Билгүүн номч Б.Ренчин гуай “Ану хатан” өгүүллэгийнхээ төгсгөлд “Хэрэв миний бие гүйцэх юм бол эх оронч монгол эмэгтэйн тухай роман бичнэ” хэмээсэн байдаг. Тэнгрээс илгээсэн түүний “зарлиг”-аар зохиолч Б.Шүүдэрцэцэг баатарлаг эмэгтэйн тухай түүхэн роман туурвиж, жүжиг тавьж, төд удалгүй уран сайхны кино бүтээж ирлэсэн сэлэм шиг гялалзаж явна. Ану хатны түүхийг кино хальсанд мөнхөлж буй найруулагч Т.Алтантуяатай ярилцлаа.
-Төмөрбаатарын Алтантуяа гэж хэн бэ. Хаанаас гэнэт гарч ирэв. Арын хаалгаар киноны найруулагчийн эрх авчлаа. Түүхэн кино найруулах хэмжээнд хүрсэн үү гэх мэтээр урлагийнхан дунд жиг жуг яриа яваад байх юм ?
-“Шүүдэр” продакшны жүжигчдийн хүсэлтээр “Ану хатан” киноны найруулагчийг сонгож шалгаруулсан. Тэрнээс “Би түүхэн киноны найруулагаар ажилламаар байна” гэж бүдүүн зүрх гаргах зориг лав надад байгаагүй. Олон сайхан уран бүтээлч миний чадварт итгэж байхад тэр хүмүүсийн итгэлийг би даахынхаа хэрээр үүрэх ёстой гэж өнөөдрийг хүртэл зүтгэж ирлээ. Монголын киноны түүхэнд найруулагчаа жүжигчид нь сонгодог ийм тохиолдол гарч байгаагүй юм билээ.
– Таныг эмэгтэй жүжигчин, найруулагч нарын өмнө гишгэж түүхэн кино хийчлээ гэлцэх юм. Та энэ киног хийснээр биеэ хэр тоож байх юм бэ?
-Би өөрийгөө “тийм хэмжээнд хүрчлээ” гэж тодорхойлох нь хаашаа ч юм бэ. Хоёрт, энэ кино зохиолыг роман болохоос нь эхлүүлээд хамгийн анх уншиж, би бүхий л ажилд нь хутгалдаж ирсэн. Жүжиг байхад нь үзэж, клип хийхэд нь байлцаж судалгаа хүртэл хийж байсан учраас миний хувьд “Ану хатан” киноны найруулагчаар ажиллах нь хүндэтгэлийн ажил юм. Түүхээ судлана. Олон зохиол уншинэ гэх мэтээр ажил ихт байсан тул хамгийн ойр буух хүн нь би байсан бололтой. Энэ бол тэнгрээс надад ногдсон хувь заяа юм болов уу гэж би боддог юм. “Ану хатан” түүхэн уран сайхны киноны зураг авалтаа өндөрлөж трэйлер танилцуулах ёслолд бид бэлдээд завгүй байна даа. Ихэнх ажлынхаа ард манай баг гарчлаа.
-Ойрын хэдэн жил монгочууд ийм том хэмжээний түүхэн кино бүтээгээгүй учраас мэдээж маш их зүйлийг шаардаж таарах уу?
-Одоогоос 306 жилийн өмнөх үйл явдлыг зураглан хүргэнэ гэдэг мэдээж хүнд. 1696 онд Тэрэлжийн Зуунмод хэмээх газрыг дүрслэх амаргүй. Тэр үеийн Манжийн цэргийн бүслэлтийг сэтэлж эр нөхөр, эх нутгийнхаа газар шорооны төлөө халуун амиа алдсан чин зоригт Ану хатны тухай кино өөрөө тэр чигээрээ Монголын түүхийн нэг хэсэг. Уран бүтээлээ тэр цаг үед нь аваачиж хийнэ гэдэг бас ур ухаан, авхаалж самбаа, хурд, тэвчээр, туршлага шаардсан амаргүй л дээ. Гэтэл өнөөдөр бид киноныхоо трэйлерийг танилцуулахад бэлэн болчихсон сууна. Урлагийн зарим нэг хүн дан ганц миний тухай бус энэ киноны уран бүтээлчдийг янз бүрээр л хэлж, оролдож байна. Тэгэхээр бид сүрхий ажиллаад байгаа юм биш үү. Тиймээс бусдын хараа, анхааралд өртөж, сайн муу үг дуулж байгаа биз. Манай баг шиг гар, сэтгэл нийлж ажилласан уран бүтээлчид маш ховор шүү.
-Магадгүй Ану хатан тэнгрээс та бүхнийг ширтэж, монголчуудын өвөг, дээдсийн сүнс, сүлд энэ уран бүтээлийг түргэн, сайхан бүтээл болоосой, босоосой хэмээн дэмжиж байгаа болов уу?
-Түүхэн уран бүтээл өөрөө амьтай, сүнстэй байдаг шүү. Хүссэн хүн бүр ийм хэмжээний уран бүтээл хийж чаддаггүй болов уу. Тэр уран бүтээлийг хийх ёстой уран бүтээлчид цаанаасаа “дээд тэнгрийн захиалгаар” төрдөг байх. Тухайлбал, Мандухай цэцэн хатны дүрийг бүтээх гэж жүжигчин Н.Сувд төрсөн гэж би боддог. Энэ уран бүтээл дээр ажиллах ёстой гэж бүхий л сүрхий уран бүтээлчийн нэр дуулдсан.
-Энэ үеийн хүмүүс бясалгадаг, сүнсээ хөгжүүлнэ гэх мэтээр их сонин зүйл ярьдаг, хийдэг болж. Түүхэн цаг үед амьдарч байсан тэдгээр алдартнууд бидний дунд, өөр хүний биед оршиж амьдарч байж таарах уу?
-Сүнсний тухай яриаг би үгүйсгэхгүй. Би шашинд гүнзгий автсан хүн биш. Гэхдээ олон зүйлийг харж байхад сүнсний тухай ойлголтыг үгүйсгэх аргагүй юм. Арга мухардаж, ясандаа тултал ядарч байж бид энэ уран бүтээлийн ард гарлаа. 600 орчим хүнийг нэгтгэж нэг зохион байгуулалтад оруулах хүнд. Хүссэн хэмжээнийхээ уран бүтээлийг тэндээ маш бага хуагцаанд гаргана гэдэг бас хэн дуртай хүний хүслээр бүтчихдэггүй ажил юм. Бид киноныхоо зураг авалтыг дөрвөн сарын дотор амжууллаа. Эвлүүлэг хийж байхад манай баг хамт олон маш өндөр зохион байгуулалттай ажилласныг харлаа. Монголын киноны түүхэнд байгаагүй богино хугацаанд чанартай зураг авалтыг бид хийж чаджээ, хамт олноороо бахархах сэтгэл төрсөн шүү. Манай кинонд ахмад туршлагатай жүжигчид, найруулагчаас эхлээд дөнгөж сургууль дүүргэсэн залуус ч багтсан. Энэ киноны ажлаараа бид мэргэжилтнүүдээ богино хугацаанд давхар сургаж авлаа. Тэрнээс биш хэдхэн хүний амны зугаагаар энэ том ажлыг баллуурдах боломжгүй юм. Жингийн цуваа явдгаараа л явна. Жингэр хуцаад л хоцроно гэсэн үг бий дээ.
-Аливаа уран бүтээл санхүүжилтгүйгээр нэг ч алхам урагшилдаггүй. Улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүй ажил амжуулахад бас зовлон бий биз?
-Шүүдрээ бид хоёрыг нэг ч төгрөггүй байж энэ ажлыг эхлүүлж байснаа дурсахад хүмүүс гайхдаг юм. Гэтэл киноны маань санхүүжилт өнөөдрийн байдлаар бараг л тэрбум гарч байх шиг. Энэ том давааны цаана гарах том ажлыг манай киноны ерөнхий продюсор Д.Болдхуяг нугалалцсан гэж хэлж болно. Монголчууд Д.Болдхуягийг ямархуу ажил хийдэг, хэр чадалтай залуу гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэддэг болсон байх. Дээр нь кино төслийн маань зохиолч, продюсор Б.Шүүдэрцэцэг ихэнх хүнд асуудлыг цэгцэлж, нуруундаа үүрч бидний ажлыг маш хурдан, хөнгөн хийх боломжийг гаргаж өгсөн. Монголын түүхэн киноны орон зайг өөрчилж, шинэчилж, анхдагч болох олон алхамыг бид хийлээ. Урлагт хайртай, шинэ үеийнхэнг түүхэн киноны ажилдаа татан оруулсан.
-“Ану хатан”-г найман настай балчраас наян настай буурай хүртэл үзэх боломжтой. Эх нутгаа гэсэн сэтгэлтэй, элэг нэгтэй бүх хүнд зориулсан час хийсэн уран бүтээл болсон гэж ойлгож болох нь ээ?
-Уран бүтээлээс дөнгөж эхлэх гэж байхад л цэцэрлэгийн жаалууд 30 мянган төгрөгийн хандив өргөх жишээтэй, хайр хүмээр байгаа биз дээ. Тэд томчуудаас илүү эх түүхээ ойлгосон, эх орноо гэсэн хөөрхөн зүрхтэй байгаа биз. Эндээс харахад бидний ажил хэдийнэ монголчуудын зүрх, сэтгэлийн дуудлагаар хөглөгдөж, шулуун замаар саадгүй давхих унаа шиг л санагдлаа. Үндэсний үйлдвэрлэгчид маань хүртэл “Юу байна, түүгээрээ дайлъя” гэж хандах жишээтэй. Маш олон хүний сэтгэлийн хүчээр босч байгаа уран бүтээлийн эзэд учраас бид яаж ч ядарч, зүдэрч байсан цаанаа л нэг өндийх тэнхээтэй, урагшлах, ахих замтай, яг л ургаж буй өглөөний гар шиг байсан. Хүмүүсийн хандив их хүчтэй. Мөнгөний их, багадаа биш, тэр олон сайхан хүмүүсийн зөв энерги шингэсэн мөнгө тул ажил сайхан бүтэмжтэй болж өнөөдөр киноныхоо хураангуйг бэлэн болголоо. Нэг л мэдэхэд үзэгчдэд ажлаа шалгуулах болчиж. Бид тийм, ийм болсон гэж хэлэхээс илүүтэй үзэгчид өөрсдөө үнэлгээ өгнө биз. Кино бүтсэн түүхийг яривал барагдахгүй, сонин, содон үүх түүх ихтэй.
-Өнөө цагт монголчууд газар доорх баялагаасаа болж эх нутгаа харийнханд хямд худалдаж, олон толгойн хэрүүл хийх болсон. Эх орны минь хязгаар нутаг, байгаль орчин тийм гэж хэлэхийн тамтаггүй болж захаасаа сүйдэж эхэлсэн. Магадгүй энэ хүнд үед монголчуудыг сэрээх хэнгэргийн цохиур нь “Ану хатан” болж чадах уу?
-Хүн бүрийн ертөнцийн үзэл өөр, өөр өнцөгтэй байдаг. Таны нүдээр ингэж харж, тэгж төсөөлж байгаа нь сайхан хэрэг. Монголчууд эх сайхан нутгаа алдахдаа хүрэхэд алгийн чинээхэн улаан амиа хайрлахгүй зүтгэж бидэнд энэ сайхан орныг үлдээжээ. Цэнгэг сайхан агаар, монголыг төлөөлөх салхи, өндөр уул, цэнгэг ус, шимт хөрсийг бид дахин хаанаас ч юугаар ч сольж олж авч чадахгүй шүү. Энэ утгаараа киногоороо бид эх орныхоо төлөө цохилох зүрхний нэгдлийг бий болгож магад. Монголын төлөө зүрх бүрийн цохилтыг чангаруулна, бид. Амиараа сольж ирсэн эх нутгаа Ану хатан маань хэрхэн сахив. Бусдаас нутгаа харамлаж алд биеийнхээ амрыг харсангүй. Өнөө цагийн эрх мэдэлтнүүд яаж авирлаж буйг бүгд хараад жигших болсон. Тэгвэл бүсгүй хүн, Ану хатан жаргаж хэвтсэнгүй. Өндөлзөж, өрвөлзөж цаг тооны үргэлжлэл болсон цагаан сүүний ургамлуудаа орших газартай үлдээх гэж тэмцэлдлээ. Нар мандахыг харах сайхан цэлгэр нутгийг үр саддаа өвлүүлэх гэж амиараа дэнчин тавьж байгаа нь залуу үеийхэнд маань нэг бодрол үлдээх биз. Түүхээ мэдэхгүй бол юу болдог билээ.
-Нэг ёсондоо эх орон хаанаас эхэлдэг, ямар үнэ цэнэтэйг ухааруулсан санааг нэвт шингээсэн гэж ойлгох болох нь ээ?
-Эх орон ямар үнэтэйг бид энэ кино төслөөрөө харуулахыг зорилоо. “Ану хатан”-гаар үнэнч хайр дурлал ямар байсныг өнөөгийн залууст бас ухааруулна. Олон сургамжит үйл явдалтай кино болсон байх, үзээд мэдэх байх. Киноны ажлыг деталчилж яривал барагдахгүй. “Ану хатан” кино миний нэрийн хуудас байх болно.
-Өнөөгийн залуус хайр сэтгэлийг өнгө, мөнгөөр хэмжээд байх шиг санагддаг. Таныхаар бол…?
-Хайр бол бусдаас юу ч нэхдэггүй. Хайр авлаггүй, сайхан сэтгэлийн өглөг гэдгийг өнөөгийн залуусын ухамсарт киногоороо дамжуулан суулгаж өгнө. Бид нийгмийг, хүмүүсийн ухамсрыг их, бага хэмжээгээр ингэж өөрчилнө гэж найдаж байгаа. Энэ кинонд хэн тоглож, хэн найруулж, хэн зохиолыг нь бичиж байна гэдэг нь сенсаац, чухал сэдэв биш шүү. Шашны хэлээр бол бусдын төлөө бид буян хурааж байгаа хэрэг. Урлагаар дамжуулж бид хүмүүсийг хүмүүжүүлж, зөв чиглүүлэхийг хичээж л явна. Энэ мэтээр бидний барьж авсан ажил их том хүрээтэй, өргөн сэдэвтэй, гүнзгий агуулагатай юм. Шалдар булдар зүйлээр хөөцөлдөж явах чөлөө бидэнд алга. Манай ахмад уран бүтээлчид хамт олноо “Мөрөөдлийн баг” гэж нэрлэсэн байна лээ. Бид тэдний нүдэн дээр мөрөөдлөө биелүүлсэн болохоор тийм санаа агуулсан байх.
Д.Мягмар