Олноо ард түмний гавьяат хэмээн хүндлэгдсэн дуучин бол П.Адарсүрэн агсан юм. Эл эрхэм Соёлын тэргүүний ажилтан ч бололгүй хорвоогоос буцсанд олон хүн харамсдаг.
Гэвч өнөөдрийг хүртэл түүний олон сайхан бүтээлийг хүмүүс дурссаар, дуулсаар байдаг билээ. Тухайн үед П.Адарсүрэн агсныг оролцоогүй тоглолтыг үздэггүй байсан гэхэд ч дэгс үг болохгүй болов уу. Чухам л түүнийг дуулахад үзэгчид уухай нижигнүүлэн арав гаруй дахиулж одоогийн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ихэнх орлогыг бүрдүүлдэг байсан гэдэг. Өнөөдөр түүний таван хүүхдийн дөрөв нь харь оронд аж төрдөг юм байна. Харин хүү А.Амартайван нь Бельги улсаас эх орондоо ирээд аавынхаа нэрэмжит санг байгуулан тоглолтыг зохион байгуулах гэж байгаа юм аж. Түүнтэй ярилцлаа.
-Та эх орондоо хэзээ ирэв. П.Адарсүрэн агсны дурсгалд зориулсан тоглолт зохион байгуулах гэж байгаа тухай дууллаа?
-Би Белыид эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас нутагтаа ирэн очин байна. Хүн болгон л бурхан болсон эцэг эхээ дурсаж явдаг байх. Тиймээс аавынхаа дурсгалыг мөнхжүүлэхийн тулд Адарсүрэн санг байгуулж үйл ажиллагааныхаа эхлэл болгон дурсамж, шүлгийнх нь ном, дууны цомгийг нь гаргаж, тоглолт зохион байгуулах юм. Монголын ард түмэн миний аавыг марталгүй дурсаж явдагт баярладаг. Тиймээс дурсамж шүлгийн ном, цомгоор нь бодит үнэнийг гаргаж залуу үеийнхэнд таниулж мэдүүлье гэж зорьсон юм л даа.
-Тоглолтод ямар хүмүүс оролцох вэ?
-Энэхүү тоглолт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа юм. Зохион байгуулалтын бүхий л ажлыг Адарсүрэн сангаас хийж байгаа бөгөөд бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байна. “Мөрөөдлийн дуулал” хэмээх аавын минь үг, аяыг нь зохиосон дуугаар тоглолтоо нэрлэе гэж шийдсэн. Тоглолтыг нэлээд өвөрмөц байдлаар зохион байгуулахаар зорьж байгаа. УДЭТ-т гуравдугаар сарын 1-нд аавынхаа мэндэлсэн өдрөөр нь түмэн олонд хүргэхээр болсон. МҮОНТВ-ээр шууд дамжуулна. Энэ тоглолт ашгийн бус болохоор ганц ч билет зарахгүй зөвхөн урилга тарааж ирсэн зочдодоо ном, дууны цомог бэлэглэнэ. Үеийнх нь найз нөхдийг урилгаар үзүүлж баярлуулъя гэж бодсон юм.
-Хүмүүс Адраа агсныг дуучин гэж мэддэгээс шүлэг бичиж байсныг нь сайн мэддэггүй байх?
-Номонд өөрийнх нь зохиосон 30 гаруй шүлэг орсон. Аавд өөрөө үг, аяыг нь зохиогоод дуулсан олон дуу бий. Харин сүүлийн жилүүддээ дуулсан дуунууд нь радиод бичигдээгүй юм билээ.
-Та П.Адарсүрэн агсны хэд дэх хүүхэд вэ. Эхээс хэдүүлээ вэ?
-Эхээс тавуулаа. Би дээрээ нэг эгч, нэг ах, доороо хоёр охин дүүтэй. Одоо бараг бүгдээрээ л гадаадад амьдарч байна. Эгч Бельгид надтай хамт байдаг бол хоёр дүү маань Солонгос, Германд амьдардаг. Том ах л энд бий.
-Адарсүрэн агсан эцэг эхээсээ хэдүүлээ, хаана төрсөн хүн юм бол?
-Эхээсээ есүүлээ гэж ярьдаг. Өөрийнхөө төрсөн эцгээс бол ганцаараа юм билээ. Бусад ах дүүс нь өөр хүний хүүхдүүд байсан. Завхан аймгийн Цагаанхайрхан суманд 1942 онд төрсөн хүн юм билээ. Хожим 1952 онд засаг захиргааны нэгжийг өөрчилж шинэчлэх үеэр Цагаанчулуут сум болсон гэсэн.
-Эцэг, эх, ах дүүс дунд нь урлагийн хүн байсан болов уу?
-Ноднин сумынх нь 60 жилийн ой дээр очиж нутгийн өвгөчүүлтэй уулзсан. Ах дүүс дотор нь дуулж хуурддаг хүн байгаагүй гэсэн.
-Одоо ах дүүсээс нь сэрүүн тунгалаг хүн байдаг юм болов уу?
-Ах дүүс нь бүгд бурхан болсон доо.
-Анх хэрхэн тайзан дээр гарч байсныг нь эргээд нэг дурсахгүй юу?
-Аав анх 1965 онд олны өмнө дуулж хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ дунд танигдсан гэдэг. Тухайн үед Зөвлөлт Монгол хоёр армийн уулзалт үдэшлэг дээр Дунайн болон Манжуурын үдэш, “Москва орчмын үдэш’’-ийг баянхуур тоглоод дуулсан байгаа юм. Тэгэхэд нь тэнд байсан хоёр орны цэргийн албан хаагчид олон удаа дахиулсан гэдэг.
-Үндэсний дуу бүжгийн ардын чуулгад ажиллаж байхдаа хөдөө тоглолтоор их явдаг байсан гэсэн. Гэр орондоо ер нь хэр их байдаг байсан бэ?
-Би 1972 онд төрсөн. 1984 онд арван нэгтэй байсан. Тэр үед гэр орон ахуйн соёлоор ондоо байлаа шүү дээ. Ажил хийдэггүй хүн гэж байхгүй. Албан газрууд хагас сайнд хагас ажилладаг. Ээж маань багш хүн байсан болохоор нэгдэхээс тав дахийн хооронд ажилтай. Харин урлагийн байгууллага нэг дэх өдөр хагас ажиллаад мягмар гаригт амардаг байсан. Гэтэл тэр амралтын өдрөөр нь хүмүүс гэрт ирж бужигначихдаг, хаа байгаа газраас нь олоод дагуулаад явчихдаг байлаа. Ээлжийн амралтаа авахаараа л биднийг дагуулаад хөдөө гардаг байсан юм. Тэр үеэр л өр нь цуг байдаг байсан даа. Гэхдээ л бас хөдөө ирсэн сургаар хүмүүс зүгээр байлгахгүй. Дагуулаад л сум бригадаар тойрчихно. Тусч гэнэн хүн байж билээ. Тэр үедээ биднийг зутарчихна гээд ах дүүсийндээ орхино доо. Миний дээд талын ахыг айлд өргүүлчихсэн болохоор бидэнтэй хамт есөөгүй. Тэгээд бид дөрвийг хоёр томд нь хоёр багийг нь хуваарилаад тус тусад нь хамаатнууддаа орхиод явдаг байсан.
-Хүүхдүүдээ хэр эрхлүүлдэг хүн байв?
-Би одоо яаж ч хичээгээд гэртээ аав шигээ дулаахан орчин үүсгэж чаддаггүй. Хэрэв аав гэртээ байх юм бол бид ноцож ноолоод, овоорч шаваад байж байдаг байсан. Гэртээ прожектороор кино үзнэ. Мөн аав шагай харвах их дуртай. Том өрөөнийхөө хамаг юмыг зайчилж байгаад нэг буланд нь шатрын хөлөг тавьж шагайнуудаар хасаа өрөөд аав сум хашлагаа гаргаж ирээд шагай харвана. Бид нар аавын тэнэсэн сумыг аваачиж өгөх гэж уралдаад бөөн юм болно. Энэ мэтчилэн олон сайхан дурсамж бий.
-Урлагийн хүний гэр бүл болохоор танайхаар тухайн үеийн мундагууд их л орж гардаг байсан байх даа?
-Олон л хүн орж гардаг байсан. Харин нэг явдал санаанаас гардаггүй юм. Тухайн үед хүүхдүүд өвөл, зуны амралтаараа циркийн тоглолт үзэх гэж бөөн юм болдог байлаа. Хүүхдүүдийн хамгийн их анхаарал татдаг дуртай хүмүүс нь Цээеэ, Латиф гээд алиалагчид байсан. Нэг өдөр хичээлээ тарчихаад гэртээ иртэл бидний шүтээн байсан алиалагч Цээеэ, Латиф ах хоёр аавтай хамт ороод ирж билээ. Латиф гуай жигтэйхэн том хамартай. Манай аавыг монхор Адраа гэдэг байсан. Тэр үед би бага байжээ. Доороос нь харахад ааваас том хамартай хүн байсан юм. Тэгэж уулзсаны дараа сурагч байхдаа 1987 онд би Латиф гуайтай “Бардам туулай” жүжигт хамт тоглож байсан. Латиф гуай бас л яг л аав шиг замаар орсон хүн гэж боддог.
-Адарсүрэн агсанд гавьяа шагнал өгөхгүй байсан болохоор сэтгэлээр их унаж байсан гэж ярих нь ч бий?
-Хүн болгон л тэгэж ярьдаг юм. Би хүмүүсээс яагаад шагнал өгөхгүй байсан юм бол гээд асуугаад явдаггүй. Миний сонирхдог сэдэв ч биш. Гэхдээ харамсч явдаг. Хэрвээ тэр үед нь аавд минь төрийн зүгээс ямар нэгэн гавьяа шагнал өгсөн бол бидний амьдрал, манай гэр бүлийн халуун ам бүл задрахгүй л байсан гэж боддог. Би бага байсан болохоор аав маань яагаад биднээс холдож явсны учрыг мэддэггүй байсан. Эрийн цээнд хүрээд урлагийн байгууллагад ажиллаад ирэхээр хүн хүнээс үг сонсоно. Ард түмэнд хайрлагдаж хүндлүүлээд ирэхээр төрөөс ямар нэгэн гавьяа шагнал олгохгүй бол яах уу. Нэг бол төрийг тоохоо болино. Хувь хүнээс шалтгаалах зүйл байсан ч тухайн үеийн нам засаг хүний амьдралд яаж нөлөөлж байсны илрэл шүү дээ. Аав маань тэр үед яаж харамсч явсан бол оо гэж боддог юм. Үүнээс болж манай удам бүхэл бүтэн нэг үеэрээ хохирсон. Шагначихсан бол бид гадаадаар нэг тарж энэ зам мөрийг сонгохгүй ч байсан юм билүү.
-Тухайн үед хүмүүс архи дарс их барьж ирдэг байсан байх даа?
-Өнөөдөр ажил бүтээхийн тулд авлигад мөнгө өгч байгаа шиг тухайн үед архи уулгадаг байсан. Нам төрийн хяналт хатуу байсан үед хүмүүс ааваар минь янз бүрийн л ажил бүтээлгэнэ. Нэг нь ирээд хүүг минь цэрэгт татчих гээд байна гээд дагуулаад явна. Аав нутгийн ганц эмгэний хүүхдийг цэрэгт татчих гээд байх юм гээд дээд дарга руу нь ороход чөлөөлөөд өгчихдөг. Эсвэл хөдөө гадаа явах асуудал үүсэхэд жолоочтой нь уулзаад найзыг минь дөхүүлээд өгөөч гэх зэргээр тусална. Хариуд нь тэр улсууд архи дарс уулгасаар байгаад дуртай болгочихоод дараа нь янз бүрээр ярьдаг. Үр хүүхэд нь болсон бид тэрийг нь сонсоход сайхан санагдахгүй биз дээ. Одоо өнгөрсөн хойно нь ийм юм яриад яахав дээ.
-Та ямар мэргэжилтэй вэ. Ах, дүү нараас тань урлагаар явсан хүн бий юу?
-Би хөгжим бүжгийн дунд сургуулийг 1988 онд бүжигчнээр төгссөн. 1988-1992 оны хооронд Үндэсний ардын дуу бүжгийн чуулгад ажиллаж байсан. Дараа нь Бельгид очиж нарны эрчим хүч хураадаг толиор орон сууцыг цахилгаанаар хангах мэргэжил эзэмшээд ажиллаж эхэлсэн дээ. Бусад ах дүү нарын дундаас урлагаар явсан хүн байхгүй.
-Эх орноосоо гараад хэр удаж байна даа?
-Би Монголоос гараад 21 жил болж байна. Ирж очсоноо тооцох юм бол энэ хугацааны дөрвөн жилд нь Монголдоо байсан юм билээ. Тэгээд бусдын нутагт ганзагын наймаа хийж, Солонгост ажиллаж, Европын оронд цагаачилж явсан байдаг. 1998 онд аавыг өнгөрсний дараа оршуулганд нь 22-хон хүн ирэхэд миний дотор нэг юм бодогдсон юм. Тэгэж их хайрлаад байсан ард түмэн тэр өдөр нь тоогоогүй шүү дээ. Тэгээд нутаглуулсаны дараа тухайн үеийн хор шараараа миний аавыг ингэж байгаа юм бол надад орон зай бүр ч байхгүй гэж бодоод гадаад гарч сайхан амьдаръя гэж бодсон.
-Сайн дуучны хүүхэд юм болохоор сайхан дуулна биз?
-Аавынхаа дууг тавиад суухад хамт дагаад аялж л байдаг болохоос дуулахгүй. Хүн өертөө дуулж болно бусдад дуулах хэцүү. Олон хүн аавын нэрийг нь бариад тоглолт хийгээд явдаг. Тэгээд нэрд гарангуутаа Адраа шиг архичин болохгүй ч гэх мэт юм ярьцгааж байдаг. Жавхлан нэг удаа “Би арай ч Адраа шиг элгээр үхэхгүй" гэж солиорсон байна лээ.
Ж.Баярсайхан