Арван настай танхилхан охин төгөлдөр хуурын хар, цагаан даралт дээр булбарай гараа бүжиглүүлэн тансаг аялгуу эгшиглүүлснээр гарамгай уран бүтээлчдийн “Виртуозо” гала тоглолт хөшгөө нээсэн юм. Улсын филармонийн концертын танхим дүүрэн үзэгчдийн нүд тайзнаа хаан хуур хөгжмийг уран чадмаг тоглож буй бяцхан охины зүг буюу ганцхан зүг ширтэнэ. ХБК-ийн дөрөвдүгээр ангийн сурагч, төгөлдөр хуурч хүүхдүүдийн дунд зарласан ур чадварын уралдаанд насныхан дундаа түрүүлсэн А.Аминзаяа охин ийнхүү өнөө жилийн “Виртуозо” гала тоглолтын салхийг хагалсан зоригтон байлаа.
Дэлхийн алдартай болон Монголын хөгжмийн зохиочдын сор болсон бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг “Виртуозо” гала тоглолт 11 дэх жилдээ болсон нь энэ. Тоглолтын эхний хэсэгт П.И.Чайковский, С.Рахманинов, Ф.Шопен зэрэг суут зохиолчдын бүтээлийг өсвөрийн хөгжимчид маань хэдийнэ өөрийн болгон зүрх сэтгэлээсээ тоглож болж буйг харах бахархам юм. Сонгодог хэдий ч хожуу үеийн хэмээдэг хөгжмийн зохиолчдын, өөрөөр хэлбэл нэр нь олонтаа дуулдаж байгаагүй алдартнуудын бүтээлийг ч мөн тун сурмаг тоглох аж. Төгөлдөр хуурч Ү.Уртнасан Ф.Шопений этюд төрлийн зохиолыг ёстой л гялалзтал, зүрх сэтгэлд баяр төртөл тоглов. БНСУ-ын иргэн, ХБК-ийн сурагч Сү Хи энэ гала тоглолтод оролцсон уран бүтээлчдийн дунд ганцаараа гадаад хүн байсан. Тэрбээр “Тарантелла” хэмээх бүтээлийг мөн л часхийтэл тоглож алс холын Монголд сонгодог хөгжимд хэрхэн суралцаж буйгаа харуулсан юм.
Дунд хэсэгт үндэсний хөгжимчид тоглосон. Шанзчин Ц.Батжаргал, ёончинч Б.Болорцэцэг, лимбэчин Г.Нямжанцан, хуучирч Ч.Отгонбаяр, эвэр бүрээч О.Чинбат, морин хуурч Н.Жигжиддорж, ятгачин О.Мөнхтогтох нар бол ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын II уралдаанд тэргүүн болон дэд байр эзэлсэн уран бүтээлчид. Тэд өөр өөрсдийн тоглолтоороо үнэхээр шилдэг хөгжимчид юм гэдгээ харуулж чадлаа. Үзэгчдэд эвэр бүрээч О.Чинбат хөгжмийн зохиолч Монтийн “Чардаш” зохиолыг тоглосон нь ихэд таалагдсан. Морин хуурын чуулгын морин хуурч Н.Жигжиддорж, ятгачин О.Мөнхтогтох нарын тухайд ч үнэхээрийн гарамгай гэдгээ харууллаа хэмээн үзэгчид ярьцгааж байсан.
Тоглолтын сүүлийн хэсэг “Виртуозо”-ын оргил үе байв. Дуурийн гоцлооч Дэлгэрбаяр, Э.Анхбаяр, Б.Энхнаран, Г.Ариунбаатар нар дуурийн залуу уран бүтээлчид хэрхэн ид хаваа гайхуулж яваагаа үзэгчдэд мэдрүүлсэн. Б.Энхнаран ердөө хэдхэн хоногийн өмнө ДБЭТ-ын гоцлол дуучин болоод байгаа юм билээ. Санктпетрбург хотноо Римский-Корсаковын нэрэмжитй Хөгжмийн дээд сургууль төгсөөд ирсэн тэрбээр эх орондоо ирмэгцээ улсын чанартай хоёр том уралдаанд дараалан түрүүлсэн амжилтаараа энэхүү шилдгүүдийн гала тоглолтод оролцжээ. Залуухан гоё сопрано Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Саны ари дуулсан нь ер бусын тансаг байлаа. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “Благославляю вас, леса” хэмээх сайхан орос романс дуулсан. Ямар сайхан сонсогддог юм бэ. Дахиад нэг бүтээл дуулаасай гэхээр л байсан. “Жизель” балетын гол дүрийг сайхан бүтээдгээрээ алдаршсан, шинэ оны өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн балетчин Г.Цолмонг тайзнаа гарахад үзэгчид мэхийн ёсолж байлаа. Улсын филармонийн тайз зай талбай бага тул үсрэлт, харайлт гэх мэтийн хүнд элемент хийх аргагүй. А.Аданы “Корсар” балетийн адажио бүжиглэсэн л дээ. Театрынхаа балетийн гоцлооч О.Ганцоожтой хослон балетийн мэргэжил эзэмшсэн хүн ямар гээчийн нандин, эрхэмсэг байдаг болохыг тэрүүхэн хэдэн минутад илтгэж чадсан юм. Түүнчлэн “Дөрөө” модерн жүжгийн хэсэг буюу гол дүрийн хоёр тогорууны бүжиг үзэгчдийг бишрүүлж байлаа.
“Виртуозо” гала тоглолт нэгэн онцлогтой. Тоглосон уран бүтээлчдийг үзэгчид нь урамшуулж шагнадаг. Дуурийн нэрт гоцлооч П.Ганбат сангийн гэгээн дурсгалд зориулан төрсөн ах П.Ганболдынх нь байгуулсан “Ганбат” сангийн зүгээс энэ удаа нэрэмжит мөнгөн шагнал, цомыг ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаярт олгосон. Дуучин залуу энэхүү нэр хүндтэй шагналыг гүн хүндэтгэлтэйгээр хүлээж авсан нь тоглолтын торгон агшин байлаа. АНУ-д ажиллаж, амьдарч буй дуурийн дуучин Э. Саран “Дүүдэйхүү” сангийнхаа нэрэмжит шагналыг ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаранд олгов. “Урбанек” компанийн ерөнхий захирал, эх орондоо өсвөрийн төгөлдөр хуурчдын дунд Ф.Шопений нэрэмжит уралдаан зохион байгуулдаг болсон Б.Лхагжав төгөлдөр хуурч Ү.Уртнасанг шагнасан юм. Virtuoso gala concert-ийн байнгын дэмжигч хийлч О.Байгаль жил бүр уг тоглолтод уран бүтээлээ толилуулсан чавхдаст хөгжимчин нэг хүүхдэд өөрийн шагналаа гардуулсаар ирсэн. Мэргэжлийн хөгжимчин болохын, байхын жаргал, бэрхшээлийг бие сэтгэлээрээ туулж явдаг тэрбээр энэ удаа ХБК-ийн долдугаар ангийн сурагч виолончель хөгжимчин Г.Чингүүнд нэрэмжит шагналаа олголоо.
Ф.Шопений нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдааныг эх орондоо зохион байгуулдаг болсон тэрбээр мэргэжлээ сайтар эзэмшиж яваа төгөлдөр хуурч охиныг шагнах болсондоо баярлаж байгаагаа хэлж байсан. “ГАМ” компанийн захирал Гомбо болон “Ноён уул эрдэнэ” компанийн зүгээс балетчин Цолмонг шагнаж урамшуулсан.
Энэ удаагийн “Виртуозо” гала тоглолтод “Алтайн оргил” хамтлагийнхан урилгаар оролцож үндэсний хөгжмийн хослол, хөөмий, магтаалын гайхамшгийг мэдрүүлж чимэг нэмлээ. Тоглолтыг цохивор хөгжмийн хамтлаг урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдогийн “Жалам хар”-Монголын сайхан орон” найруулга эгшиглүүлж үзэгч олныг суудлаасаа өндөлзтөл тоглож өндөрлүүлсэн. “Виртуозо” үзэгчдийн хүсэн хүлээдэг тоглолт болжээ. Үзэгчид гарахдаа “Ирэх жил дахиад үзнэ ээ. Үзүүштэй гоё тоглолт болдог юм байна. Монголын сонгодог урлагийн хөгжил дэлхийн хэмжээнд хүрчээ” хэмээн ам уралдуулан магтаж байсан. Бид тоглолтын дараа уг “Виртуозо”-ын байнгын үзэгчидтэй уулзсан юм.
Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров:
-Монголын хөгжмийн урлагт бүтэн жил юу болоод өнгөрөв. Хэн ямар чиглэлээр манлайлав гэдгийг цуглуулаад нэг цогц болгоод харуулчихаар сонгодог тоглолт болж чадаж байгаа юм. Нэг ёсондоо хөгжмийн урлагийн салбарын тайлан гэсэн үг. Жил жилийн “Виртуозо” тоглолтыг үзээд Монголын хөгжмийн урлаг эдүгээ ийм байна. Өнгөрсөн жил ийм байсан. Одоо тийм ахиц гарчээ гэдгийг эргэцүүлж болдог. Энэ их ололттой тоглолт. 2012 оны тайлан их сайн болж. Хөгжмийн төрөл олширч бас залуужсан байна. Монголын хөгжмийн урлаг хөгжиж байгаа нь харагдлаа. “Виртуозо” концертод орохын төлөө өөрөө өөртэйгөө өрсөлдөх хэмжээнд хүрэх юм байна. 20 гаруй уран бүтээлч оролцоход дэлхийн хөгжмийн бүтээлүүдтэй эн зэрэгцэх бүтээл Монголд ховор байгаа нь ажиглагдлаа. Үүнд шүүмжлэлтэй хандах ёстой. 20 гаруй бүтээлээс ердөө гурав нь л монгол бүтээл байна шүү дээ. “Жалам хар”, лимбэний бүтээл, миний ятгын бүтээлийг л тоглолоо. Хөгжмийн зохиолчид ч гэсэн “Виртуозо”-д шалгарах бүтээл бичих хэрэгтэй болж.
“Урбанек” компанийн захирал Б.Лхагважав:
-Би энэ тоглолтыг их шимтэж үздэг. Дэлхийн сонгодгуудын суут бүтээлүүдийг тоглодгоороо онцлог байдаг. Монгол хүмүүс сонгодог урлагийг сонсч хүртэхээс гадна өөрсдөө тоглож гайхуулж чаддаг болсон. Ингэснээр өндөр хөгжилтэй орнуудад өөрсдийн чадвар чансаагаа харуулж байгаа юм. Оюутолгой, Тавантолгойн баялаг гэхээс илүү Монголын баялаг бол сонгодог урлагийн ирээдүйн төлөөлөл болсон авьяаслаг хүүхдүүд. Тэд Ф.Шопены бүтээлийг тоглосноороо ямар авьяаслаг болохоо харуулж чаддаг. Тэдэнд бодит хөрөнгө оруулалт дэмжлэг хэрэгтэй байна. Тийм ч учраас би цаашдаа ахиж дэвшихэд нь тус болох болов уу гэж бодоод Ү.Уртнасан охинд Ф.Шопены XV конкурсын финалд шалгарсан хүүхдүүдийн тоглосон бүтээлийн ном дурсгалаа.
ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн:
-Сонгодог урлаг хөгжиж байгаа нь жилээс жилд харагддаг. Гэхдээ бүгдийг нь өрсөлдүүлнэ гэдэг хэцүү. Яг тухайн үед ямар мэдрэмж төрнө түүгээрээ үзэгчид таашаал авдаг. Манай залуу үеийнхэн их авьяаслаг гэдэг нь харагдаж байгаа биз. Тухайн уран бүтээлч өөрийгөө ойлгуулж чадна гэдэг маш том ололт. Би залуу үеийнхнээрээ бахархаж байна. “Виртуозо “жил бүр сайхан болдог. Энэ жил ч үзэгчдийн сэтгэлд нийцсэн байх.
“Ганбат” сангийн төлөөлөгч Г.Амаржаргал:
-“Виртуозо”-г үзэгчийн хувиар үзэх гэж ирдэг байсан бол одоо дэмжигч болсон. 2006 оноос эхлээд дэмжигчээр оролцож байна. Энэ тоглолтыг санаачилсан төгөлдөр М.Цогбадрах болон түүний гэр бүлийнхэнд би талархаж явдаг. Энэ сайхан арга хэмжээг жил бүр өөрсдийн хүчээр зохион байгуулж чаддаг мундаг хүмүүс. Монголчууд авьяаслаг гэдэг нь харагдлаа. Өсвөр үеийнхнээрээ бахархаж байна. Дэлхийн том том уралдаанаас байнга шагнал авдаг болж. Энэ бол улс орны соёл урлагийн хөгжлийг илэрхийлж буй нэг талбар. Бид үндэснийхээ хөгжмийн зэмсгээр сонгодог бүтээл тоглоно гэдэг гайхамшиг.
Б.ГАНДОЛГОР
“Өдрийн шуудан” сонин