“Номин талст” хамтлагийн дуучин Т.Хангэрэл буюу Хаазаа Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Харьяатын хэлтсийн даргын алба хашиж буй. Урлагийн ертөнцөд өнгө нэмж явсан тэрбээр өдгөө огт өөр салбарт хүчин зүтгэж, төрийн албан хаагч болсон. Хаазаа ГИХАЭГ-т гадаадын иргэдэд үрчлүүлж буй хүүхдүүдийн асуудлыг голчлон хариуцдаг байна. Түүнтэй уулзаж гадаадын иргэдэд үрчлүүлж байгаа хүүхдүүд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, хоёрдмол харьяалалтай иргэдийн асуудлаар ярилцлаа.
-Харьяатын хэлтсийн даргаар томилогдоод хэр удаж байна вэ. Танай хэлтэс ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?
-Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Харьяатын хэлтэс нь үндсэн дөрвөн чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Цагаач иргэд, иргэний харьяалал, харьяат болох буюу харьяатаас гарах, орох, гадаад улсад төвтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага мөн хүүхэд үрчлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Би энэ оны эхээр томилогдсон.
-Албан ажлаас тань гадна асуухгүй байхын аргагүй нэг зүйл байна. Таныг төрийн алба, хамтлагийн ажлыг хослуулж байгаа гэж ойлгож болох уу?
-Би бүхий л анхаарлаа ажилдаа хандуулж, цаг заваа ажилдаа зарцуулж байгаа. Урлагаа бүрмөсөн орхисон гэж болно.
-Тэгэхээр дахиж дуулахгүй гэсэн үг үү?
-Ойрын хэдэн жилийн төлөвлөгөөнд тийм бодол алга байна.
-Тэгэхээр таны шинэ албаны талаар сонирхож болох уу. Монгол Улсын иргэн хүүхдийг гадаадын иргэдэд хэрхэн үрчлүүлдэг юм бэ?
-Герман улсын гэр бүл Монгол Улсын хүүхдийг үрчилж авах гэж байгаа бол Герман улсын харьяатын байгууллагад судлагдсан байдаг. Тухайн улсдаа судлагдсан гэр бүл манай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд ханддаг. Яамнаас улсын асрамжинд байгаа болон хаягдсан хүүхдийг судалж, өргүүлэх боломжтой эсэхийг дүгнэдэг. Ингээд дүгнэлтийг үндэслэж, гадаадын гэр бүлд санал болгоно. Тэгээд манай хэлтсээс гэр бүл болон хүүхдийг уулзуулдаг юм. Эцэст нь хүүхдийг үрчлүүлэх эсэх дүгнэлтийг манайх гаргадаг.
-Хүүхэд үрчлэх эцэг эхэд ямар шаардлага тавьдаг вэ?
-Гаагийн конвенцид зааснаар хүүхэд үрчлэх эцэг эхчүүд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, амьжиргааны эх үүсвэртэй, тогтвор суурьшилтай, зан араншин, нийгмийн гарал үүсэл сайн байх ёстой. Мөн 60-аас дээш насны болон ганц бие эрэгтэйчүүдэд хүүхэд үрчлүүлдэггүй.
-Хүүхэд үрчлэгдмэгцээ тухайн улсын харьяат болох уу?
-Үгүй. Тухайн хүүхдийг 16 нас хүртэл Монгол Улсын иргэний харьяат байлгана. Харин 16 нас хүрсний дараа тухайн хүүхэд аль улсын харьяаат байхаа өөрөө шийдэж, сонгодог.
-Жилд хэчнээн хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлдэг вэ?
-Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсаас 13 хүүхэд үрчлэгдсэн. Энэ онд нэг ч хүүхэд үрчлэгдээгүй. Голдуу АНУ-ын иргэд Монголоос хүүхэд үрчлэн авах сонирхолтой байдаг.
-Гадаадын иргэд ямар шалтгаанаар Монголоос хүүхэд үрчилж авдаг юм бол?
-Миний бодлоор зөвхөн Монгол Улсыг сонгож, монгол хүнийг ихэд судалсан байж болно.
-Үрчлүүлсэн хүүхдүүдийг хэрхэн амьдарч байгаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг эсэхийг хэрхэн шалгадаг вэ?
-Гадаадын иргэдэд үрчлүүлсэн хүүхдүүдийг хэрхэн амьдарч, өсч хүмүүжиж байгаа тухай тайлан мэдээг жил бүр авдаг. Жил бүр хяналт тавьж, холбоо тогтоодог. Нууц дэлгэхэд, гадаад улсад төвтэй Монгол Улсаас хүүхэд үрчилж авч байгаа байгууллагыг сонгож, гадаадад үрчлүүлсэн хүүхдүүдийг эргэж очих ажлыг зохион байгуулах гэж байгаа. Хүүхдийн зурган дээрээс ямар байгаа нь харагддаг. Бусад үед яаж байгааг хянах боломжгүй. Тухайн гэр бүл ямар вэ гэдгийг судалсан, итгэсэн учраас хүүхэд үрчлүүлдэг.
-Гадаадын иргэдэд үрчлэгдсэн хүүхдүүдийг эд эрхтний наймаа болон хүний наймааны золиос болдог гэсэн яриа байдаг?
-Энэ талаар хүмүүс мэдлэггүй учраас шууд ийм ярианд хүргэдэг. Манай байгууллага хяналтыг маш сайн хийж байгаа.
-Өнөөдрийг хүртэл гадаадад үрчлүүлсэн хүүхдүүд гэмт хэрэгт холбогдсон тохиолдол гарсан уу?
-Тийм тохиолдол гараагүй.
-Монгол Улсын иргэд гадаадын хүүхдийг үрчилж байсан тохиолдол бий юу?
-Тийм тохиолдлыг мэдэхгүй байна. Ер нь гадаадаас хүүхэд үрчлэх боломжтой.
-Хоёрдмол харьяаллын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Хоёрдмол хараяаллын хувьд ихэнх тохиолдолд казах иргэдэд тохиолдож байгаа. 1991 оноос хойш казах иргэд Казахстанд хөдөлмөрийн гэрээгээр явсан. Энэ үед Казахстаны зүгээс казах иргэдийг өөрийн орны харьяалалтай болсон тохиолдолд мөнгө өгч эхэлсэн юм. Одоо ч Казахстаны иргэн болсон хүмүүс байдаг. Гэхдээ ихэнх нь эргээд ирсэн. Энэ нь эргээд гэмт бүлэглэлийн золиос болох сөрөг хандлагатай байсан. Тухайлбал, хүмүүсийн бичиг баримтыг авч харьяатыг өөрчилдөг. Өөрөө ч мэдэхгүй хоёрдмол харьяалал үүссэн тохиолдол байгаа.
-Казахстан улсын харьяат болсон хүнийг Монголын харьяатаас хасах уу?
– Монгол Улсын харьяатаас гаралгүй Казахстаны харьяат болсон тохиолдол байдаг. Энэ тохиолдолд Казахстан улсын Ерөнхийлөгчөөс нэрсийн дарааллыг бидэнд илгээдэг. Үүнийг үндэслэж Монгол Улсын харьяатаас гаргадаг. Тэрнээс биш бид харьяатаас шууд гаргахгүй.
-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын төрийн бус байгууллагууд танайхаар дамжин орж ирдэг. Танай байгуулага бас хяналт тавьдаг уу?
-Манайхаас төрийн бус, ашгийн бус гэдэг тал дээр хяналт тавьж ажилладаг. Өрхийн аж ахуйг дэмжих, малжуулах буюу мал түрээслэх шинэ томъёо гарч ирсэн. Монгол судлал, гадаадын оюутнуудыг эрдэм шинжилгээний ажил хийлгэх гэж авчирдаг, санхүүгийн эх үүсвэр гадаадаас гаргадаг хүүхдийн асрамжийн газар байна. Ашгийн бус байгууллагадын өнгөрсөн оны санхүүжилт бүрийг үзэж, хяналт тавьдаг. Энэ бүгдийг үзэж цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх эсэхийг шийддэг. Өнөөдрийн байдлаар шинээр нээгдсэн байгууллага алга байна.