бүсгүй бол Сувдаа байсан юм. Жаахан байрагшсан л болохоос ерөнхий төрөх нь яг л хэвээрээ.
– Хүүе ээ! Ямар сонин хүн бэ? гэж хашгираад тэр намайг тэвэрлээ. Надад ч сайхан санагдав. Бүр худалч хүнд сормуус ч норох шиг.
– За тэгээд, сонин сайхан юу байна даа? Завтай бол хоёулаа хэсэг ярьж сууя л даа гэж байна. Мэдээж би зөвшөөрөлгүй яахав. Бидний яриа хэдэн цаг үргэлжилснийг одоо бараг санах юм алга. Их л удсан санагдана. Би түүнийг их удаан харж суув. Миний мэдэхийн асрах газрын жаахан танхайвтар охин биш болсон байлаа.
Сувдаа маань ер нь элдвийг л үзсэн юм байх. Асрах газраасаа гараад сургууль соёл ч гэсэнгүй. Сурлага нь ч хүрээгүй гэнэ. Тэгээд нэг найзыгаа даган наашаа цаашаа явдаг наймаанд явж гэнэ. Угаасаа өөрийн гэсэн мөнгөгүй учир өдөр хоногоо л аргацаасан юм болж. Тэгтэл нэг боломж гараад Солонгос явсан байна. Тэр үеэр манайхан бараг явдаггүй. Монгол хүн тэнд их нэр хүндтэй байсан гэнэ. Солонгосын виз ердөө л хорин ногоон л байлаа шүү дээ гэнэ. Тэгэхээр эрт явсан бололтой. Миний анагаах төгсөж байсан үетэй давхцаж байв. Тэнд очоод хоолны газар ажилд орж, солонгос хоолыг харин чамгүй сайн хийж сурсан гэнэ. Тэгээд хэдэн жилийн өмнө ирээд энэ байрыг түрээслэн ажиллуулж байгаа гэнэ.
– Энд чинь танайх байсан ш дээ гэхэд
– Харин тэгээд л энд ирэхгүй юү. Би угаасаа тэндээс ирэнгүүтээ ийм кафе нээнэ гээд л байр хайж эхэлсэн. Тэгээд л хотын төвд гээд хуучин байраа бараадсан хэрэг. Ашгүй тэгтэл үүнийг худалдаж авсан хүн нь түрээсэлсэн юм. Сүүлдээ нөгөө эзэнтэйгээ ярилцаад, удаан хугацааны зээл авч энэ байраа худалдаж авахаар цаг наргүй зүтгэж байгаа гэв. Яриаг нь сонсож суухдаа түүнээс эрч хүч гэрэлтэж байгааг мэдэрч байлаа. Байсгээд л намайг яриач, яриач гэх. Надад ярих олигтой юм олддоггүй. Анагаах төгссөн, эмч болсон. Энэ байрнаасаа эрт нүүсэн гэхээс өөр юм байдаггүй. Магадгүй би түүний хажууд эрчим багатай амьдарсан бололтой. Дөнгөж уулзсан болохоор учиргүй сэтгэл доторхоо уудлаад, үр хүүхэд байдаггүй гээд яриад байж чадсангүй. Нөгөө масктай хүмүүсээ хэлэлтэй биш.
Тэндээс гараад явж байхдаа түүнд атаархах шиг болов. Яг юунд атаархсанаа сайн ойлгосонгүй. Түүний гадаад төрхөнд гэхээр тэр эмэгтэй хүнийхээ хувьд надаас илүү гарах юм байсангүй. Намхан нуруу, махлагдуу бие, хэд нугаларсан харвин үс гэзэг нь гэж өөрийнх гэхээсээ хүний л гэмээр хайш яайшхан хамаад боочихсон. Гэхдээ л түүнээс гэрэл гэгээ эрч хүч цацарч байсанд л атаархаад байсан байх. Гэтэл би түүний хажууд сайхан бүсгүй. Сүүлийн үед үр хүүхэд, хань ижлийн талаар хэт их бодож өөрийгөө дарамталсан байж болох юм.
“Нээрээ, дарамталсан гэснээс Сувдаа ингэхэд хань ижилтэй болсон болов уу? Би энэ талаар асуугаагүй юм байна. Уг нь хүүхнүүдийн хамгийн түрүүнд асууж, хамгийн түрүүнд л ярих сэдэв байдаг биз дээ? Хэрвээ тэр надаас энэ талаар асуусан бол би ярихаас цааргалах байсан. Тэгэхээр бид хоёр ойролцоо шалтгаантай юм болов уу? Магадгүй л юм” гэж бодсоор гэртээ ирлээ.
Манай гэр яахав дээ, хэн ч үгүй хов хоосон, хав харанхуй. “Бүжин” маань намайг хүлээж цөхсөн мэт буйдан дээр хэвтэнэ. Анхандаа тэр уйт өдрийг санагдуулаад байдаг байсан “Бүжин” одоо миний л нэг ижил болж, олон ч жилийг надтай хамт өнгөрөөжээ. Одоо түүнийг анхных шигээ ямар нэг буруутан мэт бодохоо больчихож. Гэхдээ хүн гэдэг адайр ааштай. Юм л бол хажуудахтайгаа муудаж байдаг юм хойно хааяа “Бүжин”-тэйгээ муудчихна. Тэр надад юм хэлэхгүй ч би түүний өмнөөс надад юу хэлэхийг нь бодоод олчихно. Тэр орой бас тиймэрхүү л өдрийн нэг таарсан юм.
– Бүжин минь, чи надад ямар хэцүү байгааг төсөөлөхгүй дээ. Эмэгтэй хүнд тохиолдож болох хамгийн хэцүү үе энэ л байх. Юу гээч? Хүүхэд хүсэх. Төрөх юмсан гэж бодох ямар зовлонтойг чи мэдэх үү? гэлээ. Бүжин юугаа хариулахав дээ. Байдгаараа л бүлтийн хэвтэнэ.
– Тиймээ, тийм. Чи хариулахгүй. Муу санаатай өөдгүй муу туулай. Нүдээ ч цавчихгүй харж байгаа нь гөлийгөөд, чиний бах чинь ханаж байна уу?
– . . .
– Чи миний хүүхэд гаргахгүй хувь заяаны төлөөсөнд ирсэн биз дээ? Би хэзээ ч хүүхэд гаргахгүй. Хэзээ ч миний хөхөнд сүү орохгүй. Яагаад гэвэл чи хөхөж мэдэхгүй юм чинь. Чамайг л тэвэрч насаа барна. Ямар өрөвдмөөр юм бэ гэж би галзуу хүн шиг ганцаар инээлээ. Тэр дуугай л намайг ширтэнэ. Би баахан бачуурч байснаа хувцасаа ч тайлалгүй бүхлээрээ хэвтлээ. “Бүжин”-г нэг авах гэснээ уур хүрээд буруу харав.
* * *
Хаалга балбах чимээнээр өвгөн очиж тайлтал том охин хоёр охинтойгоо, нөхөртэйгээ орж ирлээ. Би суугаад байж чадсангүй. Хүүхдүүдээ үнслээ. Бас ч гэж тэднийгээ ирэхээр сэтгэл уясаж орхидог юм. Том охин маань шууд л хормогч өмсөж
– Аав ээж хоёртоо сайхан хоол хийж өгье. Ямар хоол идмээр байна?
– Ямар ч яахав дээ. Миний охины ямар ч хоол амттай юм чинь
– За тэгвэл сайхан банштай цай хийе
– Тэгээ тэг.
Тэр орой банштай цай ууж жаал хөөрөлдөж байгаад тэд ч явлаа. Бид хоёр ч хэвтлээ. Би дэрээ янзлах зуураа
– Хөөрхий дөө охидууд маань овоо л болж байна гэхэд
– Харин ээ хэлээд юүхэв. Миний охин нас ахих тусмаа эжийтэйгээ ижилхэн болж байгаа гэж . . . Би ч охиноо харах тусам л хайр хүрэх болж гээд өвгөн маань миний гарыг нэг сайн атгачихаад цаашаа харан хэвтлээ. Хөөрхий дөө, надтай ханилсан цагаасаа хойш ингэсээр одоо бараг зуршил болчихож дээ. Ингэж атгахгүй л бол унтаж чадахгүй болох шахтлаа дасчихаж.
Намайг барилгачдын нижигнээн биш шувуудын жиргээн сэрээлээ. Өвгөн аль эрт босоод явчихаж. Би ихээ бөх унтсан бололтой. Шууд босчих гэснээ эргээд жаахан хэвтмээр ч юм шиг. Яг залуугийнх шиг ээ.
* * *
Тэр өглөө ч гэсэн би нам унтчихсан байсан. Бүхлээрээ хэвтсэн хэрнээ шүү дээ. Сайн нойртой хоносон болоод тэр үү урд оройгоо бодвол сэтгэл ч гэсэн сэргэсэн байв. Өндийгөөд харсан чинь “Бүжин” маань газар хэвтэнэ. Өрөвдөх ч шиг болов. Надад хэн ч байхгүй шиг түүнд ч гэсэн надаас өөр хэн ч байхгүй ш дээ. Бүжингээ авч хошуун дээр нь хэд үнсчихээд угаалгын өрөө рүү явлаа.
Дараагийн удаа би Сувдаагийн кафед Анхмааг дагуулж очсон юм. Бид бас л нэг байранд байснаа ярьцгаав. Улаан эрээн даашинзтай, үсээ толгой дээрээ боочихдог жаахан охин байсан гээд Анхмааг таньж байнаа.
– Хүүе! Болороо, энд бас нөгөө Сүхээгийнх байсан биз дээ? гэж Анхмааг хэлэхэд
– Тиймээ, тэднийх бас байсан гээд би санаа алдлаа.
– Танай дараа нүүж ирсэн айл. Манай Болороогийн . . . гээд үгээ тасалж байна. Тэгэхээр нь би
– Миний анхны бөгөөд эцсийн хайр гээд муухан мушийлаа. Тэгтэл Сувдаа
– Юун эцсийнх гэж. Хүүхэд насны үерхэл чинь гоё, дурсгалтай ш дээ. Надад л лав тэр үед хүүхдүүд хоорондоо үерхэж байгааг харахад нэг л гоё санагдаад байдаг байсан.
– Надад ч гэсэн. Би бүр энэ хоёрыг хараад хэн нэгэнтэй үерхэх юмсан гэж боддог байж билээ. Тэднийг ийн ярихад би улам л дуугай болж байлаа. Надад тийм сайхан дурсамж байхгүй юм байна гэж бодогдож байв.
Тэр өдөр бид гэр бүл, үр хүүхдийн талаар ярьж таарлаа. Анхмаагийн тухай мэдэж байсан болохоор Сувдаад л сонин байсан байж магадгүй.
Харин Сувдаа маань энэ тал дээр нилээн зовлон үзсэн байлаа. Солонгосоос мань хүн ёстой амьдралыг цэцэглүүлэх хүсэл эрмэлзэлтэй ирсэн байж. Тэгээд нэг залуутай танилцжээ. Анхандаа ч хачин сайхан байсан байлгүй яахав. Гэтэл өнөөх нь адгийн чөтгөр байсан нь өдөр өдрөөр мэдрэгдэж эхэлжээ. Яаж нэг юм түүнтэй суучихаагүй юм. Үе үе согтуу ирэх болсон тэр байнга л Сувдаагаас мөнгө нэхдэг болж. Өгөхгүй бол кафед нь ирээд суучихдаг. Нэг өдрийн маргаанаас болж түүнийг зоджээ. Маргааш нь эрүүлдээ уучлалт гуйж, амлалт өгч. Гэтэл байдаггүй, хэд хоногоос дахиад л согтуу ирж
“Чи надад хүүхэд төрүүлж өгсөнгүй муу сувай эм. Одоо чи төмөр замын солгой Аюуш гэж хэн болохыг үзнээ гайгүй” гээд л зодсон гэнэ. За тэгээд л ирдэгээрээ ирж, явдгаараа явсаар нэг өдөр Сувдаа жирэмсэн болжээ. Одоо л нэг гайгүй болох болов уу гэж санаад хоёр сарын дараа түүнд хэлжээ. Гэтэл нөгөө Аюуш нь хүүхдээ авхуулчих гээд салдаггүй гэнэ. Харин энэ удаа Сувдаа зөвшөөрсөнгүй. Тэгээд ч Сувдаагийн нас гуч хүрч байсан болохоор гаргая гэдгээрээ зүтгээд эсэргүүцжээ. Үүнээсээ болж бүр хэвтэрт ортлоо зодуулсан байгаа юм. Харин аз болж үр нь зулбасангүй тухай ярьлаа.
– Үгүй тэгээд яваад өгдөг нь овоо доо гэхэд
– Юун явах. Нэг хэсэгтээ л намайг зовоосон. Манай энэ хэдийг ч зовоосон гэж ажилчдаа хэлээд. Цагдаа сэргийлэх болж байж арайхийж хөндийрсөн ш дээ. Эрс эсэргүүцээд, байнга цагдаа дуудаад байхаар нэг юм салдаг юм билээ. Тэгээгүй нэг л нүүр өгвөл тэгээд л өнгөрөө. Түүнээс хойш эр хүн гэхээр бараг худалч хүнд хамаг бие зарайдаг болсон. Дамаа бүр согтуу хүн харахаар уу, ёстой алергийтэж өгнө шүү дээ гээд Сувдаа сэтгэл ханасан хүн шиг инээлээ. Сувдаа охинтой болсон байлаа. Охиноо 24-ийн цэцэрлэгт өгчихдөг. Баасан гаригийн орой аваад нэг дэхийн өглөө өгдөг гэнэ.
– Одоо ч овоо болсоон миний охин гэж Сувдаа нүүр дүүрэн инээж байв. Санасандаа хүрч яваа хүн аргагүй дээ.
Сувдаад бас нэг сонин гэмээр зуршил байсан нь дуу хураагчид тааралдсан сонин болгоноо бичдэг байв. Анх надтай таарснаа, кафегаа яаж нээснээ, нөгөө Аюушд зодуулж үйлээ үзсэнээ, яаж охиноо төрүүлснээ гээд бичээгүй юм тэнд алга. Яагаад ингэдэг гэхээр анх Солонгост хоол хийх аргаа өөрөө өөртөө бичиж авч байсан юм билээ. Учир нь хэл мэдэхгүй учир гарын авлага гэж юм байхгүй. Зүгээр л өөрийнхөө харсныг, сахар тэдэн гр, мах тэдэн кг, тэдэн градуст тэдэн минут чанана гэх мэтээр бичдэг байж. Тэгсээр байгаад үзсэн харснаа, сүүлд нь бүр өөрийнхөө бодсон дүгнэснээ хүртэл бичсээр байгаад зуршил болсон байгаа юм. Хэзээний л өнөөх дуу хураагчаа халаасалчихсан явах. Гаргаж ирээд л өнөөдөр тэдэн оны тэдэн сарын тэдэн гээд л урсгаж өгнө.
Тэр оройноос хойш бид гурав долоо хоногт нэг орой уулзаж байхаар боллоо. Анхмаа хагас бүтэнд завгүй гэсэн тул бид даваа гариг болгонд уулздаг болсон юм. Ажилтай болохоор надад л их сонин өдөр санагдаад байснаас тэдэнд бол болж байлаа. Ингээд нэг байрны, нэг орцны гурван охин хэзээ хойно мөн тэр байрандаа, тэр орцныхоо нэг давхрын кафед уулздаг боллоо. Тэр нь манай Сувдаагийн гэр нь байсан байр. Бас миний анхны үерхэж байсан хөвгүүний гэр. Бас охин насаа өгсөн унтлагын өрөө маань одоо кафены нэгээхэн булан болчихож. Сонин л түүх юм даа.
Долоо хоног гэдэг хүүхнүүдэд хов жив, сонин хачин цуглуулахад хангалттай хугацаа. Сүүлдээ Сувдаагийн кафены ажилчид биднийг андахаа байв. Бүр ямар хоол захидаг хийгээд юу уудгийг ч мэддэг болсон. Орж ирээд л сууна. Захиагүй байхад л бидний ууж идэхийг авчраад тавьчихна. Тэгээд л ярьж гарна. Сувдаа
– За та хоёр яриад байж дээ. Би ямар эндээс гарах биш л гэнэ. Энэ бол бидний уулзаад л хэлдэг анхны үг, анхны асуулт. Сувдаагийн суудал яг цонх руу харж, Анхмаа бид хоёрынх өөд өөдөөсөө харж таардаг байв. Тэгсээр энэ бидний тогтмол суудал болж хувирсан юм. Хааяа бидний хэн нэг маань ирэхгүй бол тэр суудал хоосон л байдаг байлаа. Би л лав нэг дэх өдрийг их хүлээдэг байж. Тэр хоёр яадаг байсныг мэдэхгүй юм. Бид хоёроос гадна бас нэг байнгын үйлчлүүлэгч байдаг нь тэдний хөрш юм. Кафены хажуу талын хаалганд нэг нотариатч сууна. Тэр бас үе үе орж ирнэ.
* * *
Хонх дуугарахаар нь хаалга онгойлговол өвгөн маань Сувдаагийн гурван хүүхдийг дагуулсаар орж ирлээ.
– Өвгөөн, чи юунд ингэж байдаг юм бэ? Цаад эцэг эх нь хаачаав?
Үргэжлэл бий . . .