Удахгүй болох эх, үрсийн баярыг угтаж хүүхэд багачуудыг баярлуулахаар хошин урлагийн продакшн, байгууллагууд хүүхдийн жүжиг тавихаар дор бүрнээ бэлтгэлээ базааж байгаа. “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид хүүхэд багачуудын унших дуртай “Динза болон тэдний найзуудад тохиолдсон адал явдал” котикс номноос сэдэвлэсэн “Динза, Цондоолой ба харь гаригийнхан” хүүхдийн жүжгийг тайзнаа тавихад бэлэн болжээ. Энэхүү жүжгийн гол дүр Цондоолой охинд залуу жүжигчин О.Дөлгөөн тоглож байгаа юм. Түүнтэй шинэ уран бүтээл , цаашид хийхээр төлөвлөсөн ажил зэргийг асууж сонирхсон юм.
-Танайхан яагаад заавал комикс номыг тайзны бүтээл болгохоор шийдсэн юм бэ. Хүүхдийн жүжгийн зохиол ховор байв уу?
-Манай театрын уран бүтээлчдэд “Ирмүүн” агентлагаас хамтарч ажиллах санал тавьсан юм. Удахгүй хүүхдийн баяр болох гэж байгаа учраас бид ч гэсэн энэ саналыг дуртай хүлээж аваад “Динза, Цондоолой ба харь гаригийнхан” жүжгээ тайзнаа тавихаар бэлтгэлээ хийж байна. Жүжгийн бэлтгэл ер нь хангагдчихсан одоо илүү чанаржуулахаар сургуулилалтаа өдөр бүр хийж байна.
-Уг жүжиг бусад тайзны бүтээлээс юугаараа онцлогтой болох вэ?
-Бид жүжгээ тайзан дээр тоглох учраас мэдээж үзэгч хүүхдүүдтэйгээ илүү амьд харилцаа үүсгэж тоглоно. Үүнээс гадна зөвхөн бид тоглоод байх биш, зарим үйл явдлыг харуулсан дүрс бичлэг оруулж байгаа гээд олон сонирхолтой зүйл бэлтгэсэн.
-Хүүхэд багачууд “Динза ба Цондоолой” комикс номын цувралд их дуртай. Тэр утгаараа ч өмнөх үйл явдлыг бүгдийг нь сайн мэдэж байгаа байх. Харин танай жүжигт ямар үйл явдал үргэлжлэх вэ?
-Цондоолой охин найз Жижгээтэй фейсбүүкээр харилцаж байгаад мэдээллээ харь гаригийнханд алдана. Байгаль нь устаж үгүй болсон харь гаригийнхан шинэ гариг оллоо хэмээн манай дэлхийг эзлэхээр шийддэг үйл явдал жүжигт гарна. Ер нь сүүлийн үед хүүхдүүд компьютер тоглоомонд донтох нь олширчээ. Ингэж донтож тоглох нь ямар сөрөг үр дагавартай вэ. Мөн байгаль дэлхийгээ хайрлахгүй бол устаж үгүй болж байна шүү зэрэг олон зүйлийг жүжгээрээ дамжуулан ойлгуулахыг зорьж байна. Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдүүддээ “Компьютер яасан их тоглодог юм бэ” гэж олон удаа хэлэхээр зарим хүүхэд хүлээж авдаггүй шүү дээ. Харин хүүхдийнхээ дуртай жүжгээр дамжуулаад ойлгохгүй байгаа зүйлийг нь ойлгуулбал загнаснаас илүү үр өгөөжтэй болов уу гэж бодож байна.
-Аливаа дүрийг бүтээхийн тулд эхлээд судлах шаардлагатай байх?
-Цондоолой бол 12 настай их сэргэлэн цовоо, ухаантай охин. Энэ дүрд тоглохоор сонгогдоод комикс номын цувралыг уншсан дүү нараасаа асууж судалсан. Өөрөө ч бас уншсан. Бид жүжгийн бэлтгэлдээ тавдугаар сарын эхээр орсон. Өнгөрсөн хугацаанд найруулагч, мөн ах нараасаа олон зүйл сурч мэдэж авч байна. Найруулагчаар, бүжиг дэглээч Г.Ган- Очир ах ажиллаж байгаа.
-Дүрийн сонголтыг найруулагч хийсэн үү?
-Тийм ээ, энэ удаад залуу жүжигчид жүжгийн гол дүрд тоглож байгаа. Миний хувьд овор багатай харагддаг болохоор 12 настай Цондоолой охины дүрд тохирно гэж үзсэн байх. Ер нь намайг биеийн тамирын хослол, намхан ултай гутал өмсөөд явахаар чацуу хүмүүс “Эгчийн дүү” л гэж яриад байдаг юм. Бусад хүмүүст ч гэсэн овор багатай харагддаг юм шиг байна билээ.
-Энэ нь “Мөрөөдлийн театр”-ын анхны хүүхдийн жүжиг үү. Цондоолой таны хэд дэх дүр вэ?
-Үгүй, бид хамгийн анх “Их ид шидтэн” хүүхдийн жүжгийг тайзнаа тавьж байсан. “Динза, Цондоолой ба харь гаригийнхан” жүжиг бол “Мөрөөдлийн театр”-ын хүүхдэд зориулсан гурав дахь жүжиг. Миний хувьд Цондоолой тайзны зургаа дахь дүр болж байгаа.
-”Их ид шидтэн” жүжигт ямар дүрд тоглож байсан бэ?
-Цондоолойтой адилхан 10 гаруй настай охины дүрд тоглож байсан. Би ер нь хүүхдийн жүжигт тоглох их дуртай. Жаахан охины дүр надад их ойрхон санагддаг. Нэг л тааламжтай, эерэг сэтгэгдэл төрүүлээд байдаг юм. Өмнө нь хүүхдийн зохиолч Хишигзаяа багш маань “Хүүхдийн жүжиг гээд тэднийг хуурч, худлаа тоглож болохгүй. Хүүхдүүд тэр бүгдийг анзаарч хардаг.Хэн нь худлаа жүжиглэж байнаг хэн нь үнэн сэтгэлээсээ тоглож байна гэдгийг мэддэг учраас чин сэтгэлээсээ тоглох хэрэгтэй. Хамгийн мэдрэмтгий үзэгч хүүхдүүд байдаг гэж хэлж байсан. Тиймээс дүрээ сайн гаргахыг хичээж байна.
-Саяхан хөдөө орон нутгаар аялан тоглолт хийгээд ирсэн гэсэн. Хаагуур тоглоод ирэв?
-”Мөрөөдлийн театр” маань байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд бид хөдөө орон нутгийн үзэгчдэдээ өөрсдийгөө танилцуулах гэж шинэ жүжиг бүрийнхээ дараа аялан тоглолтоор явж байсан. Ер нь 21 аймгаа бүтэн тойрч, тоглолтоо хийсэн. Эхлээд говийн аймгуудаар аялан тоглолтоо хийсэн. Дараа нь зүүн аймгуудад очсон, Харин сая нэг сар гаруйн хугацаатай баруун аймгуудаар яваад ирсэн. Хөдөө орон нутгийн үзэгчид соёлтой, сайхан хүлээж авдаг.
-”Мөрөөдлийн театр”-ын хувьд хүүхдийн жүжгийнхээ дараа ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байгаа вэ?
-Хүүхдийн жүжгийн дараа манайхан дэлгэцийн уран бүтээл хийж магадгүй. Гэхдээ яг одоогоор ямар зохиолоор, хэзээнээс хийж эхлэх талаар яриагуй байна. Хэрвээ кино хийхээ хойшлуулбал хоёр сар гаруй амраад наймдугаар сараас ажилдаа орох байх.
-Кинонд тоглооч гэсэн санал ирж байна уу?
-Киноны гурван санал ирсэн. Гэхдээ зохиолтой нь хараахан танилцаагүй байгаа. Юуны өмнө Цондоолойгийн дүрдээ сайн тоглохыг хүсч байна. Үүний дараа дэлгэцийн бүтээлд тоглох үгүйгээ шийднэ.
-Кинонд тоглохоор болбол ямар дүр сонгохыг хүсч байна вэ?
-Жүжигчин хүн дүр голох эрхгүй гэж ярьдаг шүү дээ. Энэ ч утгаараа өөрийн хэмжээндээ гаргаж чадах, найруулагчийн өгсөн дүрд л тоглох байх. Гэхдээ надад хорон санаатай, муу талын нь ихэвчлэн эерэг дүрд тоглож байсан болохоор яагаад ч юм муу талын дурд тоглохыг хүсдэг. Гэхдээ миний царайнд муу талын дүр зохихгүй юм шиг байна билээ. Оюутан байхдаа нэг жужигт эсрэг талын дүрд тоглож байсан. Тэгээд надаас болоод тэр жүжиг хасагдчихсан. Түүнээс хойш муу санаатны дүр надад тохирохгүй нь гэж бодох болсон.
–Нээрээ таны найз залуугийн зураг сайтуудаар тавигдсан байсан. Та харсан уу?
-Өө тийм байна уу, би ерөөсөө хараагүй.
-Хүмүүс бас сэтгэгдэл бичсэн байсан. Түүнийг ч гэсэн уншаагүй юу. Ер нь сайтууд дээр өөрийнхөө тухай мэдээ гарахад хэрхэн хулээж авдаг вэ?
-Уншаагүй ээ, яг үнэндээ би мэдээний дор бичсэн хумүүсийн сэтгэгдлийг унших дургүй. Их муухайгаар хэлсэн байдаг юм билээ. Хамгийн анх “Амьдралд тавтай морил” олон ангит кинонд тоглож байх үед миний тухай мэдээ сайтад гарчихсан байдаг байсан. Тэр үед “Пөөх, миний тухайн мэдээ гарчихсан байна. Энэ хар даа” гээд л хөөрөөд уншдаг байсан. Тэгээд Google.com руу ороод Дөлгөөн гээд бичихээр зураг, мэдээ гарч ирэхээр баярладаг байв. Харин мэдээний доорх сэтгэгдлийг уншихад их муухайгаар бичсэн байсан. Би заримдаа ойлгодоггуй юм. Тэгж муулж бичээд байгаа хүмүүст би ямар гэм хийсэн юм бол гэж боддог байлаа. Тэгсэн нэг найз минь намайг тайвшруулж “Энэ хүмүүс чиний зургийг хараад чамд цаг зав, нерв гээд бүхнээ зориулаад сэтгэгдэл бичсэн болохоор чи хүмүүсийн анхаарлыг нь татаж байна гэсэн үг. Харин ч баярлах ёстой” гэсэн. Түүнээс хойш хүмүүсийн сэтгэгдэл уншихаа больсон. Гэхдээ ганцхан би ч гэлтгүй урлагийн олон эмэгтэйг маш муухайгаар доромжилж бичээд байдаг нь надад ерөөсөө таалагдаггүй. Хаанаасаа ч тийм худлаа мэдээлэл сонсч, бичдэг юм бүү мэд. Намайг саяхан дээвэр нь онгойдог “Бенз” унуулчихсан байсан шүү. Гэхдээ намайг мууллаа гээд сэтгэлээр унаад байдаггүй.
-Найз залуугаа танилцуулахгүй юм уу. Нүдэнд дулаахан залуу байна гэж хүмүүс бичсэн байсан?
-Дэмий байх аа. Ямар ч байсан бид бие биедээ хайртай.
-Таны хувьд ирээдүйн нөхрөө ямар зан чанартай байгаасай гэж хүсдэг вэ?
-Сайхан сэтгэлтэй, хүн чанартай, ухаалаг, урлагийн хүнийг ойлгодог байгаасай гэж хүсдэг. Миний хувьд магадгүй хоёр юм уу, гурван жилийн өмнө энэ асуултыг асуусан бол цэвэрхэн, боловсролтой байгаасай гэж хүсдэг гэж хариулах байсан болов уу. Харин одоо бол надад хүн чанартай нь л зөв хүн шиг санагддаг болсон. Магадгүй гурван жилийн дараа энэ асуултыг асуувал бас л хариулт нь өөрчлөгдсөн байх болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл нас нэмэх тусмаа их зүйлийг ойлгож, мэдэж авдаг шүу дээ.
-Тэгвэл одоогийн найз залууд тань энэ шинж чанарууд байгаа болов уу?
-Тиймээ, найз залуу минь хүн чанартай, их ухаалаг хүн байдаг.
-Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа
Б.Марал-Эрдэнэ
ЭХ СУРВАЛЖ:ӨДРИЙН ШУУДАН