Монголын кино урлагийн үндсэн баазыг үгүй хийж байгаа нь кино урлагийг мөхөөж байна хэмээн үе, үеийн ахмад найруулагч, жүжигчид ярьж хэлсээр өнөөг хүрсэн. Тодруулбал, “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонгын хууль бус үйлдлүүдийн талаар Монголын кино урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд нэлээд зүйл олж мэджээ.
Энэ талаар Монголын кино урлагийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, кино найруулагч, СТА Б.Ганболдтой ярилцлаа.
-Сүүлийн үед нэлээд олон жилийн түүхтэй “Монгол кино” нэгтгэлийн тухай хар бараан мэдээлэл цацагдах болжээ. Тухайлбал, тус газрын захирал Ж.Солонгыг төрийн мэдлийн газрыг зарж, их хэмжээний хөрөнгө завшсан гэх зэргээр ярьж байгаа. Үүнийг тодорхой тайлбарлаж өгөөч?
-Төрөөс “Монгол кино” үйлдвэрт 6.5 га газар өгсөн. Тэр талбайд кинонд шаардлагатай гэсэн бүхий л нөхцөл боломжийг бий болгох боломж нь байдаг гэсэн үг. Тухайлбал, Байшин барилга, хотын гудамж гээд кинонд ашиглах юу байна, бүгдийг нь улсаас бүрдүүлж өгсөн. Гэтэл Төрийн өмчийн хороо 1998 онд Ж.Солонгыг томилж ирүүлснээс хойш бүх зүйл орвонгоороо эргэчихээд байна.
Мань хүн ирснээрээ тус газарт ажиллаж байсан нэр, төртэй олон ахмад уран бүтээлчийг чөлөөт уран бүтээлч хэмээн ажлаас нь халсан. Үүнд нь бидний сайн мэддэг ахмад уран бүтээлч, кино найруулагч УГЗ Х.Дамдин гуай хүртэл багтаж байгаа. Ж.Солонгыг Монголын ард түмэн мэдэх үү, Х.Дамдин гуайг мэдэх үү гэдэг нь сонин. Эдгээр ахмадуудыг халснаас хойш 15 жил өнгөрлөө. Энэ хугацаанд олон юм өөрчлөгдөж, Ж.Солонго зөвхөн шуналд автаж, өөрийгөө л хөрөнгөжүүлсээр өнөөдрийг хүрлээ.
-Та бүхэнд энэ газрыг зарсан гэсэн нотолгоо байгаа юм уу?
-Нотолгоо гэлтгүйгээр 6.5 га, газар төрийн мэдлийнх гэдгийг л ойлгох хэрэгтэй. Баримтаар дурдвал, “Зүмбэр орд” гэх барилгын компанийнхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Монгол кино” нэгтгэлийн ахмадуудад хандаснаар асуудал өрнөсөн. Тэд 2009 оны зургаадугаар сарын 2-нд Ж.Солонготой гэрээ хийсэн байгаа юм.
Байгууллагын эзэмшил газар дээр “Зүмбэр орд” компани амины орон сууц барихаар тохиролцож, хариуд нь “Монгол кино” нэгтгэлийн ажилтнуудад 10 байр өгнө гэсэн гэрээ байгуулсан байсан. Улмаар гэрээнд Ж.Солонго газрын болон техникийн асуудлыг шийдэхээр тусгасан байж. Манай талаас нөхцөлөө бүрдүүлж өгөхгүй байсаар, тухайн компани газраа өөрсдөө хөөцөлдөж, Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авч барилгаа барьсан байна лээ.
Гэтэл захирал Ж.Солонго асуудал босгож, байр авахаар Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан. “Зүмбэр орд”-ынхон үүргээ биелүүлээгүй учир байраа өгөх боломжгүй гэж маргасан ч шүүхийнхэн Ж.Солонгын хүсэлтийг баталгаажуулж өгсөн. Энэ нь “Монгол кино” үйлдвэрийг бий болгосон ахмадууд болон инженер техникийн ажилчдад байр олгоё гэсэн санал шүү дээ.
-Шүүх дээр байраа ажилтнууддаа өгнө гэж тохиролцож ялсан хэрнээ одоог хүртэл өгөөгүй гэсэн үг үү?
-Юу гэж өгөх юм бэ. Наад зальтай нөхөр чинь компани болгоноос авсан арван байрыг зөвхөн өөрөө л хувьдаа авдаг юм билээ. Хамгийн инээдтэй нь, удаан жил ажилласан ахмадуудад өгөөгүй мөртлөө хэдхэн жил ажилласан санхүүгийн албаны дарга залууд нэг байр өгсөн байна лээ. Тэр нь Ж.Солонгын өгсөн байранд суудаг ч үгүй юм билээ. Ийм л замаар олон хүний амь, амьдралаар тоглож, баяжиж байгаа нөхөр дээ.
Та бүхэн энэ байрны асуудлыг судлаад явбал их сонин баримтууд гарч ирнэ. Хүмүүсийн ярьж буйгаар байранд орлоо гэж бодъё. Тухайн хүн байрны үнийн 40 хувийг төлж 60 хувийг нь компаниас хөнгөлнө. Харин төлбөрийн 40 хувь нь Ж.Солонгын данс руу шилжиж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл, төлбөрөө барилгын компанийн дансанд хийнэ. Барилгын компанийнхан тэр мөнгийг Ж.Солонгын данс руу шилжүүлэхээр тохиролцсон байсан. Энэ нь л их сонирхол төрүүлээд байгаа юм.
– Ер нь, төрийн өмчит газар дээр хувь хүн дур мэдэн барилга бариулсан нь хуульд хэрхэн нийцэх вэ?
-Ахмадууд маань өмнө нь хэд хэдэн удаа уулзсан. Саяхан нэг уулзахад тодорхой хариулт өгөлгүйгээр шүүхийн байгууллагаар явж байгаа гэсэн тайлбар өгсөн байна билээ. Кино нэгтгэлийн хашаанд “Зүмбэр орд”-ын байрнаас гадна “Үйзэм” гэх компани бас л таван давхар барилга барьсан. Ж.Солонго түүнээс дахин 10 байр авах гэрээ хийсэн байгаа юм билээ. Тэгэхээр нийт 20 байр авна гэсэн үг. Энэ яриа, хэлэлцээрийг хэн ч мэдэхгүй шүү дээ.
Ер нь, төрийн өмчит газрыг энэ нөхөр дур мэдэн худалдаалж байгаа нь цаанаа асар их татаастай байгаагийн шинж шүү дээ. Бидний хэсэг нөхөд нийлж хуулийн байгууллагаар шалгуулах болно. Тэгээд ч бидний ярьж буй зүйл хоосон хардлага биш, баримттай зүйлүүд. Тэгэхээр Ж.Солонгод ямар их ашиг сонирхол байна вэ гэдэг нь тодорхой байна шүү дээ.
-Одоо тэгэхээр Кино үйлдвэрийн хашаанд кино бүтээх ямар ч орчин байхгүй гэсэн үг үү?
-Ямар ч орчин байхгүй болсон. Хоёр гурван жилийн өмнө үйлдвэрийн хашаа ноос ноолуурын зах шиг байсан. Харин одоо барилгын зах шиг болчихоод байна. Тэр сайхан талбайд кино бүтээх бүх орчинг бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл кино лабораторийг тойруулаад хашаа барьчихсан. Энэ нь барилга байшингаар халаасаа түнтийлгэх болсон Ж.Солонгын гавьяа шүү дээ.
Хамгийн анх кино үйлдвэрийн хашаанд Татварын Ерөнхий газрынхан барилга барьж эхэлсэн юм. Тэр үед Ж.Солонго ахмадуудыг бамбай болгож байсан. Тодруулбал, Г.Зандраа, О.Уртнасан гуай нар кино үйлдвэрийн хашаанд барилга бариулахгүй гээд тэмцэж байсан. Гэтэл одоо барилга нь аль хэдийнэ сүндэрлэчихсэн. Тэр үед Ж.Солонго тохиролцчихсон юм уу, төр нь мэдээд авсан уу гэдгийг сайн мэдэхгүй юм.
Ер нь, сүүлд хараад байхад үйлдвэрийн хашаанд баригдаж буй бүхий л барилга мань хүнтэй тохиролцсон шинжтэй байдаг. Энэ хүний тухай яриад байвал маш олон хууль бус үйлдэл байна. Одоо бүр ярихаас ч ой гутаж, хайран ч ам гэж бодох юм.
-Дээр үеийн кинонд хэрэглэж байсан жижиг хэрэглэлүүд алга болсон гэж сонсогдсон?
-Энэ их чухал асуудал. Кино бол улсын үе, үеийн түүхийг бичиж үлдээдэг. 1998 онд Ж.Солонгыг ажил хүлээж авахад нь тухайн үед ажиллаж байсан Д.Юмжир гэдэг нярав эгч тус газар байх естой бүх үндсэн бааазыг тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн тухайгаа ярьж байсан. Тухайн үед 3000 ширхэг цэрэг эмээл, 300 гэр гэх мэт дээр үеийн эдлэлүүд байсан. Түүнийг ч Ж.Солонго үгүй хийсэн юм билээ.
Би хэдэн жилийн өмнө “Нарантуул” зах дээр явж байгаад хуучин кино үйлдвэрт нярваар ажиллаж байсан Н.Амараа гэх эмэгтэйтэй дайралдсан. Тэгэхэд тэрбээр “Би Солонго захирлаас хэдэн акталсан гэр аваад түүнийгээ зарж борлуулж байна” гэж байсан. Энэ мэтээр жижиг хувцас хэрэглэлийг энэ нөхөр үгүй хийж дууссан нь тодорхой шүү дээ.
1950-иад оны тавилгууд, гэр, эхнэр хувцас, 1960-аад оны цэргийн хувцас, хаадын барьж байсан хөөрөг зэрэг бүх эдлэлээр хангагдсан, тэдгээрийг зурагжуулсан байсан. Дайн, байлдаантай кинонд зориулж олон машин техник хэрэгсэл Батлан хамгаалах яамнаас өгч байсан. Гэтэл одоо манай зураачид үгээ барж байна. Жил бүр мөнгө төсөвлөөд худалдаж авдаг байсан гэр, тавилга, хөөрөг байхгүй болчихож.
Тэр олон машин хаачив. Ганц нэг машины рам үйлдвэрийн хашаанд хэвтдэг. Уг нь байлдааны төрөл бүрийн машин үйлдвэрийн хашаанаас хөдлөөд гардаг байлаа. Түүнээс гадна уран бүтээлийн машин ч олон байсан. Мөн зураг авдаг задгай машин, цахилгааны эх үүсвэр гаргадаг 4-5 цахилгаан станцын машин бүгд үгүй болсон.
-Жижиг хэрэглэл болон бусад зүйлд тооллого хийдэг болов уу?
-Үндсэндээ энэ газарт эртний гэх зүйл юу ч байхгүй болсон. Тухайлбал, хаадын үеийн киноны зураг авалт эхэллээ. Зуун цэрэг, арван эхнэр хувцаслаадах гэсэн ч чадахгүй. Дээр үед цэргүүдийг хэдэн зуугаар нь хувцасладаг. Жад сэлэм, бууг олон зуугаар гаргадаг байлаа.
Уг нь, улам баяжуулж, сэргээж байх ёстой юм. Дээрх нэр бүхий эд материалыг хэндээ өгсөн юм, бүү мэд. Жил бүр л тооллого явагддаг гэсэн. Дээр үеийн үнэтэй хөөрөгнүүдийг солиод тооллогонд оруулсан байх жишээтэй. Түүнийг нь хуучин ажиллаж байсан хүмүүс нь л таньж ялгадаг.
-Энэ байгууллагад орчин үеийн техник технологи хэр хангалттай байдаг вэ. Мөн улсаас яаж хангадаг юм бол?
-Одоог хүртэл мэдээгээ хальсан дээр хийж байгаа гээд бод доо. Хаягдал хальс энд тэндээс олж ирж угаадаг. Нийслэл хотод утаа яаж биднийг дээрэлхэж байна, яг тэрэн шиг утаатай зураг гарч байна. Сүүлийн үед кино үйлдвэрээс нэг ч олигтой уран бүтээл гарахаа больсон. 1950-иад онд хяналт шалтгалт ч өндөр түвшинд байж. Зураглаачийн дүрс тэнцэх үү, үгүй юу, тэнцэхгүй бол хэний буруу вэ гээд хариуцлага хүлээдэг байлаа.
Харин одоо энэ бүхэн устаж, алга болсон. Кино мэдээг 300 метр хальсанд буулгадаг байсан одоо бол 200 метр флёнк дотор хоёр мэдээ багтаачихдаг болж. Уг нь төрийн мэдлийн үйлдвэр мөртлөө Соёлын яамнаас сар бүр 10 сая төгрөгийн санхүүжилт авдаг . Энэ мөнгөөрөө юу хийдэг нь бас л сонин шүү дээ. Тэгээд ч улсын мэдлийн газар Ж.Солонгын хувийн компани болсон нь бүр ч сонин байгаа биз дээ.
Ажилчид нь түүний ах, дүү амраг садангаар дүүрсэн. Нэг ёсондоо мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байгаа учраас энэ хүнийг солигдсон цагт л энэ байгууллага өөрчлөгдөх байх. Техник, технологийн дэвшлийн энэ цаг үед кинонд ашиглаж байгаа дижитал системийг ашиглаад DVD хуурцаг, хальсан дээр хадгалах боломжтой шүү дээ. Тэгээд ч заавал 10-хан минутын мэдээ биш, нэг сард 2-3 цагийн материал хадгалах боломж байгаа.
-Ж.Солонго захирал мэргэжлийн найруулагч хүн биз дээ?
-Муугаар хэлэхэд энэ хүнд кино найруулах ямар ч мэдлэг чадвар, авьяас байхгүй. Хуучнаар ЗХУ-ын Москвагийн Кино урлагийн дээд сургуулийн кино судлаачийн ангийг төгссөн хүн шүү дээ. Тэр үед юун хичээлд суух. Ганзагын наймааг л гаргууд сурсан хүн. Товчхондоо “Монгол кино”-г Ж.Солонго нурааж, сүйтгэж байна. Уг нь, 1998 онд Ж.Солонгыг томилогдоход дорвитой бүтээл хийнэ гэсэн найдлага бидэнд байсан.
Гэтэл 15 жилийн хугацаанд өөрийн байр суурийг бэхжүүлж, хувийн эрх ашгийн төлөө ажилласаар өнөөдрийг хүрлээ. Учир нь кино үйлдвэрт болж байгаа бүх үйл явц нууц, явагддаг. Засаг төр нээлттэй ажилладаг болсон энэ үед кино үйлдвэр хаалттай байгаа нь сонирхолтой байгаа биз. Энэ хүн төрийн ажлын хажуугаар Кино урлагийн дээд сургуулийн захирлын албан тушаал хашиж байгаа нь ямар том эрх мэдэл вэ.
Уг нь хуулиа бодсон ч төрд алба хашиж байгаа хүн хувийн салбарт ажиллаж болохгүй гэсэн хууль нь байдаг. Энэ бүх хууль бус үйлдлийг нь хаайцайлж, энэ олон жил тус үйлдвэрийн даргаар ажиллуулах эрхийг нь хамгаалдаг хүн нь түүний эхнэр Солонго гэж хүн байдаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газарт том албан тушаал хашдаг юм гэсэн. Тэгээд л энэ хүн ингэж баруун солгойгүй улсын хөрөнгөөр туйлж байгаа юм.
Уг нь “Монгол кино” нэгтгэл гурван том үйлдвэртэй байсан. Баримтат киноны студи гэж биеэ даасан байгууллага 1990-ээд он хүртэл ажиллаж байлаа. Тэр студи явсаар байгаад Киноны улсын сургууль болж хувирсан. Гэтэл 2011 онд Ё.Отгонбаяр сайд асанг бүх соёлын сургуулийг нэгтгэх үеэр КУДС хувийнх болж таарсан. Хэдийд улсын сургуулийг хувьчлаад авчихсаныг хэн ч мэддэггүй.
Миний сонссоноор тухайн үеийн төрийн өмчийн хорооны дарга байсан Д.Сугар л хувийн сургууль болоход нь их нөлөө үзүүлсэн гэж ярьдаг. Үндсэндээ хувийн сургуулиа удирдаад явбал тэр хүнд өлзийтэй байх. Монголын кино урлагийг сайн дурын уран бүтээлчид өөрсдийнхөө чадлаар авч яваа. Төр ажлаа мэддэг бол кино үйлдвэрийн захирал Ж.Солонгыг салбарын шинэ сайд нь өөрчлөх хэрэгтэй.
-Ж.Солонго захирал та бүхний хооронд ямар нэгэн хувийн өс хонзон байдаг уу?
-Монголын кино урлагийг хөгжүүлэлгүйгээр дан ганц хар амиа бодсонд л үе, үеийн олон уран бүтээлч гомдож явдаг. Түүнээс тэр хөөрхийлөлтэй хэзээ мөдгүй унах гэж байгаа хүнд бид юунд нь өс хонзон санах вэ дээ. Харин ч энэ хүнийг АТГ-аас шалгах цаг нь ирсэн байх. Бид энэ тухай хүсэлтээ холбогдох бүх газарт нь гаргаж өгч байгаа.
Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”