Тэртээх 1936 оны тавдугаар сарын 1-нд анхны баримтат киногоо үзэгчдэдээ хүргэж байсан Монгол кино үйлдвэр өдгөө 78 дахь жилтэйгээ золгож буй. Харин Монголын кино урлагийн зөвлөл байгуулагдаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд тэд “Монголын кино уран бүтээлчид”-ийн өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ. Энэ хугацаанд тус зөвлөлөөс багагүй ажил хийжээ.
Энэ үеэр Монголын кино урлагийн зөвлөлийн тэргүүн Д.Нямдорж “Монголын кино урлагтай холбоогүй түүх шастир, амьдрал гэж байхгүй. Тиймээс кино урлагийн хөгжлийг үүх түүхийг хойч үеэ зан заншлаа өвлүүлэх нь зүйн хэрэг. Энэ мэтээр кино урлагийн ач холбогдол их байдаг учраас энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж байх нь зүйтэй” гэлээ. Энэ үеэр Монголын кино урлагийн удирдах зөвлөлийн гишүүн, найруулагч Д.Золбаяртай ярилцпаа.
-Кино урлагийн зөвлөлд төрөөс дэмжлэг үзүүлж байгаа гэсэн. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Монголын кино урлагийн зөвлөл төрийн бус байгууллага. Гэхдээ энэ удаад төрийн дэмжпэгээр тийм, ийм ажил хийсэн гэж хэлэх боломжгүй. Ерөнхийдөө кино уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалахын тулд тулгамдаж байгаа асуудлуудыг зохицуулж, улмаар төрд хандах зорилгоор байгуулагдсан. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны зүгээс киноны тал дээр нэлээд ажил хийнэ гэж ярьж байгаа. Энэ тал дээр уран бүтээлчдээр хэлцүүлэх байх гэж найдаж байгаа.
-Монголын кино урлагийн зөвлөл хэдэн гишүүнтэй вэ?
-Манайх 30 гаруй төрийн бус байгууллагын нэгдэл. Дээр нь мэргэжлийн холбоодуудыг байгуулж байгаа. Үүн дотроо кино найруулагчдын мэргэжлийн холбоод болох кино оператор, кино зураач, орлон тоглогч, кино судлаач зэрэг холбоод байгаа. Мэргэжлийн холбоодын түвшинд гэвэл 300 гаруй уран бүтээлчид нэгдсэн.
-Кино урлагийн зөвлөл байгуулагдсанаар кино урлагийн цаашдын хөгжил, чанар үйл ажиллагааг сайжруулах эсвэл хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход ямар ач холбогдолтой вэ?
-Мэргэжлийн холбоо байгуулагдлаа гээд маргааш нь бүх зүйл өөрчлөгдөхгүй. Хамгийн гол нь бүх асуудлыг шийдвэрлэхэд ямар арга зам байхав гэдгийг мэргэжлийн хэмжээнд ярихын тулд дээрх мэргэжлийн холбоодуудыг байгуулсан.
-Өнөөдөр монголын кино урлаг мэргэжлийн түвшинд явж чадаж байгаа юу.Ер нь хөгжил нь аль түвшинд явж байгаа вэ?
-Бид кино урлагийг хөгжүүлэхийн төлөө зорьж яваа. Түүнээс шууд Холливуд, Оскар гэж ярихгүй. Холливуд, оскар кино наадмууд тийм өндөр түвшингийнх биш шүү дээ. Хэрэв хүн хүсэх юм бол өөрөө өөртөө ч кино хийж болно. Тэр нь сонирхогчийн болон мэргэжлийн хэмжээнд ч байж болно. Тийм учраас энэ нь мэргэжлийн, эсвэл сонирхогчийн байна уу гэдгийг шууд утгаар авч үзэж болохгүй.
-Жил бүр “Академи авардс” зохион байгуулдаг боллоо?
-’’Академи авардс”-ын хувьд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Өмнө нь Улаанбаатар кино наадам болж байсан. Ер нь уран бүтээлчдийн хувьд кино наадам байх ёстой. Тиймээс үүнийг бид их дэмжиж байгаа. Миний хувьд өөрийнхөө киногоор оролцож байгаа. Оролцоно гэдэг заавал шагнал авч түрүүлэх албагүй. Гэхдээ бид аль болох шударга явуулахын төлөө хичээх хэрэгтэй. Мэргэжлийн түвшин гэдэг том ойлголт.
Жишээ нь нэг уран бүтээлч өөрөө киноны санаа гаргаад өөрөө мөнгө олоод олсон мөнгөнийхөө хэмжээнд хийсэн киног хэн нэгэн хүн өөлөөд чичлээд байх нь зохимжгүй асуудал. Тухайлбал “Ану хатан” киног шүүмжилсэн байна лээ. Гэтэл “Мандухай цэцэн хатан”кино шиг бүх хөрөнгө мөнгийг нь улсаас гаргаагүй шүү дээ. Хийе гэсэн сэтгэлээрээ хийсэн. Түүнийг бид дэмжих ёстой. Холливудын нэг кинонд 100 сая ам.доллар зарцуулсантай харьцуулж болохгүй. Биднийг Холливуд шиг кино хийхгүй байна гэж ярих нь харьцуулшгүй ойлголт юм.
-Сүүлийн үед уран бүтээлчид нэгдээд продакшнууд байгуулж байгаа. Тэгээд хоёр гурван киноныхоо нээлтийг хийж байна. Энэ нь нэг талаар кино урлаг хөгжөөд байна уу, эсвэл?
-Бид Холливуд л гэж мэддэг. Дараа нь Европ, Азийн кинонууд байна. Бид энэ дундаас хамгийн шилдгүүдийг нь үзээд байгаа. Гэтэл түүний цаана маш олон кино¬нууд хийгдэж байна. Дээрх залуучууд төсвөөс өгсөн мөнгөөр кино хийгээгүй. Өөрсдөө ардчилсан нийгэмд эрхийнхээ дагуу мөнгөө олоод кино хийж байгаа. Харин үүний цаана чанарын тал дээр сайн муу янз бүр байгаа.
Бид Холливудыг жилдээ арван кино хийгээд их мөнгө олж байна гэж ойлгоод байна. Гэтэл тийм биш. Түүний цаана хэдэн зуун кино хийгдэж, хэн ч мэдэхгүй кинонууд гарч байх жишээтэй. Түүнтэй адил хийгдэх л ёстой. Яагаад кино урлагийн зөвлөл байгуулагдаж байна гэвэл тоог чанар луу шилжүүлэх юмсан, тийм нөхцлийг бүрдүүлэх юмсан, тийм уран бүтээлчдийг төрүүлэх юмсан гэсэн хүсэл эрмэлзлэл байгаа юм. Үзэгчдийг ч гэсэн тийм байдлаар хүлээж авдаг болоосой гэж бодож байна.
-Кино нээлтээ хийсний дараа мэдээллийн сувгуудаар үнэ төлбөргүй цацагдчихдаг. Энэ тал дээр оюуны өмчийн асуудал ямар байдаг юм бол?
-Өнөөдөр оюуны өмчийн асуудал хурцаар тавигдаж байгаа. Манай улс оюуны өмчийн хууль гаргасан. Оюуны өмчийн газар ажлаа хийж байгаа. Бид ч оюуны өмчийн газартай хамтарч ажиллаж байгаа.Тэр хулгай хийж байгаа асуудлыг бид нийт үзэгчдэд ойлгуулахыг хичээж байна. Хулгай хийж байгаа хүмүүст ч ойлгуулах хэрэгтэй.
Уран бүтээлчид бид ч харилцан бие биенээ хүндэтгэж үзэх хэрэгтэй. Кинонд хулгай байхгүй. Энэ соёлоос суралцах шаардлагатай. Оюуны өмчөө хулгайлуулсан нөхцөлд шүүхэд хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Энэ тал дээр уран бүтээлчид шударга байж өөрсдийгөө хүндлэх ёстой.
-Киночид өөрсдийгөө бор зүрхээрээ яваа гэдэг. Тиймдээ ч тэд олон улсын кино наадмаас өндөр шагнал хүртээд байгаа шүү дээ?
-Манай залуучуудад авьяас боломж бий. Тийм бололцоог л манай залуучууд гаргаж чадах юм бол дэлхийн кино наадмын шагнал нээлттэй байгаа. Ирэх жилээс киноны өдөрт зориулж киноны нээлт хийж, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын боломжгүй хүүхдүүдийг үнэ төлбөргүй кино үзүүлэх ажлыг зохион байгуулна.
-Ер нь сүүлийн үеийн кинонуудыг “клип шиг кино” гэж ярьдаг болоод байгаа. Театруудад үзэгчид хангалттай байгаа ч үзэгчдийн хүсэн хүлээсэн урлагийн сайн бүтээлүүд гарч чадахгүй байх шиг?
-Кино урлагийн онцлогийг энд дурьдах хэрэгтэй. Кино бол мөнгөнөөс шууд хамааралтай. Тиймээс сайн кино хийе гэвэл их л мөнгө хэрэгтэй. Гэтэл их мөнгө зарцуулаад хийхэд Монголын зах зээлээс тэр мөнгөө эргүүлж олж авна гэдэг хэцүү шүү дээ. Манайх чигь их цөөхөн хүн амтай.Дээрээс нь тал нь хөдөө орон нутагт маш хол хол тархаад суурьшсан. Тиймээс бид шинэ кино хийгээд хоёр, гуравхан кино театраараа л гаргаад сайн мөнгө олно гэж байхгүй.
Түүнээс гадна манай улсад оюуны өмчийн ямар ч хамгаалалт байхгүй нөхцөлд кино нэг шугамаар алдагдахад л бидний орлого байхгүй болж байна. Гадаадынх шиг телевизүүд нь мөнгө төлж кино авдаг ойлголт байхгүй. Хүмүүс нь онлайнаар кино худалдаж авч үздэггүй үед киноноос их орлого, ашиг олно гэж байхгүй. Ийм нөхцөлд хүмүүсийг мөнгөний кино хийлээ гэж шүүмжлэх хэцүү. Ер нь киног мөнгөний болон урлагийн кино гэж хоёр ангилдаг.
Холливудэд бол энэ хоёрыг хослуулж хийдэг. Сайн кино хийж, сайн маркетинг хийгээд, их хүнд үзүүлж их мөнгө олох зорилготой гэсэн үг. Манай Монголын дотоодын нөхцөлд хэцүү. Тэгэхээр бид сайн кино хийж гадаадын зах зээл рүү гарах хэрэгтэй байна. Гадаад зах зээл рүү гарна гэхээр бид нэгдүгээрт ур чадвартай, хоёрдугаарт, сайн техник технологитой байх ёстой. Жишээ нь, киногоо плёнкоор хийх ёстой гэх мэт. Гэтэл өнөөдрийг хүртэл плёнкоор кино хийх ямар ч боломжгүй. Адаглаад л плёнкоор зураг авах камер байхгүй. Лаборатори нь байхгүй. Тийм болохоор одоо байгаа бололцоогоороо ажиллах хэрэгтэй байна.
-Холливудэд нэг киног 50, 100 сая ам.доллараар хийдэг гэж ярьдаг. Харин Монголд ийм жишиг бий юу?
-Тогтсон жишиг Монголд байхгүй. Ер нь бага, дунд нүсэр төсөвтэй кино гэж гурав ангилдаг. Нүсэр төсөвтэй нь бидний үзээд байдаг холливүүдийн кино. Гэхдээ кино их, бага төсөвтэй байхынхаа хэрээр сайн, муу болно гэж туйлширч болохгүй л дээ. Маш бага төсөвтэй хэрнээ сайн кино зөндөө байдаг. Жишээ нь, Хятадын Жан Мун гэж алдартай найруулагч “Баатар” киног хийхдээ 30 сая ам.доллар зарцуулсан байдаг. Жет Лигийн тоглосон кино байдаг даа. Жан Мун энэ киноноос өмнөх кинонуудаа маш бага зардлаар хийдэг байсан хэрнээ тэр олон сая доллар зарж хийсэн кино нь өмнөхөө гүйцдэггүй.
Тэр кинонуудыг нь үзээд би атаархдаг. Би заавал их мөнгө хэрэгтэй гэж бодоод сууж байхад энэ хүн мөнгөгүйгээр кино хий-гээд Каннаас, Берлиний кино наадмаас шагнал авчихсан байх жишээтэй. Тийм учраас бүх зүйлийг мөнгөтэй холбож ойлгож болохгүй л дээ.
Мөн энэ өдөр монгол киноны үйлдвэрийн арын албаныхны дунд “Өчигдөр, өнөөдөр маргааш, монгол киноны үүсэл хөгжил, ирээдүй яах вэ” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг явагдсан юм.
Энэ үеэр “Монгол кино” хэмээх их айлд ажил амьдралаа зориулж явсан туршлагатай ажилчид тэрхүү мартагдашгүй он цагийг эргэн дурслаа. Монгол кино үйлдвэрийн лабораторийн цехэд 1969-1989 оны хооронд угаагч, техникчээр ажиллаж байсан Д.Цэндийн яриаг хүргэе.
Бид нар шиг 35 мм ажилладаг байсан үе Монголын кино урлагт давтагдахгүй
-Энэ жилээс эхлэн жил бүрийн тавдугаар сарын 1- нийг Монголын киноны өдөр болгохоор зарлаж байгаа юм билээ. 1936 оны тавдугаар сарын 1-нд хамгийн анхны нэг бүлэг баримтат кино гарч үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. Энэ өдрөөр киног хуулинд оруулах, хуульчлан батлах, бодлого явуулах, Соёл спорт аялал жуулчлалын яамтай хамтарч үйл ажиллах, цаашдаа Монголын кино ямар түвшинд очих вэ, эдүгээ хүртэл Монголын кино яаж авч ирсэн юм.
Үүнээс улбаалан ахмад залуу, дунд үе гэсэн үйл ажиллагаа эхэлж байгаа юм байна. Бидний хэсэг нөхөд Монгол кино үйлдвэрийн арын албаны ажилчид байсан. Тийм учраас Монгол киноны үүх түүх бидэнтэй салшгүй холбоотой. “Монгол кино" үүсэх хөгжих хоёр дахь үе шатандаа шинэчлэл явагдсан юм. Ингэж өргөтгөл болоход жинхэнэ орчин үеийн техник хэрэгсэлтэй харьцах, мэргэжилтэн ажилчдыг бэлтгэж байсан. Энэ үед бэлтгэгдсэн анхны мэргэжилтэн ажилчид нь бид. Киноны мэргэжлийг хэн дуртай хүн хийдэг ажил биш.Миний хувьд бараг зургаа дахь мэдрэхүйгээрээ ажилладаг нарийн мэдрэмжтэй техникэн дээр ажиллаж залуу насаа өнгөрөөсөн.
Кино урлаг хамтын бүтээл. Өөрөөр хэлбэл хүний оюун санаанаас урган гарсан сайхан бүтээлийг найруулагч найруулаад түүнийг нь нэг хэсэг авьяаслаг жүжигчид амьдруулна. Үүнийг техник хэрэгсэл дээр буулгаад бүхэл бүтэн урлаг болгож ард түмэнд хүргэнэ гэдэг кино урлаг юм. Тэрхүү арын албанд ажиллаж байсан хүмүүс, алдар цолтой найруулагчид, операторуудын хөлс хүч шингэсэн хөдөлмөрийг кино хальсанд буулгаж байгаа юм. Ийм хариуцлагатай ажлыг хийж явсан. Энэ нь нэг ёсны химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээнд явагддаг гэсэн үг.
Киноны өнгө үзэмжээс эхлээд бүх зүйлийг чанарын өндөр түвшинд хүргэх нь бидний ажлын хамгийн том үзүүлэлт байсан. Кино урлагт зургаа дахь мэдрэхүйгээ гаргахаас гадна маш өндөр хариуцлага шаардахаас гадна дахиж олдохгүй түүхэн кинонуудыг хальсанд буулгаад түүнийг жаахан гэмтээвэл том арга хэмжээ авагддаг. Ийнхүү бид тийм л хариуцлагатай ажилдаа үнэнч байлаа шүү дээ. Бид нар шиг 35 мм ажилладаг байсан цаг үе хэзээ ч Монголын кино урлагт давтагдахгүй. Кино хамтын бүтээл учраас бүх хүн өндөр хариуцлагатай ажиллах ёстой.
Бидний ажлын нөхцөл маш хүнд Монгол кино үйлдвэрт монгол киноны лабораторийн цехэд химик инженерээр ажиллаж байсан Ж. Бадам:
-Би тус үйлдвэрт би 22 настай хоёр салаа гэзэгтэй ирж ажил амьдралыйхаа гарааг эхэлж байлаа. Миний хувьд нийтдээ “Монгол кино" үйлдвэрт 40 гаруй жил ажилласан. Манай ажлын нөхцөл маш хүнд. Буулгагчид хав харанхуй нөхцөлд буулгаад түүнийг нь угаагч техникч нар боловсруулаад дараа нь уран бүтээлчдийн авсан үнэт материалуудыг боловсруулах гээд найм есөн шат дамжлагаар явагдаж байж дэлгэцэнд гардаг. Энэ бүх процессыг химик инженер үзэж харж, шалгаж технологийн дагуу стандарт хэмжээнд гаргах ажлыг хийж ирлээ.