Маргааш хүүхэд бүхний хүсэн хүлээдэг баярын өдөр.Тунгалаг нүдтэй тун ч гэгээн мөрөөдөлтэй багачууд энэ өдөр эрх чөлөөгөө эдлэн ээж аавдаа эрхлэн жаргана. Хүүхдэд зориулсан тоглоом наадгай, уралдаан тэмцээн баярын жагсаал, бэлэг гээд түмэн зүйлд хөл хөөр болон инээд баясал цалгиан гүйлдэнэ.
Ирээдүй үедээ бид хэрхэн анхаарч байна гэдэг талаар энэ өдөр томчууд бодож дүгнэн цэгнэх өдөр. Энэ жил манай улс хүүхдийн баярыг “ Ногоог дэлхий гэр бүлээс эхтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах болсон түүхэн товчоог сонирхон үзвэл: 1924 онд “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдсан байна. Энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм. Үүний дараа 1959 онд 11-р сарын 20- ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан. Энэхүү тунхаглалыг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна.
Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чадсан юм. Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 08-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй.
Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд тав дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны тавдугаар сарын 8-нд батлан гаргасан бөгөөд зургаадугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. 2002 онд “Хүүхдийн төлөө За гэж хэлье” дэлхий нийтийн хөдөлгөөнийг эхлүүлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүүхдийн асуудлаарх Тусгай чуулган тавдугаар сарын 8-ны өдөр хуралдсан бол Монгол улс 2002 оны Зургаадугаар сарын 1-нд үндэсний кампанит ажлаа орон даяар зохион байгуулжээ.
Үүний үр дүнд Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний арван жилийн Хөтөлбөрийг /2002-2010/ Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн баталж, хэрэгжүүлсэн юм. Монгол улс жил бүрийн зуны сарын эхэн буюу зургаадугаар сарын нэгнийг Хүүхдийн баярын өдөр болгон 1952 оны тэртээгээс тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг.
Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм. Өнгөрсөн 1952 оны түүхэнд зургаадугаар сарын 1-нийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон ба иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн.
А.Байгалмаа