Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, “Sweetymotion” хамтлагийн продюссер Соёлын тэргүүний ажилтан Б.Чинбатыг 2011 оноос хойш таван ч удаа тоглосон “Давтагдашгүй” тоглолтоо Youtube.com дээр байрлуулж өгөхийг сонсогч фенүүд нь олонтаа хүсчээ. Залуу хөгжмийн зохиолч фенүүдийнхээ энэ саналыг хүндэтгэн үзэж энэхүү тоглолтоо оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр “Univision”-ы видео санд байршиж, үзэж амжаагүй үзэгчдэдээ HD форматаар хүргэхээр болоод байгаа гэнэ. Ингэснээр "Univision"-ы бүх хэрэглэгч түүний "Давтагдашгүй" тоглолтыг гэртээ тухлан сууж үзэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн тэрбээр залуу уран бүтээлчдийг дэмжиж Монголын рок, поп урлагт өрсөлдөхүйц уран бүтээлчдийг бэлтгэх зорилгоор "Onе music" хэмээх продакшн байгуулсан аж. Хөгжмийн зохиолч Б.Чинбаттай эдгээр асуудлын талаар ярилцлаа.
-“Давтагдашгүй” тоглолтыг видео хэлбэрт оруулж байгаад олон хүн баяртай байгаа байх. Яагаад энэ тоглолтоо видео хэлбэрт шилжүүлэх болов ?
-Манай монголчууд Univision компанийг мэднэ. Энэ компанитай ярилцаж тохиролцоод өөрийнхөө хийж хийсэн “Давтагдашгүй” концертоо мөнхөлж үлдээе гэсэн зорилгоор бас өөрийнхөө оюун өмчийн үр шимийг хүртэе гэсэн зорилгоор Univision компанитай хамтарч ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл 2011 онд тоглогдсон “Давтагдашгүй” тоглолтоо видео концерт болгон үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болоод байна. Миний энэ тоглолтыг үзэхийн хүссэн хэн боловч гэртээ сууж байгаад л Univision компанийн видео сан руу ороход энэ тоглолт гараад ирнэ гэсэн үг. Видео хувилбарт шилжүүлэхэд нэлээд цаг хугацаа зарцуулсан. Ер нь нөр их хөдөлмөр юм билээ. Энэ концертын маань найруулагчаар телевизийн продюссер Өлзий гэж залуу ажилласан. Чанартай видео концерт хийхэд мантажнаасаа эхлээд дуу дүрс гээд бүхий л зүйл нь их хүнд юм гэдгийг энэ цаг хугацаанд би өөрийн биеэр мэдэрлээ. Давтагдашгүй тоглолтоо дахин тоглоочээ гэсэн хүсэлтийг маш олон хүн надаас хүссэн. Энэ хүсэлтийн дагуу энэ тоглолт маань Univision-ний видео санд байрлаад үзэгчдэд хүрэх болж байгаа юм. Мөн удахгүй энэ тоглолтоо DVD болгож гаргана. Энэ дашрамд надтай хамтарч ажиллассан Монголын болон Америкийн бүх уран бүтээлчдэд баярлалаа гэж хэлье.
-Уучлаарай. Чинбаа “Давтагдашгүй” гэсэн тоглолт хийчихээд дахин дахин давтаад гэж шүүмжлэх хүн байна?
-Хүмүүс дахин үзэхийг хүссэн учраас л таван удаа тоглосон. Гэхдээ нэг уран бүтээл маш олон хүний хүч хөдөлмөр шаарддаг. Тэр олон хүний хүч хөдөлмөрийг хүндлэх хэрэгтэй. Түүнээс гадна тухайн үеийн эрч хүч, эмоци дахиж надаас гарахгүй шүү дээ. Тэр бол дахин давтагдашгүй л мөч байхгүй юу. Тэгэхээр тэр мөчийг давтагдашгүйгээр нь үлдээе гэж бодсон хэрэг.
-Та “One music” гэсэн продакшн байгуулснаа албан ёсоор зарлалаа. Энэ продакшнд ямар ямар уран бүтээлчид багтаж байгаа болон тэдэнтэй хэдэн жилийн гэрээ байгуулсан талаараа сонирхуулаач?
– Өвөг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн авьяас чадварыг өөртөө хадгалаад байх биш бусдад түгээх хэрэгтэй. Ер нь уран бүтээлчийнхээ хувьд би эх орныхоо төлөө дуусан дуусталаа ажиллах болно. Ийм сэтгэлээр би залуучуудаа дэмжих үүднээс “One music” гэсэн продакшн байгуулсан. Одоогоор энэ продакшинд шанз хөгжмийн “Glissando” хамтлаг, “Universe best songs-2010” наадмын Гран-При шагналт, Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Б.Жавхлантөгс, "S4" хамтлаг харьяалагдаж байгаа. Энэ уран бүтээлчид маань тун удахгүй үзэгч фэнүүддээ шинэлэг, чанартай уран бүтээлүүдээ толилуулж эхэлнэ. Ер нь бид маш том уран бүтээл хийе гэж бодож байгаа. “S4” хамтлаг гэхэд Монголын рок поп урлагт маш олон жил зүтгэсэн. Их авьяастай, мэдрэмжтэй залуучууд. Жавхлантөгс ч гэсэн авьяастай залуу. Түүнтэй маш олон уран бүтээл дээр хамтран ажиллаж байгаа. Шударга хөгжим гэж ямар хөгжим байдаг, мэргэжлийн хөгжимчид ямар байдаг юм бэ гэдгийг мэдрүүлэхийн тулд шанз хөгжмийн “Glissando” хамтлагтай хамтран ажиллаж байна. Энэ хамтлагийн эхний уран бүтээл нь Америкт хийгдэж байгаа. Тун удахгүй бэлэн болно. Бид бүгдийн зорилго чанартай уран бүтээл хийж монгол түмэндээ толилуулах. Гэхдээ цаашид зөвхөн рок попынхон гэхгүй.
-Оюуны өмчийн талаар сүүлийн үед их ярих болжээ. Та ч гэсэн өөрийн концертоо оюуны өмчийн баталгаатайгаар видео хэлбэрээр олон түмэнд хүргэж байна?
-Тиймээ. Юутай ч нэг үеийг бодвол өнөөдөр монголчууд оюуны өмчийг хайрладаг хамгаалдаг болж. Уран бүтээлчийн хувьд би үүнд маш их баяртай байгаа. Америкт байхдаа би чамгүй олон зүйлийг сурсан л даа. Өнөөдөр Монголын уран бүтээлчид маань тэр жингээр ажиллаасай гэж хүсч байна. Би “Давтагдашгүй” тоглолтоо видео концерт болгож байгаа нь Монголын урлагт оруулж байгаа нэг том алхам юм. Маш их хөдөлмөр зарцуулж маш их хөрөнгө мөнгөөр хийчихээд цөөхөн хэдэн хүнд үзүүлээд дуусгачих надад их хайран санагдсан. Тиймдээ ч видео концерт маягаар олон мянганхүнд үзүүлье гэж зорьсон хэрэг. Ерөөсөө яг тэр хэзээ ч дахин давтагдашгүй агшинаа, дахин давтагдашгүй сэтгэл хөдлөлөө Монголынхоо бүх үзэгчдэд мөн дэлхий даяар тархан суугаа монголчууддаа хүргэе гэж бодон видео хэлбэрт оруулсан. Энэ бол нэг алхам.
-Сүүлийн үед уран бүтээлчид эх нутаг газар шороогоо хайрласан харамласан уран бүтээл их хийдэг болж. Таны хувьд эх орон газар шорооныхоо төлөө юу хийж чадах вэ?
-Би хэн юм бэ гэдгээ ойлгохын тулд бид өвөг дээдсийнхээ түүхийг уншиж судлах хэрэгтэй байна. Өвөг дээдсийн маань цусаа урсган байж бидэнд үлдээсэн энэ газар шороог бид хайрлахгүй байх учиргүй. Түүний тулд би өнөөдөр юу хийж чадах юм гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Би гэхэд энэ асуултанд “би хөгжим л бичиж чадна” гэсэн хариулт олж авсан. Тэгээд ч хөгжим хүний сэтгэлийг хөглөдөг учраас үүндээ маш их ач холбогдол өгч байгаа.
-Чинбаа продакшныхаа уран бүтээлчдээс гадна өөрөө уран бүтээлчийн хувьд ямар хүмүүстэй хамтран ажиллаж байна?
-2013 он гарснаас хойш би уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяатай хамтран дуулсан “Зүрхэн хоёр алаг” дуугаа дахин дуулж байгаа. Түүнчлэн “Миний сайхан ээж” дууны найруулгыг нь хийсэн. Харин Т.Ариунаатай хамтран “Тэнгэр Монгол газар” гэсэн шинэ уран бүтээл хийж байгаа. Ятгын хатан хаан гэгддэг Ч.Мөнх-Эрдэнийн хүсэлтээр нэг уран бүтээл хийж өгч байгаа. Мөн тун удахгүй нээлтээ хийх 40 ангит киноны хөгжмийн найруулга дээр ажиллаж байна. Ер нь уран бүтээлийн ургац арвинтай байгаа.
www.URLAG.mn