“Морин хуур” чуулгын хөөмийч соёлын тэргүүний ажилтан Э.Сандагжавтай уулзлаа. Түүнтэй хөөмийн үүсэл гарал, хөгжлийн тухай яриа өрнүүлснээ хүргэе.
–Хөөмий хэддүгээр зуунаас үүсэлтэй вэ?
-Одоогоос 1000-аад жилийн тэртээгээс үүсэлтэй гэж таамагладаг. Ардын урлагийн сонгодогт багтдаг юм. Дэлхийд хаана ч байхгүй урлаг шүү дээ. Хүнээс хоёр хоолой гарах нь шинжлэх ухааны үүднээс боломжгүй гэж үздэг. Гэхдээ хөөмийлөхөөр хүнээс олон хоолой гардаг нь гайхалтай.
–Таныг хөөмийн тухай анхны номыг бичсэн гэж сонссон?
-2010 онд “Монгол хөөмий” хэмээх номоо бичсэн. Номд маань хөөмийн үүсэл, хөгжлийн түүх, манай алтан үеийн хөөмийчдийн тухай сонирхолтой баримтууд болон хөөмийн гарын авлага багтсан.
–Хөөмий гэж хүн бүхэн ярьдаг ч чухам аль нутгаас гаралтайг нь тэр бүр мэддэггүй. Энэ тухай дэлгэрэнгүй тайлбарлавал?
-1950-аад оны үед Ховдын Чандмань сумыг байгуулсан юм билээ. Тэнд Завхан, Увс, Говь-Алтай аймгаас нэг нэг баг ирж суурьшсан түүхтэй. Тэндээс л хөөмийн урлаг үүсэлтэй. Гэхдээ нутгархаж болохгүй, энэ бол нийт Монголын урлаг. Монгол цэргүүд дайн байлдаанд явахдаа цуур хөгжим авч явдаг байж. Тэр нь олон нүхтэй мод л доо. Хэдэн жилээр гэрээсээ хол явна. Энэ хугацаанд цэргүүд уйдахаараа тэр хөгжмөө үлээж зугаацдаг байж. Тэр үед ч хөөмийн элементүүд байсан гэж үздэг. Амаараа ямар нэгэн авиа гаргах, хоолойгоо шахах гэх мэт. Гэхдээ энэ үед, хөөмийлөг гэдэг байсан. Мөн чоно авлахдаа чоныг урин дууддаг байж. Буга шиг урамддаг байсан гэдэг. Энэ бүхнээс хөөмийн урлаг үүсэлтэй юм даа.
–Хөөмийг хятадууд манай өмч гээд бүртгүүлчихсэн байсан шүү дээ?
-Үндэсний бахархал болсон энэ урлагаа бид алдахаа шахсан. Гэхдээ буцаагаад авч чадсан шүү дээ. Манай улсын зүгээс хөөмийн урлаг манайх гэсэн баримт бичиг, нотолгоог явуулсан. Тэр бүхнийг би өөрийн биеэр бичиж, киног нь бүтээж явуулсан юм. Гурван хэл дээр бичдэг юм билээ. Хэдий багахан хоцорсон ч Монголынхоо нэр дээр бүртгүүлж чадсан.
–Та тэгвэл Монголын урлагийн түүхэнд үнэтэй гавьяа байгуулжээ?
-Би хоёр сарын хугацаанд бичсэн. Түүнээс гадна 20 гаран жил энэ урлагийг судласан судалгаа, туршлага надад бий. Хэдэн удаа шалгагдаж, эргэж буцсаны хүчинд хөөмийн урлаг бол Монголоос үүсэлтэй, Монголын үнэт урлаг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.
–Хятадууд ямар үндэслэлээр манай хөөмийг өмчлөх гэсэн юм бол?
-Одоогоос хичнээн зуун жилийн өмнө манай цэргүүдийг цуур хөгжим тоглохыг хятадууд харсан юм шиг байгаа юм. Олон төрлийн авиа гаргаж, хоолойгоо шахаж, дуугарах нь өвөрмөц санагдсан нь мэдээж. Тэр үед л манайхан зааж өгсөн гэсэн бодол тойлгойд нь суучихсан байж л дээ. Тэр бодолдоо хөтлөгдөн тийм буруу дүгнэлтэнд хүрсэн байна лээ.
–Тэгвэл албаны хүмүүс нь энэ тухайд ямар байр суурьтай байв?
-Мэдээж тэнд мэргэжлийн судлаачдын баг ажилласан. Эхнээсээ л судлаад шалгаад үзэхэд хөөмийн урлаг манайх гэдэг нь тогтоогдсон. Хөөмий бол манай үндэсний хамгийн том бахархал. Энэ урлагаа ЮНЕСКО-д Монгол Улсаараа овоглуулж чадсандаа бахархаж, омогшиж явдаг.
–Хөөмийн гоцлол гэж байдаг уу?
-Байлгүй яахав. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Бурхан халдун” хэмээх сайхан аялгуу бий. Миний зохиосон “Тахилгын магтаал” хэмээх бүтээл бий. Миний энэ аялгуун дээр үндэслэн Өвөрмонголын үндэсний дуу бүжгийн чуулгын дэргэдэх хамтлаг уран бүтээлээ хийдэг юм билээ. Маш олон жил энэ аялгууг ашиглаж байгаа гэж сонссон.
–Энэ чинь таны оюуны өмч шүү дээ. Хамаагүй ашиглаж болдог юм уу?
-Тэр үед хөөцөлдөж үзсэн. Гэхдээ нэг их онцолж авч үзээгүй. Манайх чинь буурай жижигхэн улс шүү дээ. Дээрээс чимээгүй ажлаа хий гэсэн тушаал өгсөн. Тийм болохоор яаж ч чадаагүй юм.
–Хөөмийн анги гэж байдаг уу. Ирээдүйн боловсон хүчин хэр бэлтгэгдэж байна?
-Соёл урлагийн сургууль хөөмийн анги гэж авдаг болсон. Тав, зургаан жил болж байна уу даа. Анхны төгсөлтөө хийсэн. Миний хувьд хөөмийн сургалтын төв байгуулаад ажиллаж байна. Ирээдүйд боловсон хүчнээр дутаахгүйн төлөө хичээж байна.
–Хөөмийн урлагаа дэлхийд сурталчлаад явж байхад Монголоороо омогших сэтгэл төрнө биз?
-Би “Морин хуур” чуулгынхаа буянаар дэлхийн олон оронд очиж, хөөмийн урлагаа сурталчилсан. Гадаадын олон фестивальд оролцсон. Гадаадын уран бүтээлчид гайхдаг юм. Ямар сонин юм бэ гээд л. Заримдаа бүр хоолой барьж үзэх тохиолдол гарна шүү дээ. Намайг тайзанд гарахыг ажаад л, бодвол хоолойндоо юм хийчихдэг гэж ойлгосон юм шиг байгаа юм. Хэд хоногийн дараа фестиваль дуусахад бүгдэнтэй нь найз болчихоод буцдаг. Нэг удаа намайг бүр хажуудаа суулгаж байгаад “За одоо зүгээр ярь, энэ усыг уучих. Тэгээд тайзан дээр гараад хөөмийл” гэж байсан. Үүнээс үзэхэд энэ гайхамшигт урлагийг дэлхийн олон орон сонирхох нь тодорхой.
–Таны хувьд хөөмийн урлагтай хэзээнээс нөхөрлөв?
-Манай өвөг эцэг хөөмийлдөг хүн байсан юм. Хэдэн уул давж хөөмийлөх нь сонсогддог байсан гэдэг. Өвөг эцгийн хөөмийлөх дуунаар ээж нь цайгаа гал дээр тавих цаг болжээ гэж ойлгодог байсан гэдэг. Цай буцлахад гэртээ орж ирдэг байсан гэж ярьдаг юм. Хөөмий бас нутаг устайгаа ихээхэн холбоотой. Усны дуу, хадны цуурай, салхины исгэрээ, мал аж ахуй, газар ус, монгол хүнтэйгээ хүртэл хөөмий уялдаатай. Өвөг эцгийнхээ энэ домог, түүх мэт зүйлийг сонсоод би хөөмийлж өгөөч гэж гуйдаг болсон. Намайг 16 настай байхад өвөө минь 81 хүрээд хөөмийлж үзүүлсэн. Хөөмийн тавилт, дуугаралтыг зааж өгсөн. Энэ үеэс л хөөмийн урлагт дурлаж, хайрлах болсон. Одоогоор 25,26 жил хөөмийлсөн байна. Энэ хугацаанд бие даасан уран бүтээлээ зургаан удаа үзэгч түмэндээ хүргэсэн.
–Тэгвэл та чинь урлагийн удамтай хүн юм байна даа?
-Манай аав их сайхан дуулдаг хүн байлаа. Нутагтаа их нэртэй. “Учиртай гурван толгой” жүжгийн Юндэнд дуулдаг байсан. Би аавынхаа энэ авьяасыг өвөлж авсан. Уртын дуу дуулдаг. Хөөмий ээжийн талаас үүсэлтэй бол уртын дуу аавын талаас эхтэй. Би их сонин хувь тохиолтой. Ээжээсээ төрөхдөө аавынхаа алган дээр унасан юм билээ. Энэ хоёр авьяастай хүний чадварыг өвлөсөндөө баярлаад ханадаггүй юм.
–Та ямар төрлөөр хөөмийлдөг вэ?
-Намайг тав зургаан настай байхад манай нутагт Цэнд-аяа гэж мундаг хөөмийч байсан юм. Тэр хүн аягаар хөөмийлдөг байсан. Анх тэр хөөмийчийг хараад ингэж хөөмийлж сурах юмсан гэж хүсч байлаа. Одоо ч энэ төрлөөр хөөмийлдөг.
Эх сурвалж polit.mn Ч.ГАНТУЛГА