Орчин үеийн хүүхдүүд ном уншихаа байсан гэх шүүмжлэлийг залхталаа сонсож басхүү бяцхан жаалууд үлгэрийн ертөнцгүйгээр бага насаа үддэг болчихвол яана гэх эмзэглэл хаа нэг төрдөг. Уншихаа байвал сэтгэхээ байна гэдэг дээ…
Гэхдээ энэ удаа ээж, ааваараа үлгэр уншаач гэж шалдаг балчирхан насандаа өөрөө үлгэр зохиогоод, нотоо гаргачихсан бяцхан охинтой уулзлаа. Хайр хүрэм өхөөрдөм жаахан охин үлгэрээ ангийнхандаа гэрийнхэндээ бас ээждээ ярьж өгдөг. Үлгэр ярьж өгөөч гэж бус, үлгэрийг минь сонсооч гэж шалдаг “Нисдэг охин” номын зохиолч жаахан Ч.Хулантай ярилцсанаа танд хүргэе.
-За сайн уу.Чамайг хэн гэдэг вэ, хэдэн настай бипээ?
-Намайг Хулан гэдэг.Таван настай.
-Чамайг ийм жаахан байж ном гаргасан гэж сонслоо.Юуны тухай ном юм бэ?
-Би үлгэр зохиодог. Миний зохиосон үлгэрүүдийг ээж ном болгож өгсөн. “Нисдэг охин” гээд ийм гоё ном. Дотроо үлгэртэй, болсон явдалтай, зурагтай, англи хэлээр орчуулсан гэсэн.
-Чи яаж үлгэрээ зохиодог юм бэ?
-Ээж орой болгон үлгэр уншиж, зохиож ярьж өгдөг байсан.Тэгээд нэг удаа чи ч гэсэн зохиож чадна гэж хэлэхээр нь зохиодог болсоон.
-Чи өөрөө бичдэг юм уу?
-Үгүй эгчээ, би бичиг үсэг мэдэхгүй. Ээж маань компьютертээ бичиж өгдөг. Би найман сард зургаан настай болно. Зургаан нас хүрэхээрээ сургуульд ороод л бичиг сурна гэсэн.
-Аан тэгэхээрээ өөрөө үлгэрээ бичиж чадах нь байна шүү дээ?
-Тийм. “Нисдэг охин” номонд оруулаагүй үлгэр зөндөө байгаа.Үсэг сурч байгаад би өөрөө дахиад ном гаргана.
-Чи ном гаргадаг гэж яаж мэдсэн юм бэ?
-Манай ээж ном гаргадаг зохиолч. “Төсөөлөл”, “Бага хатан” гээд зөндөө ном бичсэн. Өөр ээжтэй байсан бол миний охины ном гарахгүй байсан гэж эмээ маань хэлж байна лээ. Тийм учраас хамгаас хайртай ээждээ баярлалаа, хайртай шүү гээд үнсдэг.
-Чиний ном их хөөрхөн нэртэй юмаа.Ингэхэд чи өөрөө нисдэг юм биш биз дээ?
-Би нисч чадахгүй ш дээ, эгчээ. Миний зохиосон үлгэр дээр гардаг Бөөрхөн охин л нисдэг юм байхгүй юу. Би тэр охин шиг нисдэг байсан бол одоо эмээ дээрээ нисээд л очмоор байна. Бас нисээд аавдаа хоол аваачиж өгнө. Манай аав вагон барьдаг. Хол явдаг болохоор ядардаг, өлсдөг байх. Намайг хоол аваад нисч очвол аав ёстой их баярлана даа.
-Естой сайхан мөрөөдөл байна.Чиний номны ар талд “Энэ дэлхий дээр нэг ч хүүхэд өлсөхгүй, даарахгүй байгаасай гэж би хүсдэг. Миний хүслийг биелүүлж өгөөрэй ах, эгч нар аа” гэж бичжээ.Энэ үгийг хэн чамд зааж өгсөн юм бэ?
-Миний үсийг авсан өдөр бурхны өдөр болоод /бурхан багшийн дүйцэн өдөр/ хүмүүс тэнгэр рүү олон зул нисгэж байсан. Тэгэхэд би ээжээсээ ямар зүйл хүсэх вэ гэж асуухад тэгж зааж өгсөн. Би тэр өдрөөс хойш хүүхэд өлсөхгүй, даарахгүй бас аав ээжтэйгээ хамт байвал гоё юм байна даа гэж мэдсэн. Цэцэрлэгтээ байсан ч гэсэн би ингэж залбирдаг.
-Ямар хөөрхөн юм бэ.Чи энэ нэгдүгээр цэцэрлэгт яваад удаж байна уу?
-Дэгдээхэй гэдэг энэ гоё цэцэрлэгт намар орсон.Тугалхан бүлэгт. Ээжийгээ л их санадаг. Тав дахь өдөр хурдан болоосой, гэртээ очоод ээжийнхээ өвөрт унтах юмсан гэж яардаг аа. /уйлав/
-Ээж нь хаа байгаа юм бэ?
-Миний ээж ажлаа хийж байгаа. Орой 20 цагт тардаг болохоор л намайг 24 цагийн цэцэрлэгт оруулсан юм.
-Ингэхэд Хулан, олон найзтай биз дээ?
-Олон найзтай. Булганцэнд, Ану хоёртойгоо найзалдаг.
-Багш чинь чамайг их сонин амьтантай болохыг хүсдэг гэж хэлсэн. Яг ямар амьтантай болох гэсэн юм бэ?
-Зааны тугал Дамботой л болмоор байна.
-Зааны тугалыг яаж тэжээх юм бэ?
-Гэрт багтахгүй, бас том том баас гаргадаг гээд ээж инээгээд байсан. Гэхдээ хошуунаас нь бариад дагуулаад явж байвал хөөрхөн ш дээ.
-Ингэхэд чи надад үлгэрээсээ ярьж өгөхгүй юм уу?
-Би танд “Ёолкны модонд амьдардаг шувуу” гэдэг үлгэрээ ярьж өгье. Эртээ урьдын цагт нэг хөөрхөн эмэгтэй шувуу байжээ. Өглөөнөөс.үдэш болтол тэр ямар нэг юм хайн нисдэг байж гэнэ. Тэгж нисч яваад нэг эрэгтэй шувуутай уулзжээ. Гэтэл эрэгтэй шувуу асууж гэнэ.
-Шувуухай чи хаашаа нисэж байгаа юм бэ. Амарч буулгүй, юу хийгээд байгаа юм бэ? гэж. Тэгэхээр нь
Би өөрийн үр өндгөө гаргах эвтэйхэн модыг хайж явна.Хар модон дээр суухаар хатгаад, улиас модон дээр суухаар уначих гээд байх юм гэсэнд өнөө шувуу
-Чи хуш модон дээр сууж үзсэн үү?
-Үгүй. Хуш модонд самар ургадаг болохоор хүүхдүүд авирч гараад үүр өндгийг минь сүйтгэчих вий гэж айж байна гэжээ. Тэгтэл өнөөх эрэгтэй шувуу,
-Хоёулаа Богд уулын хамгийн өндөр хушинд үүрээ засья. Богд уул чинь дархан цаазтай уул болохоор тэгж хамаагүй сүйдлэхгүй байх гэхэд өнөөх хөөрхөн эмэгтэй шувуу баярлан хамт нисчээ. Ингээд л үлгэр дуусаа.
-За баярлалаа Хулаан. Чиний хүсэл болгон бүтэж байгаасай гэж эгч нь ерөөе. Удахгүй сургуульд ороод зөндөө олон үлгэр зохиож номоо гаргаарай.
-Баяртай эгчээ. Дахиад ирээрэй.
Э.Есүй
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”