Мода гэж юу вэ?
Мода бол эрин үеийн өнгө төрхийг тодорхойлогч юм. Хаврын улирал ирж байгаатай холбогдуулаад охид залуучууддаа дараах зөвлөгөөг хүргэж байна.
XXI зуунд тансаг хээнцэр хувцаслах нь нэр төрийн хэрэг болжээ. Өнөөдрийн хувцас загварын гол уриа: "Ая тух ба тавлаг байдал". Хувцасны загвараас гадна даавуу материал маш их нөлөөлтэй. XXI зуунд оёдлын машин бараг хэрэггүй болж даавууг наадаг, чанадаг, ууршуулдаг болно гэж шинийг санаачлагчид ярьж байна. Өвөлдөө дулаан, зундаа сэрүү татдаг, бактерийн эсрэг, эмчилгээний болон стресс тайлах хүртэл төрөл бүрийн даавуу материалыг хийгээд байна. Даавуунд ордог нэхмэлийн утсыг хөвөн, маалинга, ноос, ноолуур гэх мэт амьтны, байгалийн гаралтай түүхий эдээр хийх болж.Эрэгтэй, эмэгтэй хувцсанд даавуу, материалын ялгаа бараг байхгүй бөгөөд эрэгтэй хүний куртканы даавуугаар эмэгтэй хүний юбка хийх жишээтэй. Орчин үеийн загварт жинсийг бусад төрөл бүрийн даавуутай хольж хийх болсон нь загварыг ихээхэн сонирхолтой болгож байна. Стрейч сунадаг даавуу загварын ертөнцөд үүрд үлдлээ гэж хэлж болно. Базсан, үрчийсэн юм шиг даавуу, штапель /зөөлөн тавилганы бүрээс шиг/, лайкра гэх мэт даавуунууд нэгэнт өөрийн байр суурийг эзэлжээ. Бүх даавуунууд нимгэрч, хөнгөн, зөөлөн болсон байна.
Хувцсыг сонгох, өмсөх чадвар
"Муухай эмэгтэй гэж байдаггүй, харин залхуу эмэгтэй гэж бий" гэдэг үг өнөөдөр "Муухай эмэгтэй гэж байдаггүй, харин эвгүй хувцастай эмэгтэй байдаг" гэдэг үгээр өөрчлөгдөөд байна. Хувцсыг сонгохдоо өөрийн нас, бие галбир, зан төлөв, ажил мэргэжилд тохируулахаас гадна хэзээ, хаана өмсөж, хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэхийг хүсч байгаа, мөн яаж угааж арчлах зэргээ ч бодолцох ёстой юм.Орчин үеийн эмэгтэйчүүд өдөр нь ажлаа хийгээд орой нь харьж хувцасаа солиод театрт очих зав бараг гардаггүй. Иймд ялихгүй зүйлээр /хүзүүний алчуур, аксессуар гэх мэт/ өөрчлөгддөг хувцас өмсөх нь тохиромжтой. Аливаа хувцасыг сонгохдоо эхлээд өнгийг нь харна. Цаашлаад зориулалт, хэмжээ, хэлбэр, оёдол, суулт, хийсэн материалын шинж чанарыг харгалзана. Түүнчлэн яаж угааж, арчилж, индүүдэх гэх мэт зүйлийг анхаарах хэрэгтэй. Зарим хүмүүст байгалиас заяасан вкус, мэдрэмж байдаг бол заримд нь хэлж зөвлөхөөс аргагүй байдаг. Ер нь орчин үеийн эмэгтэйн имиж зөвхөн хувцаслалт биш. Хэрэв тэр эмэгтэйд дур булаам байдал, төгс мэдлэг, цэцэн оюун ухаан, хошин зан чанар, харилцааны чадвар байхгүй л бол имижээ бүрдүүлж, карьер хийж амжилт олох нь юу л бол. Хамгийн наад зах нь бид бие биедээ магтаалын үг хэлэхдээ "Чи ямар гоё цамцтай юм бэ? гэж хэлэх биш "Чи энэ цамцтай их гоё харагдаж байна" гэж хэлэх нь зүйтэй. Түүнээс гадна манай монгол эмэгтэйчүүд магтаалын үгийг доромжлол мэт хүлээж авдаг. Гэтэл франц эмэгтэйг магтвал "тиймээ, би сайхан" гэж хэлэх жишээтэй. Бид энэ зэргийн комплексоос салж байж өөрийнхөө хүссэнээр имижээ бүрдүүлж, түүндээ бусдыг дасгаж, татаж чадна.
Стиль сонгох дүрэм
Мэргэжилтнүүдийн судалгаагаар XXI зуунд эмэгтэйчүүд бизнесийн удирдлага, менежмент мөн улс төрд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Иймд цоо шинэ, ажил хэрэгч эмэгтэй хүний стиль шинээр гарч ирж байгаа юм. Энэхүү стилиэр орон бүхний дизай-нерүүд өөр өөрийн санаа бодлыг шингээсэн янз бүрийн загваруудыг зохиож байгаа билээ. Миний хувьд мэргэжлийн зүгээс зөвлөхөд сайн чанарын маш нимгэн даавуугаар хийсэн бага зэрэг кружева, жижиг хатгамалтай цамцыг (сорочка биш шүү) классик стилийн эрэгтэй хүний брюк, эрэгтэй гуталтай өмсөхөд ажил хэрэгч мөртлөө эмэгтэй хүний гоо сайханд болон орчин тойрны уур амьсгалд таатайгаар нөлөөлөх ажил хэрэгч эмэггэйн дүр төрхийг тодотгох загвар болно гэж бодож байна.
Өөрийгөө хажуугаас харж сур
Хувцсыг сонгохдоо бүх жижиг сажиг деталийг нэг бүрчлэн бодох ёстой. Ямар нэгэн жижиг гэхээр зүйлс бусдын нүдэнд өө сэв болон харагдах ёсгүй. Сүүлийн үеийн загварын платье өмсчихөөд хэт хямд аксессуар зүүх, хэтэрхий будмал төрхтэй байж болохгүй юм. Чиний ямар ч сурсан зан энэ бүхнийг зөвтгөхгүй шүү. Хаана ч, хэзээ ч хүмүүс "сүртэй сайхан юм алга л байна", эсвэл "гоёх гэж ядсан амьтан" зэргээр янз бүрээр л дүгнэнэ. Тиймээс өөрийгөө дандаа хажуугаас нь харж сурах хэрэгтэй бөгөөд сайн, муу талаа байнга бодолцох хэрэгтэй.Эрчүүдийн хувьд энэ костюм миний биед хэр сууж, таарч байна гэдгээ бодохоос гадна цамцны ханцуй 1,5-2 см цухуйх сууж байхад өмдний шуумаг болон оймсны хооронд нүцгэн хөл гарахгүй байх ёстой зэрэг зүйлсийг сайн тооцоолох хэрэгтэй.
Зөвхөн мода биш…
Сонгосон дүр төрх, хувцас болон бусад зүйлс чинь чиний жинхэнэ "БИ"-д тохирч байх ёстой. Судалгаанаас үзэхэд нийгэмд хараахан онцгой байр суурь эзэлж чадаагүй хүмүүс хувцас загвар, моданы өөрчлөлтөд ихээхэн анхаарал тавьдаг гэнэ. Иймд өөрийн боломжоор өөрийн дүр төрх имижийг бүрдүүлэх нь чухал юм.
Саарал хүмүүсээс ялгар
Имиж бүрдүүлэхэд гол нь бусдаас, саарал хүмүүсээс ялгарах явдал юм. Чиний дүр төрхтэй ижил 10 хүн автобусанд явж байж болохгүй. Бусдаас ямар нэгэн байдлаараа заавал ялгарах хэрэгтэй. Стиль, хувцасаа өмссөн байдал, аксессуар гэх мэт. Захаа босгосон, малгайгаа хазгайдуу тавьсан, урт ороолт унжуулах нь ч бас хувцас өмсөх маяг юм. Гол нь моданы хувцас өмссөн ч өөрийн манер хөдөлгөөнд донжтой зохицуулах хэрэгтэй. Загварын ертөнцөөс танд зориулж байгаа олон олон урсгал, стилиэс яг өөрийн, яг чамайг бусдаас тодотгож чадах тэр стиль, тэр хувцасыг сонгож сурах хэрэгтэй юм.
Дизайнер Н.Соёлмаа
www.URLAG.mn