Гавьяат жүжигчин, поп дива, дуучин Ж.Алтанцэцэг зургадугаар сарын 1-нд “Алтанцэцэг” нэртэй бие даасан тоглолтоо толилуулсан юм. Тэрээр нүсэр баг бүрдүүлсэн энэ тоглолтоороо Монголын үзэгчдэд анх удаа 3D гэрэл, холограммыг дэлгэн харуулсан юм. Түүнтэй тоглолтынх нь талаар ярилцлаа.
-Удаан хүлээлгэсэн тоглолтоо үзэгчдэдээ толилууллаа. Тоглолтын дараах сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Тоглолт амжилттай боллоо. Хүний амьдралд ирж байгаа жил бүхэн эхлэл, өрнөл, төгсгөл, алдаа оноо, амжилт гээд олон зүйлийг дагуулж байдаг. Энэ тоглолт дээр ч гэсэн тийм зүйлс олон байсан. 1000 хүнд зориулсан тоглолтод маань 1000 уран бүтээлч оролцлоо. Ямар ч байсан хийе гэсэн цаг хугацаандаа хийж гүйцэтгэлээ. Өөрийнхөө уран бүтээлийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр толилуулсандаа баяртай байна. Энэ баярын өдөр би гурав дахь жилдээ тоглолтоо амжилттай хийлээ. Энэ жилийн тоглолт маань өмнөх хоёр тоглолтоос миний өөрийн бие даасан том тоглолт байснаараа онцлог. Надтай нэг баг болж оролцсон Монголын хүүхдийн ордны найрал дуучид, Улсын ардын дуу, бүжгийн чуулгын бүжигчид, Хөгжим бүжгийн коллежийн авьяаслаг бяцхан цохивор хөгжимчид, Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Уран нугараач бүсгүйчүүд, уртын дуучид, “Никитон” хамтлагийхандаа баярлалаа. Бачка надад энэ тоглолтын яг өмнөхөн “Алган дээрх үрс” гэдэг сайхан дууг өгсөн. Мөн миний тоглолтын ерөнхий найруулагчаар ажилласан Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, найруулагчаар ажилласан Мөнхсайхан, 3D гэрэл дээр ажилласан Өлзий, “Гэсү” дизайны хамт олон, анимэйшн хийсэн залуустаа болон “Pro sound” студийн хамт олон гээд тоглолтод оролцсон бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. Миний ард түшиг тулгуур минь болж, надад энэ олон зүйлийг хийхэд тусалсан ханьдаа баярлалаа.
-3D тайзтай тоглолт хийх амаргүй байсан уу?
-Тоглолтдоо зориулж АНУ-аас 30 гаруй мянган ам.доллараар холограмм хальс захиалсан ч тодорхой шалтгааны улмаас тоглолт болсны дараа хоцорч ирсэн. Үүнийг ойлгон, чиний тоглолтод амжаагүй ч бид нар авъя гэж хэлсэн “Протек” компанийхандаа баярлалаа гэж хэлье. Гэхдээ тоглолт дээр бид бүх боломжоо ашиглан холограмм дүрсийг үзүүлсэн. Бидэнд холограмм цагтаа ирэхгүй нь гэж мэдэгдсэн учраас цаг хугацааг тооцож, Хятадаас арай жижиг хэмжээтэйг авчирч үзэгчдэдээ үзүүлсэн. Хальс арай жижигхэн учраас үүнд жаахан гонсойсон шүү. Гэсэн хэдий ч 3D, холограмм гэхчлэн үзүүлье гэж хэлсэн бүхнээ тайзнаа гаргаж, анхдагч болж, ямар ч эрсдэлийг тооцолгүй тоглолтоо хийж чадсандаа баяртай байгаа.
-Тоглолт өндөр өртгөөр бүтсэн. Яагаад заавал ийм их зардлаар энэ тоглолтыг хийхээр зорив оо?
-Тоглолт өндөр өртгөөр бүтсэн нь үнэн. Хэдийгээр тасалбараа 100, 60, 30 мянган төгрөгөөр борлуулсан ч гарсан зардлынхаа талын талыг нь ч нөхөөгүй. Гэсэн ч би ямар ч эрсдлийг тоохгүйгээр урлагийн төлөө баатарлагаар зогсож чадсандаа баяртай байна. Тоглолтын дараа үзэгчид надад маш өндөр сэтгэгдэлтэй байсан. Одоо хүртэл надтай тэр талаар хуваалсаар байгаа. Энэ эрч хүчээрээ ирэх намар гэхэд сайхан цомог гаргая гэсэн бодол байна. Би бүх талаараа урлагт хайртай, урлагийн хүн байхыг хүсдэг. Хүссэн хэмжээндээ хүрч чадсандаа баяртай байна. Би ганцаараа биш. Намайг дэмжин, урам хайрладаг олон хүн бий. Тэр бүү хэл “Заавал ийм нүсэр хийх ёстой юм уу” гэж гайхаж байсан хүмүүс хүртэл тоглолтын дараа миний зоригийг үнэлж байлаа. Би зоригтой байхгүй ч гээд яах билээ. Намайг үзэж байгаа үзэгчдэдээ хүндэтгэж, урлагийнхаа нэр хүнд, ард түмэн, төр засгаас үнэлж хүртээсэн Гавьяат цолонд эзэн болж явах ёстой гэж би боддог. Түүндээ хүрч, шинэ санаатай, шинэ агуулгатай, чанартай уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барьсандаа сэтгэл хангалуун байгаа. Гол нь л тэр.
-Тоглолтын турш та нэг ч үг хэлээгүй, зөвхөн дуулаад. Дээрээс нь ямар ч хөтлөгчгүй байсан. Энэ Д.Сосорбарам найруулагчийн санаа байсан уу?
-Тийм ээ, Со ахын санаа байсан. Би дуулах л гэж ирсэн учраас бүх дуунуудаа ямар нэгэн тайлбаргүйгээр хүргэсэн. Тасалбар дээр миний тоглолтын хөтөлбөр бичээстэй тэр нь бүр үзэгчдийн гарт байсан учраас хөтөлбөр ойлгомжтой байсан. Тоглолтын төгсгөлд олон сайхан үг хэлмээр байсан ч жаахан самгардаад заримыг нь мартчихсан байна лээ. Уран бүтээлч хүний эцсийн мөч бол дуугаа үзэгчдэдээ хүргэх тэр агшин байдаг. Тэр тайзан дээрээ л би зогсож, дуулж, огшиж, дотроо уйлж, инээж, баярлаж хөөрсөн гайхалтай үдшийг надтай хуваалцаж, олон өнцгөөр намайг харсан үзэгчдэдээ баярлалаа.
-Яагаад заавал хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тоглолтоо хийсэн юм бэ?
-Энэ их учиртай. Би хүмүүнлэгийг ажил хийж, түүндээ бусдыг уриалан дуудаж, хүнлэг байя, бид энэ нийгэмд хүн хүнийхээ төлөө амьдрах ёстой гэсэн байр суурьтай хүн. “People to people” олон улсын байгууллагын анхдагч гишүүн. Хүн хүний нийгэмд бусаддаа сайн сайхныг түгээх, үлгэр жишээ болж амьдрах гэж ирсэн юм шиг надад санагддаг. Уран бүтээлч хүн гэхээр зүгээр нэг дуу дуулаад яваад байдаг хүн байдаггүй. Үеийн үед уран бүтээлчид дандаа тухайн нийгмийнхээ гэрэл гэрээ болж, сайн сайхныг түгээн, хар барааныг зөөлрүүлж ирсэн. Би ч гэсэн тэдний адил. Жишээ нь би өөрийгөө гайхуулах гэсэндээ саяын тоглолтыг хийгээгүй ээ. Тоглолт бүрээ нийгэмд, үзэгчдэдээ чиглэсэн ямар нэгэн утга агуулга, зорилготой байлгах юмсан гэж боддог. Мэдээж саад бэрхшээл гардаг. Сая гэхэд 3D гэрлээ зөөж, тайзаа угсрахын тулд СТӨ-нд нэг өдрийн тоглолт, тайзны бэлтгэл гээд 12 сая төгрөг төлсөн. Гэлээ гээд би СТӨ-г буруутгамааргүй байна. Цагаар үйл ажиллагаа нь хэмжигддэг, тэр хэмжээгээрээ улсад татаас төлдөг байгууллага шүү дээ. Өнөөдөр хувь уран бүтээлч тэр олон хошин урлагийн тоглолт дундуур зүсэж ороод, тоглолтоо хийнэ гэдэг бол эрсдэлтэй болсон үе юм байна. Гэх мэтчилэн ганцхан мөнгө төгрөг, зардалдаа биш олон зүйлийн шалтгаантай том ачаа үүрлээ. Тоглолтынхоо дараа тэр зүрх сэтгэл минь олон хүнд хүрч чадсанд баяртай байна.
-Таныг хүмүүнлэгийн ажил хийх гэж байгаа гэж дууллаа?
-Манай студиэс энэ сарын 10-нд буюу өнөөдөр “UB Palace”-т болж буй М.Ариунтунгалаг охинд зориулсан “Гэгээн мөрөөдөл” хандивын тоглолтыг дахин хийхээр зарласан байгаа. Энэ тоглолтод би олон хүмүүсийг уриалмаар байна. Энэ охин олон жил өвдөж шаналсан. Өнөөдөр би эмчийн буруу, нийгмийн буруу гэж яримааргүй байна. Энэ охин хагалгаанд орох, үгүйгээс их зүйл шалтгаална. Түүнд зориулсан тоглолт өнгөрсөн 3-нд болсон ч сурталчилгаа сайн хүрээгүй болоод тэр үү, хүмүүст сайн хүрээгүй байсан. Би өөрөө дуу хоолой болж, манай студитэй холбоотой ажилладаг уран бүтээлчдээ уриалан, энэ тоглолтод өнөөдөр оролцоно. Нэг ч гэсэн эрдэнэт хүний амийг хамтдаа аваръя гэж хэлмээр байна. Нийгмийн сайн сайхны төлөө би цаашид ч ажиллана.
-Тоглолтод тань эгшиглэсэн ариг үзэгчид мөш өндрөөр хүлээн авч, таныг яагаад дуурийн чиглэлээр уран бүтээл хийхгүй байгаа юм бол оо гэж ярилцаж байсан шүү. Та сонгодог уран бүтээлийн цомог гаргах уу?
-1997 онд СУИС-ийг дуулаачийн мэргэжлээр төгссөн шүү дээ. Миний мэргэжлийн багш бол Гавьяат жүжигчин О.Ичинхорлоо. Түүний нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын ари, романсын тэмцээн болж байгаа. Эхо багш маань надад “Би чамайг ари дуулаад зогсож байхыг чинь харах сайхан байна. Миний бодлоор чи миний сайн шавь нарын нэг шүү” гэж тоглолтын дараа хэлж байлаа. Багш маань сэтгэл өндөр байсан. Ер нь үзэгчид урлагийн хүнээс олон зүйлийг хүлээж байдаг. Сая поп дууны тоглолтон дундуур шигтгээ болгон ари дуулж, мөн “Морин хуурын чуулга”-тай “Бөртө хатан”, “Будан суухаас өмнө” гээд ардын дуунууд дуулсан. Хэчнээн гоё байсан юм бэ. Ер нь цаашид сонгодог урлагийн чиглэлээр цомог гаргах бодол байгаа шүү.
-Тэгвэл ойрын үеийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Энэ тоглолтоо би орон даяар аялан тоглох болно. Өөр нэг гол ажил маань гэвэл кинонд тоглох мөрөөдлөө биелүүлэх гэж байгаа. Энэ л одоогийн хамгийн том сонин болж байна даа. Би дуучны тухай кинонд тоглохоор болсон. Дуучин хүний амьдрал, түүний ертөнц гэж юу байдгийн харуулах болно. Манай гэр бүлийн хүн кинонд тоглохыг маань их дэмжиж, намайг зоригжуулж байгаа.
Эх сурвалж: news.mn