Дуучин Б.Мөнхбаярыг нийтийн дуу сонирхогч бүхэн андахгүй биз ээ. Түүнийг уран бүтээлээ сонгож дуулах сонголт, хоолойн өнгө аяс бусдаас арай л өвөрмөц юм шиг санагддаг. Ингээд дуучин Б.Мөнхбаяртай хэдэн хором хөөрөлдлөө.
-Нэг үеэ бодвол зохиолын дуу зогсчихсон юм шиг санагддаг. Энэ талаарх таны бодлыг сонсмоор байна?
-Сүүлийн арав гаруй жил зохиолын дуу дуулах гэж хүмүүс их хошуурах болсон. Ингээд бодохоор зогсчихсон гэж хэлж болохгүй байх. Ер нь аливаа нийгэмд уран бүтээл, сайн уран бүтээлчид байснаар хүмүүс сайн сайхан уруу тэмүүлдэг шүү дээ. Одоо ч нийтийн дуучид дуугаа дуулсаар л байна. Нэг үеэ бодоход чанартай уран бүтээл хийхээр олон хүн тэмүүлж буй болохоор зохиолын дуу дуулж буй дуучид цөөрчихсөн юм шиг санагдаж байж болох юм. Нөгөө талаараа нийтийн дууны утга агуулга, хөгжим найруулга маш их шинэчлэгдэж байгаа.
-Дуучин яруу найрагч, хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг олонд түгээж байгаагийнхаа төлөө мөнгө төлдөг болмоор юм шиг санагддаг?
-Үнэхээр яруу найрагч эсвэл хөгжмийн зохиолч байхгүй бол хэн ч дуучин болж чадахгүй. Гэхдээ өнөөгийн дуучид уран бүтээлчдэдээ мөнгө төлөөд байх хөрөнгөгүй шүү дээ. Нөгөө талаар хамтарч уран бүтээл хийж буй хүмүүс маань ч биднээс тэгтэл их мөнгө нэхээд байдаггүй. Хамгийн гол нь сайн уран бүтээлтэй болохыг л хэн хэн маань боддог.
-Хайрын дуу өөрийн чинь уран бүтээлд зохилдгийн учир юу вэ?
-Би хайраас төрж, хайраар хайрлуулж, хайраар төгсөх тавилан дунд амьдарч байгаа шүү дээ. Нэг талаараа залуу настай холбоотой байх. Нөгөө талаар хайр бол орчлонг зовлонгоос салгаж чаддаг далд хүч юм шиг санагддаг. Хайртай хүнтэйгээ хамт байгаа хүн хэзээ ч айдаггүй биз дээ.
-Өөрийг чинь хашааны орилоо гэж дууддаг байсан гэж сонссон юм байна?
-Би хүүхэд байхдаа хашаандаа их дуулдаг хүүхэд байсан юм. Тэгээд л манай хөршийнхөн “хашааны орилоо” гэх нэрийг анх гаргаж ирсэн байх. Гэхдээ галзуу амьтан шиг учир зүггүй орилохгүй. Маш их дуулдаг хүүхэд байсан.
-Аль нутгийнх билээ?
-Архангай аймгийн Тариат сумаар овоглож явдаг. Миний ээжийн нутаг. Аав маань хотод төрсөн юм билээ. Уг нь Увс аймгийн уугуул.
-Баяр ёслол дөхөхөөр уран бүтээлч хүн гэртээ тогтдоггүй гэдэг. Өөрийн чинь хувьд?
-Тэр үнэн. Урлагийн хүний амьдралд өдөр шөнө гэж байдаггүй. Тиймээс сайн ханьтай байх нь чухал юм шиг санагддаг. Өглөө гэрээсээ гарна шөнө дөлөөр орж ирээд унтчихаад л үүрээр буцаад гарах жишээтэй.
-Танай хань эл байдлыг хэр ойлгодог вэ?
-Миний хань маш сайн ойлгоно. Тиймээс ч миний уран бүтээл олонд танигдаж яваа гэж боддог. Би эхнэр хүү хоёртоо тэр бүр анхаарал халамж тавьж чаддаггүй юм шиг бодогддог. Гэхдээ найз нөхөд, ах дүүгийн хүмүүс манайхаар зочлоход нүүр улайлгахааргүй сайхан дайлж, цайлаад л гаргадаг. Энэ бол миний ханийн л ач гавьяа шүү дээ.
-Шинэ уран бүтээлийн санал хэр их ирж байна вэ?
-Анхны минь уран бүтээл “Ээжийн минь цай”. Энэ л бүтээлээрээ би олны танил болсон. Тийм болохоор ч тэгдэг юм уу ээжийн тухай дуу дуулах урилга, санал хэд хэдэн удаа ирж байсан. Гэхдээ ая зохиогч нарт би өөрөө дуу захиалдаг. Тухайн дууны үг, ая дан нь миний хоолойн өнгө төрхөд хэр таарч байна гэдгийг анхаарах нь чухал. Би муу бүтээл хийх эрхгүй хүн шүү дээ. Түмэн олон надаас сайн бүтээл хүлээж байна.
-Захиалгын дуу гэж шинэ нэр томьёо сүүлийн үед гарч ирсэн. Өөрт чинь ийм санал хэр их ирж байна вэ?
-Хэн нэгэн хүнээс захиалгын дуу дуулаад өгөөч гэсэн санал ирэхэд шууд дуулна гэж байхгүй. Өөрийнхөөрөө шалгуур тавина. Би чанартай юм хийхийг боддог. Захиалгын дуу ихэнхдээ нутаг ус, аав ээж, ханьдаа зориулсан байдаг. Би хэн нэгэн хүний нэр орсон уран бүтээл дуулахыг хүсдэггүй. Харин сайхан хайр, эх, эцгийн тухай дуу бол дуулна шүү.
-Сургуулиа төгсөөд л чөлөөт уран бүтээлч болсон уу?
-Тийм. Оюутан байхдаа олон улсын байгууллагад давхар ажил хийдэг байсан. Тиймээс тэр бүр уран бүтээл үрүү орж чаддаггүй байлаа. Харин сургуулиа төгссөнөөс хойш дан уран бүтээлдээ анхаарч эхэлсэн.
-Өөрөө ая зохиох ч юм уу эсвэл шүлэг бичдэг үү?
-Үгүй. Гэхдээ дуучид цаг үргэлж шүлэг, хөгжим судалдаг. Зарим нэг шүлэгт үг солих, толгой сүүл холбох гэх мэт засвар хийнэ. Аялгуунд ч ялгаагүй өөрийнхөө санаа оноог хэлж засч залруулах тохиолдол гардаг.
-Мөнгө олох гэж тоглолт хийдэг гэдэгтэй санал нийлэх үү?
-Өөрийн байр сууриа олчихсон уран бүтээлчид тоглолт хийхдээ өнгөөр тоглоно гэж юу байх билээ. Мэдээж ямар ч уран бүтээлч иодорхой хэмжээгээр ашиг олохыг бодно шүү дээ. Гэхдээ залуу уран бүтээлчдийн хувьд ашиг гэхээсээ илүүтэйгээр сайн бүтээл хийж олонд танигдах нь чухал. Тиймээс бүтээлийнхээ чанарт анхаарах нь чухал. Миний анхны бие даасан тоглолтод 15 сая төгрөг гарсан. Тоглолт хийснээр туршлага хуримтлуулах, алдаагаа засах гээд олон зүйлд нерэг нөлөө үзүүлдэг.
-Ирэх намар тоглолт хийх сураг байсан?
-Тийм төлөвлөгөө байгаа. Тухайн үедээ болох байх. Цомог гаргаад яваад байж болохгүй. Хэрэглэгчид цомог худалдан авахдаа хямдыг нь бодоод зах дээрээс хуулбарласан цомог авдаг. Тиймээс цомгийн борлуулалт, зэх зээл бага. Гэхдээ хийнээ бүтээл болгох ч сайхан шүү дээ.
-Өөрийг чинь хандивын тоглолтод оролцох дуртай гэж сонссон юм байна. Энэ талаар?
-Би чинь сэтгэл, зүрхтэй хүн шүү дээ. Тиймээс бусдын зовлонг нимгэлэхэд оролцох үүрэгтэй гэж боддог. Хэн нэгэн эрүүл болох гээд хүсч байхад түүнд нь тус дэм болохыг хэн маань ч бодно биз дээ. Тиймээс хандивын тоглолтод дуулаад өгөөч гэж санал ирэх юм бол бусад ажлаа хойш нь тавиад очдог.
-Хүүхдийн баяраар хүүгээ яаж баярлуулав?
-Гэртээ л баярлуулсан. Манай байрны ойролцоо олон төрлийн тоглоом гарчихсан байсан. Тэр тоглоомуудаар тоглуулсан. Ер нь ямар нэгэн баяр ёслолыг халуун ам бүлээрээ гэртээ өнгөрөөхийг хүсдэг. Энэ санал эхнэрт минь ч таалагддаг.
Эх сурвалж. unen.mn