Монголын рок попын ертөнцөд “Андгай” өргөсөн ах дүү гурав, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-н С.Амармандах, “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөн нарын хамтарсан “Мөнх хөх тэнгэр” цомгийн албан ёсны нээлтийн хэвлэлийн хурал боллоо. Уг хэвлэлийн хуралд уригдан оролцож буй МУАЖ, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой ярилцсанаа уншигчид та бүхэндээ хүргэж байна.
- Юуны өмнө таны амар амгаланг эрэн мэндчилж www.URLAG.mn сайтын уран бүтээлчид, нийт уншигчдынхаа өмнөөс энэ сайхан өдрийн мэндийг хүргье?
Баярлалаа та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэж байна.
- Ах дүү гурав “Мөнх хөх тэнгэр” хэмээн нэрийдсэн цомгийнхоо нээлтийг хийж байна. Та сэтгэгдлээсээ хуваалцаач…
Аанхан би түрүүхэн тайзан дээр хэлсэн дээ. Гурван том урсгал, гурван том хамтлагийг толгойлж явдаг уран бүтээлчид хамтран бүтээл туурвина гэдэг бахархалтай хэдий ч бас төвөгтэй байдаг л даа. Төвөгтэй гэж зүйрлэж байгаа учир нь ийм эе таарсан гурван том толгой нэг малгайд багтаж хамтарна гэдэг нь тийм ч амар ажил биш, ер нь шинжлэх ухаанд ч гэсэн тийм байдаг л даа. Гэхдээ энэ гурвыг багтаасан ойлголт нь болвол эх орон, хөх тэнгэр, уул ус гэсэн их гүн гүнзгий монгол хүн бүрийн зүрх сэтгэлд оршин байдаг ерөнхий ойлголт байгаа нь бахархууштай байна.
- Цомогт орсон бүтээлүүд танд хэр таалагдав…
Миний хувьд цомгийг бүтнээр нь сонсож амжаагүй л явна. Гэхдээ гол гол уран бүтээлүүдийг нь сонссон, ерөнхийдөө бол монголын сор болсон томоохон хөгжмийн зохиолчид буюу МУУГЗ, Төрийн соёрхолт Б.Шарав, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, МУСГЗ Л.Балхжав нарын олон гайхалтай уран бүтээлчдийн бүтээлүүдийг цомогтоо оруулсан нь магтууштай юм. Ер нь энэ цомог бол манай орчин цагийн монголын хөгжмийн ертөнцөд өөрийгөө үгээр илэрхийлж чадахуйц сайн бүтээл төржээ хэмээн бодогдож байна даа.
- “Мөнх хөх тэнгэр” цомогт орсон бүтээлийнхээ тухайд…
Миний бүтээлийн хувьд бол Т.Дэлгэрмөрөн дуулсан байгаа юм. Энэ дууны тухайд дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол туургатанаас гадна манай эх орныг өөрсдийн эх орон хэмээн ирэхийг хүсч, биднийг элэг нэгт ахан дүүсээ гэж бодон бидний хөгжил дэвшил, урлаг соёлын их бүтээл туурвилыг бишрэн хүндэтгэж явдаг олон мянган хүмүүн буюу гадаадад байгаа монголчуудын өмнө хүлээсэн их үүргээ ухамсарлан бичсэн уран бүтээл байгаа юм. Ер нь тэгээд монгол үндэсний соёл гэдэг бол зөвхөн монголчуудын бус дэлхийн монголчуудын их соёл байх ёстой л гэж бодож явдаг даа.
- Тийм шүү. Таны хувьд монголын урлагийн хөгжил дэвшилийн төлөө тууштай хөдөлмөрлөж яваа хүн билээ. Тиймээс сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас сонирхуулвал…
Ирэх дөрөвдүгээр сарын эхээр манай “Морин хуурын чуулга” ээлжит шилдэг кинонуудынхаа хөгжмөөр тоглодог тэр тоглолтоо хийнэ. Тэрхүү тоглолтондоо зориулж монгол түмний сайн мэдэх гурван магнай буюу Тод магнай, Гарьд магнай, Цэц магнай хэмээх кинонуудын хөгжмөөс гурван хөгжмийг Морин хуурын чуулгадаа зориулан шинэчлэн найруулж бичиж өгхөөр ажиллаж байна даа. Мөн хаврын улирал гэдэг чинь бидний зарим нөхдүүдэд синдром нь ид хөдөлсөн үе байдаг юм ш дээ.
- Хаврын синдром гэдэг нь юу билээ?
Олны ярьдаг шиг жагсаал цуглаан бишээ. Өнөөх хэдэн оюутнуудынхаа шалгалт энэ тэрийг л хэлж байгаа минь энэ л дээ. Хавар болоод ирэхээр оюутан шавь нарын маань асууж сурах нь ихсээд ирнэ ш дээ. Заримдаа ч тэгээд ч би гэдэг хүн чинь насаараа л бусдад зааж сургах гэж хичээж ирсэн болохоор асууж сурсан болгонд нь л зөвлөхийг хичээнэ. Энэ хаврын синдром 6 сар хүртэл үргэлжилнэ ш дээ. За сүүлийн үеийн сонин гэвэл нэг иймэрхүү байна даа.
- Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
Та бүхэнд ч гэсэн талархаж байна. Ажил, уран бүтээлийн өндөр амжилт хүсье
Ярилцсан Э.Цэнд-Аюуш