Холливудын домогт жүжигчин, өдгөө 70 насыг шүргэж яваа Роберт де Ниро “АВС”-д ярилцлага өгчээ.
Сонин хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй тэрээр Испанийн сэтгүүлчдийг хүлээн авч киноноос гаднах амьдралынхаа талаар ярьсан байна.
Оскарын хоёр удаагийн шагналт Роберт де Ниро “Загалмайлсан эцэг”-ийн Майклын эцгийн залуу цагийнх нь дүрийг бүтээснээс гадна “Охины эцэг”, “Таксины жолооч”, “Казино” зэрэг олон кинонд тоглосон билээ.
-Гудамжинд шүтэн бишрэгчид танд дөхөөд ирэхээр та яадаг вэ?
-Би янз бүр болж маяглаад байдаггүй. Хүмүүс миний тоглож байсан киноны үгийг хэлээд ойртоод ирэхээр инээд хүрээд байдаг юм. Тэд надад хүндэтгэлтэй ханддаг. Заримдаа намайг огт танихгүй шүү дээ. Намайг киноноос өөр газар харах хүсэлгүй байдаг ч юм уу.
-Та жүжигчин болоогүй бол юу хийх байсан бол?
-Би үргэлж жүжигчин болохыг хүсдэг байсан. Арван наснаасаа хойш л ийм хүсэлтэй байлаа. 16 хүрээд жүжигчин болъё гэж эргэлтгүй шийдсэн дээ.
-Анхных нь ямар дүр байв?
-“Озын илбэчин” кинонд хулчгар Леоны дүрд тоглосон.
-Сайн тоглосон уу?
-Олон жилийн өмнө болохоор яаж тоглосноо санадаггүй. Тэр кинонд тоглосон гэрэл зураг ч байхгүй.
-Та их дуугүй, даруухан хүн юм. Ийм хүмүүс кино урлаг руу илүүтэй орсон байдаг нь ямар учиртай юм бол?
-Мэдэхгүй. Заримдаа их атаархуу хүн шиг харагддаг байж магадгүй (инээв). Жүжигчид бид өөрсдийгөө илэрхийлж гаргаж чадахгүй бол галзуурах шахдаг. Жүжигчид, урлагийн хүмүүс, кино найруулагч нар өөр хүмүүсийн амьдралыг амталж, туршдаг. Миний ажлын хамгийн гоё зүйл нь энэ юм даа.
-Та тэтгэвэртээ гарах тухай бодож байсан уу?
-Бүү мэд. Заримдаа толгойд орж ирдэг л юм. Гэхдээ хариулт нь одоогоор алга.
-Гэхдээ л нэг өдөр тэтгэвэртээ гарна даа гэж боддог биз дээ?
-Тийм ээ.
-Тэр хүртлээ хэдэн кинонд тоглох вэ?
-Арав орчим кинонд тоглоно гэж бодож байна.
-Киноны зураг авалт дуусахаар та яадаг вэ. Дараа нь бахдаж харах гэж зургаа ханандаа өлгөдөг үү, эсвэл дахиж харахгүйн тулд хайрцганд хийгээд мартчихдаг уу?
-Зураг авалт дууссаны дараа дэлгэцэнд гартлаа хэсэг хугацаа өнгөрдөг. Хүмүүс миний тоглосон киног үзээд ямар сэтгэгдэлтэй байх нь надад сонирхолтой байдаг. “Таксины жолооч” кино хүмүүст тэгж их таалагдана гэж ёстой бодоогүй. Хүмүүст юу таалагдаж, юу таалагдахгүй байхыг ёстой мэдэшгүй юм байна лээ.
-Та “Таксины жолооч”- ийг хамгийн сүүлд хэзээ үзсэн бэ?
-Олон жилийн өмнө. Зурагтаар гарч байхыг нь тохиолдлоор харчих юм бол хүлээж байгаад зарим хэсгийг нь зориуд хардаг.
-Жүжигчдийн олонх нь цалингаас цалингийн хооронд амьдардаг ертөнцөд саятан байх ямар байдаг вэ?
-“Миний таньдаг баячууд бол миний л хүүхдүүд” гэж Билл Косби хэлсэн байдаг. Тэрэн шиг миний гэр бүл бол баян, азтай, тэгээд л боллоо.
-Зоогийн газрын бизнесээс юу суралцав даа?
-Зоогийн газар ажиллуулна гэдэг амар ажил биш. Гэхдээ би азтай байсан. Эхлээд Ttibeca Grill, дараа нь Locanda Verde гэдэг ресторантай болсон.
-АНУ-аас явбал хаана амьдрах бол?
-Тропикийн дулаан цаг агаартай, далайн эрэгтэй газар л амьдарна даа.
-Интернэт?
-Үгүй.
-Та компьютертэй юу?
-Байхгүй, гэхдээ хэрэглэдэг. Twitter энэ тэр бол мэдэх ч үгүй.
-Гар утсаараа е-mail бичих үү?
-Би iPhone-тай, их зүгээр эд дээ. Мессеж бичнэ, мэйл явуулна. Өөр юм хэрэггүй.
-iPad-тай юу?
-Байна аа. Кино зохиолтойгоо танилцах ч юм уу, цөөн тохиолдолд л хэрэглэдэг. Заримдаа iPhone дээрээ ч зохиолоо уншчихдаг.
-Таныг мафитай холбоотой энэ тэр гэж ярихаар дургүйцдэг үү?
-Мафиудын дүрийг бүтээсэн болохоор л тэгдэг биз. Би ийм дүрд тоглохдоо дуртай.
-Та бодит амьдралд мафийн жинхэнэ гишүүдтэй танил байсан уу?
-Тийм ээ, залуудаа мафийн гишүүдтэй танил явлаа.
-Ямар нэг зартай мафитай танил байсан уу?
-Нэгэн томоохон мафийн толгойлогчийг сайн таньдаг байсан. Тэр одоо бидний дунд алга.
-Таныг Нью-Йоркт Италийн мафиудын дунд өссөн гэдэг үнэн үү?
-Тийм ээ. Нью-Йоркт бүгд л холилддог байлаа шүү дээ.
-Таныг Мартин Скорсез, Аль-Пачинотой хамтран бас нэг мафийн тухай кино хийх гэж байгаа гэсэн…?
-Тийм ээ. Мартитэй (Скорсез) хамтраад мафийн тухай кино хийе гэж ярилцсан. Би нэг ном уншсан юм, мафийн тухай. Тэгээд таалагдаад Мартид өгсөн. Түүнд бас таалагдаад кино зохиол болгох гээд өгчихсөн байгаа.
Н.Мөнхжин