Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Б.Мөнхцэцэг: Өөрөө хүсч, зориглосон болохоор ухрах зам байгаагүй
Дуу хөгжим

Б.Мөнхцэцэг: Өөрөө хүсч, зориглосон болохоор ухрах зам байгаагүй

Урлаг Урлаг28/05/2013Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
munhtsetseg_siilberch-middle3148658432013-05-28-08-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
  Бороо шивэрсэн зуны орой “Сувд арт” галерейг зорив. Зураач, сийлбэрч Б.Мөнхцэцэг “Сийлбэрийн увидас” хэмээх гайхалтай үзэсгэлэнгээ тэнд дэлгэжээ. Галерейн хаалгаар ороход цоо шинэ өөр ертөнцөд ирсэн мэт. Цэцэг барьсан хүмүүс, хөөцөлдөн гүйх хүүхдүүд бужигнана. Монголдоо анхдагч болсон энэхүү үзэсгэлэн үндэсний бичиг, калиграфф, сийлбэр зэргийг нэгэн цогц бүтээл болгосноороо онцлог. Босго даваад хамгийн эхэнд “Хуланд” хэмээх бүтээл сонирхол татсан юм. Б.Мөнхцэцэг энэхүү бүтээлээ найрагч Ц.Хуланд зориулсан гэнэ. Бүсгүйн нэрийг монгол бичгээр бичин, модоор сийлбэрджээ. Гэхдээ зүгээр ч нэг нэрийг нь бичээд орхисонгүй. Үргэлж гоёдог бүрх малгайг нь хүртэл дүрсэлжээ. Цааш нь уншихад найрагч бүсгүйн нууцлаг төрхийг илтгэсэн мэт. Хүний сэтгэл, гадаад үзэмж, гоо үзэсгэлэнг уран бүтээлчийн нүдээр харж, монгол бичгээр, модоор сийлбэрдсэн гэхэд гайхмаар.

Үүний цаана “Эрч хүч” гэсэн цуврал гурван бүтээл байх. Өнгөц харахад ойлгомжгүй юм шиг ч сайн ажиглавал “Тэнгэр мэт”, “Аянга мэт”, “Далай мэт” хэмээн бичжээ. Эхний үгийн бичээс яг л тэнгэр, үүлийг дүрсэлж. Дараагийн үгээ аянга шиг, аянга цахилах мэт хурц, шийдэмгий бичжээ. Харин далай гэдэг үгийг уншихад давалгаа, түрлэг нүдэнд харагдахаар.

Гол танхим руу ороход “Замба тивийн наран”, “Үлэмжийн чанар”, “Цэрэнпэлжээ”, “Монгол Улс”, “Эхийн бодол” зэрэг бүтээлүүд нь өлгөөстэй. Уран бүтээлчийн хамгийн их хөлс хүч, ур ухааныг нь шавхсан бүтээл бол “Замба тивийн наран” “Уран бүтээлч бүхэн энэ сэдвийг хөнддөг. Харин би уудам дэлгэр эх орноо дүрслэхийг хүссэн. Монгол хүний ухаан хэзээ ч дундрашгүй гэсэн санааг шингээлээ” гэж ярив.

Энэхүү бүтээлд уудам дэлгэр тал, ургах улаан нарыг бэлгэджээ. “Эхийн бодол” бүтээлд эх хүнийг хэвлийдээ үртэй байгаагаар дүрсэлсэн байв. Бүсгүй хүн хэвлийдээ үрээ тээж байхдаа хамгийн үзэсгэлэнтэй амирлангуй харагддаг гэх.

Сийлбэрч бүсгүй маань бүтээлдээ зориулж шүлэг бичжээ. Тэрээр:
“Хөх огторгуйд мэндэлсэн
Хөх толботой үрс минь
Үлэмжийн төгс үрсийн минь
Үйлс нь арвин байг дээ хэмээжээ”

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр сийлбэрч Б.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Монголдоо анхдагч болсон сонирхолтой үзэсгэлэнг дэлгэжээ?
-Баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Миний анхны бие даасан үзэсгэлэн.

-Өмнө нь манайд ийм үзэсгэлэн гарч байгаагүй. Та энэ санааг хэзээ олсон бэ?
-Би 2004 оноос ээмэг, зүүлт, бугуйвч, түлхүүрийн оосор зэргийг захиалгаар урлаж эхэлсэн. Тэр үеэс л модоор, хуучин монгол үсгээр, уран бичээс урлах санаа төрсөн юм. Чимээгүйхэн бүтээлүүдээ хийж эхэлсэн. Одоо үр дүн нь гараад байна.

-Сийлбэрч гэхээр эрэгтэй хүн санаанд буудаг. Харин таныг хараад бахархах сэтгэл төрж байна?
-Эхэндээ шантрах үе гардаг байсан. Эмэгтэй хүн байж мод, хутга бариад л гар хуруугаа эсгэхээс эхлээд бэрхшээлтэй зүйлүүдтэй тулгарсан. Гэхдээ бууж өгье гэж бодоогүй. Ямар ч байсан ард нь гарна гэсэн зорилгыг өөртөө тавьсан. Өөрөө хүсч, зориглосон болохоор ухрах зам байгаагүй.

-Таны бүтээлүүдийг харахад эмэгтэй хүний торгон мэдрэмж, уран нарийн арга ухаан шингэсэн гэдэг нь харагдаж байна. Хэрвээ эрэгтэй хүн байсан бол эдгээр бүтээлүүд төрөх байсан болов уу?
-Магадгүй шүү. Би эрэгтэй хүн байсан бол ийм санаа надаас гарахгүй байх. Эмэгтэй хүн учраас бүсгүй хүний нарийн нандин сэтгэл, дүр төрхийг дүрслэхэд ойр, хялбар байдаг.

-Модоор бүтээл хийхэд хэр тэвчээр шаарддаг вэ?
-Тэвчээр гэхээсээ илүү мэдрэмж шаарддаг ажил. Сийлбэрч хүн нэг л буруу зүсэхэд тэр бүтээл юу ч биш болдог. Тэгэхээр маш нарийн ажиллагаа, ур ухаан шаарддаг.

-Нэг бүтээл хийхэд хэр хугацаа шаарддаг вэ?
-Бүтээл бүхэн харилцан адилгүй хугацаанд бүтдэг. Зарим нь хоромхон зуурт “төрдөг” бол зарим нь хэдэн сараар хүч хөдөлмөр сорж, өдрийн бодол, шөнийн зүүд болж байж бүтсэн бүтээлүүд ч бий.

Ч.Гантулга

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

28/07/2025
Гадаад мэдээ Урлаг

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025
Гадаад мэдээ Урлаг

YG энтертаймент “Netflix”-тэй хамтарна

25/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

28/07/2025

“Astronomer” компани шинэ сурталчилгаандаа “Coldplay” хамтлагийн дуучны экс гэргий Гвинет Пэлтроуг ашиглажээ

28/07/2025

Маршал Ю.Цэдэнбалын дурсгалын үзэсгэлэнг нээжээ

28/07/2025

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг “Ойрад” театрын гадаа сүндэрлүүллээ

28/07/2025

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы дараагийн уран бүтээл “Шалз” хэмээх нэртэй

28/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.