Толгой өвдөм сүрчигний нялуун үнэр ханхлуулан суух Одноо захирал Пүрэвсүрэнг эд бараа үзэж буй мэт эргүүлж тойруулан сонжоод :
– Үгүй ээ яах вэ материал бол байна гэхдээ засвар нилээд орох юм байна даа гэснээ ширээнийхээ нүднээс нэгэн бичгийн цаас гаргаж ширээн дээр шидээд, үүнийг зааврын дагуу бөглөөд маргаашаас дамжаанд явж эхлээрэй гэж хэлээд гараад явчихав. Энэ үед Цацралын нүүрэнд инээмсэглэл тодорч Пүрэвсүрэнг тэврээд :
– Миний найз төвөггүй тэнцчихлээ ш дээ, би чамд хэлсэн биз дээ гээд л бөөн баяр хөөр болох зуураа :
– Одноо багшид таалагдана гэдэг чинь том эхлэл шүү, миний найз загварын ертөнцөд тавтай морил гээд сүржигнэж гарав.
Пүрэвсүрэн бол багынхаа загвар өмсөгч болох мөрөөдлөө өдий болтол орхиогүй яваа жинхэнэ хүсэл мөрөөдөлдөө үнэнч нэгэн билээ. Түүний өндөр гоолиг бие, өөгүй тунгалаг царайг харсан хэн ч болов сэтгэл татагдахгүй байхын аргагүй. Хувцсаар биш биеэрээ гоёдог насан дээрээ яваа түүнтэй учирсан залуус түүнийг ирээдүйтэй загвар өмсөгч болно гэж урмын үг хайрлах далимаар эрээ цээргүй ширтэцгээх нь эхэндээ түүнд эвгүй байсан ч одоо нэгэнт дасал болсон гэхэд болно. Пүрэвсүрэн хэдий загвар өмсөгч болох хүсэлтэй боловч амьдралын эрхээр их сургуулийн эдийн засгийн ангид элсэн орж суралцах болсон нь түүний багын хүсэл мөрөөдлийг талаар болгосонгүй. Учир нь их сургуульд хамт суралцдаг Цацрал гэх царай зүс, бие хаа тэгш охинтой танилцаж, үерхэх болсноор загвар өмсөгч болох үүд хаалга нь нээгдсэн юм. Цацрал сурагч байхаасаа "Дорнын гоо" загварын агентлагт загвар өмсөж ирсэн бөгөөд Пүрэвсүрэнтэй танилцсан даруйдаа түүнийг өөрийн агентлагтаа очиж бүртгүүлэхийг санал болгож "Дорнын гоо" загварын агентлагын захирал гэх гуч гаруй настай боловч хорин настай охин мэт сэмбэлзэх Одноо багштайгаа танилцуулсан нь энэ байлаа.
Пүрэвсүрэн энэ өдрөөс хойш хуваарийн дагуу өдөр алгасалгүй загварын дамжаанд явж эхлэв. Загвар өмсөгч болно гэдэг тийм амархан биш болохыг Пүрэвсүрэн өдөр ирэх тусам мэдэрч байсан боловч шүд зуун тэвчихээс өөр сонголт түүнд байсангүй. Алхаа гишгээ, хэл ярианаас эхлээд санхүүгийн хувьд ч олон хүндрэлүүд тулгарах боловч тэр бүхнийг зохицуулсаар хагас жилийн нүүрийг үзлээ. Одноо багш нь загварын дамжааны охидод хандан үргэлж сургааль ном айлдаж зарим үедээ хэтэрхий хатуу үг хэлэх бөгөөд ихэвчлэн дараах үгийг амны уншлаг мэт үглэнэ.
– Амжилтанд хүрэхэд их бага хэмжээний золиос заавал шаарддаг гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Хэрвээ та нар нэртэй загвар өмсөгч болъё л гэж бодож байвал өөрийгөө ч гэсэн золиослох зориг зүрхтэй байх ёстой гэж ирээд л зандрах нь олон байв. Удалгүй Пүрэвсүрэн загварын хагас жилийн дамжаагаа ч дүүргэж танигдахын аргагүй өөрчлөгдсөн нь түүний урам зоригийг улам бүр бадрааж байлаа. Тэрээр өмсөж зүүхээс авахуулаад биеэ авч явах байдал нь хүртэл эрс өөрчлөгдөж загварын дамжаа түүнд чамгүй зүйл сургасан нь хэнд ч илт харагдаж байв. Цацрал үргэлж Пүрэвсүрэнд :
– Чи бол Одноо багшид хамгийн их таалагдаж байгаа охин, тийм ч учраас чи түүний итгэлийг алдаж болохгүй шүү гэж сануулна. Удсан ч үгүй хаврын тэр нэгэн өдөр Пүрэвсүрэнгийн хүсэн хүлээсэн өдөр нь айлчлан ирж тэрээр анхныхаа загварыг өмсөж тайз эзэгнэн алхав. Монголын нэртэй том компаний бүтээгдэхүүнийг албан ёсоор сурталчлах өдөрлөгт албан ёсны загвар өмсөгчөөр оролцоод чамгүй талархал хүлээсэн нь түүнийг загварын ертөнцөд эргэлт буцалтгүй оруулах үүд хаалгыг нээснийг Пүрэвсүрэн яахан мэдэх билээ. Учир нь загварын баяр болох үеэр Монголын тэргүүн баячууд, өндөр албан тушаалтай нууц ноёнтонгууд хүрэлцэн ирж охид бүсгүйчүүдийг сонжиж, таалагдсан охидыг ивээн тэтгэж нэр төрийн оргилд турхирдаг нь бичигдээгүй хууль гэлтэй. Энэ л замаар Пүрэвсүрэн Монголын зартай баян залуугийн хараанд өртөж хүслийг нь бадрааснаа үл мэднэ. Анхны загвараа өмсчихөөд догдолж зогсох Пүрэвсүрэн дээр Одноо багш нь хүрч очоод :
– Миний охин гараагаа маш сайхан эхэллээ. Загварын ертөнцөд тавтай морил гэж хальт нүүрэндээ инээмсэглэл тодруулснаа тэр даруй царайгаа төв болгож ирээд л :
– Чамайг өнөөдөр загварын ертөнцөд албан ёсоор хөл тавьж байгаа учраас би чамд хатуу хэдэн зүйлийг сануулж хэлье гэв. Пүрэвсүрэн багшийнхаа яриаг дуулгавартай нь аргагүй сонссон царай гарган хийж байгаа зүйлээ түр орхиод түүн рүү анхаарлаа хандуулахад :
– Загвар өмсөгч болоход заавал ивээн тэтгэгчтэй байх хэрэгтэй. Ивээн тэтгэгчгүй бол чи нэг ч алхам урагшаа гишгэж чадахгүй гэснээ чи одооноос өмсөж зүүх эдэлж хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй гээд Пүрэвсүрэнд утасны дугаар бичсэн нэгэн цаас өгөв. Пүрэвсүрэн ямар учиртай болохыг нь үл ойлгосон байртай зогсож байтал Одноо багш :
– Энэ дугаараас өнөөдөр чамруу залгах байх шүү, за чамд амжилт хүсье! гээд хувцас солих өрөөнөөс гарч одлоо. Багш нь ямар утгатай зүйл ярьчихаад гарч одсоныг бараг л ойлгох шиг болсон боловч яаг яах ёстойгоо Пүрэвсүрэн төдийлөн ойлгосонгүй. Загвар өмсөгч болох хүсэлдээ хөтлөгдөн өөрт нь сэтгэлээ уудлах олон сайхан залуусыг цааш гэж явсан тэрээр зүсийг нь ч үл мэдэх хэн нэгэнтэй уулзах болсон доо жаахан сандарсан боловч багшийнхаа үгнээс зөрж зүрхэлсэнгүй. Загварын өдөрлөг ч өндөрлөж хүмүүс тарах үед өнөөх дугаараас Пүрэвсүрэн рүү залгаж түүнийг хоолонд урих нь тэр. Түүнийг хар өнгийн том гарын жийп машин үүдэн дээрээс нь тосож аваад нэгэн томоохон зоогийн газарт хүргэв. Пүрэвсүрэн зоогийн газарт суугаа эрхмийг хараад золтой л буцаад гараад явчихсангүй, арай л гэж сэтгэлээ бариад зоогийн ширээний ард очиж суув. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр үргэлж шуугиан тарьдаг үндэсний томоохон компаний захирал Дандар гэх дөч шүргэм насны эр түүнтэй их л ёсорхон мэндлээд дотно яриа өрнүүлэв. Тансаг зэрэглэлээр тусгайлан зассан ширээнд суух Пүрэвсүрэн сандарсандаа биеэ барих боловч Одноо багшийнхаа үргэлж захидаг сургаалийг санаж аль болох илэн далангүй дотно байхыг хичээнэ. Тэд хооллож дуусахад Дандар түүнийг Монголд ховорхон унадаг том гарын жийп машиндаа суулгаад оюутных нь байрны үүдэнд хүргэж өгөөд танилцсаны бэлэг гэж Пүрэвсүрэнд чамгүй үнэтэй үнэт эдлэл бэлэглэв. Пүрэвсүрэн хэдий авахгүй гэж нэрлэхсэн боловч аргагүй эрхэнд авч түүнд талархсанаа хэлээд буух гэтэл Дандар захирал :
– Ийм сайхан бүсгүй оюутны байранд амьдарч хэрхэвч болохгүй дээ гэж толгой сэгсрээд ах нь дүүгийнхээ орон байрны асуудлыг удахгүй зохицуулж өгнөө гэв. Пүрэвсүрэн юу гэж хэлэхээ мэдэхгүй хий дэмий л инээмсэглэн салах ёс хийгээд нурах дөхсөн оюутны байрныхаа зүг эргэж ч харалгүй алхав. Энэ л өдрөөс хойш тэд өдөр алгасалгүй уулзаж болзох боловч Пүрэвсүрэн Дандар захиралд хараахан нүүр өгөхгүй л байв. Нэгэн өдөр Одноо багш нь Пүрэвсүрэнг яаралтай өрөөндөө дуудуулах нь тэр. Пүрэвсүрэн юу болсныг үл гадарлан багш дээрээ орвол багш нь их л уцаартай байгаа бололтой нүд нь цэхэлзэж :
– Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр чи одоо яачихаад маяглаад байгаа юм, чамайг гаргаад ирж болсон юм, буцаагаад дараад өгч чадна шүү гэхэд Пүрэвсүрэн учрыг үл ойлгосон байртай :
– Багшаа би таны яриаг ойлгосонгүй гэхэд Одноо багш улам дуугаа өндөрсгөж :
– Чи өөрийгөө хэн гээд бодчихсон юм, чам шиг ямааны гурвыг би хаанаас ч олно шүү, би чамд хэр баргийн хүнд олдоод байдаггүй ивээн тэтгэгч олж өгч байхад чи нүүр өгөхгүй байна гэнээ гэхэд Пүрэвсүрэн нүдэндээ нулимс цийлэгнүүлээд :
– Багшаа би уулзаж байгаа ш дээ гээд хоолойгоо чичрүүлэв.
– Уулзаж байгаа ш дээ гэнэ үү , чи арай уулзаад л болчихно гэж бодсон юм биш биз дээ, амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэж байгаа бол яая гэхэв гээд ширээний нүднээсээ Пүрэвсүрэнгийн анкетийг гаргаж ширээн дээр шидлэв. Хүсэл мөрөөдлийнхөө эрмэг дээр хүрч ирчихээд буцаад эргэхэд Пүрэвсүрэнд дэндүү хайран байсан тул тэрээр ихэр татан уйлж :
– Багшаа би ахиж алдаа гаргахгүй, таны хэлснээр хийе гэж юу хийх ёстойгоо ч мэдэхгүй уйлж зогсоход багш нь сая нэг тайвширсан бололтой түүнийг очиж тэврээд :
– За битгий уйл охин минь, энэ загварын ертөнц чинь ийм л хатуу хуультай юм ш дээ гээд аргадах нь ээж охин хоёрыг санагдуулна. Сэтгэлээ онгойтол уйлсны эцэст сая нэг сэргэж тэрээр багштайгаа урьд нь ярьж байгаагүйгээр дотно яриа үүсгэв. Одноо багш нь түүнд ивээн тэтгэгч ус, агаар шиг хэрэгтэй болохыг тайлбарлаж, Дандарын итгэлийг хүлээж хамтран ажиллах гэрээ байгуулж чадвал алдрын тавцанд гарах үүд хаалга нээгдлээ л гэсэн үг гэж удтал сэнхрүүлэв. Энэ өдрөөс хойш төд удалгүй Пүрэвсүрэн өөрийнхөө сэтгэлээс илүүтэй алдартай загвар өмсөгч болох мөрөөдлөө урьтал болгон Дандар захирлын итгэлийг хүлээж хамтран ажиллах гэрээг байгуулж чадсан юм. Пүрэвсүрэн Одноо багшийнхаа үргэлж үглэдэг "Хэрвээ нэртэй загвар өмсөгч болъё гэвэл өөрийгөө золиослох зориг зүрхтэй байх ёстой" гэсэн үгний утгыг энэ л үед ойлгох шиг болов. Үнэндээ Дандар захирал Пүрэвсүрэн хоёрын хооронд байгуулсан гэрээний нэр нь Хамтран ажиллах гэрээ боловч үнэн хэрэг дээрээ " Амрагийн гэрээ" байсныг хэн хэн нь мэдэж байлаа.
А.Алтанхундага