Хүн бүр хууль дүрэм гэж мэднэ. Өөрийгөө хүндэлдэг хэнбугай ч гэсэн хууль дүрмийг сахихыг боддог. Зарим нь чанд мөрдөнө, зарим нь үе үе зөрчинө. Гэсэн хэдий ч хууль дүрмийн ачаар бид энэ хорвоод нэг мөр төөрч будилалгүйгээр амьдарч байгаа билээ. Тэгвэл хүний хувийн амьдрал ч гэсэн тодорхой хууль дүрэмд захирагддаг. Хайр бол хувирамтгай сэтгэл шүү дээ. Тиймээс хууль дүрмээ баримтлахгүй бол өөрийнхөө сэтгэл дотроо төөрч, бий болгосон аз жаргалтай харилцаагаа нэг мөр баллахад амархан. Тиймээс, аз жаргалтай, урт удаан хамтын амьдралыг босгох хүсэлтэй байгаа хүмүүс дараах хайрын хуулийг сахивал мөнхийн хайр гэж юу болох, жинхэнэ бат бөх гэр бүл гэж ямар байдгийг ойлгох болно.
1. Хайртай хүнээ сайн судлаарай.
Усанд шумбаж байгаа мэт хайр сэтгэл рүү шумбан орох нь үнэхээр сайхан. Ихэнх хүмүүс тийм гүн мэдрэмжийг авч үзээгүй л бол хайртай байж үзээгүй хэмээн боддог байна. Гэхдээ энэ бол ташаа бодол юм шүү. Учир нь хүн бүрийн хайр өөр өөр байдаг. Гал шиг дүрэлзсэн, эргэн тойронд байгаа бүхнийг шатаагаад зөвхөн үнс нуранги үлдээдэг хайр байхад зөөлөн жигд, удан асдаг гал ч бий. Заримдаа хөнгөхөн улээхэд унтарсан мэт санагдавч, эргээд бадамлан асдаг.Тиймээс, урт удаан хугацааны туршид хайрлахыг хүсч байвал хайртай хүнээ сайн судалж, түүний сонирхол, эрхэм зүйл, зарчим, зорилго, зорилт гээд аль болохоор ихийг мэдэж авахыг хичээгээрэй. Тэгвэл хожим нь хайртай хүнийхээ гаргах зан авир, шийдвэр зэрэгт гайхаад байхгүй, түүнд урам хугарахгүй, өөрийгөө ч хий дэмий зовоохгүй.
2. Нэгдмэл зорилготой болоорой.
Ихэнх тохиолдолд хосууд амьдралын өөр өөр зорилготой байдгаас харилцаагаа таслахад хүрдэг. Нэг нь албан тушаал амжилт гаргах хүсэлтэй байхад, нөгөөх нь олон хүүхэдтэй, аз жаргалтай гэр бүлийг босгохыг хүснэ. Нэг нь овоохой дотор амьдарч байсан ч диваажинд байгаа мэт байж чадах ч, нөгөөх нь том, саруулхан, сайхан байшинтай болохыг мөрөөднө. Хосууд тохиролцоонд хүрч чадаагүйгээс салж сарнидаг. Тиймээс, нэгдсэн нэг зорилготой байж, түүндээ хүрэхийн төлөө хамтдаа тууштай зүтгэх нь чухал.
3. Хайртай хүнээ хүндлээрэй.
Хайртынхаа хүслийг хүндэлж, түүнийг сонсож байгаарай. Өөрийнхөө хүсэл сонирхолыг дээгүүрт бүү тавь. Мэдээж, үзэл бодлын зөрчилдөөн гаралгүй яахав. Гэхдээ тэглээ гээд хэн нэгнийх нь үзэл бодол оршин тогтнох эрхгүй гэсэн үг бишээ. Тиймээс, тохиролцож сураарай. Бие биенээ доромжилж, дээрэлхэх хэрэггүй.
4. Сексийг аль болохоор их хийж байгаарай.
Хэдийгээр хосуудын харилцаанд секс тэргүүн байрыг эзлэх албагүй ч, сексгүйгээр сэтгэл хөрдөг. Тиймээс, сексийг аль болохоор их хийж байгаарай. Ингэснээр, та хоёрыг холбох сэтгэлийн нарийн утас хэзээ ч тасрахгүй, бие биедээ илүү дотно болохоос гадна, хэл амаа хөнгөн ололцож, харилцаан буулт хийхдээ ч амар байдаг.
5. Бүдүүлэг авирлаж болохгүй.
Хосуудын харилцаанд юу эс тохиолдох билээ. Биеэ барьж чадахгүй болтол уурлах нь энүүхэнд. Гэхдээ бид араатан биш хүн учраас сэтгэл хөдлөлөө барих чадварыг эзэмшсэн байдаг. Хайртай хүндээ бүдүүлэг авирлаж хэрхэвч болохгүй. Эс тэгвээс харилцаанд сэв суулгаж, чин сэтгэлийн бус харилцааг бий болгодог байна.
6. Өөрийнхөө хувийн орон зайг хадгалаарай.
Хайртай дуртай, дотно харилцаанд орлоо гээд хувийн орон зайгаа үгүй болгох шалтгаан бишээ. Хэрвээ өөрийнхөө хүсэл мөөрөдөлдөө зай үлдээхгүй бол хайрын хамааралд орох, эсвэл хайртаасаа салж ч мэднэ. Тиймээс, өөрийн гэсэн хүсэл сонирхолоо хадгалж чадвал биеэ даасан, хараат бус хүн хэвээр үлдэж, бие биенээ татах чадвараа алдахгүй, бие биенээсээ уйдахгүй, хайр чинь ч гэсэн мөнх орших болно.
7. Өөрийгөө хөгжүүлээрэй.
Хувь хүний хөгжил нь боловсрол дээр төдийгүй, өөрийгөө өөрчлөх, дутагдлуудаа засч залруулах тал дэр ч явагдаж байх ёстой. “Би ийм л байсан, цаашдаа ч ийм байна. Намайг байгаагаар минь хайрлавал хайрла, байвал бай” гэсэн зарчмыг баримтлах хэрэггүй. Өөрийгөө хайрлуулах нөхцлийг бүрдүүлэхгүй бол хэн ч чамайг хайрлахгүй. Тиймээс, байгаагаасаа илүү сайн болох тал дээр ажлаарай. Хайртай хүнтэйгээ харьцаж сурч, бие биенийхээ амьдралыг сонирхож, бие биенээсээ суралцаж өөрсдийгөө хөгжүүлээрэй.
8. Уян хатан байгаарай
Харилцаанд таагүй, хүнд нөхцлүүд үүсэх нь олонтаа бөгөөд арга, заль гаргахгүй бол харилцаагаа дуусгавар болгох аюултай. Тиймээс, уян хатан байж, хаана хэзээ буулт хийх үү, хэдийд үзэл бодолдоо тууштай байх уу, хэзээ нь тоглоом шоглоом болгож хувиргах уу, юунд нь гомдох уу, хэдийд хайртынхаа алдааг нь хэлж залруулах уу гэдгийг мэдэж байх хэрэгтэй.
9. Амьдралдаа өөрчлөлт оруулаарай.
Хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа ч, хайр сэтгэл бөхөх гээд байдаг онцлогтой. Тиймээс, харилцааг чинь сэргээх, бие биенээ өөр өнцгөөс харах, шинэ мэдрэмж авах тийм нөхцлүүдийг бүрдүүлж байх хэрэгтэй.
10. Хайр сэтгэлээ байнга харуулж байгаарай.
Хайрыг үгээр биш үйлдэл дээрээ батлаж байвал хайр мөнх оршиж чадна. Амаараа бол юу ч гэж хэлж болно, харин хийсэн үйлдэл чинь хайр чинь бодит уу, эсвэл хуурамч уу гэдгийг мэдрүүлдэг.
Нэг жишээг хүргэе: Хоёр охин тал хээрд гүйж байгаад өмнө нь олон сайхан цэцэг байгааг олоод харжээ. Нэг охин нь "би цэцгэнд маш их дуртай" гээд гүйж очоод тэвэр дүүрэн цэцэг түүгээд ирлээ. Харин нөгөө охин нь цэцэг түүхийн оронд саванд ус дүүргэж аваад цэцэгнүүдийг усалж гэнэ. Үүний нэгэн адил хүмүүсийн хайр бол өөр өөр байдаг ба зөвхөн чамаас болон чиний хандах хандлага, хийх үйлдлээс чинь хайр мөнх орших уу, эс орших уу гэдэг нь шалтгаална.
www.URLAG.mn