УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамирын уран бүтээл, амьдралынх нь тухай сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Ярилцлагаа таны бага насны гэгээн дурсамжаас эхэлье гэж бодлоо. Багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Бусад хүүхдүүдийн адил өссөн. Эрэгтэй хүүхэд яаж өсдөг билээ. Хааяа дэггүйтэнэ. Үеийнхэнтэйгээ хөлбөмбөг их тоглоно. Аав ээжийнхээ чихийг халууцуулах тохиолдол гардаг байсан. Гэхдээ тийм ч сахилгагүй хүүхэд байгаагүй шүү. Аав ээжийнхээ үгэнд сайн ордог байсан.
-Харин ч эсрэгээрээ шүү. Багадаа урлагийн хүн болно гэж төсөөлдөггүй байлаа. Ахыгаа дуурайгаад комьпютерийн чиглэлийн хүн болно гэж боддог байсан юм. Харин наймдугаар ангид ороод жүжигчин Стивен Сигалийн киног үзсэн. Тэр үеэс зодооны урлаг суралцъя гэж шийдсэн. Бас түүн шиг жүжигчин болдог ч юм билүү гэж бодож эхэлсэн.
-Түүн шиг жүжигчин болж чадах болов уу?
-Тэр мундаг жүжигчний дайнд хүрэх хаа ч байсан юм. Жүжигчин хүн суралцсаар байгаад л дуусдаг шүү дээ. Би ч гэсэн дөнгөж суралцаад л явж байна.
-Жүжигчин болно гэхэд аав ээж тань яаж хүлээж авсан бэ?
-Шууд л эсэргүүцсэн. Дэмий миний хүү өөр мэргэжил сонго, жүжигчний амьдрал хэцүү шүү дээ. Чи чадахгүй гээд л. Гэхдээ нэгэнт л хүссэн болохоор надад ухрах зам байгаагүй.
-Тэгвэл та их зөрүүд байх нь ээ?
-Буруу зүйл хийсэн бол яалаа гэж зөрөх вэ. Алдсан гэж боддоггүй, өөрийнхөө хэмжээнд уран бүтээл хийгээд л явж байна.
-Нэртэй уран бүтээлчдийн хүү болохоор хүмүүс арай өөр хандана биз?
-Жирийн нэг залуу жүжигчин болоод уран бүтээл хийхэд өөр. Харин уран бүтээлч хүний хүүхэд жүжигчин болох хэцүү шүү дээ. Хүмүүс арай өөр хандана гэдгийг надаас хариуцлага шаарддаг уу гэж асууж байна гэж ойлголоо. Би жүжигчин болсноор маш том хариуцлагын өмнө ирсэн. Ямарваа уран бүтээл хийхэд хүмүүс С.Сарантуяа, Б.Бат-Өлзий хоёрын хүү юу хийж байна гэсэн нүдээр хардаг. Бас итгэдэг. Тэр итгэлийг алдахгүй, эцэг эхийнхээ нэрийг сэвтээхгүй явах нь миний үүрэг. Түүнээс биш миний аав ээж хоёр ийм хүмүүс шүү гэж нэрийг нь барьж онгирч яваагүй. Тайз өөрөө хатуу урлаг. Чадах, чадахгүй нь үзэгчдийн нүдэн дээр ил байдаг шүү дээ.
-“Boom town” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн. Хамтлаг тарчихсан юм уу?
-Бид оюутны ангийн найзууд. Бидний зорилго оюутан байхдаа хамтлаг байгуулах л байсан. Зорилгодоо хүрч, тодорхой хэмжээгээр уран бүтээл хийсэн. Залуус биднийг үнэлсэн, урам өгсөн. Тэр үе үнэхээр сайхан санагддаг. Гэхдээ сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ ажлыг хийхээр шийдэцгээсэн. Бүгд мэргэжилдээ хайртай, мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байсан юм.
-Драмын театрт орсон нь таны хувьд аз уу, авьяас байв уу?
-Би тийм ч амархан энэ босгоор алхаагүй. Шалгалтыг нь өгч, унаж бүдэрч, мэдэрч, хөдөлмөрлөж байж орсон. Драмын ур чадварын шалгалтандаа эхлээд унаж байсан. Тэр үед би өвдсөн байсан юм. Гэхдээ заавал орно, дараагийн шалгалтад нь сайн бэлдэж байгаад тэнцэнэ гэсэн зорилгыг өөртөө тавьсан. Үнэнийг хэлэхэд миний дотор би энэ театрт орж чадах юм байна гэсэн бодол төрж эхэлсэн. Эцэст нь зорилгодоо хүрч чадсан.
-Ээжтэйгээ хамт тайзан дээр гарахад ямар байсан бэ?
-Хамгийн сайхан мөч тэр юм билээ. “Оролмаа эх” жүжигт ээжтэйгээ хамт тоглосон. Жүжигт ээж, хүү хоёрын зөрчлийг харуулдаг. Нэг бодлын аз завшаан, бахархал гэж боддог. Манайд ээжтэйгээ хамт тайзан дээр тоглосон жүжигчин байхгүй байх.
-Анхны дүрийг аав ээж тань хэрхэн дүгнэсэн бэ?
-Тэгтлээ зөвлөгөө өгөөгүй ээ. Тэр нь жаахан тийм байна лээ анхаараарай гэж байсан. Намайг СУИС-д шалгалт өгөхөд ч тоогоогүй хүмүүс шүү дээ. Би ганцаараа шалгалтаа өгч, ганцаараа л бэлтгэлээ хийсэн. Ээж нэг удаа л шүлгээ унш гээд уншуулж үзэж байсан.
-Охиндоо хэр зав гаргаж байна?
-Цаг минут бүрт хамт байхыг хүсдэг. Гэхдээ тэр болгон зав олдохгүй юм. Харин нэг зав гаргавал гаргасан шиг гаргана шүү. Тоглоомоор нь хамт тоглоно, хамтдаа салхилна, эрхэлнэ гээд л.
-Авьяаслаг аав, ээжийн охин ирээдүйд жүжигчин болно гэвэл яах бол?
-Бас л хэцүү. Болгохгүй гэж үзнэ шүү дээ. Гэхдээ эцэст нь охиныхоо хүсэл мөрөөдлийг хүндэтгэх байх.
-Яагаад жүжигчин болгохгүй гэж. Харин ч сайхан юм биш үү?
-Манайд жүжигчнээр ажиллаж, амьдрахад хэцүү. Үнэлэмж багатай. Уран бүтээлчид маань урлагт дэндүү хайртай болохоор л театраасаа явж чаддаггүй. Эхнээсээ л энэ урлагт зүрх сэтгэлээ зориулсан болохоор өөр амьдралаар амьдарч чадахгүй байх л даа.
-Залуу хүний хувьд цалингаараа хангалттай амьдарна гэдэг хэцүү байх?
-Зарим хүмүүс цалин багатай гэж хэлэхээсээ ичдэг. Миний хувьд хэзээ ч ичиж байгаагүй. Цалин багатай нь үнэн юм чинь нуугаад яах юм бэ. Хүн бүхэн сайхан амьдрахыг хүсдэг шүү дээ. Түүний төлөө л хөдөлмөрлөдөг. Манайд цалингаараа хангалттай амьдрах боломж байхгүй.
-Та хэр үрэлгэн бэ. Мөнгөний үнэ цэнийн тухайд?
-Үрэлгэн гэхэд хэцүү. Үрэхгүй байна гэхэд бас хэцүү. Нэг мэдэхэд л мөнгө дуусчихсан байдаг. Гэхдээ хэрэгтэй зүйлээ авсан бол юунд нь харамсах вэ дээ.
-Манайхан брэнд гэж хошуурах болжээ?
-Брэнд хөөгөөд байвал миний театрын цалин хүрэхгүй байлгүй. Биед эвтэйхэн, таалагдсан хувцсаа авдаг. Гэхдээ паарайгаад явахыг хүсдэггүй. Аль болох цэвэрхэн хувцаслах юмсан гэж боддог.
-Залуус гар утсаар гангардаг болсон үе. Та ямар утас барьдаг вэ?
-Тэнд нэг шинэ загварын утас гарлаа, тэрийг очиж авъя гэж гүйгээд байдаггүй. Хэрэгцээгээгээ дагаад солих хэрэгтэй бол сольдог. Одоогоор “S3” утас барьж байна.
-Сүүлийн үед таны тухай, гэр бүлийн чинь талаар таагүй мэдээллүүд цацагдах боллоо?
-Худал мэдээллүүд цацагдсан байна лээ. Би уншсан, гэхдээ сэтгэлээр унаагүй. Юу ч мэдэхгүй хүмүүс юу гэх нь хамаагүй шүү дээ. Хүний амьдрал нэг хэвийн сайхан байдаггүй. Гэхдээ тэр бүхнийг давслаад, нэмээд байгаа хүмүүст юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Намайг жүжигчин А.Ганчимэгтэй холбоод биччихсэн байна лээ. Манай театрынхан ч, бид хоёр ч өөрсдөө гайхсан. Бодвол А.Ганчимэг найз залуутай л байлгүй. Тэр хүн юу гэж бодох вэ. Ийм бодит биш мэдээлэл цацахаа татмаар байгаа юм. Худал мэдээ, тэнэг сэтгэгдэл бичиж байгаа тэдгээр нөхөд нийгмээс хол, юу ч мэдэхгүй тэгсэн атлаа нэг их худлаа мэддэг царайлсан нөхдүүд л байдаг байхдаа хөөрхий.