Монголд анх удаа бүсгүйчүүд хамтран томоохон түүхэн киног бүтээлээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романыг кино зохиол болгож, найруулж, гол дүрийг нь бүтээхэд бүсгүйчүүд голлон ажилласан. “Шүүдэр продакшн”-ы бүтээл “Ану хатан” түүхэн кино дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнарантай ярилцлаа.
–Түүхэн кинонд олон сайхан дүр бүтээснээрээ та Монголын ард түмний зүрх сэтгэлд уяатай үлдсэн жүжигчдийн нэг мөн. Улсаас ямар нэг туслалцаа авалгүй бүсгүйчүүлийн ухаанаар бүтсэн кинонд та сайхан дүр бүтээжээ. Бага хаадын тухай өгүүлсэн түүхэн кино бүтээх санаа яаж төрсөн юм бол?
-Зохиолч Б.Шүүдэрцэцэг 2011 онд анх “Ану хатан” романаа жүжгийн зохиол болгож амьдруулахад би дүр бүтээж байлаа. Анх удаа театраас бус хувийн хэвшлийн эмэгтэй голдуу хүний санаачлагаар тэр түүхэн жүжгийг тавьсан.
Тэр үед би Шүүдэрээд жүжгээ кино зохиол болговол ямар вэ гэж ухаандаа түүнийг өдөөсөн хэрэг л дээ. Найруулагчаар нь Баатар ажиллаж жүжиг маань цаг үеэ мэдэрсэн их аятайхан тавилттай болсон. Яахав, театрын жүжиг явцуу хүрээнд, хязгаарлагдмал нөхцөлд тоглодог. Харин кино бол нэг орой 21 аймагт зэрэг гарч чадах, хэдэн ч удаа, хаана ч үзүүлж, харуулж болдгоороо жүжгээс давуу юм. Монголд олон хаан төр барьж байсан. Тэр дундаа бага хаадын тухай кино бараг л байхгүйтэй ижил. Галданбошигт хааны тухай хүмүүс ч зоригтой барьж авч дорвитой бүтээл хийдэггүй. Хийсэн тохиолдолд Галдан талаасаа явдалтай. Өндөр гэгээн талаасаа өмгөөлөлтэй. Төв халхынхан Түшээт ханаа гэх мэтээр өөр өөрийн түүхийг хамгаалдаг зөрчилтэй сэдэв.
–Эртний хатан зоригт монгол эмэгтэйн тухай кино таны хувьд нийгэмд, олон нийтэд ямархуу мэссэж өгнө гэж төсөөлөв. Жүжигчид кинонд дүр бүтээж тэр хэрээрээ оюуны цараа нь тэлдэг. Элдэв бодрол, ухаарал таны дотор тулалдан оршдог болов уу?
-Хайр сэтгэл, эр нөхөр, үр хүүхдийнхээ төлөө үхэж болох амьтай чин зоригтой монгол эмэгтэй түүхэнд байсныг киногоороо харуулахыг зорилоо. Энэ нийгэмд үнэхээр дутагдсан, хөндөж болох сэдэв юм. Бид бахархаж болохуйц сэдэв мөн. Ийм сүрхий хатан зоригт бүсгүй түүхэнд хэд ч байсан юм. Таашгүй юм даа. Ану хатнаар хань, үр хүүхдийнхээ төлөө үхэж чадах амьтай бүсгүй хэд байгааг манай нийгмээс сөргүүлэн асууж болно. Хэнд ч гэсэн сургамжтай, сургаалтай, дуурайлалтай уран сайхны бус бодит дүр юм. Ану хатны дүрийг цааш нь задалж төрийн толгойд суусан бүсгүйчүүд зүгээ олог, өөрсдөөрөө бахархаг. Цөөхөн монголчуудад сургамж болж даяар монголчуудыг сэрээсэн дуудлагатай кино бүтээл юм. Монголоор бахархах олон сайхан зүйлийг энэ кинонд нэвт шингээж, мөнхөлсөн. Бага хаадын дотоодын тэмцэл, зөрчилдөөнөөс төрийн томчуулд хүртэл хичээл болох, сургамж авч нэгийг бодохоор өргөн сэдэв юм.
-“Мандухай цэцэн хатан” киног улсын зардлаар бүтээснээс хойш ийм том хэмжээний түүхэн кино хийсэнгүй. Танай салбарыг төр нэг их тоодоггүй. Хойд эхийн сэтгэлээр хандаад байх шиг?
-Энэ киног үзээд төрийн томчуул ч бай, түмэн олон ч байсан тайз дэлгэцийн залуу уран бүтээлчдэд итгэл үзүүлж ямар ч том бүтээл хийлгэж болохыг нөгөө өнцгөөс харж болно. Манай төр засаг ч сүүлийн хориод жил эдийн засгийн хувьд ядуу, зүдүү байсан л байх. Одоо хөл дээрээ босчихлоо. Уул уурхайгаас олж байгаа орлогоосоо бидэн рүү цацаасай. Бид алийн болгон бор зүрхээрээ урлаг, уран бүтээлд хандах юм бэ. Муусайн уран бүтээлчид энэ салбарыг чирч, өдий зэрэгтэй авч явна. Төр биднийг харах цаг болсон. Монгол Улс байгаа цагт соёл, урлагтаа хараагаа сунгаасай. Сая манайхан бодлого боловсруулах яамтай болж би битүүхэндээ баяртай байна. Овоо доо.
–Олон бүсгүйтэй хамт ажиллахад танд ямар мэдрэмж төрөв. Ардын жүжигчин хүн биеэ нэлээд тооно биз?
-1986 онд Мандухайд тоглолоо, ах нь. Дараа нь Б.Балжинням найруулагчийн хийсэн “Мөнхтэнгэрийн хүчин дор”, Л.Эрдэнэбулган найруулагчийн “Үхэж үл болно” кинонд тоглосон би их азтай хүн. Дөрөв дэх том кино маань Ану хатан. Уран бүтээл бүр шинэ эрэл хайгуул, шинэ амьдралын эхлэл болдог. XIII, XV зууны түүхэн үеийн кинонд тоглолоо. Бага хаадын үе улам наашилсан. Шинэ уран бүтээл, шинэ хүмүүс, шинэ зорилго зорилт гээд бүхий л зүйл нь шинэхэн санагдсан. Ануд тоглоход ер алжаагаагүй. Өмнө нь жүжигт тоглосон учраас Ану, Галдан Бошигтын талаар ойлголтой болчихсон. Цорс, хошууд гэж юу байв гэх мэтээр мэдлэг, мэдээлэл тэлнэ. Хошуудынхан тэр үед хурлын байгуулалттай байсан юм байна лээ. Чуулган хан Очиртцэцэн Галданбошигтын эцэгтэй дотны анд нөхөр, Цорс, Хошуудын хурлын нэгдүгээр хүмүүс.
Түүх сөхөхөд Ойрадын Эрдэнэбаатар хунтайжийн хүү Галдан Бошигт (1644-1697) хаан Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байсан. Түүний хамгийн итгэлт, хамтран зүтгэгч нь түүх домгийн эзэн Ану хатан. 1671 оны үед Зүүнгарын хаант улсын хаан ширээг залгамжлагч Сэнгэ алагдаж, дүү Галдан түүний орыг авч ахын бэлбэсэн хатан Ануг гэргий болгон суужээ. Ану хатны эцэг-Хошуудын Очирт сэцэн ханы хүү Галдмаабаатар (1635-1667) Ойрадын баатар эр байсан. Ану хатнаас хүү Сэвдэнбалжир, охин Юнчихай, Бум нар төрсөн. Далай лам Галданд Бошогт цол өргөмжилсөн тул Галдан Бошогт хаан хэмээн олноо алдаршсан юм билээ. Жүжиг тавьж байхдаа бид энэ бүх түүхийг судалсан учраас дүр бүтээхэд надад хялбар байлаа.
Юм-Агас хатанд Ардын жүжигчин С.Сарантуяа, Очиртцэцэн ханд би тоглолоо гээд нэрлээд байвал барагдахгүй.
–Таны ярианаас жүжигчид маань зөвхөн тухайн өгсөн дүрийн үгийг тоть мэт цээжлэх бус харин ч түүх сөхөж үзэн мэдлэгээ зузаатгадаг сайн судлаач болдог бололтой?
-Тэр үнэн. Би одоо Амарсанаа, Чингүүнжав нарын түүхийг уншиж, судалж байна. Нүүдэлчдийн соёл, ёс заншлыг бид бузгай сайн мэдэх учиртай. Түүхчдийн судалгааг харьцуулна. Өөрийнхөөрөө дүгнэнэ. Тэгж гэмээ нь хүссэн дүрээ бардам бүтээнэ.
Юм-Агас хатан Галданд “Миний хүү ээжээсээ хойш хатад олныг бүү аваарай” гэж захиж байсан. Нээрээ л олон хатнаас олон хүүхэд төрж, тэр хэрээр эрх мэдэлд шунаж хэрүүл, хагарал, бутралын үүд нээгддэгийг мэдэрсэн санагдсан. Тийм учраас Галдан хоёрхон хатан ёсолсон. Түүхээ мэдэхгүй бол бид юунд тоглож буйгаа мэдэхгүй мунхарна даа. Хойч үе маань киногоор дамжуулан түүхээ мэдэж аваг. Мандухай цэцэн хатныг хүүхдүүд үзээд Н.Сувдын дүрээр төсөөлдөг. Цогт хунтайжийн дүрийг Цагааны Цэгмэдийн дүрээр иймэрхүү хүн байж гэж уран сайхны төсөөлөл авдаг. Жүжигчин хүн, уран бүтээлчид маань бүтээлдээ шинжлэх ухаанчаар ханддаг. Тэгж байж тэр үеийн түүхийг гуйвуулахгүй. Олон он цагийн өмнөх үеийн хүний үйл хөдлөл, харц, авирыг гаргаж таарна. Кино урлагаар дамжуулан бид нийгмийг ухааруулж, хүмүүжүүлж соён гэгээрүүлдэг. Төр засаг дөрвөн жилд нэг удаа тендер зарлаж байгаад ч болов Монголын түүхээр том хэмжээний түүхэн бүтээл туурвидаг болоосой. Өлгөх сэдэв дэндүү их бий.
-“Ану хатан” ямархуу чансаатай кино болсон бэ. Таныхаар ямар дүн тавих бол?
-Кино судлаачид хэлэх биз. Миний хувьд зохиолч Б.Шүүдэрцэцэг, продюссер Д.Болдхуяг, ерөнхий найруулагч Т.Алтантуяа нартаа барялаж байна. Ялангуяа энэ хоёр бүсгүй гайхалтай хүмүүс. Эрчүүд заримдаа цалгардаж, назгайрах үе гардаг. Манай хоёр ажилдаа яс орно шүү. Богино хугацаанд энэ гайхалтай том бүтээлийг хийлээ.
–Ану хатны дүрд жүжигчин бус дуучин Д.Отгонжаргал тоглож залуу насны дүрээ кинонд мөнхөллөө. Та бүхэн хэр гар нийлэв?
-Би Анудаа хайртай. Тэр хүүхэд сайн тоглосон. Отгоо маань их азтай охин. Өөрийн авъяасаа сориод ийм том амжилт гаргана гэдэг чамлалтгүй. Олон урилга түүнд ирнэ дээ. Энэ киногоор Отгоо өөрийгөө нээсэн гэж хэлж болно. Хатан, хаан болох нь жүжигчин бүрийн мөрөөдөл юм даа. Тэр мөрөөдлийг биелүүлж дээ. Юм-Агьсд тоглосон Ардын жүжигчин С.Сарантуяа маань надад их түшигтэй байсан.
–Танай киноны баг хэр нэгдэж ажиллав?
-Гайхалтай. Нэг гарт бид зангидагдаж чадлаа. Манай кинонд ер нь хамгийн, хамгийн хүмүүс л нэгдэн ажиллалаа. Зураглаач маань Хятадад боловсрол эзэмшсэн мундаг залуу бий. Зураг авалт, зохиомж, өнгө, кадрын зохиомжийг та бүхэн очоод үзээрэй. Төгс болгоны шийдлийг чадлаараа шигтгэх гэж оролдсон. Ямархуу кино болсныг би хувьдаа таашгүй.
–Монгол кино нэгтгэл гэж улсын харьяаны байгуулага бий. Та бүхэнд нэмэр болов уу?
-Тэд тэгж тус, нэмэр боллоо гэж би лав дуулаагүй.
–Арилжааны телевизүүдээр Солонгосын хатдын тухай олон ангит кино хөврөөд л байдаг. Одоогийн хүүхдүүд Монголын түүхээс илүү Солонгосынхыг мэдэж авч, сонирхож байгаа нь танд анзаарагддаг уу. Монголын ирээдүйн эмгэнэл юм уу даа?
-Солонгосын кинонууд эх захгүй хөврөөд л байна. Их харамсалтай шүү. Би ч өөрийн бодлоо хамаагүй илчлэн их мунхаглана даа. Бидний хэлж ярьж байгаа зөв ч юм уу , буруу ч юм уу бүү мэд. Мандаж бадарсан олон төрт улсыг байгуулж Азийн төвгөр цээжинд оршиж байсан улс өвөг, дээдсийнхээ байгуулж байсан улс гүрнийг харж байхад, ай мөн сүртэй шүү. Өвөг дээдэс маань Төв Азиасаа халиад Европ руу орчихсон байж. Манай хаадын байгуулсан бунхан, хөшөө, дурсгалыг тухайн орон нь хэчнээн нандигнаж, түүхийг нь биднээс илүү мэдэж, бахархаж, хүндэлж, хамгаалж байхад бид юу болов. Юун Оюутолгой вэ. Бид Монголын соёл иргэншлийн түүхийг ухаж түүгээр дэлхийг хөглөх юм бол гайхалтай зүйл мэт санагдах юм. Харийн соёлыг хүндэлж, харийн гэсэн бүхэн рүү хальтирч, бүлтэрч нүдээ хөхрүүлэх шаардлага ер байхгүй. Тун удахгүй дэлхий нийт биднийг бишрэн шүтэх болно. Одоохондоо тэд бидний газар нутаг, баялгийг сонирхож байна. Ирээдүйд бидний соёлыг тэд улам их шимтэн харж, анхааралтайгаар ширтэнэ. Үүний суурийг манай эрдэмтэд ч тавьчихсан.
–Таныг зарим хүн тэтгэврийн насных гэж хардаг байх. Гэтэл та хүнтэй хэдэн үг солих чөлөөгүй урлагийн бүтээлийн захиалгад дарагдаж явах юм. Одоо ямар бүтээл туурвиж байгаа вэ?
-Оюутан, сурагчдын амралт болоод бид Парисийн Дарь-Эхийн сүм, Тэнгэрийн хүү, Гамлет жүжгээ тоглоод зав чөлөөгүй л явна. Авъяас тэтгэвэрт гардаггүй юм хойно, хүүхэд залуучуудаа театрт уях ажилтай сууна.
–Театр руу явах хүмүүсийн урсгал нэг үеийг бодоход нэмэгдсэн юм уу даа?
-Бидний уран бүтээлийг үзэх гэж хүмүүс их ирдэг болсон. Театр гэдэг хошин шогоос шал өөр. Хүүхдээ сургуульд даатгадаг эцэг, эх олон болсон цаг. Та нар минь ядаж амралтаар нь хүүхдээ заавал үзвэр үзүүлж байгаарай. Таны үрдээ суулгаж чадахгүй эх оронч үзэл, бусдыг энэрэх сэтгэл, сайн муугийн ялгааг таниулж өгье л дөө, бид. Би дунд сургуульд байхдаа театрт үзвэр үзэж, дэлхийн сонгодог зохиолуудыг уншдаг байлаа. Тэндээс л би ирээдүйн хэн болох дүрээ олж авсан биз.
–Жүжигчдийг урьж түүх, уран зохиолын хичээлийг сурагчдад заавал илүү сонирхолтой юм биш үү?
-Бидэнд сургуулийн удирдлага хандаад түүхийн хичээлийг хоёр цаг ороод өг гэж хүсч болно. Бид уран сайханжуулан тэдний төсөөллийг их сайн баяжуулж хичээлийг улам сонирхолтой болгож хоёр цаг байтугай “донгосно” шүү. Ийм нөлөөгөөр орчин үеийн хүүхдүүдийн мэдлэг, мэдээллийг амьд, сонирхолтой болгож яагаад болохгүй байгаа юм бэ. Бид үзүүлж, харуулах зурагтайгаа лекц ч уншиж болно. Бидэнд хийх ажилгүй ач, зээгээ тэврээд гэртээ хэвтэх сонирхол алга.
–Ач тэврэх гэснээс та хэр халамжтай аав, өвөө вэ. Таны мэргэжил рүү урвасан хүн танайд бий биз?
-Ач зөндөө бий. Нараа ах чинь их баяртай байгаа. Манай бага хүү Москвагийн Театр урлагийн дээд сургуульд найруулагчийн мэргэжлээр сурч байна. Тэр хүнийг том найруулагч болж ирнэ гэж итгэж сууна. Миний том хүүгийн хүү мөн л Ленинградын Театр урлагийн дээд сургуулийн гуравдугаар дамжаанд сурч байна. Соёлын үрийг ингэж тарьсан. Сонирхогчийн хэмжээнд байвал болиорой хө гэдэг юм би. Үнэнхүү авъяас байгаад өөрийгөө зольж чадах юм бол урагшаа гэдэг юм.
–Урлагийнхан ар гэртээ анхаарал бага хандуулдаг гэсэн шүүмжлэл байдаг. Та арын албаа эхнэртээ даатгачихсан биз?
-Урлаг руу зориглож орсон бол чи хувийн амьдралаа хая гэсэн бичигдээгүй хууль бий. Эмэгтэй хүн хүүхэд гаргахгүй, дураараа сайхан юм идэж таргалж болохгүй. Үс гэзгээ санааныхаа зоргоор засч, тайрч болохгүй бүгд л театрын өмч. Стиль, имижээ өөрчлөх нь бидний мэдлээс хол. Өөрийн бүх зүйлээ урлагт өргөж хувийн эрх чөлөөгөө хасна гэсэн үг.
Манай гэргий уг нь сэтгүүлч хүн. Миний хөгшин ажлаа их сайн хийсэн. Манай хөгшин найз нөхөддөө хүүхдүүдийнхээ талаар ярьдаг юм. Би дундуур нь ороод тэр тэгж байсан, энэ маань ингээд гээд ярихаар хөгшин намайг шоолно. Чи хүүхдийнхээ багийг мэдэхгүй байж гэж. Нээрээ л үнэн байхгүй юу. Амралтын өдөр бүр тоглолттой гэрийн бараа харахгүй. Хавар, намартаа хөдөө 45 хоногоор бригадаар явна. Миний ард ийм гайхалтай хүн байж ажил амжуулж харин би кино, ший гэж сэтгэл амар явдаг. Урлагийнхны ар гэр гэж ийм л хөөрхийлөлтэй улс байдаг юм. Болдогсон бол би эхнэртээ Ардын жүжигчнээ зүүлгээд явуулмаар санагддаг юм. Миний хүүхдүүд ийм айхтар замыг туулаад яах вэ. Би туулснаараа үлдье гэдэг юм. Багаасаа театрт өссөн хүүхдүүд яагаа ч үгүй урлагаар өвчилчихдөг, их хэцүү.
Эх сурвалж: Polit.mn