Ав шувуу авлана гэж
Ийм үгийг хэлтэл
Хаан суусан аав
Хатан суусан ээж нь
Хэдийгээр миний хүү
Аугаа хүчин ихтэй ч болов
Алс холын аянд явж үзээгүй
Миний хүүгийн унадаг
Эрдэнийн сайн Чон хүй хүлэг
Хүрэн морь хэдийгээр
Аугаа хүчин ихтэй ч болов
Алс холын аянд эдэлж үзээгүй
Энэ жилдээ өнжөөд
Ирэх жил явахгүй юу хүү минь гэж
Хаан болсон аав
Хатан болсон ээжийн хэлсэнд
Эрийн сайн
Хан харанхуй хүүгийн
Хүрэл чулуун зүрх нь хүржигнэж
Хар чулуун зүрх нь харжигнаж
Хайлсан ширмэн дотор нь буцлахын тэнд
Дангийн цагаан үүдийг дам нэгэн хаяж
Давхар сүлжээ үүдийг
Даамай нэгэн хаяад үсрээд гарав гэнэ.
Адууны азай буурал өвгөн
Үүдэнд нь уулзахад
Адууны азай буурал өвгөн та
Миний унадаг эрдэнийн сайн
Чон хүй хүлэг хүрэн морийг
Барьж ир гэж зарлиг буулгав
– Заа гэж өвгөн хүлээгээд
Харин би барьж хүч хүрэхгүй
Олон ижлээс нь онцгойруулан тастаад
Цөөн бөөр ижлээс нь
Цөмцгийрүүлэн тасдаад
Ирвэл болно уу гэж асуусанд
Харин тэр чинь болно гэж
Хариу зарлиг буулгажээ
Адууны азай буурал өвгөн
Сургуулийн улаан халзан морийг унаад
Эрдэнийн сайн Чон хүй хүлэг
Хүрэн морийг
Олон ижлээс нь
Онцгойруулан тасдаад
Цөөн бөөр ижлээс
Цөмцгийрүүлэн тасдаад
Хөөгөөд хүрч иржээ
Эрийн сайн
Хан харанхуй хүү
Арван найман алд
Алтан цолбыг
Ангалзахын цагт
Аман хүзүүгээр
Алдалгүй хаяхад
Огторгуйн од тоолон зүтгэжээ
Эргэхийнч янз огт байсангүй
Дэлхийн үндэс тоолон зүтгэж
Эргэхийн ч янз огт байсангүй
Би нэгэн мянган
Таван зуун настай
Мягталугаа хааны хүү
Газартай гацалданхан төрөгсөн
Тэнгэртэй тэмцэлдэнхэн төрөгсөн
Төрсөнөөсөө хойш төр улсаа
Алдалгүй төрсөн
Гарснаасаа хойш
Газар ус хоёрыг
Алдалгүй төрсөн
Эрийн сайн
Хан харанхуй хүү гээч
Лавтай гэгч хашгирсанд
Эрдэнийн сайн
Чон хүй хүлэг
Хүрэн морь нь
Эргэж хүрч иржээ
Аргай болсон амгайг
Ам юунд нь тааруулсанд
Зандан улаан хэлээрээ өлгөн нэгэн үмхэв
Захын хоёр араагаар
Цавчин нэгэн үмхэв гэнэ
Наран саран хоёр бүүрэг нь
Наана цаанаа дулайлцсан
Найман сайхан ганзаг нь
Дарцаг болон хийсгэсэн эмээлээ
Зоон дунд нь тохжээ.
Уран хүний хийсэн
Улаан эрээн олмыг
Урдуур нь татаж
Татан татан татаж
Таван хуруу шигэтгээд
Нэмэн нэмэн татаж
Нэгэн хуруу шигэтгээд
Ологнож л орхижээ
Хатан хүний хийсэн
Хар эрээн олмыг
Харцгай юунд нь тааруулж
Татан татан татаж
Таван хуруу шигтгээд
Нэмэн нэмэн нэмж
Нэгэн хуруу шигтгээд ологножээ
Салхитай өдер саргидаг
Живэртэй өдөр жиргэдэг
Зуу лангийн хударгаа
Зураа юунд нь тааруулж
Далан лангийн ташуурыг
Дал юунд нь тааруулаад
Хад хэвтээ сойв л гэнэ
Хайрцаг хэвтээ тушав л гэнэ
Сангийн өргөөнд оров гэнэ
Саадаг нумаа авав гэнэ
Өөрийн өргөөнд оров гэнэ
Өмсөж зүүхээ авав гэнэ
Илүү гэртээ оров гэнэ
Идэж уухаа авав гэнэ
Мордоод нэгэн явжээ
Алсын өндөр уулыг чиглүүлж
Хавчиг жалгыг гишгүүлж
Уужим жалгыг алхуулж явсаар
Алсын өндөр ууланд гарч
Ан гөрөө хийж
Далан долоон Буга согоог
Дараа дараагаар намнаж гэнэ
Алтай хангайн
Түлээг ажиглан ажиглан түүгээд
Уулын чинээ
Улаан галыг түлж
Уулийн чинээ
Хөх манан татуулж
Далан долоон Буга согооны
Махыг шарж нэгэн идэж
Ундаалан хооллож
Аавын өгсөн
Алтан цамцыг нөмрөөд
Ээжийн өгсөн
Мөнгөн цамцаар
Дэр нэгэн хийгээд унтаж орхижээ.
Энэ үеэр
Зүрх мижид хааны
Наран гуа авхай
Живаа тэмээ хариулсан
Өвгөнийд очжээ
Намайг миний эцэг эх
Тэнгэрийн эрх хар хүүд өгнө гэлээ
Миний заяаны хань бол
Аугуу гүндэл айхын есөн
Цагаан тохойгоор нутагтай
Нэгэн мянган таван зуун настай
Мягталугаа хааны хүү
Эрийн сайн
Хан харанхуй
Байх учиртай
Миний нөхөр энэ жил
Алсын өндөр ууланд
Ан гөрөө хийж
Ав шувуу намнаж
Яваа байх даа
Та миний нөхөртэй
Хэл болж өгөөч гэж гуйсанд
Өвген за гэж хүлээгээд
Унаж явах тэмээ шинжиж
Жаваа тэмээгээ гурван өглөө
Билчихэд нь шинжив
Хамгийн түрүү
Тонгочинхон билчдэг
Ширээ шар тайлаг
Шинжээнд нь оров гэнэ
Гурван орой хураахдаа шинжихэд
Хамгийн түрүү
Тонгочинхон хотолдог
Ширээ шар тайлаг шинжээнд нь оров гэнэ
Өвгөн түүнийг барьж нэгэн унаад
Алсын өндөр ууланд гарсан
Алт ч шиг мөнгө ч шиг юм харагдахыг үзжээ
Сайн эр цочин сэрээд
Цохичхож магадгүй гэж
Өвгөн холоос
Аавын хайрласан
Алтан шар хадаг
Алтан ембүү хоёрыг
Үзэлгүй алдахаар
Үзээд алдахгүй юу гэж
Их хашгираад эргэн зугтжээ.
Эрийн сайн
Хан харанхуй хүү
Цочин нэгэн сэрээд
Хүн хэлэв үү
Би зүүдлэв үү гэж
Хүрэл чулуун зүрх нь харжигнэж
Хар чулуун зүрх нь харчигнаж
Хайлсан ширмэн дотор нь
Буцлахын тэнд
Үүлтэй тэнгэрээс доохнуур
Үзүүртэй модноос дээхнүүр
Нэг юм жирэв жирэв хийгээд
Далдрахыг үзжээ
Лавтай хүн хэллээ гэж
Аргай болсон нумаа агсаж
Хавцгай болсон сумаа авч
Мордоод алхуулжээ
* * *
Эрийн сайн
Хан харанхуй хүүг
Гэрээсээ гарсанаасаа хойш
Эхээс нь төрсөн
Гурван настай дүү нь
Ахынхаа хойноос явна гээд
Бахираад болсонгүй байсанд нь бол
Ээж аав хоёр нь
Аавын унадаг
Үүлэн борлог
Морийг унуулж
Угжтай сүү бариулж
Бортохтой сүүг ганзаглуулаад
Ахын нь хойноос явуулжээ.
* * *
Эрийн сайн
Хан харанхуй хүүг
Явж байхад нь
Гурван настай дүү нь
Ахынхаа өмнөөс гарч очжээ
Энэ юу гээчив гэж
Эрийн сайн
Хан харанхуй
Аргай болсон нумаа авч
Хавцгай болсон сумаа онилтол
Гурван настай дүү нь
Үхрийн тугал ч гэсэн
Мөөрч уулзаад
Мөргөлдөж салдаг
Нохойн зулзага ч гэсэн
Хуцаж уулзаад
Ноцолдож салдаг
Миний ах гэдэг
Газартай гацалданхан терөгсөн
Тэнгэртэй тэнцэлдэнхэн төрөгсөн
Сайн эр гэдэг юм
Харин үүгээр бодвол
Адгуус малаас дор шив гэж
Их л нэгэн хашгирч гэнэ
Эр хүн эвтэй нь дээр
Юу ч гэсэн
Учиръя даа гэж
Аргай болсон нумаа
Хавцгай болсон сумаа буулгаж уулзсанд
Аавынхаа унадаг
Үүлэн борлог морийг танив гэнэ
Гурван настай дүүгээ
Зүүн гарынхаа
Алган толион дээр суулгаж
Миний дүүгийн нэр хэн гэдэг вэ гэсэнд нь
Ахаасаа нэр хүртэнэ гэсэнд
Гурван настай
Гуналдай улаан баатар гэж нэр өгөөд
Дүүтэйгээ хоёул явж
Жаваа тэмээ хариулсан
Өвгөнийд очив гэнэ
* * *
Жаваа тэмээ хариулсан өвгөн
– За Зүрх Мижид хааных
Маргаашийн өглөө
Ургахын улаан нарнаар
Найраа барих гэж байгаа даа
Түүнээс наана очвол
Дээр байлгүй гэж гэнэ
Эрийн сайн
Хан харанхуй
Гурван настай
Гуналдай Улаан баатар
Дүүгээ дагуулж
Зүрх Мижид хааныд
Хүрч нэгэн очжээ
* * *
Зүрх Мижид хаан
– Хэрэг зориг
Хэнийд вэ
Хэт нутаг
Хаана вэ
Алдар нэр чинь
Хэн бэ гэж
Асуусанд
– Хэрэг зориг
Энд байна
Хэт нутаг
Аугаа гүйдэл
Айхын есөн цагаан тохойгоор
Алдар нэр
Эрийн сайн
Хан харанхуй гэгч
Энэ үгийг хэлсэнд
-Зүрх Мижид хаан
Энэ чинь
Хадаг ембүү
Хоёрын хойноос яваа
Хар хүн мөн байна
Тэнгэрийн эрх
Хар хүүтэй
Эрийн гурван
Наадам хийж байж болно
Энэ үгийг хэлсэнд
Эрийн сайн
Хан харанхуй хүү
Тэр ч харин болно гэжээ
Морь хагсаах болж
Зүрх мижид хааных
Наян нэгэн цагаан агт
Лусын гурван хөх халзан луус
Эмгэн шуламтай
Хагсагаад байхыг үзжээ
Эрийн сайн
Хан харанхуй хүү
Эрдэний сайн
Чон хүй хүлэг
Хүрэн морио хагсааж
Танай энд морио
Хэдий газраас
Тавьдаг вэ гэж
Эрийн сайн
Хан харанхуй
Хүү асуусанд
Манай энд
Гурван сарын газраас тавьдаг
Эрийн сайн
Хан харанхуй хүү
Манай тэндэх
Хонь хурганы хүүхэд
Унага даагаар
Тоглодог газар байна
Танай тэнд
Хэдий газраас
Тавьдаг вээ гэж
Зүрх Мижид хаан
Асуусанд
Манай тэнд гурван жилийн
Газраас тавьдаг гэж
Эрийн сайн
Хан харанхуй хүү хэлсэнд
Тэгвэл гурван
Жилийн газраас тавь гэж
Зүрх Мижид хаан
Аашлан зандран
Тушааж байхыг үзжээ
Эрийн сайн
Хан харанхуй хүүгийн
Эрдэнийн сайн
Чон хүй хүлэг
Хүрэн морийг
Гурван настай
Гуналдай Улаан баатар
Дүү нь унажээ
Газрын хол
Усны уртад
Уйлж яваад
Унтаж хоцоруузай гэж
Ах нь захижээ
Гурван настай
Гуналдай Улаан баатар дүү нь
Газрын хол
Усны уртад
Уйлж яваад
Унтаж хоцорчээ
Эрдэнийн сайн
Чон хүй хүлэг
Хүрэн морь
Нүүртээ галтай
Нүдэндээ цогтой
Бяцхан дүү минь
Өвгөн ах чинь
Явалгүй горигүй боллоо
Наадмаа алдана бид хоёр
Миний дүү
Сэрдэг цаг чинь боллоо гэж
Шагшартал янцгаажээ
Гурван настай
Гуналдайн Улаан баатар дүү
Мордоод давхижээ
Наян нэгэн цагаан агтыг
Дараа дараагаар гүйцлээ
Лусын гурван
Хөх халзан луус хэдийд
Өнгерсен бээ гэсэн
Жил шахаж яваа гэжээ
Лусын гурван хөх халзан
Луусыг гүйцээд
Эмгэн шулмас хэдийд
Өнгерсен бээ гэсэн
Жил шахаж яваа гэжээ
Эмгэн шуламсыг
Хүрч гүйцээд
Хоёр сар тэрсэлдэн давхижээ
Эрдэнийн сайн
Чон хүй хүлэг
Хүрэн морь
Түрүүлээд ирж гэнэ
Эрийн сайн
Хан харанхуй хүү
Хаан авхай
Би нэг
Наадмаа авлаа гэсэнд
Тэхчээ боллоо
Хатанд нь хэлсэн
Тэглээ гэжээ
Бөх барилдах болсонд
Зүрх бөх нь
Төө төмөр
Хумастай
Тохмын чинээ биетэй бөх
Нүцгэлж байхыг үзжээ
Гурван настай гуналдайн Улаан баатар дүү
Үүнтэй би барилдъя
Гээд байсанд
Гурван настай
Гуналдайн Улаан баатар дүү дээ
Зодог шуудаг
Өмсүүлээд тавьж гэнэ
Төө төмөр хумастай
Тохмын чинээ биетэй бөх
Хаа хавьтсан газраас
Аягын чинээ мах авч хаясаар
Ясан хэлхээ болгохын тэнд
Эрднийн сайн
Чон хүй хүлэг
Хүрэн морь нь
Дүүгийн минь мах
Урьдахаас улам сайхан
Эдүүгээс эрмэг сайхан болж
Нэг наадмаа автугай гэж
Шагширтал янцгаав гэнэ
Гурван настай
Гуналдайн Улаан баатар
Хүүгийн мах нь
Урьдахаасаа улам сайхан
Эдүүгээхээс эрмэг сайхан болж
Төө төмөр хумстай
Тохмын чинээ биетэй бөхийг
Алд дэлэм газар шигэтгэн хаяжээ
Зүрх Мижид хааных
Хүрз зээтуу наана цаана гэж
Хүн амьтан цуглуулсанд
Эрийн сайн Хан харанхуй
Хүрч очоод
Төө төмөр хумстай
Төхмийн чинээ биетэй бөхийг
Өрөөсөн гараар
Шүүрэн нэгэн аваад хаясанд
Саахалтын чинээ газар шидэгдэж
Хоёр атга шороо шүүрч
Тов хийтэл тавгалж
Тав хийтэл тогтоожээ
Ойчсон бөхөө авч чадахгүй байж
Хүнтэй яаж барилддаг юм гэж
Эрийн сайн
Хан харанхуй хүү асууж гэнэ
Хаан авхай би хоёр дахь
Наадмаа авлаа гэсэнд
Тэгэгчээ боллоо
Хатанд нь хэлсэн
Тэглээ гэжээ
Бай харвах болж
Танай энд хэдий газраас
Харавдаг бэ гэсэнд
Гурван хоногийн газраас харавдаг гэж
Зүрх Мижид хаан хариулсанд
Эрийн сайн
Хан харанхуй хүү
Манай тэнд хонь хурганы хүүхэд
Хавчаахай нум сумаар
Тоглодог газар гэсэнд
Танай тэнд
Хэдий газраас харавдаг бэ гэсэнд
Гурван сарын газраас харавдаг гэж
Эрийн сайн
Хан харанхуй хүү хэлжээ
Гурван сарын газар
Онох бай босго гэж
Зүрх Мижид хаан аашлан
Зандран тушааж байхыг үзжээ
Гурван сарын газар
Наян хасаг түлээ хурааж
Түүний цаана хонин чинээ
Цагаан чулуу тавьж
Түүний цаана
Алтан мөнгөн
Хоёр тэвнэ хатгаж
Онох байг босгожээ
Зүрх Мижид хааны харваачдад
Гурван сарын газраас
Харвах харваач нэг ч байсангүй
Эрийн сайн
Хан харанхуй
Харвасанд нь
Наян хасаг түлээг
Шүд чигчийлэх
Үртэс үгүй болгож
Хонин чинээн
Цагаан чулууг
Будаан ширхэг шиг болгож
Алтай мөнгөн
Хоёр тэвнийг хугачаад
Хад уул буталж байхыг
Элч буухиа
Үзэж иржээ
Хаан авхай
Би гурван
Наадмаа авлаа гэсэнд
Тэгэгчээ боллоо
Хатанд нь хэлсэн
Тэглээ гэжээ
Эрийн сайн
Хан харанхуй хүү
Гурван настай гуналдай
Улаан баатар дүүгээ дагуулаад
Мордож нэгэн ирээд
Аавын өгсөн
Алтан ембүү
Алд шар хадаг хоёрыг
Аваад аль гэж
Их зандарсанд
Айхын эрхэнд
Алтан дагинь авхайг
Бариад өгчээ
Эрийн сайн
Хан харанхуй хүү
Орон нутагтаа ирж
Хаан суусан аав
Хатан суусан ээжтэйгээ уулзаж
Наян жилийн найр хийж
Амар сайхан жаргажээ.