“Гангнам” дүүрэг буюу ядуусыг баяжуулсан хогийн сав
Дэлхийг байлдан дагуулаад байгаа Гангнам стиль гэдэг дуу өнөөдөр нийслэлийн ултөрчдийн анхаарлын төвд байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ дууг захиалж хийлгэсэн хэмээн зарим улстөрчид хошигнодог. Учир нь 100 жил хөгжүүлэх гээд чадаагүй нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх тухай санал гарч байхад ихэнх хүмүүс үлгэр хэмээн шоолж байсан.
Харин солонгос залууг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга даган баяссанаар манай залуучууд төдийгүй улстөрчид тус дуучныг сонирхож эхэлжээ. Сонирхолтой нь тус дуунд өгүүлсэн Гангнам дүүрэг нь нийслэлийн Засаг даргад маш чухал сурталчилгаа хийхэд хэрэг болж байна. Гэр хорооллыг гангнам дүүрэг болгоно гэхэд захын хүн хотын захирагч юу ярьж байгааг төвөггүй ойлгоно. Тэр нь манай гэр хороололтой харьцуулахад гахайн байртай төстэй хороолол байсан гэдгийг зургаар харуулна.
“Гангнам” дүүрэг 30 жилийн өмнө хогийн савнаас дээрдэх юмгүй газар байсан гэнэ. Тэнд манай Чулуутын хогийн дээр амьдардаг улсуудтай адил солонгосын ядуу иргэд амьдарч байсан аж. Сөүлын улстөрчдийн хамгийн том шүдний өвчин. Коммунист лагерь хөрөнгөт ертөнцийг шүүмжлэх хамгийн сайхан бай. Тухайн үедээ тус дүүрэгг бичиг үсэгтэй бүү хэл бүрэн биеэ халхалсан хувцастай хүн цөөхөн байсан гэнэ. Нас барагсдыг оршуулах тухай биш түргэн шатааж, салахын түүс. Өвчлөл, гэмт хэрэг хянах аргагүй. Тухайн үедээ хааш хаашаа долоон км хүрэхгүй энэ дүүргийн нутаг 600 мянга гаруй хүн амьдарч байж. Харин өнөөдөр сая шахам хүнтэй, БНСУ-ын хамгийн том хөрөнгө оруулалтай дүүрэг болжээ. Сөүлийн энэ дүүрэгт нэг метр газар 10 мянган ам.доллар.
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хамгийн өндөр. Сөүлийн зургаан том бизнес төвийн гурав нь тус дүүрэгт байрлана. 30 жилийн өмнө тус дүүрэгт амьдарч байсан ядуус өнөөдөр бүгд биш гэхэд ихэнх нь солонгосчуудын дунджаас дээгүүр амьжиргаатай болсон гэдэг. Тус дүүрэг нь солонгосчуудын бахархал болоод зогсохгүй, хүүхэд залуусын итгэл найдвар болгох зорилгоор төр захын нэг дуучныг ивээн тэтгэж дэлхийг шуугиулж байгаа гэнэ.
Улаанбаатарын “Гангнам”хэзээ босох вэ?
Өнөөгийн техник, технологийн түвшнээр тооцвол нийслэлд гуравхан жилийн дотор хэд хэдэн “Гангнам” барих боломж бий. Бурханы авралаар монголын эдийн засаг урьд, хожид дуулдаагүй хурдаар томорч байна. Гадныхан монголчуудыг эсгий, утаанаас салахад туслахад бэлэн гэнэ. Засгийн газар бондоор хэд хэдэн тэрбум ногоон босгох боломжтой. Дэлхийн санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад тууштай оролцох санал нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд ирүүлсээр.
Өөрөөр хэлбэл Гангнам хороолол барихад санхүүгийн бэрхшээл алга. Мэдээж энэ их бүтээн байгуулалтыг хийхэд орчин цагийн өндөр техник, тоног төхөөрөмж, боловсон хүчин шаардлагатай. Энэ бүхэнд манай барилгын компаниуд бэлэн үү гэсэн асуулт гарна. Байнга осол гаргаж байдаг барилгын компаниудыг энэ том бүтээн байгуулалтад оролцуулах уу гэдэг асуулт гарна.
Орууллаа гэхэд нөгөө компаниуд монгол ажилчидтай юу, хятадуудыг урих уу гэх хардлага төрнө. Оюутолгойн байгууламжийг барьж байгаа ихэнх барилгачид нь хятадын харьяат. Оюутолгойн удирдлагын тайлбараас харвал тэднийг буруутгах арга байхгүй. Монголчууд барилгын ажилд хятадуудыг давахгүй гэдэг нь олон жилийн турш батлагдсан. 40,50 мянгатын хуучин орон сууцнууд, Засгийн газрын ордон, Улсын их дэлгүүр, Энхтайвны гүүр зэрэг байгууламжийг хятадууд барьсан гэдэг. Тэр нь өчигдөр ашиглалтад орсон барилгуудаас чанартай байх нь олон.
Нэгэн барилгын компанийн захирлын ярьснаар бол монгол залуус барилгын ажилд муу, цалингаа авахаар алга болчихно, архи ууна, барилгын материалаа зарна. Тиймээс хятадуудыг ажиллуулах сонирхолтой байдаг гэнэ. Харин нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн үзэж буйгаар бол монгол залуус гадаадад гарахаараа хамгийн хямд, өндөр бүтээмжтэй ажилчинд тооцогдоно. Ажиллахгүй байгаа шалтгаан нь цалин бага байгаад гэнэ. Хэрэв хоёр жил ажиллаад байрны мөнгө хийх цалинтай бол монголчууд ямар ч ажил хийхэд бэлэн. Энэ бол манай барилгын салбарын хамгийн том бэрхшээл. Компанийн захирлууд ажилчдын цалинг нэмж болно. Тэглээ гээд бүтээмж, чанар нэмэгдэхгүй гэж үзэж байна.
Хугацаа алдах нь их хэмжээний алдагдал хүлээхээс гадна, барилгын зардал нэмэгдсэнээр иргэдийн худалдан авах чадвараас орон сууцны үнэ давна. Гэтэл “Гангнам” дүүрэг барихад багаар тооцоход 40-өөд мянган барилгын нарийн мэргэжилтэн шаардлагатай. Нийслэлд баригдаж байгаа цөөн тооны хэдэн барилгуудыг барьж байгаа компаниуд ч өнөөдөр мэргэжлийн ажилчдаар хангагдаж чадаагүй гэнэ.
Эндээс харвал үндэсний компаниудаар “Гангнам” хорооллыг бариулна гэдэг нь багагүй хэмжээний асуудал үүснэ. Гэхдээ энэ бүхнийг шийдэх гарц нийслэлд бий гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мэдээж том хэмжээний бүтээн байгуулалт зураг төсөл гээд маш их цаасны ажил ундарна. Энэ бүхнийг хийхэд гадны байгууллагууд туслахаа илэрхийлсэн гэдэг.
Дотоодын компаниуд ч чамгүй туршлага хуримтлуулсан аж. Гэхдээ хороолол барьж эхлэх хугацаа дөрөвдүгээр cap. Зураг төсөл нэг өдөр хийдэг ажил биш. Энэ утгаараа өнөөдөр зарим хорооллын зургийг хийгээд дууссан байх учиртай. Монголд барилга хугацаа 4-11 cap байдаг гэнэ. Энэ хугацаанд гэрээр жишвэл дээвэр туургаа нөмөргөж амжих ёстой. Тэгж байж л бид гурван жилийн дотор гэр хорооллыг барилгажуулах боломжтой аж.
“Гангнам” барихад юу саад болох вэ?
Нийслэлийн удирдлагууд Гангнам барихад бэлэн болсон тухайгаа зарлаж байна. Тэд Засгийн газар болон гадны байгууллагуудаас хангалттай хөрөнгө босгож чадна. Нийслэлийн төр захиргааны бүтцийг ч Гангнам хороолол байгуулахад зохион байгуулж байна. 100 жил хийж чадаагүй их бүтээн байгуулалтыг дөрвөн жилд амжуулах тухайгаа Э.Бат-Үүл баатар зарласан. Энэ том амлалтыг түүнээс өөр хэн ч өгч зүрхлэхгүй. Гэхдээ урьд өмнө БНСУ, БНХАУ, Арабын Эмират, Казакстан зэрэг хүчирхэг орнуудаас өөр хэн байгуулж байгаагүй том хэмжээний бүтээн байгуулалтын өмнө монголчууд зогсч байна.
Туршлагааас эхлээд сэтгэхүйн томоохон өөрчлөлт хийж байна. Энэ бүхний ард гарна. Төр засаг өөрсдөөс шалтгаалах зүйлээ үндсэндээ хийсэн үзэж болно. Харамсалтай нь гэр хорооллынхон үүнд бэлэн эсэх нь эргэлзээ төрүүлнэ. Саяхан Чингэлтэй дүүрэгт болсон гэр хорооллынхонтой хийсэн уулзалтыг манай сонин сурвалжилсан. Иргэдийн асуултаас харахад гэр хорооллынхон “Гангнам” хороолол барих тухай анхан шатны мэдэгдэхүүнгүй байгаа нь мэдэгдэж байсан.
Нуулгүй хэлэхэд тэд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ирээд байшин бариад өгөхийг хүлээж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Үнэн хэрэгтээ Э.Бат-Үүл тэдэнд хауз ч юм уу, нийтийн байр амлаагүй. Гэр хороолол руу инженерийн байгууламж татаж өгөхөө амласан. Ингэснээр хашааны газар үнэд орж хауз барих зээл авах барьцаатай болох боломжийг санал болгосон. Харин түүний амлалтаас хойш иргэдэд санхүүгийн боломж бүр их нэмэгдэж байна. Зарим барилгын компаниуд газраар байр солих санал тавьж байгаа бол зарим өрхүүдийн нэгтгэсэн газраа багахан хэсгийг аваад оронд иргэдэд үнэгүй байр барьж өгех төсөл боловсруулж байна.
Цахилгаан, дулаан, замаар хангах нь төрийн үүрэг. Цэцэрлэг, сургууль, эмнэлгээр хангах нь ч төрийн асуудал. Өнөөдөр төрд нийгмийн асуудлыг шийдэх боломж бий. Баянхошуу, Амгалангийн эцэст сургууль барих асуудлыг төр шийдэж чадна. Гэтэл ганц шийдэж чадахгүй зүйл нь гэр хороололд шигсэн өрхүүд. Тэдний дунд цэцэрлэг барих нь бүү хэл зам тавих зай байхгүй. Төр засаг энэ бүхнийг шийдэх ямар ч боломжгүй. Гэхдээ энэ бүхнийг шийдэх эрх боломж, эрх зөвхөн гэр хорооллын өрхүүдэд өөрсдөд нь"бий. Г эр хорооллынхон газраа нийлүүлээд хоёр давхар, 70-90 метр талбайтай орон сууцны байшин бариад орчиход л, үлдсэн талбай дээр зам бүү хэл спорт танхим барих хэмжээний талбай суларна.
Олуулаа хорших тусам ямар тохижилт хийх боломжтой талбай бий болно. Гэр хорооллынхон зөвхөн саналаа нэгтгээд өгчихөд л маргаашнаас ажил эхэлнэ. Удах тусам нүүрс түлэх хугацаа уртасна. “Гангнам” барьж эхлэхэд энэ бүхэн өнөөдөр гацаа болж байгаа гэнэ. Энэ боломжийг гэр хорооллынхон ашиглаж чадахгүй байгаа гэнэ.
Х.Баттөгс