Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн захирал, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэнтэй сүүлийн үед хийж буй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Таныг “Макс мюзик рекордс” студитэй гэж мэднэ. Үүнийхээ дэргэдэх шинэ дуучин, хамтлаг шалгаруулж авахаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Миний хувьд уран бүтээлийн ажилдаа одооноос эрчимтэй орохоор шийдээд байна. Юуны өмнө студийнхээ дэргэд анх “Макс феймэли” гэж байсан шиг хамт олон бүрдүүлэхээр шинэ хамтлаг, дуучдыг шалгаруулж авахаар төлөвлөөд байна. Авьяастай залуустай хамтран ажиллаж рок попын шинэ дүр төрх гаргаж ирэхийг зорьж байна.
-Хэзээнээс шалгаруулалтаа эхлэх гэж байна?
-Энэ хавартаа багтаагаад шалгаруулалт зарлана. “Funk beat” хамтлагийн реппэр Од маань АНУ-д саунд инженерийн чиглэлээр сурч байгаад, удахгүй ирнэ. Тэгээд Одыг ирэхээр R&B, хип хоп хамтлаг бас шалгаруулж авах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ түүнийг ирэхээс өмнө амьд хөгжмийн хамтлаг, дуучдыг шалгаруулж авна.
-Шалгаруулалтад оролцох залуусаас юуг нь илүү харах бол?
-Мэдээж хөгжмийн хэмнэл, ритмтэй, сонсгол сайтай авьяаслаг залуусыг шалгаруулж авна. Оролцох залуус маань ирэхдээ хоёроос гурван монгол, гадаад дуу бэлдэж ирсэн байх ёстой. Бас хамгийн гол нь 16-24 насны залуусыг шалгаруулалтад оролцох юм. Ерөнхийдөө авьяасын туйл болсон залуусыг шалгаруулж авна гэж бодож байна.
-Анхны “Макс феймэли”-д “Сүнс” хамтлагийн Лхагваа, Мөөгий, “Boom town”, “Funk beat” хамтлаг, дуучин Эрка, Астро зэрэг тухайн үеийн уран бүтээлчид нэгдэж байсан?
-Тийм ээ, би дуу бичлэгийн студи ажиллуулаад 10 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд 2000 гаруй дуу, 100 гаруй цомгийн дуу бичсэн. Гэхдээ ихэвчлэн залуу, эрч хүчтэй уран бүтээлчдийг дэмжиж хамтран ажилласан. Үүний үр дүнд олон хамтлаг, дуучдад нийгэмд эзлэх байр сууриа олоход нь тусалсан гэж боддог. Тухайлбал “Boom town” хамтлагийн залуус одоо бүгд мэргэжлийнхээ дагуу жүжигчнээр ажиллаж байна. Тэдний хичээл зүтгэл, хүсэл зорилго, бидний хамтарсан хөдөлмөрийн дүнд тус хамтлагийн дуучид одоо сайн уран бүтээлчдийн тоонд багтаж байгаа гэж боддог.
-“Сүнс” хамтлагийнхаа хуучны дуунуудыг ганцаараа дуулахаар болсон гэсэн үү?
-Тийм ээ, одоо уран бүтээлээ хийж эхлэх цаг болсон гэж бодож байгаа. Энэ бүхнийг олон жил бодож, өөртэйгөө ярилцсан. Намайг зарим хүн шинэ дуу зохиож дуулалгүй хуучны уран бүтээлүүдээ сэргээж дуулахаар болсныг сонсоод дургүйцэх байх. “Аан дандаа л хуучны уран бүтээлүүдээрээ түрий барилаа” ч гэж бодох хүн байгаа л байх. Миний хувьд хүн анх хаанаас эхэлж байснаа санах хэрэгтэй гэж боддог. “Сүнс” хамтлагийн хуучны дуунууд үнэхээр аялгуулаг, гоё үгтэй. Энэ ч утгаараа дуунуудаа эхнээс нь сэргээж, шинээр дуулахаар болсон.
-Яагаад энэ жилээс эрчтэй ажиллах болов?
-Хуучны дуунуудаа сэргээж дуулах юмсан гэж олон жилийн өмнөөс бодож байсан. Гэхдээ загасчны морь усгүй гэдэг шиг хөгширсөн хойноо харамсч суухыг хүсээгүй. Өмнө нь бодож явсан олон зүйлээ одооноос ажил хэрэг болгоно. “Сүнс” хамтлагийн дуунуудыг олон хамтлаг, дуучид өмнө нь зөвшөөрөл аваад өөрсдийнхөөрөө дуулж байсан. Сүүлийн үед би дуугаа өөрөө дуулаад, уран бүтээлээсээ таашаал авахыг их хүсдэг болсон. Надад ийм зүйл их дутагдаж байгааг мэдэрсэн. Тиймээс л удахгүй уран бүтээлээ фэнүүддээ хүргэхээр төлөвлөөд байна.
-Уран бүтээлээс ангид байсан үедээ юуг амжуулав даа?
-“Макс мюзик” студийн ажил, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн ажил гээд ер нь л их завгүй байсан. Бас тоглолтод оролцох гээд ер нь урлагийн хүмүүсийн ажил барагддаггүй. Гэхдээ бусад уран бүтээлч бүгд л адилхан завгүй ч дуугаа хийгээд л явж байна шүү дээ. Миний ажигласнаар хүний хувийн зохион байгуулалт их чухал юм шиг байгаан. Хийх ёстой ажлаа зохицуулаад, дэс дараалалтай амжуулаад явбал бүгд л чадна. Хүн ер нь хийхийг хүссэн ажилдаа яаж ч байсан цаг заваа гаргадаг. Миний хувьд өмнө нь олон удаа хойшоо суусан. Харин одоо бол уран бүтээлээ хийе гэж шийдсэн учраас бүх зүйл надаас хамаарна. Өмнө нь хамтлагийн уран бүтээлээ хийгээд явж байхдаа дуу бичүүлэх гэхээр энэ ч ирсэнгүй, тэр ч амжихгүй байна гэдэг байсан. Одоо бол тэгж шалтгаан тоочих эрхгүй болсон. Хийж чадахгүй бол миний л хохь болно. Өмнө нь бусдын уран бүтээлийг нэгт тавиад, өөрийгөө сүүлд тавьж байсан байна.
-Хамгийн түрүүн ямар дуунуудыг шинэчилж бичүүлэхээр төлөвлөсөн бэ?
-“Охин чамтай”, “Бахдан дуулъя”, “Нэгэнт учрахаа больсон чиний дүр” зэрэг дууг юуны өмнө фэнүүддээ хүргэнэ. Энэ дуунуудаа амьд хөгжимтэй дуулах гэж байгаа учраас бэлтгэлдээ орсон. Бэлтгэлээ хийгээд дуусахаар удахгүй бичлэгт орно. Тэгээд л фэнүүддээ хүргэнэ. Гэхдээ миний хувьд ч, “Сүнс” хамтлагийн хувьд ч тэр тооны араас хөөцөлддөггүй. Гол нь уран бүтээлийн чанар шүү дээ. Энэ жилдээ багтаагаад цомог, тоглолт заавал хийх нь чухал биш. Яарч гаргасан чанаргүй уран бүтээлийг хүмүүс өнөөдөр сонсоод, маргааш мартаж байна шүү дээ. Тиймээс чанартай уран бүтээл фэнүүддээ хүргэхийг хүсч байна. Би олон жил студид олон хамтлаг, дуучны дууг бичсэн, тиймдээ ч одоо хүмүүст гоё дуугаралттай дуу хүргэх нь миний гол зорилго болоод байна.
-“Сүнс” хамтлагийн фэнүүд таны сонголтод нөлөөлсөн үү?
-Тийм шүү. Фэнүүд маань надтай олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк, твиттер, мессенжерээр үргэлж холбоотой байдаг. Тэдний тавьсан санал, хүсэлт уран бүтээл хийхэд их нөлөөлсөн. Би хоёр жилийн өмнө уран бүтээл хийх олон санаа олсон хэрнээ яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байсан. Тэгэхэд фэнүүд маань хамтлагийнхаа хуучны дуунуудыг сэргээгээд дуулахгүй юм уу гэж олон удаа хүсэлт тавьдаг байсан. Бас хуучны дуунуудаа сэргээх дараагийн хүчин зүйл нь тэр үед гаргаж байсан дууны хальс юм. Анх гарч байсан “Анхны учрал” зэрэг дууг хүмүүс одоо ч нэхдэг. Тэр үед дамран хальстай кассет дээр бичүүлсэн дуунууд одоо олддогүй. Тиймээс тэр дуунуудыг сонсох хүсэлтэй олон залуус сэргээж дуулахыг санал болгосон.
-Энэ дуунуудаа клипжүүлэх үү. Цомог хэзээ гарах бол?
-Шинэчилсэн дуунуудаа гаргачихаад клипжүүлэх байх. Ямар ч байсан цомог гаргах байх. Гэхдээ яг хэзээ гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Би цаг хугацааны хувьд нарийн төлөвлөгөө гаргадаггүй.
-Нээрээ ямар үед дуу зохиох онгод орж ирдэг вэ?
-Би их нойр багатай. Дуу зохиох хүсэл маань ихэвчлэн шөнө дунд юм уу үүрээр орж ирдэг. Гоё дууны үг, санаа үүрээр л орж ирдэг юм.
-Хамтлагийнхантайгаа холбоотой байдаг байх, ахиж хамтарч уран бүтээл хийх болов уу?
-Үгүй, өмнө нь хүмүүсийн төлөө, хамтлагийнхаа нэрийг бодож зөндөө явсан. Одоо бие дааж уран бүтээл хийнэ. Гэхдээ бие дааж уран бүтээл хийхээр болсон нь хамтлагаасаа урвасан гэсэн үг биш. Ер нь миний мэдэхээр манай үеийн “Камертон”, “Номин талст” зэрэг хамтлагийн бараг ихэнх нь бие дааж цомгоо гаргасан байх шүү. Саяхан Мөнхцог маань бие даасан цомог гаргахаар төлөвлөж байгаагаа хэлсэн. Ер нь бид бие дааж ажиллах цаг нь болсон.
-Хамтлагийн Замилантай хамтарч ном бичиж байгаа гэсэн үү?
-Тийм ээ, Эрдэнэт хотоос төрсөн үе үеийн уран бүтээлчдийг багтаасан дурсамж ном бичиж байгаа. Гэхдээ миний бичнэ ч гэж юу байх вэ дээ. Хошуу л нэмэрлэх юм даа. Замилан маань бичиж байгаа. Дээр үед дуу зохиодог байсан Батсүх ахаас эхлээд “Сүнс” хамтлаг, хамгийн сүүлчийн нэртэй хамтлаг болсон “Outlaw” зэрэг уран бүтээлчдийн тухай Замилан маань энэ оны эхээр санаачилж бичиж эхэлсэн. Гэхдээ хэт албаны биш хүмүүс уншаад ойлгоод, дараа дараагийн хамтлаг, дуучид санаа авахаар олон зүйлийг тусгаж бичиж байгаа.
-Одоо ярианы сэдвээ жаахан өөрчилье, анх аав болж байсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Том хүү маань 2001 онд төрсөн. Хүүг төрлөө гэхэд өөртөө итгэхгүй маш их баяртай байсан. Тэр үед студи дээрээ дөрвөн шил шар айраг ууж баяраа тэмдэглэж байлаа. Өмнө нь найзууд маань аав, ээж боллоо гээд л баярладаг байсан. Би тэр үед дагаад баярладаг байсан ч тэр аз жаргалыг өөрийн биеэр амсах их өөр юм билээ. Хүн ер нь зовлон, жаргал аль нь ч бай өөрийн биеэр амсч байж л ойлгодог юм билээ.
-Таныг хүүхдүүддээ анхаарал халамж сайн тавьдаг гэдэг. Эхнэргүй олон жил ганцаараа амьдарна гэдэг мэдээж хэцүү байх?
-Одоо хүүхдүүд маань ээжтэйгээ хамт амьдардаг. Би уулзах үедээ тэдэнтэйгээ уулзаж, гадуур явж, зугаалдаг. Ер нь сайн аав байхыг хичээдэг. Хүүхдүүддээ маш их хайртай. Би тэдний төлөө юугаа өгч чадна. Яах вэ, амьдрал гэдэг таашгүй юм билээ. Юу ч тохиолдож болно. Тэр бүгдийг таахын аргагүй. Миний амьдралдаа баримталдаг зарчим байдаг юм. Тэр нь хүн эхлээд өөрийгөө олж, нээж, таньж байж дараа нь өөр хүнийг хайрлаж, ойлгож таньдаг. Өөрийгөө олоогүй, таниагүй хүн өөр хүнийг ч таньж, мэдэж чаддаггүй.
-Хамгийн сүүлд хэзээ хүүхдүүдтэйгээ зугаалав?
-Өчигдөр (уржигдар) гадуур хамт гарсан. Эмээ нь Лондонгоос ирээд бид хэд дэлгүүр хэсч, хоол идээд, кино үзсэн. -Хэзээ эхнэртэй болох вэ?
-Болох юм болох цагтаа болох л байлгүй. Болоогүй байгаа зүйлийн төлөө нэг их яараад байдаггүй.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин