Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнд өчигдөр Залуу зохиолчдын холбооноос гэрт нь зочилж хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр түүнтэй ярилцлаа. Нэрт зохиолчийн үг бүр амттай, үнэ цэнэтэй байсныг энд дурьдах ёстой. Монголын уран зохиолын түүчээ болсон тэрээр өдөрт хоёр гурван мөр бичихгүй сууж чаддаггүй гэдэг. Тиймдээ эл эрхэм одоо бүжгийн жүжиг, бас ном бичиж байгаа аж.
-Уран зохиол уншигчдыг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Тиймээс соён гэгээрүүлэх тал дээр залуу зохиолчид нийгэмд юу хүргэхийг зорьж хийх ёстой юм бол?
-Би яруу найрагчийг зовлонгоо тоочдог хүмүүс гэж боддоггүй. Яагаад гэвэл өөрөөсөө гарсан тархины гэрлээ бусдын тархинд тусгахыг соён гэгээрүүлэх гэж яриад байгаа юм. Тэртэй тэргүй яруу найраг өөрөө тансаг учраас яруу найргийг бичиж л чадсан бол тэр нь эргээд гэрэл гэгээ өгч л таарна. Тийм учраас залуу уран бүтээлчид чанарт л анхаарах ёстой.
Өрнийн урсгалууд хэдийнэ буурал болсон. Тэр буурал урсгалуудыг өнөөдөр шинэ юм шиг авчирчихаад шинэ юм шиг үзэж түүгээрээ түрий барьж хашгичих нь тийм сайн зүйл. Яруу найраг гэдгийн мөн чанар, ерөнхий зарчим нь уламжлалтайгаа хадгалагдсаар л байгаа шүү дээ. Тийм учраас янз бүрийн урсгалуудаар бичиж, задарч тэсрэг. Ганцхан тэр нь өөрийнх нь бодсон эцсийн тууль, хүмүүсийн хүлээж байсан тууль хоёрын уулзвар байх ёстой. Үүнийг би соён гэгээрүүлэх гэж үздэг. Гэхдээ хүн өөрийгөө ойлголгүй байж байгаад л нас эцэслэдэг юм гэнэ лээ.
Тийм учраас яруу найрагчдыг эрт өөрийгөө битгий ойлгоосой гэж боддог. Бичиж байхдаа би байна уу гэхээс, бичсэн хойноо чи л болдог байхгүй юу. Би залуу зохиолчдоо олшрох тусам баярладаг. Ер нь миний амьдрал өөрийнхөө бүтээлийг сонсохоос илүү бусдыг сонсох нь их байсан. Одоо эргээд бодоход цэнэглэгдэж явсан он цагийн минь зөв нь тэр байж дээ гэж боддог юм. Ер нь миний яруу найргийн залуу нас тийм амар байгаагүй. Учир нь 1962 онд анхны шүлгээ хэвлүүлээд 20 жилийн дараа номоо хэвлүүлж байлаа. Гэхдээ ахмадуудаас залуучууддаа үзүүлэх хүндлэл гэж байдаг юм. Бид энэ тал дээр хичээж явдаг.
Залуу зохиолчид надад номоо авчирч өгдөг. Би тэдний бүтээлийг чадлаараа уншдаг. Яагаад гэвэл тэдний шинээр хэлсэн зүйлийг би давхардаад хэлчихвий гэж айдаг. Хүний шүлгийн мөр миний шүлгэнд явж байх вий гэхээс би насаараа айж яваа хүн. Тодотгол ч ялгаагүй. Хүний тодотгол миний шүлгэнд битгий байгаасай гэж насаараа айж яваад ирсэн хүн. Залуу зохиолч гэдэг давтамж биш, шинэ зүйл. Тийм учраас залуу зохиолч гэдэг үгийн цаана шинэ гэдэг үг залуугаасаа илүү агуулга хадгалах ёстой гэж ойлгож байгаасай гэж боддог.
Залуу зохиолчдод миний нэмэр болно гэж юу байхав. Үхэн үхтлээ сайн юм хийх юмсан, чанартай юм хийх юмсан гэсэн холын үлгэр байж байгаад дуусах юмсан даа гэж боддог хүн дээ. Яагаад гэвэл хожмын уураг тархи урьдын уураг тархиараа заалгадаггүй, зөвхөн уламжлалыг авч явдаг. Тийм учраас уламжлалд их хүндэтгэлтэй хандаж, уламжлалын өмнө сөгдөж яваарай гэж хэлэх байна.
-Нэгэн том зохиолч залуу зохиолч, ахмад зохиолчдын хоорондын холбоо 1990 он гарсаар жаахан саармагжсан гэж ярьж байхыг нь сонссон. Таныхаар?
-Үгүй ээ. Залуу зохиолчид ахмад зохиолчдоосоо холдож гэнээ гэж би хувьдаа хэлж чадахгүй. Яагаад гэвэл би тэд нарыг анзааран уншиж байгаа, та нар биднийг уншиж байгаа учраас бид хол байгаагүй. Бие биенээ уншиж чагнаж, бие биесийнхээ сургийг сонсч, бие биесээ хайрлаж байсан. Гэхдээ ойр байна гээд янаглаад, хамт архи уугаад хуйлраад сүүл од шиг явалтай нь биш дээ. Би тийм байх дургүй. Бид оюун ухааны том эрин эхэлсэн оюун ухааны дэвшлийн он цагт ажиллаж амьдарч байгаа учраас энэ талаар ярих шаардлагагүй. Бид ойрхон амьд холбоотой байсан. Энэ дашрамд залуу зохиолчдыг ил далд нэг үгтэй яваасай гэж хатуу захимаар байна. Дүгнэлт өгөхөөсөө өмнө биширч уншаад, хэрэгтэйг нь аваад хэрэггүй нь гээ. Түүнийгээ ярьж явах нь онц биш. Тэгвэл бидний үе хойч үедээ муу хэлэгдэх учиргүй.
-Ахмад үеийн зохиолчид маань гарын шавь олонтой байдаг. Таны хувьд?
-Миний бодлоор хөлийн шавь гэдэг нь архинд явуулдаг шавь, гарын шавь гэдэг нь согтохоороо хөтөлдөг шавийг хэлдэх байх. Харин би хувьдаа тархины шавьтай байх юмсан гэж боддог. Би МЗЭ-даргаар ажиллаж байхдаа 13 хүүхэд Багшийн дээд сургуульд оруулж байсан болохоор олон шавьтай хүн. Намайг зарим нь номгүй байж шавьтай, цалингүй байж LD татдаг гэж шоглодог л байлаа.
-Уран зохиолын төрөл урсгал олширч байна. Үүгээрээ хоорондоо хуваагдаад байх нь ямар байдаг юм бол?
-Ямар урсгалаар нь бичих нь хүний эрх. Хичнээн ч урсгалаар бичиж болно. Гагцхүү өөрийнхөө барьсан чиглэлээр бусдыг ноёлох ёстой гэсэн дарангуйлал явуулж болохгүй. Тухайлбал миний хүү надтай адил шүлэг огт бичдэггүй. Би түүнд нь маш их баярладаг.
-Бас залуу зохиолчдын бүтээл дотоод сэтгэлээсээ ундраад бодит зүйлтэйгээ холбогдож өгөхгүй байна гэх нь бий?
-Би шүлэг болгоныг дотроосоо гардаг гэж боддог. Гэхдээ ард түмэн тэднээс сэтгэлгээний гүнзгийрэл нэхээд байгаа юм болов уу. Тэнэг байж ухаантай царайлах шиг гутамшиг байхгүй.
-Танайх өнөр өтгөн ам бүлтэй. Гэхдээ таныг Хасартаа илүү гэдэг?
-Миний хүү их л зүггүй хүн дээ. Ямар сайндаа л фейсбүүктээ энэ хүнийг эхнэртэй нь хамт санаж байна гэж бичиж байхав дээ. /намайг хэлж байгаа юм/. Одоо Америкт байгаа. Би найман хүүхэдтэй. Надад дагавар хүүхэд байхгүй, дагавар шүлэг байхгүй. Тиймээс хүүхэд болгондоо хайртай. Хүүгээ саналгүй яахав. Отгон хүүгээ Хасараас илүү эрхлүүлнэ. Ач зээ нараа хэзээ ч алгадаж зэмлэж үзээгүй.
-Та бас зурдаг. Үүнийгээ яруу найрагтайгаа хэрхэн холбож үздэг вэ?
-Намайг дүрслэл ихтэй бичдэг гэж шүүмжилдэг байсан. Энэ бол миний зураг зурдагтай холбоотой байсан байх. Би ч өөрийнхөө үеийн яруу найрагчдын зургийг ихэнхийг нь зурсан. Хэдэн хүүхдээ тэжээх гэж намын кабинет, сонгуулийн байрыг тохижуулах гээд олон зураг зурсан даа. Бас хүүтэйгээ хамт тосон будгийн хэдэн зургаараа үзэсгэлэн гаргасан. Харин одоо тэтгэвэртээ байгаа юм чинь зургаа зурна гэж бодож байгаа. Гэхдээ сонирхогчийн хэмжээнд зурах нь дэмий. Сайн мэрийж байгаад ганц хоёр чамбай зураг зуръя гэж бодож байна. Миний нэг хайртай зургийг ерөнхий сайд асан С.Баяр авч гэртээ тавьсан. Энэ мэтийн бодлогын чанартай зураг зурвал болж л байна. Би бодсоноо зурдаг, миний зураач хүүхдүүд харснаа зурдаг.
-Таны хөтөлж байгаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг үзэгчдийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа шүү дээ?
-Хэдэн хүн санаа нийлээд энэ төслийг хийж байгаа. Монголчууд бүгдээрээ эрхэм гэдэг үнэн. Гэхдээ эрхмийн дээд гэж байдаг. Тийм хүмүүсээ амьд ахуйд нь архивын зураг, хадгалагдаж байгаа дурсгалт зүйлүүдтэй нь түүхийг нь үлдээчихье гэж бодож хийж байгаа. Энэ нэвтрүүлгийн талаар ямар ч шүүмж сонссон цаашдаа хийнэ. Хуцах нь хуцаж л байг, улих нь ульж л байг, гаслах нь гасалж л байг. Бид хэдэн зөвлөлөөрөө хэлэлцээд хүмүүсээ сонгоод оролцуулдаг юм. Сүүдэргүй чулуу гэж хорвоод байхгүй. Түүн шиг хүмүүс оролцуулъя гэсэн хүмүүсийн маань сүүдрийг нь л түрүүлж их ярих юм. Монголчууд уг нь гэрэл гэгээгээрээ сүүдрээ идэж ирсэн. Гэтэл сүүдрээ идэж амьдарч байгаа юм уу гэж гутаж байна.
-Та “Болор цом” наадам дээр харагдсангүй. Одоо “Алтан өд” наадамд очно биз?
-Би “Алтан өд” наадам дээр очиж чадахгүй. Зарим хүний хардгаар “Алтан өд” гэж унасан өд байлгүй дээ. Монголын зохиолчдын хороо энэ ажлыг гүйцэтгэх гэж их хичээж ажиллаж байгаа нь харагддаг. Гэвч оюуны бүтээлд хандах хандлага даанч дорой байна.
-Та нэвтрүүлэгтээ оролцуулсан хүнийг яаж ингэж сэтгэлийг нь уудалж, хөдөлгөж яриулж чадаж байна вэ?
-Би оролцож байгаа хүмүүсийг сайн яриулах гэж ам руу нь гараа хийдэггүй. Харин сэтгэл рүү нь өнгийдөг байх. Хүнд сэтгэлээ өгвөөс хүн хариуд нь сэтгэлээ өгдөг учраас ийм харьцаан дээр тогтож байгаа байх гэж бодож байна.
-Хамтран хөтлөгч П.Анужингийн талаар юу хэлэх вэ?
-Анужин бол ухаантай хүүхэд. Сэтгүүл зүйд огт хамааралгүй, олон улсын хуульч мэргэжилтэй хүүхэд шүү дээ. Тэгээд л энэ нэвтрүүлгээр гарч ирлээ. Сүрхий суралцаж байгаа. Ер нь хүн суурь ухаан, ерөнхий боловсрол тал бүрийн мэдлэгтэй байх нь хүнд хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Зарим зүйл дээр илт ялгарам харагддаг. Сайн охин.
-Та нэлээд зөвлөнө биз?
-Зөвлөлгүй яахав. Би загнана, уурлана. Тэгсэн хэрнээ бид амархан ойлголцож үгээ олно.
-Залуучууд өнөөдөр хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээнд автаж ном уншихаа больсон гэх шүүмжлэл нэлээд байгаа?
-Хүн төрөлхтөн өөрийнхөө хөгжил дэвшилд хоёр зүйлд залгиулж үхэх байх гэж сэтгэл зовдог. Нэгдүгээрт хүн чанар, хоёрдугаарт оюун ухаанаа булаацалддаг байх гэж боддог. Дээр нь тархиа дэндүү хөгжил дэвшилд булаалгаж байна. Миний хувьд гараараа шүлэг бичих нь компьютерт бичсэнээс хамаагүй дээр байдаг. Эгэл жирийн зүйлүүдээ гараараа үйлдээсэй гэж боддог. Бүхий л зүйлийг интернэтээс авч байна. Одоо яахав дээ, дэлхийн оюун ухааны хөгжил ийм хол яваад байгаа болохоор дагахаас өөр аргагүй. Гэхдээ гар бичмэл хязгааргүй үнэтэй болох цаг ирэх байх гэж боддог.
-Тэгэхээр та хөгжилд шүүмжлэлтэй ханддаг гэсэн үг үү?
-Жаахан шүүмжлэлтэй ханддаг тал бий. Залуу нас юм бүхнийг дайрч өнгөрдөг учраас цаг нь болохоор өөрсдөө ойлгох байх аа. Гэхдээ ойлгох юмны тухай өнөөдөр дүгнэж хэлнэ гэдэг зөнөсөн хүний үг.
-Та жүжиг бичиж байгаа гэсэн. Ямар утга агуулгатай жүжиг вэ?
-Жүжиг гэдэг өөрөө агуулга, өрнөл үйл явдалтайгаа өрнөдөг. Би хаана ч явсан бүтээлээ бодож явдаг. Өдөрт хоёр гурван мөр тавихгүй сууж чаддаггүй. Цагаан сарын дараа Америк явна.
-Удахгүй цагаан сар болно. Та хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Миний багад цагаан сар тас гээд л ирдэг болох ёсоороо болоод л өнгөрдөг байлаа. Түүнээс өнөөдрийнх шиг тэгж хийх ёстой, ингэж хийх ёстой гэж урьдчилж зааж сүр дуулиан болж байсангүй. Би хувьдаа яаж цагаан сараар баярлаж, яаж ахмадуудаа бас хүүхдүүдээ хүндлэх вэ гэдгээ төрөөр заалгахгүй.
Д.Нэргүй