“Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонготой ярилцлаа. Түүнийг “Монгол кино” нэгтгэлийн газрыг худалдсан, кинонд хэрэглэж байсан үнэт эдлэлийг наймаалсан, “Түүхийн хүрд” кино мэдээг муу бэлтгэсэн зэрэг шалтгаанаар “Монгол кино” ахмадын хорооныхон буруутгаж Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Харин тэрбээр энэ бүхнийг захиалгатай үйл ажиллагаа хэмээн үзэж байна.
-Таныг “Монгол кино” нэгтгэлийн хашаанд орон сууц бариулж хувьдаа 10 байр авахаар болсон хэмээн ахмад уран бүтээлчид ярьж, хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Энэ үнэн үү?
-2002 онд хот төлөвлөлт хийхдээ манай үйлдвэрийн хашаан дахь агуулах байрладаг хэсэгт Батлан хамгаалах яам, Татварын ерөнхий газар ажилчдынхаа орон сууцыг бариулахаар болсон байв. Бид жил гаруй эсэргүүцэж заргалдаж явсаар хашаандаа “Монгол кино” нэгтгэлийн ажилчдын орон сууц бариулах шийдвэр гаргуулж, хот төлөвлөлтийн зурагт оруулсан. Мэдээж бидэнд орон сууц барих мөнгө байхгүй. Ингэж явсаар 2008 онд нэг компани олдсон нь “Зүмбэр орд”. Тэднийх 85 айлын орон сууц бариад 10-ыг нь манай ажилчдад өгөхөөр болсон юм. 2012 оны эхээр барилга ашиглалтад ортол “Зүмбэр орд” компанийнхан “Бид маш их хөрөнгө зарлагадсан. Бараг ашиггүй ажиллалаа. Тиймээс танайд хоёр байр өгье. Нэгийг нь та ав, нөгөөг нь санхүүдээ өг” гэлээ. Би “үгүй” гэсэн. Тэгтэл тэд намайг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн. “Энд нэг гарааш бариулаад байна. Шалгаж өг” гэсэн байсан. Үүнийг нь Авлигатай тэмцэх газар хүлээн аваагүй. Тэгэхээр нь би “Зүмбэр орд” компанийг шүүхэд өгсөн.
Хоёр он дамнан Баянзүрх дүүргийн шүүх, Нийслэлийн шүүх, Улсын дээд шүүх хүртэл явлаа. Анхан шатны шүүхээс эхлээд манай талд шийдвэр гарч байсан ч, “Зүмбэр орд”-ынхон давж заалдаад явсан юм. 2012 оны арваннэгдүгээр сарын 22-нд Улсын дээд шүүхийн шийдвэр гарч, “Монгол кино” нэгтгэлд найман байр өг гэсэн. Анх 10 байр гэж байсан ч ам метр, үнийн зөрүүгээс шалтгаалан найм болсон юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан ирээд тэднийг манайд байраа шилжүүл гэхээр тэд эсэргүүцэж баахан маргаан болсон юм. Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын 8-нд манай талд байраа шилжүүл гэсэн захирамж гарсан. Тэгтэл “Зүмбэр орд”- ынхон манайд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан нэг ахмад ажилтныг таньдаг болж таарсан. Түүгээр дамжуулан одоо надтай заргалдаад яваа Дамдин, Цэнддорж нарыг турхирсан. Тэдний байгуулсан “Монгол кино” нэгтгэлийн “Монгол кино” ахмадын хорооны ¹ 3 тоот хүсэлт нь энд байна. Тэд энэ бичгээ надад нэгдүгээр сарын 8-нд явуулсан байна. Энэ нь захирамж гарсан өдөртэй давхцаж байгаа юм.
Тэд энэ ахмадын хорооны нэрээр байрыг өөрсдийн болгох гэж оролдсон ч өгөөгүй юм билээ. Барилгын компанийнхан ч тэдэнтэй хуйвалдаж “Монгол кино” нэгтгэлд өгөхөө болиод та нарт өгье гэсэн байгаа юм. Тэд “Бид байр авна” гээд энд ирсэн. Тэгэхээр нь “Одоо энд ажиллаж байгаа хүмүүсийг яах вэ” гэтэл “Эд муусайн гөлөгнүүд яадаг юм. Бид энэ байгууллагад насаараа ажилласан” гэж хэлсэн. Би бол ажиллаж байсан цех тасгаараа хэлэлцээд хэндээ өгөхөө шийд гэсэн. Гэтэл “Тэгвэл бид чамайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ална” гээд гарсан. Хийж байгаа ажил нь энэ. Яг үнэндээ Дамдин, Цэнддорж хоёр өөрсдөө л байр авах гээд байгаа юм. Энэ ахмадын хороо 21 хүнтэй гэх боловч би тэднийг туршиж “Ядаж та нар хоёр байрыг нь л ав. Хэнд нь өгөх вэ?” гэтэл тэд өөрсдийн нэрийг бичиж өгсөн. Гэтэл “Монгол кино” нэгтгэлийн 180 ахмад ажилтан байна. Би одоо тэднийг Сар шинийн баярын өмнө хүлээж авахаар бэлтгэж байна шүү дээ.
-180 хүнийг хоёр хүн төлөөлөөд явж болохгүй байх. Танай ахмадууд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Манай ахмадууд энд цуглаад цех тасгаараа буюу жар жараараа хуралдсан. Хэндээ байр өгөхөө шийдвэрлэсэн. Ахмадууд өнөөдөр ч над дээр ирж уулзаад “Ингэж болохгүй. Хэвлэлийн бага хурал хийе. Хэлье, ярья” гэж байна. Уг нь ахмадын төлөөлөл болсон 3-4 хүн гурван сарын өмнөөс энд суугаад ахмадуудынхаа архивын барим тыг бүрдүүлээд явж байгаа. Засгийн газраас 1990-1995, 1995-2000 онд Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хүмүүсийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан. Манай 180 ахмадын 100 гаруй нь энэ тогтоолд хамрагдаж байгаа юм. Сар шинийн баяраар ахмадуудаа ирэхэд нь бидний зүгээс гаргаж өгөх боломжтой бүхнийг бэлдэе гээд ажиллаж байна. Нийгмийн даатгалын газар, архив гээд олон газарт очиж бүрдүүлэх болгоныг тэдний өмнөөс энэ хүмүүс хийсэн юм.
-“Түүхийн хүрд” кино мэдээг бэлтгэлгүй тасалдуулж Монголын түүхийг үгүй хийлээ гэжээ. Мөн энэ тухай БСШУЯ-ны шалгалтын Ажлын хэсэгт багтаж ажилласан Д.Золбаяр ярьж байгаа.
-1940 оноос хойш Монгол Улсад болсон чухал үйл явдлыг сар бүрээр манайд бэлтгэж кино архивт хадгалдаг болсон юм. Одоогийн байдлаар жилд 110 сая төгрөг олгож 12 ангитай кино мэдээ бэлтгэж байгаа. Өчигдөр (пүрэв гариг) болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, БНХАУын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Ү Бангогийн айлчлалын зургийг авлаа. Энэ кино мэдээ1990-1996 онд тасарсан байдаг юм. Түүнийг БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2001 оны 53 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд бичсэн байна. “Монгол Улсын түүхийн хувьд нэн эгзэгтэй, шилжилтийн үе болох 1990-1996 онд болсон түүхэн үйл явдлыг кино хальсанд буулган авч бүтээх ёстой байсан “Түүхийн хүрд” кино мэдээнээс нийт 58 бүлэг эх негатив дүрс, дуу, дуутай позитив хувийг огт хийгээгүй, улсын архивт шилжүүлээгүй байна” гэжээ. Энэ үед нь Баримтат киноны студийн захирлаар Цэнддорж хоёр жил, Дамдин нэг хэсэг ажилласан байгаа юм.
Харин “Монгол кино” нэгтгэл 1997- 2000 онд “Түүхийн хүрд” кино мэдээ сэтгүүлийн 48 дугаарыг бүрэн бүтээж дуусган негатив, дуу, дуутай позитив 124 бүлэг хувийг зохих журмын дагуу улсын архивт шилжүүлэн хадгалуулсан, мөн 1996 оны зургийг нь аваад дутуу орхисон “Түүхийн хүрд” кино мэдээний дөрвөн дугаар, 1997 оны эхний гурван дугаарыг өөрийн хөрөнгөөр нөхөн бүрдүүлж, архивт шилжүүлснийг сайшааж, “Түүхийн хүрд” кино сэтгүүлийг бүтээх төлөвлөгөө, гүйцэтгэл, бүртгэл, тооцоо “Монгол кино” нэгтгэлд 1997 оноос эрс сайжирч, тогтмолжин хэвшсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв” хэмээн бичсэн байна.
-Хамгийн сүүлд БСШУЯнаас гарсан Ажлын хэсгийнхэн энэ кинонд муу дүн тавьсан юм уу?
-Намайг дивикамаар бичээд DVD болгоод хадгал гэж энэ залуус хэлээд байгаа юм. Гэтэл түүнийг нь чанарын шаардлага хангахгүй гээд архив ч хүлээн авахгүй. Манай бүх тоног төхөөрөмж оросынх. Бид тоног төхөөрөмжөө шинэчлэхээр 2002, 2007 онд төсөл боловсруулан Байнгын хороогоор хэлэлцүүлж л байсан. Тэгэх бүрт энэ хүмүүс дэмий юм ярьж, олны сэтгэлийг үймүүлээд үр дүнгүй болгочихдог. Бид хар, цагаан хальсыг нэг метрийг нь 1.5 ам.доллараар худалдан авдаг. Нэг кино мэдээг ажлын хувь дуутай, дүрстэй нь буулгана гэхээр дөрвөн хайрцаг хальс ордог.
Дивикам хальсан дээрх зургийг 5-6 жил хадгалдаг бол хар цагаан хальсан дээр авсан материалыг 120 жил хадгална. Дүрс бичлэг нь чанарын өндөр төвшинд байна. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт архивт байгаа манайхны бэлтгэсэн дүрсийг ашиглаж байна. Хэчнээн гоё гарч байгаа билээ. Намайг хувийн сургуулийнхаа хонхны баярыг авсан байна гэдэг. Гэтэл тэр жил КУДС анх удаа хонхны баяр архигүй тэмдэглэх уриалга гаргаж, өөрсдөө үлгэр жишээ тэмдэглэсэн учраас онцолсон юм. Энэ шалгалтын тухай намайг оролцуулалгүй NTV телевизээр ярилцлага өгч байхад нь би шууд явж ороод учрыг нь хэлж байсан.
-Кино үйлдвэрт байсан үнэтэй зүйлс алга болсон гэсэн байгаа?
-Энэ тухай та нар ардын зураач П.Цогзол гуайгаас асуугаарай. Тэр хүн манай агуулахад жилд хоёр удаа тооллого хийхэд оролцож, хамгийн сүүлд гарын үсэг зурдаг. Одоо ч эндээ ажиллаж байгаа. Кинонд тийм үнэтэй зүйл ашигладаггүй юм. Ихэнхийг нь тухайн үед нь хийдэг. Манай архивт өчнөөн юм байна. Би ч тэнд орох эрхгүй. Нягтлан ч орохгүй. Нярав, зураач хоёр л ордог юм. Энэ хэвлэлийн бага хурал хийгээд яваа Ганболд бол 20 жилийн өмнө Дамдингийн туслах л байсан. Түүнээс хойш нэг ч удаа Кино үйлдвэрт орж ирээгүй. Мэдэхгүй байж ингэж ярьж болохгүй ээ.
-Ажилтнуудаа чөлөөт уран бүтээлч болгож гаргасан. Одоо ажиллаж байгаа хүмүүст ч маш бага цалин өгдөг гэсэн байсан.
-1990 он хүртэл Монгол кино үйлдвэрт 300-гаад хүн ажиллаж байжээ. Улсын соёл урлагт зарцуулдаг жилийн төсвийн 47.8 хувийг Кино үйлдвэр авдаг байв. 1990-ээд оны эхээр ахмадууд хуралдаад Төсвийн хөрөнгө авахгүй, аж ахуйн тооцоотой болохоор шийдэж бичиг өргөн барьсан байгаа юм. Тэгээд 1992 оноос өнөөг хүртэл “Монгол кино” нэгтгэлд улсаас нэг ч зоос өгөөгүй. Өөрсдөө дулаан, цахилгаан, ажилчдын цалингаа бүрдүүлж засвар үйлчилгээгээ хийж яваа. “Түүхийн хүрд”-д төсөвлөсөн мөнгө нь түүндээ л зориулагддаг. Баримтат кинонд л гэхэд одоо 40 гаруй хүн байнга ажиллаж байна.Уран сайхны киноныхноо нэмбэл 60 гаруй болно. Том хэмжээний кино хийхээр бол гэрээтэй хүмүүс нэмэгдэж ажилладаг. Жилдээ татвар, нийгмийн даатгалд 100 гаруй сая төгрөг төлдөг. Анх намайг энэ байгууллагыг авахад нийгмийн даатгал болон татварт 87 сая төгрөгийн өртэй, дансандаа 22 мянган төгрөгтэй л байсан юм.
-Энэ албан тушаалыг аваад 16 жил ажиллаж байгаад олон хүн дургүйцэж байгаа юм болов уу. Нэг хүн удаан ажиллуулснаас хардлага бий болсон байх.
-Манай байгууллагын ажлыг жил бүр аудитын газраас шалгадаг. Ашигтай сайн ажилласан учраас л Төрийн өмчийн хороо гэрээгээ сунгаад ажиллаж байгаа шүү дээ. Намайг ажил хүлээж авахад төмрийн хогон дээр очих шахсан байсан машинуудыг би нэг нэгээр нь сэлбэж зассаар одоо 14-15 машинтай болсон байна. Нэмээд ПАЗ автобус, “Волга 21” гайгүй үнэ өртгөөр олоод авчихмаар байна. Кино бүтээхэд машин чухал үүрэгтэй. Түүхэн хувцас хэрэглэлийг хийж болох ч машиныг хийж чадахгүй. Одоо “Монгол кино” нэгтгэлийн “Мосфильм”-тэй хамтран хийж байгаа “Талын зам 505” киноны зурганд энэ машинууд орсон. Жилдээ нэг удаа хашаандаа гаргаж хүмүүст үзүүлдэг.
-Д.Золбаяр найруулагч “Кино үйлдвэрт нэг ширхэг ч эхнэр үс байхгүй байна” гэж ярьсан нь худлаа болох нь ээ?
-Энд ирээд түрээслээд авч болно шүү дээ. Яагаад “Херо”-гийн Баатар эндээс юм аваад болоод байгаа юм бэ. Бас “Долоон бурхан од харвадаггүй” киноны 4000 хувцас манайхаас гарсан. “Ану хатан” киноныхон ч эндээс л авсан. Болохгүй юм байхгүй шүү дээ. Харин хэн нэгэн сайд даргын нэр барьж үнэгүй юм авахыг зарим нь хүсээд байдаг. Манайх та нартай л ижил өөрийгөө санхүүжүүлж яваа байгууллага. Тэгэхээр түрээсээ төлөөд л хэрэглэ, нээлттэй. Бас манай павильоныг үнэгүй ашиглахыг хүсдэг байх. Өмнөх дарга нар нь энэ павильоныг ноосны агуулах болгочихсон байсан гэтэл одоо нэвтрүүлгийн зураг авах урт дараалал бий болсон байна. “50 саяын уналт”, “Монгол тулгатны 100 эрхэм”, “Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу?” зэрэг олон нэвтрүүлгийг энд хийж байна.
Ардын зураач П.Цогзол гуай эмнэлэгт хэвтэж байгаа юм байна. Өчигдөр түүнтэй утсаар холбогдож энэ тухай тодруулахад “Намайг амьд байхад арай ч ингэж худлаа ярьж болохгүй. Би энэ бүх худал гүжирдлэгт хариу өгч чадна. 29 наснаасаа 80 хүртлээ кинонд ажиллалаа. 38 уран сайхны киноны ерөнхий зураачаар ажилласан болохоор кинонд хэрэглэж байсан жижиг хэрэглэлийг хэнээс ч дутуугүй мэднэ. Бүр 80 гаруй киноны тухай кадр кадраар нь ярьж чадна шүү. Үнэтэй юм гэвэл хатан хүний гурван хувцас, толгойн чимэгтэйгээ бий. Бас нэг төө урт пийсүү гаанс, арваад хөөрөг, хоёр хаш аяга байна. Одоо ч байгаа. “Тунгалаг тамир” киног таван жил хийхдээ жүжигчдэдээ шинэ хув цас өмсүүлсэнгүй гэж шүүмжлүүлж л байлаа. Тэр үед Итгэлтэд л ганц хярсан дээр хийж өгсөн. Тийм үнэтэй гаанс байхгүй. “Тунгалаг тамир” киноны наадмын зургийг авахдаа Ч.Лодойдамба гуайн тушаалаар бүх театрын уран бүтээлчид хувцсаа өмсөөд ирж байсан юм. Итгэлтэд тоглосон А.Очирбат ч амьд байна.
Монгол киноны ахмадын байгууллага байгуулагдсан нь сайн хэрэг. Гэхдээ мэдэхгүй байж худлаа ярьж болохгүй. Мягмар бид хоёр тооллого хийж байхдаа муудсан хэдэн модон хувин зэргийг акталж л байсан. Кино үйлдвэрт нэг ширхэг ч алтан бөгж байхгүй шүү. Харин ч авч хэрэглэж байгаа хүмүүс нь жонхуугаар цардсан хувцсыг хими цэвэрлэгээнд өгч муутгаж байсан тохиолдол бий. Бас киноны үеэр хөдөөний малчин ардууд өөрсдийн эд зүйлсээ өгч зураг авахуулдаг, заримыг нь олны хэсэгт тоглож байгаа хүмүүс хөлсөлж авдаг байсан шүү дээ” гээд нэлээд сэтгэл зовниж байсан. Тэрбээр эмнэлгээс гарсныхаа дараа хэвлэлийн бага хурал хийж энэ тухай их зүйл ярина гэсэн.
Эх сурвалж: GOGO.MN С.Сэргэлэн