Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадам 15 дах жилдээ зохиогдох гэж байна. 1991 оны буюу хамгийн анхны “Цагаан-Уул” наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч, сэтгүүлч Ц. Оюундарьтай уулзаж уг наадамд оролцож байсан үеийн дурсамжаас нь хуваалцлаа. Дашрамд дурьдахад энэ жилийн “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам хайрын шүлэг, хайрын тухай дууны үг, хайрын богино хэмжээний шүлгэн мессеж гэсэн төрлөөр яруу найрагчдын бүтээлийг шалгаруулах юм байна.
-Та 1991 оны “Цагаан-Уул” наадмын цомын эзэн болж байсан. Тухайн үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
“Цагаан-Уул” анхны наадам болсон 1991 оны тэр өдөр амралтын өдөр байсан санагдаж байна. Манай ангийн шүлэг бичдэг хэд уламжлал ёсоор оюутны байранд нэгнийдээ цуглаад хөөрөлдөж суутал яруу найрагч Болд-Эрдэнэ агсан ирээд, залуучуудын холбооноос хайрын шүлгийн уралдаан зарласан, өнөөдөр болно, хэдүүлээ очиж оръё гээд биднийг дагуулж явсан юм. Очсон чинь тэр үеийн залуу, дунд үеийн найрагчид бараг бүгдээрээ ирсэн байсан. Тэр үед зохиолчдын хороон дээр “хар” хэмээх найрагч Занаа гуай залуучуудыг хариуцдаг байсан юмуу, байсгээд биднийг зохиолчдын хороон дээр цуглуулж, ээлжлэн шүлэг уншуулсаар бид нэлээн нүүр хагарчихсан байсан цаг. Тиймдээ ч тэр олон мундаг найрагчдаас зовохгүй, тайзан дээр гараад шүлгээ уншсан. Гурван даваатай явсан санагддагийн. Эхнийхд нь “Зүүд” шүлгээ уншсан байхаа. Тэгээд шалгарчихлаа. II даваанд нь “Тавилан” шүлгээ уншсан санагдаж байна. Тэгсэн чинь бас л үлдчихлээ. Сүүлийнхд нь яая даа гээд муу дэвтрээ эргүүлж тойруулж байтал яруу найрагч Болд-Эрдэнэ агсан маань “За чи нөгөөхөө л уншиж болохгүй шүү. Тэр олны өмнө унших шүлэг биш шүү” гээд миний нэлээн дээр бичээд дарчихсан, ганцхан Болд-Эрдэнэд үзүүлж байсан нэг нууц шүлгийг минь сануулчихдаг байгаа. Хоёр шатанд үлдчихсэн, бас шагнал нь тэр үеийн 1000 төгрөг гэдгийг сонсчихсон байсан болохоор гэнэт түрүүлэх хүсэл төрөөд, “ер нь яагаад болохгүй гэж” гэж дотроо бодоод, өнөөхөө гаргаад уншчихсан. Нэлээн эротик маягийн шүлэг байсан л даа. Тэгсэн тэр үед тиймэрхүү эротик зүйлс хамаагүй бичдэггүй байсан ч юмуу, их л шинэлэг сонсогдсон юм байлгүй, түрүүлчихдэг байгаа. Харамсалтай нь хожмоо ажил дээр гарч шүлэг бичихээ болиод, гэр бүл зохиосныхоо дараа хуучин юмнуудаа янзалж байгаад тэр шүлгээ олоод, гэр бүлээсээ санаа зовсон ч юмуу шууд устгачихсан. Одоо бодоход дэмий л устгадаг байж гэж боддог. Яахав залуу насны түүх шүү дээ. Харин тэр үеийн “Залуучуудын үнэн” “Цагаан Уул”-ын шүлгүүдийг хэрвээ нийтэлж байсан бол тэнд үлдсэн байж нэг болох юм. Аягүй бол үзэл сурталд таарамжгүй гээд хэвлээгүй ч байж магадгүй. Үнэндээ санахгүй байна. Ямар ч байсан тэргүүн байрын шагналд нэг тийм болор билүү, шилэн хос хун, 1000 төгрөгтэй аваад, бөөн баяр тэндээсээ гарч шууд Их дэлгүүр ороод, ээждээ тэр үеийн ид мода болж байсан 510-ын гутал авч өгч байж билээ. Ээж маань тэрийг насаараа л бахархаж ярьсан даа, хөөрхий. Учир нь тэр тэмцээнээс хэдхэн хоногийн өмнө их дэлгүүрт 510-ын гутал ирээд, ээж маань хэрэндээ ганган байсан болохоор тэр гутлыг заавал авна гээд, аав “чиний сарын цалингийн үнэтэй тийм гутал авна гэж юу байдаг юм” гээд авч өгөхгүй, ээж гомдож уйлаад, нэг тиймэрхүү драм гэрт өрнөж байсан юм. Тэгээд л ээждээ тэр үнэтэй гутлыг нь аваад өгчих юмсан гэсэн бодол төрсөн юм байлгүй, шагналаа авангуутаа л их дэлгүүр лүү очиж билээ.
-Уг наадамд яруу найрагчид зөвхөн хайрын шүлгээрээ оролцдог болохоор харьцангуй шударга болдог гэж ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
Магадгүй ээ. Сэдэв нь тодорхой болохоор популист маягийн үзэгчдэд таалагдах эх орон, ард түмэн, аав ээж гэсэн үгсийн цэцэрхэл хөврөхгүй, харин жинхэнэ чин сэтгэлийн, хайрын шүлгүүдийг сэтгэлийнхээ гүнээс олж нээхийг “Цагаан уул” шаарддаг. Хүн төрөлхний одоо ч бүрэн нээж чадаагүй “сэтгэл” гээчийн нууцыг оролцогч бүр өөр өөрийнхөөрөө тайлдаг. Сэтгэлийн их хөлгүй далайд гүн гүнзгий шумбах тусам л улам содон, урьд үзэгдээгүй нээлтүүд илэрсээр байдаг нь гайхалтай.
-Тухайн зохиолчийн шүлгээс нь өөрийн гэсэн өнгө аяс, сэтгэлийн нарийн хөг аялгуу болоод хайрыг үзэх үзэл нь мэдрэгддэг болов уу?
Тэгж хэлж болно. Зарим үед тэнгэрийн зараалаар бусдын сэтгэлийн шаналанг найрагчид дааж, үүрч дуулах нь ч бий. Анхны ханьтайгаа учирсны дараа нөхөр маань нэг удаа надаас “чи яагаад шүлэг бичихээ больчихсон юм бэ” гэж асууж билээ. Тэгэхэд нь би “миний мэдэхгүй үл үзэгдэгч тэнгэр бурхан ч юмуу, ад чөтгөр ч юмуу хэн нэгэн надад гайхам сайхан мөрүүдийг ганцаархнаа гансарсан сэтгэлээ тэгшлэх гэж санаа алдан гиюүрч суухад минь илгээдэг. Яг л ганихарсан сэтгэлд минь гал ноцоох ганц чүдэнз мэт ирдэг… Харин одоо сэтгэлд минь нэгэнт хайрын гал ид дүрэлзэн гэрэлтэж байгаа болохоор тэнд гал ноцоох ганц чүдэнз болсон тэр мөрүүд ирсэн ч харагдахгүй үзэгдэхгүй болсон байх. Ямартаа ч “тэд” ирэхээ больсон, эсвэл би хайрын галд нүд гялбаад олж харж чадахгүй болсон” гэж хэлж байж билээ. Энэ санаагаа би дараа нь тэмдэглэлийн дэвтэртээ таталж үлдээсэн байсан болохоор ингэж тод санаж, сийрүүлж байгаа юм. Санаануудаа тэмдэглэдэг байсан тэр дэвтэрт маань олон янзын сонин эргэцүүллүүд үлдсэн байдаг. Сая дурьдсан эргэцүүллийг цааш сийрүүлбэл: “… Ганц мод гал болдоггүй болохоор ганцаараа байгаа намайг “гал” болгох гэж ханьсан ирдэг тэр тэнгэрийн “хишиг” намайг “гал” болох өрөөсөн модоо олчихвол яах бол? Ингэж болохоор ерөөс “гал” болохгүй ганц мод хэвээр явбал тэнгэрийн тэр “хишиг”-ийг насаараа хүртэх бусуу? Амьдрал гэдэг анхны харц шиг тунгалаг, анхны төсөөлөл шиг хиргүй, анхны мөрөөдөл шиг оргилуун чигээрээ үргэлжилдэггүй болохоор надад илгээх тэр юутай ч зүйрлэшгүй тансаг “илгээмж” өрөөсөн модоо олоод “гал” болон дүрэлзсэн ч үнс нурмын хооронд үе үе үзэгдэн байх болов уу хэмээн горьдном” гэсэн байгаа юм… Тэгэхээр хайрыг хүссэн сэтгэлийн их тачаалаас шүлэг төрдөг юм гэж тухайн үедээ би бодож төсөөлж байж дээ гэж тэр дэвтрээ хааяа үзэхээрээ залуу насаа би “өхөөрдөн шоолдог” юм.
-Одоо залуус хайрыг их амархан зохиож бас амархан салдаг болсон байна л даа. Миний бодлоор хайрын үнэ цэнэ буураад байгаа юм болов уу? Та юу гэж бодож байна? Магадгүй залуус хайрын тухай дуулал болсон “Цагаан-Уул” наадамд оролцдог яруу найрагчдын шүлгийг сонсоод арай гэгээлэг мэдрэмж авах болов уу?
Хайрыг зохионо гэж байхгүй байхаа. Харин залуус айл гэр болж туршилт хийх нь арай ихдээ юу гэж хааяа боддог. Ихэнх залуус туршиж үзээд үр дүн тааруу байвал шууд дараагийн туршилт руу цагийн хөрөнгө оруулалтаа хийж эхэлдэг. Зарим нь ч үр дүн гартал нь туршилтаа үргэлжлүүлээд, аз жаргалтай сэтгэл амар амьдарч харагддаг. Хүн хүнээсээ л болдог байх. Гэхдээ одоо хүмүүсийн амьдралыг үзэх үзэл улам илүү прагматик болж байгаа учраас сэтгэлээ сул тавьж дураар нь дургиулдаг “ухаан” гэж байхаа больсон юм болов уу. Сэтгэл гэдэг чинь үргэлж сайн сайхан зүйлд тэмүүлж, түүнийгээ эзэмшихийн тулд хар хорыг ч ялгаруулж чаддаг сонин “эрхтэн” шүү дээ. Сэтгэлээс буг ч төрнө, бурхан ч төрнө гэдэг энэ. Харин “ухаан” сэтгэлийн энэ савалгааг залан захирч байдаг. Ухаан “балчир” үед хүн сэтгэлээс асах түймэр шиг гал хайр, шуурга шиг хүчтэй тэмүүлэл, давалгаа шиг дийлдэшгүй хүслийг тэр бүр захирч дийлдэггүй. Тийм тохиолдлыг “ухаангүй” дурлал гэдэг. Гэхдээ одооны залуус эрт хэрсүүжиж, прагматик үзэлтэй болсон болохоор сэтгэлийн тэр эрс тэс хөдөлгөөнийг залан захирах чадварыг сайн эзэмших болсон. Одоо ер нь “ухаангүй” дурладаг хүн их л ховор таарах болж.
-Энэ жилийн “Цагаан-Уул наадамд оролцох гэж байгаа залуу яруу найрагчдад хандаж юу гэж зөвлөмөөр байна вэ?
Зөвлөх ч юу байхав дээ. Заавал үзэж туулснаас биш, бас мөрөөдөл төсөөллөөс ч асар хүчтэй давалгаа сэтгэлийн гүнд үүсэх нь бий. Найрагч хүн тэр давалгааг нарийн ажиглаж үгийн урнаар хэр дүрслэхээс сайхан найргийн төрөх, эс төрөх хувь заяа шалтгаалдаг болов уу. Иймд сэтгэлийнхээ гүн рүү лав сайн шумбаж, ёроолд нь байх хэний ч үзээгүй гайхамшгийг нээн илрүүлэхийг л хичээх хэрэгтэй байх. Ингээд “Цагаан Уул”-ын энэ жилийн сорилгод шүлгээ сойсон бүх найрагчиддаа хүний сэтгэлийн гаталж баршгүй хөлгүй тэнгисээр зориглон аялж, олон сайхан гаймшигт мөрүүдийг алдалгүй тэрлэж үлдээхийг хүсье.
Ярилцсан: Ц.Баянбилэг
Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин