ДБЭТ-ын тайзнаа өнөөдөр 17.00 цагт алдарт А.Хачатуряны “Спартак” балетыг тоглоно. Сонгодог урлагийн фэнүүдийн мөрөөдөл болсон энэхүү балетыг Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр тайзнаа шинэчлэн тавьсан билээ.
“Спартак” балетыг анх манай театрын тайзнаа 1984 оны тавдугаар сарын 5-нд тавьсан бөгөөд олны мэдэхээр Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн тухай өгүүлдэг юм. Хэдийгээр эмгэнэлтэй төгсгөлтэй ч балетын үйл явц түүхэн эрх чөлөөний үйл явцыг харуулдаг гэдгээрээ өнөөдрийг хүртэл сонгодог урлагийн шүтэн бишрэгчдийг өөртөө соронзон мэт татсаар ирсэн хүчирхэг балет юм.
“Спартак” балетыг анх 1958 онд Москва хотын “Большой” театрт Игор Мойсигийн дэглэснээр үзэгчдийн өмнө тогложээ. Гэсэн ч үзэгчдэд төдийлөн их таалагдаагүй аж. Харин 1968 оны тавдугаар сарын 5-нд Юри Григоровичийн дэглэсэн “Спартак” балет үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авсан бөгөөд одоо бидний үзэх дуртай “Спартак” балет юм. Энэ нь А.Хачатурянын хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг болсон бөгөөд “Большой” театрын урийн сангийн цуутай бүтээлүүдийн нэг.
А.Хачатурян хоёр бүлэг, есөн үзэгдэлт “Спартак” балетын симфони оркесторыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдан тоглуулж, гол дүр Спартак гладиатор бослогын удирдагчид балетын гоцлооч О.Ганцоож, Красс -Ромын эзэнт гүрний цэргийн жанжинд А.Өлзий-Орших, Фригия буюу Спартакийн сүйт бүсгүй Гавьяат жүжигчин Г.Цолмон, татвар эм Эгинад Ч.Ганчимэг, Гладиаторуудад М.Од, О.Ганцоож, алиа жүжигчдэд М.Намсрай, Т.Хан-Очир, Ч.Гансүх, Б.Пүрэв-Очир, малчид, сээхэлзүүр хүүхнүүд, ордныхонд М.Мөнхтуяа, Б.Баасансүрэн, О.Анужин, Х.Чойжилсүрэн, Баяраа, Ц.Мөнхдэлгэр, Ц.Төмөрсүх болон ДБЭТ-ын балетын жүжигчид, БЦДБЭЧ-ын бүжигчид тоглоно.
Ромын эзэнт улсын цэргийн жанжин Красс ёс зүйг уландаа гишгэж, зэрлэг араатан мэт авирладаг ч түүний эсрэг хэрхэн Спартак гладиатор бослого удирдан тэмцэж буйг ДБЭТ-ын тайзнаа саатан сонирхоорой.