МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнийг “Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал” өгүүллэг, “Би чамд хайртай-2”, “Нарны өнгө” зэрэг киноны зохиол, “Охин минь битгий уйл”, “Би эр хүнд хайртай”, “Үл таних эмэгтэй” зэрэг дууны шүлэг, “Хишигт”, “Хорин жилийн дараа”, “Муу залуу” зэрэг тууж, “Болор туужууд”, “Диваажингийн хоригдол”, “Нүцгэн шөнө”, “Зүрхэнд үйлдвэрлэв” зэрэг ном бичсэн зохиолч эмэгтэй гэдгээр нь сайн мэдэх байх. Ингээд та бүхэндээ түүний нэгэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. (онлайн ярилцлага)
Эмэгтэй хүний туйлын зорилгыг та юу гэж боддог вэ? Ажлаа сайн хийж, дэлхийд хүртэл нэрээ гаргах уу эсвэл хүүхдүүдээ сайн хүн болж өсөхийг харах юм болов уу?
Заавал эмэгтэй хүн гэмээргүй байна л даа. Ер нь хүн байхын туйлын зорилго гэж бий. Аливааг танин мэдэх, зорилготой байж, түүндээ тэмүүлэх хүчийг өөртөө хураах гээд л… Миний туйлын зорилго бол хэзээ нэгэн цагт "Чи энэ амьдралд хэн байсан бэ?" гэсэн асуултын өмнө зогсох өдөр ирэхэд өөрөөсөө ичихээргүй амьдарсан байхыг л гэж боддог. Одоог хүртэл хийж байгаагүй, гэхдээ ирээдүйд заавал хийхийг хүсдэг зүйл тань юу вэ? Нэг тийм, бодохоос л аазгай хөдөлгөдөг хүсэл байдаг даа…Би шүхрээр буухыг их хүсдэг. Хэзээ нэгэн цагт шүхрээр буухдаа тэнгэрт хандаж нэг үг хашгирмаар байгаа юм. Зөвхөн тэнгэрт л зориулсан учир тэр үедээ л ганц хэлэгдээд өнгөрөх тийм үг бий.
Ер нь та өөрийгөө хэр зоригтой эмэгтэй гэж боддог вэ?
Заримдаа гал усанд орохоос ч буцахгүй болчихдог. Заримдаа ширхэг үснийхээ сэвэлзэхээс ч айж суудаг. Тэгэхээр яг ямар болохыг хэлж мэдэхгүй л байна. Ихэнх хүмүүс намайг их зоригтой гэдэг. Гэхдээ ямагт улирлын онцлог, цагийн салхитай хамт хувьсаж, хөдөлж байдаг байгалийн араншинтай хүмүүс бол уран бүтээлчид гэж бодож байна.
Гэсэн ч хүний угийн угт үргэлж л оршсоор байдаг нэг зан бий дээ. Дутагдал гэж нэрлэмээр атлаа хэзээд хадгалж үлдэхийг хүсэх хайртай араншингаа нэрлээч гэвэл?
Бардам зан байх. Би хүнээс юм гуйж чаддаггүй, гуйх болвол их л итгэлтэй хүндээ ханддаг. Тэр гуйлт нэг л удаагийнх байдаг. Дараа нь тэр тусыг хэзээ ч марталгүй санаж явдаг. Бардам араншин маань надад аливаа бараан сүүдрийн өмнө сөхрүүлэхгүй байх хүчийг өгдөг. Бас орчноо өөдрөг байлгаж, бүтээлүүдээ , надаас гарч байгаа үг бүхнээ заавал ямар нэг эзэнтэй болгож чадна гэж бардам итгэдэгтээ л би хэлсэн зүйлсдээ итгэлтэй ханддаг юм. Тэгэхээр энэ чанар нэг талдаа дутагдал мэт харагдавч нөгөө талдаа давуу тал юм уу гэж бодож байна. Бардам байж чаддагтаа бардам байдаг юм аа, би кк.
Таны амьдралдаа гаргаж байсан хамгийн зоригтой, эрсдэлтэй шийдвэр юу байсан бэ?
Нөхөртөө гэрлэе гэдэг саналыг өөрөө түрүүлж хэлэх зориг гаргасан маань над шиг бардам хүний хувьд амьдралдаа гаргасан хамгийн том зориг, бас хариултад нь хамгийн итгэлтэй алхам байлаа. Тэр алхамдаа өнөөг хүртэл огт харамссангүй ээ. Өдөр ирэх тусам “Би зөв алхам, зөв сонголт хийж” гэж өөртөө баярладаг.
Тэр яг яаж мэдрэгддэг юм бэ, Болороо эгч ээ?
-Юу?
Бидний эмээ, ээжүүд “ Зөв хүнээ олоод, болохоо хүрвэл хурдан даа” л гэдэг шүү дээ. Заяаны ханиа олчихлоо гэж, тэр л миний хүн байна даа гэж бодох итгэл хаанаас төрдөг юм бол?
Би лав хэзээ нэгэн цагт их сайн таньдаг байсан юм шиг, эсвэл уулзаагүй их олон жил хүлээчихсэн хүнтэйгээ уулзчихсан юм шиг, урьд насандаа ч юм уу ямар нэгэн холбоотой байсан юм шиг мэдрэмж хүлээн авч байсан. Тэр л мэдрэмжиндээ хөтлөгдсөн байх. Алдаж л болохгүй гэдгээ их сайн ухаарч байсан. Заримдаа бодол санаа нь миний нөгөө тал ч юм шиг нийлэмжтэй байсан хэрэг л дээ.
Тэгвэл та нөхрийгөө “Эрдэнэсолонго надтай л хамт байх ёстой хүн юм байна” гэж хэзээ анх мэдэрсэн бэ?
Хамгийн анх зөрж өнгөрчихөөд араас нь нэг эргэж харах зуураа бодоод өнгөрөх шиг болсон юм. Гэхдээ тэр үедээ анзаараагүй ээ. Ямар ч байсан эргээд харахад надаас ичээд байгааг нь, түүний өөрийнхөө өмссөн зүүсэн, алхаа гишгээндээ бухимдаад байгааг нь мэдэрч, инээд хүрч байлаа кк.
Та хоёрын танилцсан түүх их л гоё байгаа даа гэдэг бодол зогсолтгүй төрөөд байна?
Нэг дор ажилладаг байсан юм аа. Анх би "Ням гариг" гэдэг сонины жирийн л нэг уншигч байлаа. Сонины мэдээнээс Б.Эрдэнэсолонго гэдэг нэрийг харах бүртээ эмэгтэй хүн л гэж боддог байсан. Тэгээд анх сонинд ажилд оронгуутаа нэг бүсгүйгээс тэр ер нь ямар сэтгүүлч байна аа гэж асууж байсан юм. Тэр үед "Эрдэнэсолонго чинь тэр байна" гээд нэг залууг заахад учиргүй гайхаж байснаа л санаж байна. Бид хоёр анх зүгээр л халаасны өрөө хөлслөх гэж байгаад танилцсан юм.
Хамтдаа нэг байр хөлслөх гээд үү?
Аль алиных нь цалин байрны бүтэн хөлсөнд хүрэхгүй болохоор хамт ажилладаг танил хүмүүсийн хувиар сарын хөлсөө хувааж төлж байхаар гэрээ хийж, нэг өрөөнд орж байлаа. Гэрээгээ цаасан дээр үйлдэж, гарын үсэг зурж байсан. Тэр үедээ бол хайртай, дуртай байгаагүй ээ. Анхандаа нэг гэрт орсон улсын хувиар орчлон ертөнцийн тухай, утга зохиол, сэтгүүл зүйн тухай элдвийг л ярьдаг байлаа. Зүгээр л найзын хувиар бүхнээ илэн далангүй хөөрөлддөг байсан юм. Тэр нь л илүү ойртуулсан болов уу. Нэг мэдсэн түрүүлж ирсэн нь нөгөөхөө хүлээж ядаад л, хожимдож харьсан нь гэртээ яараад л байдаг болчихсон байсан.
Та тэр үед янз бүрийн юм бодоогүй юу? “Эрэгтэй хүнтэй цуг нэг өрөөнд орлоо доо. Ээж маань юу гэх бол” гэдэг ч юм уу?
Манай ээж намайг "Солонго" гэдэг нэртэй хүнтэй амьдарч байгааг дуулаад ер тоогоогүй ш дээ кк. Эмэгтэй хүнтэй хамт байгаа л гэж бодсон хэрэг. Би ч ээждээ зүгээр л “Солонготой хамт байгаа” л гэж хэлсэн юм. Нэг удаа ээж манайд ирээд эрэгтэй хүн сууж байхыг хараад их гайхсан. Тэр үедээ юу ч хэлээгүй гараад явчихсан. Харин дараа нь ээж "Нэгэнт амьдрахаар шийдсэн бол ном журмаар нь аваарай хүү минь" гэж ганцааранд нь захиж хэлсэн байсан.
Ээжүүд ийм мундаг шүү, биширмээр.
Харин тийм. Бас нэг удаа ээжийг ирэхэд нь би хүзүүн дээр нь мордчихсон тоглож байгаад таарчихсан юм. Ээж орж ирэнгүүтээ бид хоёрыг бүсээрээ ороолгоод "Эрийнхээ дээр зайдласан эм хүн, эмээ мордуулсан эр хоёр өөдөлдөггүй юм. Эр нь эр шиг, эм нь эм шиг бай" гэж ирээд л сүрхий загнаж билээ. Тэрнээс хойш эр нөхрийнхөө сүлд хийморийг дээдлэх тухайд их боддог болсон шүү.Эмэгтэй хүнд цаанаасаа л хүний эхнэр байх зан чанар гарч ирдэг бололтой шүү.
Аяндаа амьдрал сурах ёстойг нь сургаад, заах ёстойг нь өөрөө заачихдаг юм билээ. Тэр дундаас жаахан сийрэг толгой бол их зүйл сурч авдаг. Хайнгадуухан хүн бол олон сайхан мэдрэмжийг анзааралгүй өнгөрүүлж, толгой дээрээ бараан сүүдэр хураадаг шиг байгаа юм.
Асуухаа мартах шахах нь. Таныг гэрлэх санал тавих үед Эрдэнэсолонго ах яаж хүлээж авсан бэ?
Ямар ч байсан үүр цайтал унталгүй өрөөндөө холхисныг нь санаж байна. Маш их юм бодож, маш их сэтгэл нь хөдөлсөн байсан. Тэгээд "Би нэг л удаа сонголт хийдэг хүн. Тиймээс сална, барина гэсэн ойлголт байхгүй шүү. Гэхдээ энэ саналыг намайг эхэлж тавьсан гэж ойлгоорой" гэж хэлж байсан.
Хос хоёр зөвхөн халуун хайр дурлалаас гадна нөхөрлөл гээч зүйлтэй байх нь тун чухал юм аа гээд өглөөхөн бодож байлаа. Нөхөр тань таны хамгийн сайн найз мөн үү?
Яг тийм.
“Найздаа” хааяа гомдох үе гарна биз?
Гомдож, тунирхах үе байлгүй яахав дээ. Гэхдээ салах дээрээ тултал муудаж байгаагүй. Зөвхөн эр нөхөр, эхнэр гэдэг харилцаа ихэнх гэр бүлийг хүйтэн болгодог байх гэж би санадаг. Хамгийн хэцүү үедээ ч нууж хаахгүйгээр сайн найз шигээ бодон сэтгэлээ уудалж, түүнийг сонссон хүн нь хамгийн чухал дэмийг үзүүлдэг байж гэмээнэ гэр бүл бат тогтвортой оршдог болов уу гэж санадаг.
Та түүний, тэр таны ямар зан чанарыг нөхөж байна?
Манай аав ээж л гэхэд гаднаасаа хоёулаа тэс өөр юм шиг мөртлөө доторх хүмүүс нь аль нэг чанараараа адилхан болохоор л нэгнээ нөхдөг байх гэж боддог шүү.Би их халуун цочмог хүн шүү дээ. Харин хархүү маань зөөлөн, нухацтай хүн байгаа юм. Тэгэхээр арга билэг мэт нийцдэг байх. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг шиг би ч одоо уусч уяраад нэлээд намжмал болчихсон шүү. Манай дүү нар бид хоёрыг муудалцаж байна гэхээр итгэхгүй шоолоод л байдаг юм. Тэгэхээр амьдрал биднийг аяндаа л хөтлөөд байгаа байх. Гэхдээ дүрсгүй хүүхэд чимээгүй болчихоор хүн гайхаад яав ийв гэдэг дээ? Түүн шиг намайг нам жим болчихоор хархүү маань “Чи юу сэдээд байна” гэдэг болчихсон байна лээ, кк.
Таны “цочмог халуун” занд би маш дуртай. Хэлэх гэснээ тойруулалгүй хэлж, өөртөө ч, өрөөлд ч элдвийн юм хурааж явахгүй сайхан зан шиг санагддаг.
Гадагшлуулахгүй бол сэтгэл тайтгарч өгөхгүй хэцүү байдаг юм аа. Гэхдээ одоо бол тэсдэг, бас өөр аргаар илэрхийлж сураад байгаа.
Илүү зөөлөн аргаар уу?
Илүү хатуу ч аргатай болсон байж магадгүй, кк. Ер нь хашгирч хэлсэн үг бүр хүнд хүрээд байдаггүй шүү дээ. Түүн шиг л хашгирахгүй ч арай чанга давстай болгож сурсан байж магад.
Та өөрийгөө таних үйл явцынхаа хаана нь явж байна гэж боддог вэ? Ер нь хүн өөрийгөө заавал бүрэн таних хэрэгтэй юм болов уу?
Бүрэн төгөлдөр таних гэсэн ородлого энэ насанд лав дуусахгүй байх гэж боддог. Гэхдээ өдөр бүр шинэ нээлт хийж буй мэт амьдрах амттай шүү дээ. Аливаа зүйл харагдах өнгөнөөсөө тэс өөр байдаг. Тиймээс эргэлзээ тээнэгэлзээ үлдээхгүйн тулд л таньж мэдэх оролдогыг хийнэ үү гэхээс, бүрэн тайтгаралыг түүнээс олно гэвэл хоосон чанар болно.
Тэгвэл таны энэ амьдралаас хүртсэн хамгийн том гавьяа шагнал юу вэ?
Ямар ч үед миний төлөө бат зогсох дотно хүмүүс минь. Түүн дотор миний зарим уншигчид ч орж байгаа. Үнэнч хүмүүс надад олон бий. Би онлайнаар болоод амьдрал дээр уншигчидтайгаа харьцангуй олон нүүр тулж уулздаг хүн. Тэдний дундаас олон сайхан найзуудаа ч олж авсан. Надаар амьсгалж, миний зохиолуудаар сэтгэлийнхээ цангааг тайлдаг олон хүнийг би мэднэ. Тэднийхээ урмаар л амьдарч байна даа.
Энэ бол өнөөдрийн ярилцлагын уран бүтээлтэй холбоотой ганцхан л асуулт. Бичсэн зохиолуудынхаа аль нэг дүр нь болооч гэвэл та хэн болох вэ?
Би зохиолч нь л болно. Яагаад гэвэл зохиолч өөрөө ч бас нэг гол дүр. Аливаа зохиолыг бичих явцдаа зохиолч олон олон ертөнцийн үүд хаалгыг дураараа онголзуулж байдаг. Тэр бүрт бас үл танигдах үүд хаалганууд ч үлднэ. Тиймээс тэр олон хаалганы дунд зөв, хэрэгтэй гэснээ татаж орохын тулд бас чамгүй оюунаа хөвчлөх шаардлага гарнаа даа. Хэн нэгэнд хэлэх гэсэн үгээ баатраараа дамжуулаад л гаргаж орхидог учраас зохиол бүрт маань миний дүрүүд багтчихдаг юм. Жишээ нь "Охины минь дурлах залууд илгээх захидал", "Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал" хоёрын үгс тэр чигээрээ ээж миний сэтгэлийн үг. Тэр ээж бол зохиогч өөрөө. Тэгэхээр би өөрөө гол дүр байгаа биз дээ?
Тэгвэл та нэг өдөр ч болов, өөрөөсөө тэс өөр хүн болоод үзчих юмсан гэж бодож байсан уу? Гаднах, доторх аль аль утгаараа.
Би угаасаа байж байгаад л тэгж дүрсгүйтдэг ш дээ. Дүрээ хувиргаад ч юм уу, өмсдөг, зүүдгээ тэс өөр болгоод алхаж явах зугаатай байдаг. Надад буржгар, шулуун, хар, хүрэн, улаан өнгөтэй хиймэл үснүүд бий. Би дэлгүүр орох бүртээ парикны тасаг дээр заавал саатдаг юм. Яаж дүрсгүйтэх билээ л гэж бодож зогсоо нь тэр.
Хамгийн хайртай “өөр” Болороо нь ямар хүн байна?
Би долоон настай Болороодоо их хайртай. Инээж чаддаггүй, уйлж мэддэггүй, бараг юм ярьдаггүй тэр жаахан охиныг өөрийнхөө дотроос байнга эрж хайдаг. Заримдаа тэр л охин миний хамгийн том өмөг түшиг мэт санагддаг. Ер нь өөрийгөө би хүмүүст л зориулж, инээж уйлж сурсан байх гэж харддаг юм. Тэр охиныг хайж байхдаа "Хишигт" туужаа бичсэн дээ. Бичиж дуусаад дахиад л алдчихсан. Одоо хаа нэгтээ замаар өнгөрөх оршуулгын цувааг ширтээд сууж байгаа байх даа гэж төсөөлдөг./”Хишигт” туужийг уншсан хүн бүр түүний юу ярьж байгааг сайн ойлгоно.Гоо./ Гэхдээ өөр, хаа нэгтээгээс хэзээ нэгэн өдөр олно гэдэгтээ найдаж л сууна.
Зургууд дээрээ та хорин настайдаа ч, одоо байгаа нь ч гэсэн огтхон өөрчлөгдөөгүй санагдсан юм л даа. Танд эмэгтэй хүн үргэлж залуугаараа байхын тулд юуг анхаарах хэрэгтэй гэж санагддаг вэ?
Эмэгтэй хүний залуу сайхан байх хамгийн гол эм бол өөдрөг бодол санаа. Үүнд хажууд байгаа хүний үүрэг их. Эр нөхөр нь таагүй ханддаг эмэгтэйчүүд голцуу нэлээд овортой болсон мэт санагдаад байдаг. Бас мэдээж арьс, үс их чухал. Арьс, үс, дотоод эрүүл мэндээ анхаарч чаддаг байх ёстой байх. Бас өөрийгөө хүндэлдэг байх хэрэгтэй. Би лав баар, олон нийтийн газраар тэр бүр ордоггүй. Тийм газарт хуримтлагдсан эрүүл бус уур амьсгалаас нэлээд цэрвэдэг. Архитай хундага ч гартаа барих их дургүй.
Таны “Үүнийг л би гарцаагүй чадна” гэж ам бардам хэлэх зүйл юу вэ?
Хүний хийж чадаж байгаа зүйлсийг би чадна л гэж өөртөө итгүүлдэг дээ. Ер нь уран бүтээлийн эрэлхийлэл тал дээр бол нэг их эрсдэлээс айхгүй ээ. Болж л өгвөл болгоно л гэж боддог. Чи өөрийгаа чадна гэж “ташуурдах” л хэрэгтэй. Тэгвэл л чадна. Чадахгүй гээд л хазаарлаж орхивол юуг ч чадахгүй шүү дээ.
Таны мөрөөдөл юу вэ?
Гэр бүлээрээ дэлхийгээр аялах. Энэ бол үнэхээр миний туйлын мөрөөдөл.
Эх сурвалж: goolingoo.mn