Орчин цагийн залуусын хайр дурлал, мөнгө, нөхөрлөлийн тухай сонирхолтойгоор өгүүлсэн нэгэн кино өнгөрсөн бямба гарагт “Өргөө” кино театрт нээлтээ хийсэн юм. “LVA entertainment”-ийн бүтээл “Дурлалын гэмт хэрэг” нэртэй уран сайхны киноны нээлтийн үеэр киноны гол дүрийг бүтээсэн “LVA entertainment”-ийн үүсгэн байгуулагч, “Guys 666” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагватай цөөн хором ярилцлаа.
-“Дурлалын гэмт хэрэг” хэмээх өвөрмөц нэртэй нэгэн бүтээл нээлтээ хийлээ. Уг кинонд үзэгчид ямар дүн тавих бол?
-Өнөөдөр /өнгөрсөн бямба гараг/ маш их хөдөлмөрлөснийхөө үр шимийг үзэх гэж байна. Киногоо бүтээхийн тулд өөрт байгаа бүх чадвараа гаргасан. Тиймээс сайн бүтээл болсон гэдэгт итгэлтэй байгаа. Ер нь хүмүүс хийсэн зүйлээ мэдэрдэг дээ. За энэ гайгүй бүтээл болчихлоо эсвэл нэг тиймэрхүү болчихлоо доо гээд л. Харин би дотроо киногоо гайгүй бүтээл болчихлоо гэж бодож байгаа. Үзэгчид өөрсдөө үзээд хувь, хувьдаа дүн тавих байх. Үзэгчид ямар дүн тавих бол гэдгийг тэсэн ядан хүлээж байна.
-Ямар дүр бүтээсэн бэ. Дүрийнхээ талаар сонирхуулаач?
-Кино маань “Дурлалын гэмт хэрэг” гээд нэрнээсээ тодорхой байгаа байх. Гэмт хэрэг тэгээд дурлалын гэсэн тодотголтой байхаар ямар сонин, өвөрмөц кино болсон нь ойлгомжтой. Тиймээс дурлалын гэмт хэрэгтэнг хэн болохыг өөрсдөө ирж үзээрэй гэж хэлмээр байна. Миний дүрийн хувьд хайр сэтгэлийнхээ төлөө эр хүн юу хийж, яаж тэмцдэгийг харуулж байгаа дүр юм.
-Гол дүрийн бүсгүйн сонголтыг хэрхэн хийсэн бэ. Ямар шалгуураар сонгов?
-Ер нь кинон дээр эмэгтэй жүжигчин маш чухал байдаг. “Дурлалын гэмт хэрэг” киноны гол дүр болох эмэгтэй жүжигчид олон байсан. Гэхдээ би өмнө нь кинонд тоглож байгаагүй шинэ дүр төрхийг гаргахыг хүссэн. Тиймээс ч гол дүрийн бүсгүйгээ сонгосон. Өнгөрсөн зун нэвтрүүлэг үзээд сууж байсан чинь Герман улсад жүжигчний сургууль төгссөн, Герман улсын иргэн, тэндээ киноны агентлагт ажилладаг нэгэн жүжигчин бүсгүй ярилцлага өгч байна. Тэр бүсгүйн ярьж байгаа нь, гадна төрх байдал гээд бүх зүйл нь надад таалагдсан. Миний хайж байгаа дүр мөн байсан учир Г.Ариунболорыг сонгож тоглуулсан юм. Гол дүрийн бүсгүй маань шинэ дүр, төрх учир шал өөр мэдрэмжийг хүмүүст төрүүлэх байх гэдэгт итгэлтэй байгаа.
-Киног бүтээхэд ямар хүмүүсээр багаа бүрдүүлж ажилласан бэ?
-Киноны ерөнхий найруулагчаар “Absolute Pictures”-ын найруулагч П.Дэлгэрбаяр, ерөнхий зураачаар Ц.Хүрэлбаатар, ерөнхий оператораар Э.Нэргүй нар ажилласан. Харин киноны гол дүрд Берлины кино драмын сургуулийн кино жүжигчний ангийг энэ жил төгссөн залуу жүжигчин Г.Ариунболор, “Адам” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин А.Баттүшиг, “Үл таних эмэгтэй”, “Эзэнгүй бөгж”, “Өдөр өдрийн нар”, “Ану хатан” зэрэг дэлгэцийн олон дүрээрээ олны танил болсон жүжигчин О.Долгор, жүжигчин Н.Ялалт, М.Төгөлдөр нар тоглосон. Харин киноны “Чи минийх” дууг “Никитон” хамтлагийн Баачка дуулж, дүрсжүүлсэн.
-“LVA entertainment”-ийн дараагийн уран бүтээлийг төлөвлөсөн үү?
-“LVA entertainment” ер нь кинон дээр түлхүү ажиллаж байна. Гэхдээ клип, рекламыг орхилгүй хийж байгаа. Ер нь цаашдаа “LVA entertainment”-ийн зорилго болгон ажиллах зүйл нь кино байх болно. “Дурлалын гэмт хэрэг” бол миний продюссерлэсэн бүрэн хэмжээний хоёр дахь бүтээл маань болж байна. “LVA entertainment”-д киноны олон санал ирж байгаа. Тиймээс ирж байгаа саналуудаас шигшиж байгаад дараагийн киногоо хийнэ гэж бодож байна.
Ж.Отгон