“Монгол үндэстний уртын дуу” хэмээх нэгэн шинэ номыг танилцуулах ёслолын ажиллагаа “Хөгжим бүжгийн коллеж” -ийн их танхимд болж өнгөржээ. Энэхүү номыг бүтээх гол зорилго нь үндэсний хэл соёл, биет бус соёлын өв, түүний дотор монгол уртын дууны тухай мэдэхэд чиглэжээ. Мөн “Уртын дууны талаар ойлголт авахыг хүссэн хэн бүхэн “найрын гурван дуу”-тай болох гэсэн хүүхэд залуус, тэрчлэн уртын дуучин болж энэхүү гайхамшигт урлагийг ард олондоо, дэлхийн улс түмэнд түгээн алдаршуулахаар зориг шулуудсан залуу дуучид, тэдний багш нарт товч, хялбаршуулсан мэдээлэл, аргазүйн чиглэл өгч туслах гэсэн санааг агуулсан” болохыг уг номын зохиогчид тодотгов. Түүнчлэн тэд энэхүү ном бага, дунд, дээд сургуулийн багш нарт ч бас тус дэм болох учиртайг онцолж байв.
Энэхүү ном нь нэлээд онцлогтой аж. Тухайлбал, уртын дууг ая эгшиг, үг найраг, дуулах ур зүйн цогц бүтээл, туурвил зүйн бие даасан хэлбэр, бүтэц зохиомж болохын хувьд нь авч үзсэн байна. Үүгээрээ уртын дууны талаар нэлээд товч, хялбаршуулсан тодорхойлолт өгөхийг хичээсэн аж.
Ингэснээр багшгүйгээр ч уртын дуу дуулж сурах бидэнд олгож байгаа юм. Энэхүү номыг “Соёл, урлаг хөгжүүлэх” сангийн дэмжлэгтэйгээр доктор Н.Уртнасангийн санал, төлөвлөгөөг үндэслэн эрдэмтэн, судлаач А.Алимаа, Ж.Энэбиш, Н.Уртнасан нар бичиж уртын дууны нэрт өвлөн уламжлагчдын тухай бичихдээ С.Цоодол, Д.Дашдорж нарын бүтээлээс авсан бөгөөд судлаач А.Дүүрэнжаргал зарим дуучдын тухай нэмж бичиж оруулсан байна.
www.URLAG.mn