Дуурь бүжгийн эрдмийн театрынхан Австрийн нэрт хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийг дахин амилуулах гэж байна. 1993 онд анх удаа тус театрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар дэлхийн сонгодог хөгжмийн эрхэмсэг ханхүү Вольфганг Моцартыг эх орондоо урин авчирсан нь “Увидаст лимбэ” дуурийг найруулан тавьсан явдал байлаа. Уг дуурь нь Австрийн үндэсний уламжлалт хөгжмийн театрын зиншпиль хэмээх төрөл бөгөөд эх үндэс нь мөн л Моцартаас гаралтай. Энэ сарын 13-нд тус бүтээл Монголд тавигдсаны 20 жилийн ой тохиох юм. В.Моцартын “Увидаст лимбэ” дуурь нь аль ч улс оронд тавигдсан өөрийн гэсэн мөнхөд тайлагдашгүй олон нууцуудыг дагуулж явдаг бөгөөд хүний амьдралын тухай эрэгцүүлэл, сэтгэлгээг тухайн үзэгч өөрийнхөөрөө хүлээн авдаг мөнхийн шинжээ хадгалсаар үзэгчдээ хүлээж байна.
Тус театрт олон арван дуурь тавигдсан байхын зэрэгцээ энэхүү дуурийн хувьд найруулагчийн сонголт нь биеэ даасан симфони удиртгал, дуулаачийн дуэт, терцет, квартет, квинтет, найрал дуу, үйл явдлынхаа гол утга, зангилааг яриан хэлбэрээр илэрхийлдэг хөгжмийн театрын төрөл болох Австри-Германы зингшпилийг сонгосон байдаг нь ард түмэн рүүгээ хандсан шийдэл байсан билээ. Дуурийн вокалын болон хүүрнэл яриан цомнолыг өөрөө орчуулсан бөгөөд Монголын ардын аман зохиолын шүлэглэх уламжлалыг ашигласан байдаг.
Хөгжимчид, дуучдын мэргэжлийн ур чадварыг илэрхийлэх техникийн боломжийг Моцартын шаардлагын дагуу хэвээр үлдээж тайз, декораци, хувцас чимэглэл, тавилтыг Монгол маягаар шийдсэн нь тухайн үедээ маш их шуугиан тарьж байсан ч Моцартын эх орны уран бүтээлчид гайхалтай сайхнаар хүлээн авч Азийн уран бүтээлчдийн сэтгэлгээний онцлогийг цохон тэмдэглэж байсан түүхтэй. Анхны тавилтын үед хөгжмөөс бусад нь Монгол үндэсний уран бүтээл шиг мэдрэмж төрүүлж байсныг тухайн үеийн үзэгчид дурсах дуртай
Зохиолын сэдвийг Моцартын үеийн Австрийн театр, нийгмийн нэрт зүтгэлтэн Шиканедер гэгч хүн К.Виландагийн (1733-1813) “Джиниистан буюу сайхан сэтгэлт хатагтай ба сүнснүүд” хэмээх уран зөгнөлт туульсын түүврээс авсан байна. Энэ түүвэр 1786-1789 онд хэвлэгдэн гарсан байжээ. Шиканедер энэ сэдвийг тэр үеийн ардын шидэт аман зохиолтой уялдуулан холбож чадсан билээ. Цомнол анхнаасаа герман хэл дээр бичигдсэн бөгөөд үйл явдлууд,баатрууд бүгд нууцлаг ертөнцийг эрэгцүүлсэн хэлбэртэй уран сэтгэмжийн аргаар бүтээгджээ. Үлгэрийн гэмээр энэхүү гэнэн сэдвийг Моцарт хөгжүүлэн хүний зан араншин ёс суртхууны асуудлыг хөндсөн гүн гүнзгий философын эрэгцүүлэл болгон хөгжим бичжээ. Гүн ухааны соён гэгээрүүлэх сургаалиудаас тэр хүмүүсийн нөхөрлөл, сайн санааны эх үүсвэр, хүний төгс төгөлдөр оюун, эрдэм ухааны хүчинд хүний дотоод ертөнц гэрэл гэгээтэй болдог байгал ертөнцийн хууль зэргийг онцгойлон гаргах зорилгыг агуулжээ
Энэ бүтээл нь хэдийгээр хүн төрөлхтний хүсэн хүлээдэг гэнэн мөрөөдөл байсан ч асар их энэрэнгүйн санааг өөртөө бүрэн агуулж чадсан билээ. Түүнээс гадна уг зохиол шашны зан үйл болон бэлэг тэмдгүүдийг голчлон хэрэглэгдхүүнээ болгосон байдаг нь Моцарт, Шиканадер хоёулаа Масон шашны нийгэмлэгийн гишүүн байсантай холбож үздэг. Энэ нийгэмлэг нь Австрийн олон арван шилдэг хүмүүсийг эгнээндээ нэгтгсэн бөгөөд дэлхий дахиныг соён гэгээрүүлж дундад зууны бурангуй үзлээс хүн төрөлхтний оюуныг аврахыг агуу эрмэлзлэлийг өөртөө шингээсэн байдаг.
Моцартыг нас нөхцсөнөөс хойш 3 жилийн дараа Австрийн эзэн хаан 2-р Леапольд Масон шашны нийгэмлэгийн үйл ажиллагааг бүр мөсөн хаасан билээ. Гүн ухааны соён гэгээрлийн оргил болсон “Увидаст лимбэ” дуурь нь тухайн үеийн дэвшилтэт хүмүүсийн анхаарлыг гойд татаж байлаа. Агуу Гете хүртэл энэ бүтээлийг маш халуунаар хүлээн авсан бөгөөд өөрийн “Фауст” дуурийнхаа 2-р хэсэгтэй зүйрлэж “Увидаст лимбэ” дуурийн үргэлжлэлийг бичихээр үзэг бэхээ хурцалж байсан гэдэг.
Моцартын шийдэл нь сайн сайхан нийгмийн тухай мөрөөдлийг гэнэн хошигнол, амьдралд байдаг үл ажиглагдам жижиг тохиолдлууд болон ахуйн шүүмжлэлтэй уран аргаар холбож өгсөн юм. Уран сэтгэмжит дүрүүдээр дамжуулан энгийн хүмүүсийн бодол санаа, сэтгэлгээг тодруулсан байдаг.
Үлэмж саруул ухааны удирдагч ,соён гэгээрүүлэгч Зарастрогийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа оюун ухаан, тэсвэр тэвчээрийн сорилго, өс хонзон өвөрлөгч, хэрцгий шунахай Шөнийн хатны хүсэл, зөвхөн шудрага үнэн гэдгийг эрж олохын тулд яахаас ч буцахгүй анх удаа ертөнцийг шинээр цэцэглүүлэх насан дээрээ байгаа залуу хос Тамино, Памина нарын цэвэр ариун хайр сэтгэл, хар буруу санаагүй, тусархуу сэтгэлтэй, хээгүй бор эр Папагеногийн гэр бүлийн тухай мөрөөдөл, хүмүүсийг зөв зам руу хөтлөгч шидэт 3 мэргэн хүүгийн сануулга, хэдийгээр хатуу ширүүн алба хаадаг боловч эмэгтэй хүнийхээ зөөлөн ертөнцийг хүсэгч 3 бүсгүйн аргагүй байдал, хэдэр зожиг зөвхөн хар амиа бодогч, олон нүүрт санаа муут Моностатосын учруулж буй гай зэргийг маш товч бөгөөд тодорхой гаргаж зуун зууны үзэгчдэд амьдралын тухай зөв эрэгцүүллийг өгч ирснээрээ энэ бүтээлийн агуу санаа мөнх юм. ”Увидаст лимбэ” дуурь нь 1791 оны 9 сарын 30-нд Вена хотод анхны тоглолтоо хийсэн бөгөөд түүнээс хойш 2 сар хагасын дараа агуу Моцарт хүн төрөлхтнийг үүрд орхижээ.
Монгол дахь анхны тавилт мөн энэ бүтээлийнхээ үйл явдалтай адил зах зээлийн хатуу ширүүн үе рүү Монгол улс дөнгөж орж байгаатай таарснаас гадна шинэ хуучин нийгэм дамжиж буй ахмад залуу хүмүүсийн сэтгэлгээний зөрчилдөөн дунд багагүй саад бэрхшээлийг даван туулж амжилттай тавигдаад харамсалтай нь тоглогдохоо больсон байдаг. Энэ тавилтын ерөнхий найруулагч нь Г.Эрдэнэбаатар, ерөнхий удирдаач нь МУУГЗ. Ц.Баатаржав, ерөнхий зураач нь Б.Баатарсүрэн, ерөнхий хормейстер нь Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Д.Лувсаншарав байснаас гадна гол дүрүүдэд АЖ. Б.Жавзандулам, АЖ. Ч.Мөнхшүр, УГЖ. Д.Ганхуяг, УГЖ. Б.Цэцэгээ, УГЖ. Ц.Түвшинтөгс, УГЖ. А.Дашпэлжээ, УГЖ. Б.Дамдинсүрэн, СТА, Ц.Ерөө, СТА. Ж.Цэцэгээ, СТА. Н.Төмөр-Очир нар тоглож байжээ. 2000 оноос найруулагч Г.Эрдэнэбаатар дахин шинэчилж тавихаар шийдсэн байх бөгөөд “Монголын дуурийг дэмжих Германы анд нөхдийн холбоо”- ны нөхдүүдтэй хамтран дуулах үгийг герман хэл дээр ярих үгийг Монгол хэл дээр, мөн төгсгөлийн ёсолгоог 8 бяцхан дэгдээхэйгээр шийдсэн мөн л гайхалтай амжилтыг дагуулж чадсан билээ. Шинэ тавилтын ерөнхий найруулагч нь Г.Эрдэнэбаатар, ерөнхий удирдаач нь МУУГЗ. Н.Туулайхүү, ерөнхий зураач нь Г.Ганбаатар, ерөнхий хормейстер нь Н.Дашбямба, гол дүрүүдэд Ө.Уянга, Н.Туяа, Ц.Доржсүрэн, Ц.Баттөр, Б.Баттөр, Ч.Чинзориг, Б.Батмэнд, З.Оюунбилэг, Д.Туяа, Р.Доржхорлоо, М.Даариймаа нар тогложээ.
2013 оны 1 сарын 13 нд тус бүтээл Монголд тавигдсаны 20 жилийн ой тохиох гэж байна В.Моцартын “Увидаст лимбэ” дуурь нь аль ч улс оронд тавигдсан өөрийн гэсэн мөнхөд тайлагдашгүй олон нууцуудыг дагуулж явдаг бөгөөд хүний амьдралын тухай эрэгцүүлэл, сэтгэлгээг тухайн үзэгч өөрийнхөөрөө хүлээн авдаг мөнхийн шинжээ хадгалсаар үзэгчдээ хүлээж байна.
Г.Болор