Өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд "Херо энтертайнмент"-аас мэдээлэл хийж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт урьж оролцуулсан тухайгаа ярилаа. Хэвлэлийн хуралд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Б.Лхагвасүрэн, "Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатар тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оролцсон нэвтрүүлгийн тухай ярихдаа “Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг бол уран бүтээл юм. Бид бүхэн энэ уран бүтээлээрээ Монголын соёл урлаг, шинжлэх ухаан, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн амьдрал уран бүтээлийг тодорхой үзүүлж, хожим дуурсгах хугацааг уртасгах гэж харуулах гэж хичээж байна. Бид хоёр гурван жил энэ уран бүтээлийг хийлээ. Өнөөдөр бид Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай хийсэн нэвтрүүлгийнхээ төлөө сонгуулийн сурталчилгаанд оролцсон гэж дуудуулаад байна. Энэ бол зүй бус юм. Учир нь манай нэвтрүүлэг тухайн он цагт зориулагдсан нэвтрүүлэг биш юм. Энэ бол уран бүтээл. Бид Монголын төрийн Ерөнхийлөгчдийнг цувралаар бүгдийг нь нэвтрүүлэгтээ оролцуулъя гэсэн. П.Очирбат ерөнхийлөгчийг оруулсан. Мөн дараачийн Ерөнхийлөгч Н.Багабанди гуайг оролцуулахыг хүссэн. Н.Баганбанди гуай “Одоохондоо азная” гэсэн хүсэлт тавьсан. Дараачийн Ерөнхийлөгч нь шоронд байгаа. Түүний дараачийн Ерөнхийлөгч болох Ц.Элбэгдоржтой бид энэ дугаараа хийсэн. Мөн Монголын аваргуудаар цуврал нэвтрүүлэг хийхийг зорьсон. Эхлээд бид Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргын нэвтрүүлгийг хийсэн. Эрэмбийн дагуу Б.Бат-Эрдэнэ аваргын нэвтрүүлгийг хийхээр сонгуульд нэр дэвшихээс өмнө 7-8 удаа санал тавьсан. Гэвч аварга өөрөө “Зав чөлөөгүй. Одоо боломжгүй” гэж хэлэн хойшлуулсаар одоо хүртэл оролцоогүй байна.
Бид ямар нэгэн хүнийг сонгож, ямар нэгэн он цагт нэвтрүүлэг хийж болдоггүй гэдгийг ойлгоогүй. Бид өөрсдийн ивээн тэтгэгч компаниар нэвтрүүлгийнхээ эдийн засгийг дэмжүүлсэн. Дараагаар Мобиком групп дэмждэг. Бид алдар нэртэй, баян хүмүүсээс урьчилгаа нэртэй мөнгө авч үзээгүй. Урд хормойгоороо хойд хойрмогоо нөхөж байж нэвтүүлгээ хийдэг” гэсэн юм.
Түүнчлэн Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Би энэ нэвтрүүлгийн хөтлөгч, редактор хийснээрээ төдийлөн бөөн мөнгө авч үзээгүй. Монгол улсад уран бүтээл хийнэ гэж зорихоос өмнө зүгээр хэвтэж байсан нь дээр юм шиг санагдаж байна. Бид сайхан хүмүүсийнхээ түүхийг ирээдүй хойчид мөнхлөн үлдээх ёстой. Бид улсынхаа архивт өгөх юмтай байна. Монгол улсын нэрт хуульч, Хөдөлмөрийн Баатар Чимэд гуайн нэвтрүүлгийг хийсэн нь бид цаг хугацааны хувьд хожсон. Ц.Элбэгдорж нэвтрүүлгийг хийснээрээ бараг тэрбум төгрөг авсан тухай сонин хэвлэлүүд бичиж байна. Тэр мөнгийг нь аваагүй. Манай нэвтрүүлэгт чадалтай бизнесмэн, баян эрхмүүд ордог. Гэхдээ тэднээс бид мөнгө авч үзээгүй. Хэрвээ тийм бол бид энэ нэвтрүүлгээ “Монгол тулгатны 100 баян” гэж нэрлэх байсан. Ийм маягаар гүтгэлгийн дунд нэвтрүүлэг хийж байгаадаа харамсаж байна. Тэгээд ч бидний энэ нэвтрүүлэг төрт ёсны ухамсартай ард түмний шийдвэрт нөлөөлөхгүй. Ард түмэн хэнийг сонгохоо аль хэдийн шийдчихсэн байгаа. Туйлын үнэнг хэлдэггүй юм гэхэд харьцангүй үнэнг ярьдаг байвал яасан юм бэ гэж хэлмээр байна. Хүний мууг хашгичаж ярих нь сурталчилгаа биш. Сайн сайхан чанарыг нь ярихаар сурталчилгаа болчихдогт гайхаж байна” гэсэн юм.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn