Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оны өмнөхөн “Триннозавр Батаар ганцаараа биш, олуулаа эх орондоо ирнэ” гэж мэдээлсэн. Триннозавр Батаарыг АНУ-ын хилээр хууль бусаар оруулж, дуудлага худалдаанд оруулахыг завдсан Эрик Прокопи мөрдөн байцаалтын явцад Монголоос гаралтай өөр таван үлэг гүрвэлийн ховор олдвор байгааг мэдүүлсэн гэнэ. Тодруулбал, нэг Триннозавр, хоёр Сауролофус, хоёр Овираптор нэртэй үлэг гүрвэлийн яс нэмэгдсэнээр Триннозавр Батаар зургуулаа эх орондоо ирэх нь. Тиймээс Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй эдгээр ховор олдворыг хэзээ Монголд авчирах, цаашид палеонтологийн олдвороо хэрхэн хамгаалж, хадгалах талаар салбарын яам нь ямар ажил хийхээр төлөвлөсөн тухай ярилцлаа.
-Ерөнхийлөгч шинэ жилийн өмнөхөн “Монголчууд дэлхийгээр нэр нь түгсэн үзмэртэй боллоо. Сүхбаатарын талбайн урд талын цементлээгүй хэсэгт түр зуурын үзмэрийн байшин бариад жуулчдад үзүүлье. Ингэснээр Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ” гэж ярьсан. Салбарын яам Ерөнхийлөгчийн энэхүү саналыг ажил хэрэг болгоход хэрхэн анхаарч байна вэ?
-Манай яаманд гурван ажлын хэсэг гарсан байгаа. Эхний ээлжинд Америкаас авчрах “Т батаар”-уудыг зуны аялал жуулчлалын сезон эхлэхээс өмнө байрлуулах түр музей байгуулна. Үүнийг хариуцах ажлын хэсэг байгуулсан. Яамны Төрийн нарийн бичгийн дарга ахлан ажиллаж байна. Тэд нийслэлийнхэнтэй уулзаж газрын зөвшөөрөл авах, түр барилга байгууламж барих компаниа шалгаруулах, зураг төсөл гаргах ажлаа хийж эхэлсэн байгаа. Мөн түр музей байгуулахад зарцуулах хөрөнгө мөнгө гаргуулах тогтоол, шийдвэрийн төсөл бэлтгэх ажил хийж байна. Цаашид манай улсад палеонтологийн хэд хэдэн музей байгуулах шаардлагатай байгаа.
-Тухайлбал, хаана байгуулах вэ. Төв аймгийн Сэргэлэн суманд палеонтологийн музей барих тухай сураг дуулдсан?
-Үлэмж биетний өргөө гэсэн палеонтологийн томоохон музей байгуулъя гэж байгаа юм. Тиймээс газар олгооч гэж Төв аймгийн Сэргэлэн сумын шинээр сонгогдсон Засаг даргад бичиг явуулсан. Газрын асуудал шийдэгдчихвэл музей байгуулах, зураг төсөл зохиох ажлаа эхлүүлнэ. Зураг төсөл зохиох, газрын зөвшөөрөл хөөцөлдөх ажлын хэсгийг дэд сайд ахалж байна. Монгол Улсад палеонтологийн үндэсний томоохон парк хэрэгтэй байгаа. Энэ паркийг Дундговь аймагт байгуулъя гэж удирдлагууд нь манай яаманд хандсан. Ялангуяа, энэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү энэ ажилд идэвх, санаачилгатай оролцож байна. Газрын зөвшөөрөл авах, зураг төсөл гаргах баг бүрдүүлэх гэж байгаа. Мөн Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ, Баярсайхан нартай үлэг гүрвэл судалдаг судлаачид, шинжлэх ухааны нээлт хийсэн эрдэмтдийн музейг Өмнөговьд байгуулья гэж ярилцсан. Судлаачдын түүхээр дамжуулж, шинжлэх ухаанд хүмүүсийг дуртай болгох, нутгийн эрдэс баялгийг орон нутагт нь үнэлж мэддэг болгох ажилд хувь нэмэр оруулъя гэж ярьж байгаа. Орон нутгаас Төв, Дундговь аймгийн удирдлагууд музей, паркаа манайд байгуулж, яамны бодлогоо хэрэгжүүлээч гэж хандсан байгаа.
-Ер нь, манайд палеонтологийн олдвороо тоолсон тохиолдол бий болов уу?
-Өмнө нь, манайд палеонтологийн олдворын музей байгуулж байгаагүй юм билээ. Маш олон палеонтологийн олдвор олддог ч тэр нь музейд ордоггүй. Тиймээс музейн тооллогод хамрагдаж байгаагүй юм билээ. Энэ бол дэндүү харамсалтай асуудал. Тийм учраас л бид яаралтай палеонтологийн музейтэй болох хэрэгтэй байна. Палеонтологийн үзмэрийн нэг онцлог бол музейн үзмэр мөртлөө судалгааны объект байх ёстой. Тиймээс тухайн үзмэрийг судлах нөхцөл бололцоо хангасан тийм музей байгуулахыг зорьж, ажиллаж байна. Ямар ч байсан эхний ээлжинд түр музей байгуулж, “Батаар ба түүний нөхөд”-ийг энэ зун ард түмэндээ, судлаачид болон жуулчдад үзүүлэх бэлтгэл ажлаа хийж байгаа.
-“Батаар ба түүний нөхөд” яг хэзээ гэхэд эх орондоо ирсэн байх вэ?
-Хавар Америкт очиж, хүлээн авах ажиллагаанд оролцоно гэж бодож байна. Энэ тухай хүсэлтээ Гадаад харилцааны сайд болон Засгийн газарт өгсөн. “Триннозавр Батаар”-ыг манай Засгийн газарт хүлээлгэн өгснөөс хойш нааш нь тээвэрлэж авчрахад багагүй хугацаа шаардагдах байх. Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн тавдугаар сарын 18-нд Батаар бол Монголоос гаралтай үлэг гүрвэлийн яс. Дуудлага худалдаанд битгий оруулаач гэсэн мэдэгдэл хийж байсан. Тиймээс нэг жилийн ойд нь ямар ч байсан эх орондоо авчирна гэдэгт итгэлтэй байна.
-Түр музей байгуултал АНУ-аас авчрах үлэг гүрвэлийн олворуудаа хаана байрлуулж, хадгалах вэ?
-Полеонтологийн чиглэлийн музейгүй учир музейн зориулалттай, стандартад нийцсэн барилга байгууламж хайх ажил хийлээ. Бид энэ ажлынхаа хүрээнд Лениний музейг судаллаа л даа. Тэгээд МАН-д хүсэлт явуулаад сар болж байна. Ө.Энхтүвшин даргыг хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж, палеонтологийн олдвороо Лениний музейд хадгалах талаар хамтран ярилцах хүсэлт гаргасан юм.
-Хариу өгсөн үү?
-Одоогоор хариу ирээгүй байна. МАН-ынхан харилцан ярилцах, хамтарч ажлын хэсэг гаргах сонирхолгүй байгаа бол энэ асуудлаар Засгийн газарт хандах алхам хийнэ. Тиймээс Лениний музейн түүхийг судлаж байна.
-Уг нь, энэ музейг улсын өмч гэж ярьдаг юм билээ?
-Миний олсон баримтуудаас үзвэл, Лениний музейг 1980 онд ашиглалтад оруулсан байна. Ашиглалтад оруулахаас өмнө олон жилийн турш улсын төсөвтөө Лениний музейг тусгаж ирсэн байна. Улсын төсвийн хөрөнгөөр тодруулбал, тухайн үеийн Соёлын яамны төсвийн ихэнх мөнгийг олон жил дараалан хуваарилж байж, энэ музейн барилгыг барьсан юм байна. Тухайн үед Соёлын яамны Барилга захиалагчийн товчоо зураг төслийг нь гардан хийж, бариулсан. Бүр доторхи Лениний үзмэрүүдийг мөнгө төлж, Ленинград хотын үйлдвэрт хийлгэж, байрлуулсан юм билээ. Тэгэхээр бүх үзмэрийг нь улсын төсвийн мөнгөөр худалдаж авсан, зураг төсөл хийлгэж, барилгыг нь бариулсан. Өөрөөр хэлбэл, 100 хувь улсын төсвөөр босгосон музей. Энэ музейн талаар хүмүүс өөр өөр ойлголттой байдаг учир Засгийн газарт нэгдсэн ойлголт өгөхөөр мэдээлэл баримт цуглуулаад явж байна. Ойрын үед МАН-аас хариу өгөхгүй бол Лениний музейн асуудлыг Засгийн газарт оруулна. Эх сурвалж: www.assa.mn