Сахилгагүй эрх жаахан хүү, аальгүй дэгжин махлаг эмэгтэйн дүрийг чадамгай бүтээдэг “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Ц.Ононтой уран бүтээлийнх нь сонин сайхнаас хуваалцлаа. Тэрбээр тоглолтондоо бэлдээд тун завгүй байсан юм.
-Сайн байна уу. Ярилцлагаа 2013 онд хийхээр төлөвлөж байгаа уран бүтээлийн ажлаас тань эхэлье.
-Одоогоор манай продакшны шилдэг тоглолтууд үргэлжилж байна. Ер нь 2013 оны нэгдүгээр сард болох тоглолтууд аль дөрвөн жилийн өмнөөс төлөвлөгдсөн байдаг. Манай продакшныхан хийх ажлынхаа төлөвлөгөөг дөрвөн жилийн хугацаагаар төлөвлөдөг. Хүн ер нь ажил амьдралаа зөвхөн нэг жилээр биш гурав, дөрвөн жилээр төлөвлөх нь зүйтэй юм шиг санагддаг.
-Мэргэжил бүхэн сайхан. Жүжигчин хүний сайхан нь юу вэ?
– Хүн бүр л багаасаа янз бүрийн өөр өөрийн хүссэн мэргэжилтэй болохыг хүсдэг шүү дээ. Би ч сургуульд байхдаа үдэшлэг, цэнгүүн хөтөлж урлагийн үзлэгт их ордог байсан. Гэхдээ урлагийн хүн болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Тэр үед чинь бидний үеийнхэн гадаадад л сургуульд орж байвал хаана ч ямар мэргэжлээр сурсан болдог байлаа шүү дээ. Ах дүү нараараа үдүүлж гаргуулаад л их гоё санагддаг байсан. Тэгсэн манай ангийн хүүхэд Оросод театр урлагийн сургуульд хүүхдүүд ороод байна чи шалгалт өгөөч гэхээр нь шалгалт өгсөн. Даанч тэнцээгүй. Тэгээд л Монголд ч жүжигчин мэргэжлээр элсэлт авдаг юм байна гэж сонсоод шарандаа заавал жүжигчин мэргэжлээр суралцана даа гээд шалгалт өгөөд тэнцсэн. Түүнээс биш Монголд жүжигчний анги байдгийг ч мэддэггүй байлаа шүү дээ.
Гэхдээ одоо Монголдоо жүжигчин мэргэжлээр суралцсандаа их баярладаг. Монгол ахуй, монгол уур амьсгалаа мэдэрч мэргэжил эзэмшсэн. Одоо цуг тоглож байгаа жүжигчид маань нэг сургуулийн нэг багшийн шавь нар байдаг. Мөн би драмын театрт байхдаа Оросод театр урлагийн дээд сургуулийн дээд курсын найруулагчийн ангид шалгалт өгөөд хоёрт орсон. Үндсэндээ тэнцээгүй гэсэн үг л дээ. Тэр үед би өөрийгөө ямар азгүй юм бэ гэж бодож байсан. Одоо бодоход ийм л хувь заяатай юм байна. Тэнцээгүй эх орондоо үлдсэндээ ч энэ сайхан тайзан дээрээ тоглож байна гэж бодож байгаа.
-Та ийнхүү жүжигчин мэргэжлийг сонгож байснаас хойш хэдэн жил урлагийн тогоонд чанагдаж байна даа.
– 1991 онд сургууль төгсөөд драмын театрт Доржсамбуу багш дээр хуваарилагдан очиж байлаа. Театрт байхдаа л 1993 онд Батзаяа ахтай нийлж хошин урлагаар тоглож эхлээд түүнээс хойш хошин урлагаар завсаргүй занимаалдаж байна даа.
-Хошин урлагийнхан нийгэмд болохгүй байгаа зүйлийг их хөндөж гаргадаг юм шиг харагддаг. Харин та өөрөө шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?
– Аливаа зүйл шүүмжлэлгүй байна гэж байхгүй шүү дээ. Би бол шүүмжлэлд нэг их эмзэглэдэггүй. Хүн шүүмжлэлийг сонсох ёстой. Хамгийн гол нь шүүмжлэл утгатай байх ёстой. Түүнээс биш энэ тэнэг юм, мангар юм гэдэг бол шүүмжлэл биш. Шүүмжлэл байх ёстой. Аливаа зүйл шүүмжлэлгүй бол утгаа алдана. Харин хошин урлагийнхан өөр зүйл тоглож чадахгүй гэдэг бол буруу. “Х-ТҮЦ” продакшн бол тэр ойлголтыг таслан зогсоож чадсан гэж боддог. Манайхан “Хориотой жүжиг”, “Аянгын бороо” зэрэг гүн ухааны сэдэвтэй жүжгүүдийг ч тоглож үзэгчдэд харуулсан.
-Үнэхээр тийм. Та л гэхэд “Аравт” кинонд чадамгай бүтээж чадсан ?
– “Аравт” кино бол хоёр жилийн өмнөх кино. Харин дэлгэцэнд өнгөрсөн жилээс гарсан. Жүжигчин хүн бүр л түүхэн кинонд баатрын дүрийг бүтээхийг хүсдэг байх. Гэхдээ би нэг тийм баатрын дүрийг бүтээчих юмсан гэж бодож байгаагүй. Над шиг бүлтгэр нүдтэй баатар гэж ч юу байхав гэж л боддог байлаа. Аравт кинонд тоглохыг Золоо найруулагч болон кино компанийхан санал болгоход эхлээд би зөвшөөрөөгүй юм. Жүжигчин хүнийхээ хувьд бол би итгэж байна. Намхан, бүлтгэр гэдэг утгаараа ч юм уу өөртөө итгэлгүй байсан. Тийм хүн Чингисийн баатарт тоглоод хэрэггүй байх гэж бодож байлаа. Тэгээд тоглохгүй гэсэн. Гэтэл зүгээрээ зүгээр бидний нүдэнд буугаад байна гэсэн. Ингээд зөвшөөрөхгүй байж байгаад зураачийнх нь намайг XIII зууны цэргийн байдлаар зурсан зургийг нь хараад болох юм байна гэсэн итгэл төрсөн. Би ер нь өөрийгөө их азтай хүн гэж боддог. Намайг сонгож тоглуулсан найруулагчид баярлаж явдаг шүү.
-Сэргээш нэг, хоёр, гурав бол дэлгэцийн сайн бүтээл. Сэргээш дөрөв хэзээ хийгдэх вэ?
– Бид “Сэргээш” дөрвийг хийнэ гэж ярихгүй байгаа. Ер нь Сэргээш нэг, хоёр, гурав чинь захиалгаар хийгдээгүй бүтээл шүү дээ. Аливаа уран бүтээл чинь гэнэт эмоци, сэтгэлийн хөөрөл, эмзэглэлээр хийгддэг. Түүнээс биш хүний захиалгаар хийгддэг уран бүтээл сайн төрдөггүй юм. Сэргээш дөрвийг хийгээч ээ гээд л хүмүүс хэлдэг юм. Уг нь сайхан л даа. Гэхдээ л хийх дур төрөхгүй байгаа юм. Манай хамтлаг “Болсон явдал нэг” гээд л хэд хэдэн дэлгэцийн бүтээл гаргаж байсан. Дэлгэцийн бүтээлийн хувьд жил бүр хийгээд байх сонирхол байдаггүй. Чанартай бүтээлийг бодож, ярилцаж суух хэрэгтэй байдаг. Бид чанартайхан цөөхөн дэлгэцийн бүтээл хийнэ гэж боддог.
-“Х-ТҮЦ” хамтлаг байгуулагдсанаасаа хойш хэчнээн уран бүтээл гаргаад байна вэ?
– Би архивын бичиг цаасны ажилд их муу. Ер нь ч дургүй дээ. Шилдэг түүврийн тоглолтон дээрээ бид юу хийсэн талаараа тайлагнах гээд Одноогоор тайлан гаргуулсан юм. Одноогийн бичсэнээр 47, 48-н тоглолт зохиож 3000 гаруй тайзан дээр бүрэн тоглолт хийсэн байна. Монголыг тойроод 70 мянга гаруй км замыг туулсан байна. Би чинь архивын ажилд муугаас гадна энд тэнд зургаа ч авахуулж яваагүй юм байна лээ. Манай урлагийнхан чинь зургаа их авахуулдаг шүү дээ.
-Зураг гэснээс Б.Балжинням найруулагчийн найруулсан “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалтын үеэр авахуулсан нэг эмэгтэй гуалиг зураг чинь интернэт сайтуудаар тарсан байна. Энэ зургийнхаа талаар?
– Би чинь тэр үед оюутан байсан. Манай ангийнхан уран бүтээлийн дадлага хийгээд тэнд очиж байсан. Багш нар “Чингис хаан” кинон дээр дадлага хийнэ шүү. Хүүхдүүд ээ юмыг яаж мэдэх вэ үсээ ургуулаарай гэсэн. Эрчүүд ч үсээ ургуулаад л . Би ч бас юу бодож үсээ ургуулсан юм бүү мэд. Дүр бүтээчих л санаатай байсан юм шиг байгаа юм. Тэр үед туранхай ч байлаа, сахал ч ургаагүй байсан даа. Тэнд намайг очиход эмэгтэй гэж андуурсан юм л даа. Тэгэхээр нь эд нар намайг эмэгтэй гэж андуураад байгаа юм чинь эмэгтэй хувцасыг нь өмсөөд зургаа авахуулъя гээд ангийнхаа нэг хүүхэдтэй зургаа авахуулж байсан юм. Тэр үеийн дүрсгүй зураг юм даа.
-Та бол тайз, дэлгэц аль алинд нь хүчээ сорьж үзсэн. Тэгэхээр энэ хоёр төрлийн аль нь илүү хүч, чадвар шаардсан байдаг вэ?
– Аль аль нь л уран бүтээл. Хоёулаа л хүний хүч хөдөлмөр шаардсан ажил л даа. Гэхдээ яах вэ театр нь илүү их хүний нерв бардаг ажил юм болов уу. Кино ч гэсэн хүний нервийг барна л даа. Бас л хүнд ажил. Кино, театрын ялгаатай нь гэвэл кино бол кадрын урлаг учраас бяцхан агшинд өөрийгөө бүрэн дайчилж авч гарч чадах. Харин жүжиг бол тайзан дээр нэг эхэлсэн бол дуустал өөрийгөө мэдэрч үзэгчдийг хөтлөх шүү дээ.
-Таны хамгийн хайртай дүр юу вэ?
– Хамгийн анх тоглож байсан хүүхдийн дүрдээ хайртай. Тэр энэ дүрдээ хайртай гэснээс гадна хамгийн анх соёлын төв өргөөний тайзан дээр гарснаа ерөөсөө мартдаггүй юм. Төв хөшиг нээгдээд л тайзан дээр гараад ирсэн чинь маш олон үзэгч байсан. Олон үзэгч хараад амьсгаа түгжигдээд, арьс бэржийгээд л нэг их сонин болчихсон. Гэхдээ айгаад биш, хөөрөөд л, онгирмоор санагдаад байсан. Үзэгч гэдэг чинь ямар дулаахан, ямар сайхан дулаан уур амьсгалтай байдаг юм бэ гэдгийг мэдэрч байсан. Анх “Батзаяа ба түүний нөхөд” гэж тоглож байлаа.
-Жүжигчнээр маш олон залуучууд бэлтгэгдэн гарч байна. Залуу жүжигчдээ хэр дэмжиж ажилладаг вэ?
– Угаасаа бүх салбар шинэ залуу боловсон хүчнээр сэлбэгддэг чинь амьдралын жам шүү дээ. Үүнийг бид хэзээ ч зөрчиж чадахгүй. Тэгэхээр дараа үе, залуучуудаа байнга бэлдэх ёстой. Манай продакшн бол залуу уран бүтээлчдэд хаалга нээлттэй шүү дээ. Ирсэн хүмүүсийг бид үзэж хараад л бололцооны залуусыг хоёр тоглолтод оруулж үзээд туршдаг. Гэхдээ нэг хоёр удаа тоглолтод оруулж үзээд тэр хүний авъяасыг мэдэхэд хэцүү л дээ. “Х-ТҮЦ” продакшинд орж байгаа залуу уран бүтээлчид тодорхой хэмжээний авъяастай байх ёстой. Тэгээд зүтгэлтэй байх хэрэгтэй. “Х ТҮЦ” продакшний барьж байгаа нэг бодлого бол хүн хүнээрээ л байх, зөв хүн байх ёстой.
-Жүжигчин хүний хувьд дүрийн судалгаагаа хэрхэн хийдэг вэ?
– Өө янз бүр шүү дээ. Бид нарыг оюутан байхад багш нар байнга дэвтэртэй явж бай. Тэгээд содон сонин хүмүүстэй тааралдвал тэмдэглэж авч бай гэдэг байсан. Тэр ч үнэн юм байна билээ.
-Уран бүтээлч хүний амжилттай явах үндэс мэдээж гэр бүлийнхэн байдаг. Таны арын албыг дааж явдаг гэр бүлийнхийг чинь асуухгүй байж болохгүй байх?
– Уран бүтээлч хүнд хамгийн хэрэгтэй зүйл гэр бүл шүү дээ. Уран бүтээлч хүн бол ажлын найман цагаар ажлаа хязгаарлаж болохгүй. Миний хань бол төрийн албан хаагч бүсгүй бий. Манайх гурван хүүхэдтэй. Би гэртээ зочид буудалд байгаа юм шиг л байдаг. Өглөө нэг хоол идчихээд л гараад явдаг. Орой унтах гэж л очдог хүн. Гэрт болж буй бүхий л асуудлыг том охин, хань маань зохицуулдаг.
-Та айлын эрх хүүхэд юм уу эмэгтэй хүний дүрийг их бүтээдэг. Эмэгтэй хүний хувцас танд хэр олддог вэ?
– Би эмэгтэй хүнээс дутахааргүй хувцастай болсон шүү. Надад хөхний даруулга тав, туфли зургаа байдаг. Туфли ч харьцангуй сайн олддог. Би 39 размер өмсөнө. Бас эмэгтэй гутал өмсөх зориулалттай нарийхан. Дэлгүүрт явж байхдаа надад таарах өсгийтэй гутал байна уу гээд л хардаг юм. Харин том биетэй Баярмагнай эд нарт таарах өсгийтэй гутал олддоггүй байхаа.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.
– Баярлалаа. Заавал хошин тоглолт үзээд бус амьдралдаа аз жаргалаар дүүрэн инээж яваарай гэж танай сониныг уншиж байгаа бүх хүмүүст хэлье дээ.
Г.Хишигт