Энэ удаагийн ярилцлагаараа МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяртай хийсэн ярилцлагаа уншигчиддаа хүргэж байна.
Сурв: МҮОНТ-ийн гаралт муу байгаа гэсэн гомдол иргэдийн дунд яригдах боллоо. МҮОНТ-ийн захирлын хувьд энэ асуудал юунаас болж үүссэнийг тайлбарлахгүй юу?
Ч.Даваабаяр: Олон Нийтийн Телевиз маань үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, үзэгчдэд зориулсан нийгэм, эдийн засаг, урлаг соёл, хүүхэд, залуучуудад зориулсан мэдээ мэдээлэл, нийтлэл уран сайхан, танин мэдэхүй, хөгжөөнт цэнгээнт хөтөлбөр бэлтгэдэг. Эцэст нь үүнийгээ нийтийн хүртээл болгох нь бидний гол зорилго л доо. Ингэхдээ хараат бус байх үйл ажиллагаа, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэсэн, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэсэн, нийт үндэснийхээ эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтлан ажилладаг. Ийм ч хуультай. Сүүлийн үед МҮОНТ-ийн гаралт муу байгаа тухай гомдол, санал бидэнд ч их ирж байна. Уг нь энэ ажлыг төрийн мэдлийн “Радио, Телевизийн дамжуулах сүлжээ” УТҮГ хариуцан ажилладаг л даа. Бид нэвтрүүлгээ айл өрх бүрт чанартай хүргэх үүднээс нийслэл хотод газрын станц, харин хөдөө орон нутагт хиймэл дагуулаас хүлээн авч, дахин дамжуулах станцуудаар нэвтрүүлдэг. Гэвч нийслэл хот тэлсэн, барилгажилт эрчимжсэн, интернэт, үүрэн телефоны оператор, олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид олширсон гэх мэт олон шалтгаанаас давтамжийн нягтаршил ойртож, долгионы үелзэл ихэссэн. Үүнээс болж захын хорооллуудын айл өрх манай телевизийн нэвтрүүлгийг үзэж чаддаггүй, эсвэл гаралт муу байх зэрэг асуудал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуучин стандартаар анх тооцоолсон хүчин чадал нь одоо хүрэлцэхээ больсон гэсэн үг. Өмнө нь энэ дамжуулах байгууламж радио, телевизтэйгээ нэг байгууллага байсан. 2004 оноос тусгаарлагдаж, Сүлжээ” төрийн өмчит компани дээрх байгууламжийг хариуцах болсон. Гэтэл 2009 оноос Радио, Телевизийн дамжуулах “Сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газар гэж байгуулагдаж, зөвхөн радио, телевизийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах болсон. Ийм л учиртай юм. Тэгэхээр МҮОНТ-ийн уран бүтээлчид бид мэдээ мэдээлэл, нэвтрүүлгүүдээ бэлгэдэг. Харин цааш нь үзэгчдэд хүргэх асуудлыг “Сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газар хариуцан ажилладаг юм.
Сурв: Тэгэхээр дээрх асуудал үүсээд байгаа нь “Радио телевизийн сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын хариуцлагагүйгээс болсон хэрэг үү?
Ч.Даваабаяр: “Сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрын техник тоног төхөөрөмж нь аль улсын, ямар “брэнд”, тэр нь хэдэн жил ашиглагдаж байгаа, засвар үйлчилгээ нь хир зэрэг хийгдсэн байдаг тухай ярих хэрэгтэй болно. Тухаййн үед тендерээр шийдэгдсэн асуудал. Харин ашиглалт, засвар үйлчилгээний тухайд Радио, телевизийн дамжуулах “Сүлжээ төрийн өмчит үйлдвэрийн газар хариуцаж ирсэн. Суваг ашиглалтын төлбөрийг манайхаар дамжуулж авдаг байсан үед буюу 2009 он хүртэл санхүүгээрээ бид энэ асуудалд оролцож, санхүүжилтийн хэмжээгээр цаг тухайн үед нь засвар үйлчилгээ хийдэг, хянадаг байсан.
Сурв: Анх дамжуулах станц ямар хүчин чадалтай байсан юм бэ?
Ч.Даваабаяр: Дамжуулах станцын хүчин чадлыг анх тооцоолохдоо тухайн үеийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэр хэдэн км-ийн радиустай байх вэ гэдгийг тооцоолсон байдаг. Өнөөг хүртэл тэр тооцооны дагуу суурилуулсан 5 квт-ын станцаар дамжуулсаар л байна. 1967 онд анх ашиглалтад орсон дамжуулах станцыг хамгийн сүүлд 2008 онд шинэчилсэн байдаг. Хэдийгээр шинэчилсэн ч хүчин чадлынх нь хэмжээ өмнөхтэйгээ адил 5квт-ынх хэвээрээ л байгаа. Гэтэл нийслэл хот маань энэ хугацаанд хичнээн их өргөжин тэлэв, хичнээн олон барилга байшин баригдав, хүн ам маань хичнээн өсөв? Түүнээс гадна өнөөдөр нийслэлд 27 богино долгионы радио станц ажиллаж, 17 өргөн нэвтрүүлгийн телевиз, мөн олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид агаарын долгионыг ашиглаж байна. Энэ мэтчилэн шалтгаанаас болоод манай телевиз зарим газар муу гарах, бүр гарахгүй байгаа ч тохиолдол байна. Сая л гэхэд дөрвөн газрын хамтарсан шалгалтаар Хан-Уул дүүргийн “Өлзийт” хороололд цахилгааны шалтгаанаас болж дамжуулах станц ажиллахгүй байсан. Нэг үзэгч, нэг сонсогчоо алдана гэдэг бидний санааг зовоож байгаа гол зүйл. Нөгөөтэйгүүр уран бүтээлчид маань цаг наргүй ажиллаж бүтээсэн уран бүтээлээ үзэгчдэд хүргэж чадахгүй байна гэдэг бол үнэхээр харамсалтай.
Сурв: Танай байгууллагын зүгээс мэдээж өнөөдрийг хүртэл энэ асуудлыг зүгээр хараад суугаагүй л байх..?
Ч.Даваабаяр: МҮОНТ төр, олон нийтийг холбодог гүүр. Энэ ч утгаараа айл өрх бүрт хүрч байх ёстой. Тиймээс Олон Нийтийн Телевиз бүх аймаг, сумдад гарч байгаа эсэхийг, мөн дуу, дүрс нь ямар байгааг мэдээлдэг телевизийн салбар, тасагтай. Манай “Олон нийттэй харилцах алба” үзэгчдийн санал, хүсэлтийг хүлээж авдаг. Радио, телевизийн “Сүлжээ” улсын үйлдвэрийн газартай хамтарч бид ямар чанартай дүрс өгч байна вэ гэдгийг шалгаж, хэмжиж ирсэн. Манай телевиз хаана гарахгүй байна, хаана муу гарч байна гэдэг талаар албан бичгийг энэ байгууллага руу сар бүр явуулдаг. Тэр болгонд засвар хийсэн тухай хариу ирдэг. Гэвч энэ асуудал сайжрахгүй байсаар өнөөг хүрсэн. Яг одоо үүсээд байгаа гол бэрхшээл бол нэвтрүүлэг нь нэг тусдаа, дамжуулах байгууламж нь нэг тусдаа, хоорондоо харилцан уялдаагүй, нэгдсэн зохион байгуулалтгүй байгаа нь харагддаг.
Сурв: МҮОНТ-ийг дамжуулдаг хэдэн станц байдаг юм бол? Бүгдээрээ хэвийн ажиллаж чаддаг уу?
Ч.Даваабаяр: МҮОНРТ-ийн “Үндэсний Зөвлөл”-ийн ээлжит хурлын шийдвэрээр Ш.Батцэцэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг бүх орон нутагт ажиллаж, газар дээр нь хэмжилт шалгалт хийхээр болсон. Ер нь бол нийслэл хотын эргэн тойронд найман дамжуулах станц байдаг. 2007 онд бүх сумын дамжуулах станцыг шинэчилсэн. Гэвч одоо гаралт муу болоод байна. Ингээд нийт 371 станц улс орон даяар МҮОНТ-ийн өргөн нэвтрүүлгийг цацдаг. Одоогийн байдлаар эдгээр станцыг хэмжих хэмжилтийн баг “Харилцаа Холбооны Зохицуулах Хороо”-ноос гарсан удирдамжийн дагуу “Радио, телевизийн дамжуулах сүлжээ” төрийн өмчит компани, “Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газар”, “Харилцаа холбооны зохицуулах хороо”, МҮОНРТ гэсэн 4 байгууллагаас мэргэжлийн инженерүүд томилогдож, хэмжилтийн ажил эхэлсэн байгаа. Сүүлийн арваад жил мэргэжлийн байгууллагууд ингэж хамтарч хэмжилт хийж байгаагүй. Энэ хэмжилтийн дүн тун удахгүй гарна.
Сурв: Ингэж танай телевиз чанаргүй гарснаараа “МҮОНРТ-ийн тухай”, “Радио долгионы тухай”, “Харилцаа холбооны тухай”, “Мэдээллийн ил тод байдал болон мэдээлэл олж авах эрхийн тухай” хууль зөрчигдөөд байгаа юм биш үү?
Ч.Даваабаяр: Хууль зөрчигдлөө гэж ярихаасаа илүү телевизийн өргөн нэвтрүүлгийн тухай хуультай болох нь чухал. Жишээлбэл, бусад улс оронд бол “Broadcasting law’’ гээд өргөн нэвтрүүлгийн хууль байдаг. Манайд энэ хуулийг ойрын үед баталж, мөрдөх хэрэгтэй гэж боддог. Ийм хууль боловсруулж батлахад ашиглалтын байгууллагууд болох “Радио телевизийн сүлжээний газар”, “Харилцаа Холбооны Зохицуулах Хороо” голлох үүрэг гүйцэтгэх ёстой.
Сурв: Хэмжилтийн дүн гараад ирэхээр энэ бүхэн хэрхэн шийдвэрлэгдэх бол?
Ч.Даваабаяр: Ер нь үүсээд байгаа нөхцөл байдалд дан ганц “Телевиз, радиогийн дамжуулах сүлжээ” улсын төсөвт үйлдвэрийн газрыг буруутгах биш, мэргэжлийн байгууллагууд хамтдаа зөв гарц олж, алдаа дутагдлаа залруулж, Монгол улсын Радио, телевизийн салбарыг богино хугацаанд хөгжлийн шинэ түвшинд гаргах хэрэгтэй байна.
Сурв: Цаашид МҮОНТ-д хийгдэх шинэчлэлийн талаар ярихгүй юү?
Ч:Даваабаяр: Аль ч улс орны үндэсний телевиз 24 цагаар нэвтрүүлгээ бэлтгэн цацдаг. 2014 оноос бид орон даяар эфирээ тасралтгүй 24 цагаар цацах зорилт тавин ажиллаж байна. Бид туршилт болгож, Сар шинийн баяраар 3 хоног, 96 цаг тасралтгүй эфирээ цацсан. Мөн одоо Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ч ингэж ажиллана. Цаашид бид дээрх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд техникийн шинэчлэл хийж, богино хугацаанд HD форматад шилжин, одоо байгаа “Алтан сан” хөмрөгөө тоон технологид хөрвүүлэх шаардлагатай байгаа юм. Үүнтэй холбоотойгоор уран бүтээлчид, ажилтнуудаа дотоод, гадаадын сургалтанд хамруулж эхлээд байна. Бид HD систем рүү шилжих бэлтгэл ажлаа нилээд сайн базааж байгаа. Засгийн Газрын хөтөлбөрийн дагуу 2014 оны 7 сарын 31-нд тоон системд шилжинэ.
Сурв: МҮОНТ шинэчлэл хийхтэй холбоотойгоор хөрөнгө мөнгө, санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг уу?
Ч:Даваабаяр: 2007 онд “150-ын студи”, 2009 онд “600-гийн их студи”-д шинэчлэл хийсэн. 2012 онд 4 тэрбум 20 сая төгрөгний төсвийн хөрөнгө оруулалт батлагдсан. Гэвч одоо болтол төсвийн мөнгө орж ирээгүй л байгаа. Мөн МҮОНТ-ийг HD формат руу шилжихэд шаардлагатай техник тоног төхөөрөмж, архивын материалуудыг тоон системд шилжүүлэх техникийн тендер зарлагдсан. Гэтэл яг одоо телевизийн-2, радиогийн-1 нийт гурван тендер зогсчихоод байна. Эдгээр тендерийн хурал удаа дараалан хойшлогдсон. Гэтэл үүнээс болж, бид энэ ондоо багтаж, HD формат руу шилжиж чадахгүйд хүрээд байна. Одоо айлууд ‘’Wide screen” буюу HD сувгийн зурагттай болчихсон байхад манай телевизийн нэвтрүүлэг тэр зурагтаар нь тааруухан гарч байгаа. Хэрвээ HD формат руу шилжчихвэл сайхан л байна. 1980-аад оны эхээр өнгөт зурагт үздэг болоход үзэгчид хар, цагаан зурагт үзсэнээс өнгөтийг үзэхийг хүсдэг байсан. HD рүү шилжинэ гэдэг нь үүнтэй л адил зүйл.
Сурв: Тендер шалгарахгүй хойшлогдоод байгаа гол шалтгаан юу вэ?
Ч.Даваабаяр: “Тендерт оролцож байгаа хуулийн этгээдүүд тендерийн шаардлага хангасан материал ирүүлээгүй” гэсэн ганц хариулт хэлж байгаа. Тэр нь их энгийн бас сонин. Жишээ нь, нэг компани 7 сарын 3-ныг хүртэл тендерийн баталгаа ирүүлсэн байгаа юм. Гэтэл тендерийн шаардлага болохоор 3-ныг дуустал гэж байгаа. Ингээд л ганцхан үгийн алдаанаас болоод тухайн компани тендер авах эрхгүй болчихсон. Дараагийн тендерийн компани болохоор хоёр хүснэгт явуулах ёстой байтал нэг хүснэгт болгоод явуулчихсан гэсэн. Иймэрхүү жижиг асуудлаас болоод тендер шалгарахгүй удаж байна. Өнөөдөр бид хальс хэрэглэж байна. Хальсаа оруулах гэж 60 минут болдог. Гэтэл орчин үеийн дэвшилтэт технологи, ухаалаг төхөөрөмжүүдийг ашигласнаар 6-хан минутад дүрсээ оруулдаг болчихоод байна. Хэн түргэн, шуурхай, чанартай юм хийж чадна тэр л өрсөлдөөн дундаас ялгарч чадна шүү дээ.