Тэртээх 1978 оноос эхлэн Монголын радиогийн “Малчин” нэвтрүүлгийн сүлд дуу болон айл бүрийн хойморт эгшиглэсээр байгаа “Таван эрдэнэ” хэмээх гайхалтай дууны нэрээр нийтийн дууны нэгэн төлөөлөл болсон дуучин Пүрэвжавын Жимсээ тун удахгүй уран бүтээлийн анхны тоглолтоо толилуулах гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан П.Жимсээтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө ярилцах урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Ярилцлагаа таны төрж өссөн нутаг ус, хүүхэд насны хүсэл мөрөөдөл, гэгээн дурсамжаас тань хуваалцаж эхлүүлье.
-Бидний ярилцлагыг уншин суугаа нийт уншигчиддаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Миний хүүхэд нас Увс аймагт өнгөрсөн л дөө. Ер нь аав ээж хоёр маань хоёулаа урлагийн хүмүүс байсан. Аав маань Увс аймгийн Малчин суманд төрсөн Магсарын Пүрэвжав гэж хүн бий. Ээж маань Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн Сосорын Даваажав гэж хүн байсан. Би Увс аймгийн төвд төрсөн. Монгол түмний нэгэн адилаар малчин хэмээх ховорхон хувь заяаны эзэн болж мэндлээд хүүхэд насаа малчны хот болон урлагийн тайзнаа л өнгрүүлсэн дээ. Би тавдугаар ангиасаа эхлээд Монголын хүүхдийн ордонд хөгжмийн зохиолч СТА С.Ганчимэг багшийнхаа удирдлага нь дор дуулаачийн дугуйланд явж эхэлсэн. Тэнд сурч байхдаа олон арван тэмцээн уралдаанд оролцож байлаа. Хамгийн гоё нь “Харшийн сүлд модны наадам”-д жил бүр л 10 гаруй хоног хонон өнжин бэлдэж байгаад ордог байсан тэр үе их гоё байсан.
Тэгээд 81 дүгээр сургууль буюу “Ирээдүй цогцолбор”-т 10-н жилээ сурч төгсөөд СУИС-д элсэн орж СУИС-ийн дэд профессор, МУГЖ О.Ичинхорлоо багшийн удирдлага нь дор дуурийн дуулаачийн ангид сурч 2007 онд төгссөн.
-Таны уран бүтээлийн гараа хэрхэн эхэлсэн бэ. Анхны уран бүтээл ямар бүтээл байв.
-Хамгийн анхны уран бүтээл гэвэл СУИС-д нэг ангид хамт сурч байсан хоёр найзтайгаа хамтраад “Vertose” гээд хамтлаг байгуулаад “Миний ээж тэмээчин”, “Вансэмбэрүү” гээд сайхан дуунуудыг гурван хоолой салган дуулж байлаа. Тэгээд 2007 оноос эхлэн бие даан уран бүтээл туурвиад Найданжавын шүлэг Баянмөнхийн аялгуу “Хайрын бороо” хэмээх дуугаа дуучин Эрдэнэбаатартай хамтран дуулсанаар эхэлж байлаа. Түүний араас хөгжмийн зохиолч МУСГЗ Л.Балхжавын аяалгуу, сэтгүүлч, яруунайрагч МУСГЗ Ш.Гүрбазарын шүлэг “Өмөөрөх эх орон” гээд гайхалтай дууг дуулсан маань сонсогч түмэнд маань ихэд таалагдсан бүтээл болсон. Түүнчлэн монголын дууны урлагийн нэрт төлөөлөгч нар болсон олон гайхалтай хөгжмийн зохиолчид яруу найрагчид нартай хамтран нилээдгүй олон дуунуудыг туурвисан.
-СУИС-ын нэг ангийн хамт олноос нь өнөөдөр уран бүтээлээ амжилттай туурвиад явж байгаа найзууд нь байгаа биз.
–Тэгэлгүй яахав манай ангийхан бараг ихэнх нь мэргэжлээрээ ажлаад амжилттай уран бүтээлээ туурвиад явж байгаа. Нэрлэхийн бол маш олон уран бүтээлчид байна. Ньюанс хамтлагийн дуучин СТА М.Боргилчулуун, Шуранхай хамтлагийн дуучин СТА Д.Үүрийнтуяа, СТА Г.Эрдэнчимэг, СТА М.Отгонгэрэл, МУСТА Б Мөнхбаяр нар байна. Түүнчлэн манай ангийн Нямдорж гээд гайхалтай дуучин залуу Италийн театрт дуулж байна. Ер нь тэгээд сайн сайн уран бүтээлч залуустай нэг ангид сурч төгссөндөө их бахархалтай явдаг даа.
-Уран бүтээлч бүхэнд уран бүтээлийн дотны анд нөхөр, хамтрагч гэж байдаг. Таны хувьд олон сайхан уран бүтээлчтэй хамтардаг хэдий ч онцолж нэрлээч гэвэл хэнийг хэлэх вэ.
-Би өөрийгөө үнэхээр азтай уран бүтээлч гэж боддог. Учир нь монголын сор болсон олон сайхан яруу найрагч, хөгжмийн зохиолчидтой хамтран нилээдгүй уран бүтээл туурвиж чадсан байна. Тэр нь дундаас нутгийн ах болох хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн ахыгаа ихэд хүндэлж явдаг. Бид хамтраад 10 гаруй дуун дээр ажилласан байдаг. Тэр ч утгаараа “Таван эрдэнэ” хэмээх миний анхны цомогт Б.Пүрэвсүрэн ахын маань 5 дуу орсон байдаг юм. Түүнчлэн ахын маань өөрийх нь зохиосон “Хослон жаргая” хэмээх гайхалтай дууг нь хамтран дуулсан байдаг юм.
-Сүүлийн үед дууны урлагийн нэрт төлөөлөгч нарын дийлэнхи нь Увс нутгаас гаралтай байх юм. Энэ талаар та юу гэж боддог вэ. Нутгаараа бахархах сэтгэл төрнө биз.
-Тийм л дээ. Яахын аргагүй миний нутгаас урлаг спортын олон сайхан алдартнууд төрөн гарсан байдаг нь үнэхээр бахархууштай юм. Би бодохдоо миний нутгийн уул усны сайхан энерги, буян заяа энэ олон сайхан хүмүүсийг ивээж төрүүлэн гаргадаг юм боловуу хэмээн бодож нутгийн уул усаа ихэд шүтэж явдаг даа. Ер нь дан ганц миний нутагч гэлтгүй монгол орны маань аль ч аймаг сум тэр аяараа л гайхам сайхан шүү дээ. Би монгол хүн болж төрсөн дөө үнэхээр бахархаж явдаг.
-Таны уран бүтээлийн сан ер нь хэдий хэр болсон байна. Анхны цомгийн талаараа.
-Би 2004 оноос эхлэн уран бүтээлээ туурвиж эхэлсэн гэхээр бараг 10-н жил болох гэж байгаа юм байна. Энэ хугацаанд нийт 40-өөд уран бүтээлийг дуулж амьдруулсан байна. Тэдгээр дуунуудаасаа хамгийн ихээр ард түмэнд хүрсэн 15 дууг багтаагаад намайг олонд таниулж өгсөн “Таван эрдэнэ” хэмээх дуугаараа нэрлэсэн анхны цомгоо өнгөрсөн онд гаргасан байгаа. Үнэхээр ард түмний маань сонсох дуртай олон сайхан уран бүтээлүүд уг цомогт минь орсон болохоор их эрэлттэй байгаа. Тиймдээ ч тус цомгоо дахин хэвлэлтэд явуулсан /Инээв/ Түүнчлэн тус цомгоороо нэрлэсэн тоглолтоо ирэх сард хийхээр бэлтгэл ажил гээд явж байна даа.
-Тоглолтоо яагаад энэ жил хийх болов. Мөн “Таван эрдэнэ” хэмээн нэрлэх болсон талаараа сонирхуулаач.
-Үнэхээр “Таван эрдэнэ” хэмээх энэ гайхалтай дуу миний амьдрал, уран бүтээлтэй салшгүй холбоотой. Намайг олонд таниулж өгсөний зэрэгцээ олон гайхалтай уран бүтээлүүдийг маань араасаа дагуулсан их булган сүүлтэй ийм дуу байгаа юм. Энэ дууг дуулсаны дараахан МҮОНТ-ийн бүтээл болох “Амьдрал чиний төлөө” хэмээх 70 ангит киноны дуу “Амьдрал жаргалын дуулал” гээд гайхалтай дууг дуулж амьдруулаад олонд хүргэсэн гэх мэтчилэн олон гайхалтай уран бүтээлүүдийн эхлэл болсон байгаа. Түүнчлэн монголын ард түмний маань шүтээн дуу бөгөөд миний ээжийн дуулах дуртай шүтээн дуун байсан юм. Ээж маань хоёр жилийн өмнө бурхан болсон л доо. Тэгээд амьд сэрүүн байхдаа надад, миний охин анхны цомгоо болоод тоглолтоо “Таван эрдэнэ” хэмээн нэрлээрэй, учир нь энэ дуу миний охины хоолойд үнэхээр сайхан зохисон тэр ч утгаараа миний охин малчин түмний шүтээн болж чадсан болохоор энэ дуундаа их хүндэтгэлтэй хандаарай, гэж хэлсэн юм. Тиймээс би анхны цомог, тоглолтоо энэ сайхан дуугаараа нэрлэсэн. Би малчин хэмээх ховорхон хувь заяаны эзэн болж төрж өссөн болохоор шинэ төлийн дуу, нар сарны мандах шингэх гэх мэт малчин түмний гайхам сайхныг мэдэрч өссөний хувьд “Таван эрдэнэ” хэмээх дууг чинь сэтгэлээсээ амилуулж дуулсан гэж боддог. Тиймдээ ч энэ дуу маань хүмүүс их хүрсэн байх гэж боддог.
–“Таван эрдэнэ” тоглолтод таны ямар уран бүтээлүүд эгшиглэх вэ. Ер нь ямар уран бүтээлчид энэхүү тоглолтод оролцох бол.
МУСГЗ Л.Балхжав, МУУГЗ Ш.Гүрбазар, МУУГЗ Г.Мэнд-Оёоо, МУУГЗ Ч.Сангидорж, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Т.Найданжав, МУСТА Л.Төмөрбат, МУСТА Н.Баянмөнх нарын хөгжим, яруу найргийн олон олон алдартнуудын өөрийнхөө дуулж амьдруулсан нийт бүтээлүүдээс шилдэг хэмээн үзэж буй хит болсон дуунуудаасаа түүвэрлэн дуулна.
Түүнчлэн миний тоглолтод Монгол улсын “Ятгын чуулга”, бүжгийн “Хатан туул” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохын зэрэгцээ олон сайхан уран бүтээлчид хамтран оролцоно.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Намир” продакшн ажиллаж байгаа. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Торгон хийц” ххк, Ивээн тэтгэгчээр “Оргилон дэлгэрэх ус” ххк, тоглолтын хувцасыг маань “Сондор салон”-ы чадварлаг хамт олон урлаж байгаа. Түүнчлэн маш олон хүмүүс миний тоглолтод чинь сэтгэлээсээ дэмжлэг үзүүлэн оролцож байгаа. Энэ дашрамд эдгээр хүмүүстээ чинь сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Тоглолт маань ирэх 05 дугаар сарын 01 нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:20 минутаас ганцхан удаа болно. Энэ дашрамд сонирхуулахад тоглолтоо 19:20 минутаас хийнэ хэмээн зарласан нь учиртай. Эрхэм үзэгчид маань миний тоглолтод ирээд учрыг нь ойлгон бизээ.
-Бидний ярилцах урилгыг хүлээн авсан танд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе. Баярлалаа.
– Баярлалаа. Уран бүтээлч бидний мэдээ мэдээллийг уншигч түмэнд хүргэж байдаг эрхэм сэтгүүлч та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Ингээд монголын ард түмэндээ ирж буй урин цагийн адил сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Таныг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn