Урлагийн бүх л төрөлд уран бүтээлээ чадварлагаар туурвиж өөрсдийн гэсэн орон зайгаа хэдийнэ бий болгож чадсан "ТВ коктейль" хамтлагийн жүжигчин А.Өнөржаргалтай ярилцсанаа уншигчиддаа хүргэж байна.
-Бидний ярилцах урилгыг хүлээн авсан танд талархаж буйгаа илэрхийлээд энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Хоёулаа яриагаа танай хамтлагийн уран бүтээлийн гараагаа хэрхэн эхлүүлсэн талаар эхэлцгээе.
-Баярлалаа танай сайтад хандаж буй бүх уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хамтлагийн хувьд анхлан дэлгэцийн уран бүтээлээр гараагаа эхлүүлж өнгөрсөн хугацаанд драмын урлагаас бусад бүх л төрөлд уран бүтээлээ амжилттай туурвиж ирсэн байдаг. Тэгээд өнгөрсөн онд өөрсдийнхөө бодож, хүсч мөрөөдөж явсан тэр том зорилгодоо хүрч тайзны жүжиг буюу Францын алдарт зохиолч Эрик Эммануэль Шмитийн 1999 онд бичсэн“Хоёр ертөнцийн буудал” хэмээх драмын жүжгийн зохиолыг сонгон авч ажилласан.Уг бүтээлийг барьж авах болсон нь тухайн зохиол нь их онцлогтой бичигдсэн бүтээл байсан.
Хүмүүний эгэл үнэн болоод үхэл амьдралыг их гайхалтайгаар харуулсан байсан болохоор сонгож ажилласан. Уг бүтээлийг жүжигчид, бүжигчдээс бүрдсэн 50 гаруй хүний томоохон бүрэлдэхүүнтэйгээр тавьсан бөгөөд “Мөрөөдлийн хөлөг онгоц” Монголын уран сайхны киногоор бидний танил болсон Ж.Сэнгэдорж найруулан гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, Б.Навчаа, Л.Эрдэнэ-Очир “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал, Н.Цэнд-Аюуш, Д.Энхбаяр нар тоглосон юм. Сонирхуулахад уг зохиолоор бүтсэн жүжгүүд европийн орнуудаар олонтаа тоглогдсон ийм нэр хүндтэй зохиол байсан. Тэрээр бидний хувьд уг зохиолыг Азидаа анх удаа тэр дундаа Монгол улсад анх тайзнаа амьдруулж амжилттай тоглосоноороо их онцлог байгаа юм. Түүнчлэн бидний хувьд оюуны өмчийг дээдлэн ажилладаг гэдгээрээ Францын элчин сайдын яамаар дамжуулан уг зохиолын жинхэнэ эзэнтэй нь холбогдож албан ёсны зөвшөөрөлтэйгээр монголын үзэгчиддээ тасралтгүй 18 хоног толилуулсан нь үзэгчид, урлаг судлаачдаас шүүмжлэлээсээ илүүтэйгээр магтаалхүртсэндээ бид их бахархалтай байгаа.
–“Хоёр ертөнцийн буудал” жүжиг үнэхээр чанартай чансаатай сайн бүтээл болж чадсан бөгөөд тоглогдож байх хугацаандаа үзэгчдийг байлдан дагуулж байсан. Үнэхээр ч сайн бүтээл болсны баталгаа болж арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Гэгээн муза” наадамд зургаан номинацид нэр дэвшээд байгаа энэ талаараа.
-Арав дахь жилдээ болж буй “Гэгээн муза” наадам маань өнгөрсөн жилүүдэд дандаа л драмын урлагийн бүтээлүүдийг өрсөлдүүлдэг байсан. Энэ жилээс эхлэн цар хүрээгээ улам өргөжүүлж инээдмийн жүжгийн төрлийг оруулж ирсэн бол биднийг энэ наадамд оролцох боломжийг нээж өгсөн юм. Тэгээд биднийг жүжгээ тоглож байх үед тус наадмыг зохион байгуулж буй “Гэгээн муза академи”-ийн төлөөлөгч нар үзэж сонирхоод ер нь энэ жилийн наадамд өрсөлдөх бүрэн боломжтой сайн бүтээл болж чадсан байна гэж үзээд бидэнд санал тавьсан юм. Бид ч саналыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч драмын жүжгийн төрөлд “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг хөгжмийн зохиолч”, “Шилдэ гэмэгтэй туслах дүр”, “Шилдэг эрэгтэй туслах дүр” гэсэн зургаан номинацид албан ёсоор нэр дэвшээд байгаа юм. Бидний хувьд энэхүү наадамд ямар нэгэн цом шагнал горилж оролцсонгүй. Хамтлаг болж арван жил тасралтгүй бүтээлээ туурвисны ачаар ийм нэр хүндтэй том наадамд нэр дэвшинэ гэдэг маань л өндөр үнэлгээ гэж ойлгож бид баяртай байгаа даа.
–Та бүхний хамтран бүтээсэн гайхалтай уран бүтээлүүд нь олон олон алдар гавъяаг хүртэнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлээдсүүлийн үеийн шинэ шинэлэг уран бүтээлийнх нь талаар мэдээлэл хүргэж ярилцлагаа өндөрлүүлцгээе.
-Бидний хувьд шинэ уран бүтээлдээ хэдийнэ ороод зохиол дээрээ ажиллаж байна. Тун удахгүй биднийг дэмждэг арван жил хамтдаа байсан үзэгчиддээ гайхалтай уран бүтээлээр бэлэг барих болноо. Ингээд танай сайтад хандан байгаа бүх уншигчдад хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхнийг урлагийн Янжинлхам бурхан өнөд ивээж явах болтугай.
Ярилцсан Э.Цэнд-Аюуш