Монгол Улсын гавьяат жүжигчин уртын дуучин Ганбаатарын Хонгорзултай цөөн хором ярилцлаа.
-Сүүлийн үед хот, хөдөөгийн ялгааг ихээхэн ярих болж. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Хүн боловсрол эзэмшиж, нийгэмд өөрийн гэсэн байр суурь эзэлж, улс орныхоо хөгжил дэвшилд чадлын хэрээр хуруу нэмэрлэнэ гэдэг бодитой болоод үнэтэй баялаг болох байх. Ер нь анзаараад байхад олон нийтийн мэдээллийн сувгаар нийгмийн сайн сайхан гэрэл гэгээтэй бүхний үлгэр дуурайлал болохуйц олны танил мэр сэр хүмүүс хот, хөдөөгийн соёлын талаар амны зоргоор ярьдаг болжээ. Миний бодлоор боловсролтой хийгээд соёлтой ялангуяа урлаг спортоор олны танил болж ард түмэндээ хүндлэгдэж яваа зарим хүмүүс үгээ бодож, амандаа орсноо биш оюундаа тунгааснаа зөв яриуштай санагддаг.
-Тэдний ямар яриа танд таалагдаагүй гэж?
-Чихээр сонсож, нүдээр хардаг эрүүл саруул, оюун ухаантай хүн бүхэн дургүйцмээр улаан цайм хөдөөний хүмүүсийг маллаж байгаа малаас нь дор шахам үнэлэх юм.Би яагаад үүнийг хэлэх болов гэвэл хот, хөдөөгийн ялгаагүй монгол хүн бүхэн л нэг улсын ард түмэн, нийгмийн эд эс болон амьдарч байгаа биз дээ. Бидний шүтэн хүндэлж ирсэн үе үеийн урлаг, спортын алдартан бүгд хөдөөнийх. Тэр дундаа ихэнх нь малчин айлын хүүхдүүд байсныг бичиг үсэг тайлагдсан хүн бүхэн намтар түүхийг нь уншсан баймаар даа. Үнэхээр тэгтлээ их хот, хөдөөгийн соёлын ялгаанд зовиноод байгаа бол нийгэмд хүмүүсийг хагарлдуулах сэдвийг ярих биш харин боловсрол соёлоороо үлгэр дуурайлал болж бодитой зүйл хийх хэрэгтэй.
-Тухайлбал?
-Төв суурин амьдралд хэт их автахын хэрээр хүний амьдралын хэрэгцээ төдий чинээ тэнцвэртэй болж байна. Хамгийн наад зах нь амьдрах орчин, амьсгалах агаар, идэж уух маань хүртэл байгалийнхаа шалгарлаар хяхагдаж, бид байгалиа хамгаалах биш түүндээ ялагдаж яваагаа би л лав өдөр ирэх тусам мэдэрч байна.
-Тэгээд ямар алхам хийе гэж бодож байна. Эсвэл мэдэрсээр байгаад л дуусах уу?
-Хамгийн түрүүнд бид чинь гурван сая хүрэхгүй цөөхүүлхнээ гэдгээ байнга санаж “Харсан зүг нэг, харайсан газар зөв байгаасай” гэж хүсдэг. Ингэж чадвал бидний дунд эв, эе оршиж байгаа нь тэр болов уу. Энэ бүхэн маань эвгүй алхам бүрийн мэдрэмжийг бодитойгоор үгүй хийх эрч хүч байх болно.
-“Эвтэй байхдаа хүчтэй” гэж хэлэх гээд байна уу даа?
-Энэ үгийг хүн бүхэн л хэлж чаддаг шигээ хүсч байгаа.
-Ингэхэд та баян мөн үү. Дуучин хүн яаж баян болох вэ. Тийм зам бий болов уу?
-Өнөө цагт толгойтой болгон баяжихын өвчинд нэрвэгдэж яваа нь нэг ёсондоо нийгмийн аль ч давхаргын хүмүүсийн хийрхэл болчихсон юм шиг. Би эд хөрөнгө, эрх мэдэл, энэ насандаа юугаар ч дутахгүй амьдрахыг зөвхөн эдийн баян гэж хардаг. Харин надад эд хөрнгө, эрх мэдлээр худалдаад авч болдоггүй хүн бүхэнд тэр болгон заяадаггүй баялгийг эцэг эх, бурхнаас хайрласан. Энэ миний өчүүхэн хүч хөдөлмөрөөр сэтгэлдээ бүтээсэн хамгийн том баялаг. Тэр баялаг миний сэтгэл оюунаас бусдын сэтгэл рүү харамгүй урсах өвгөдийн минь их ухааны тэнгэрлэг аялгуут уртын дуу маань юм. Надад хань, үр хүүхдүүд, хоноглох орон байр, солиод өмсөх хувцас, эзэмшсэн мэргэжил бүгд байна. Тиймээс би баян хүн. Дуучин хүн баян болох ёстой бол би баяжихын үүд нээгдсэн сэтгэлээрээ баян дуучин.
-Залуу хүнд зорилго байхгүй бол эх оронд ирээдүй үгүй гэдэг. Уруудах биш баяжих хийрхэлтэй байх нь зүгээр биш гэж үү?
-Энэ нь үгүйсгэх аргагүй хийрхэл юм л даа. Гэхдээ хүн болгоны тархины хэмжээ, хувь заяаны зураглал нь өөр. Зөн совин нь зөв зүгт залаад, тухайн хүний оюун ухаан хүч хөдөлмөр нэгэн зэрэг бусдад болон өөрт тустайгаар баяжихын эхлэл тавигдаж байвал зөв хийрхэл гэж ойлгодог. Харин “тэмээ туйлаад тэнгэрт хүрэхгүй. Ямаа туйлаад янгиа эвдэхгүй” гэж нэг үг байдаг даа. Огт оюун ухаан, хүч хөдөлмөрөө зарахгүйгээр баяжихын өвчинд нэрвэгдэж яваа нэгэн бол өөрийгөө нийгмээс арчигдаж явна гэдгээ ойлгох хэрэгтэй.
Эх сурвалж www.shuud.mn П.Наран